Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2023/01420

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2023/01420

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:19** оны 0* дүгээр сарын **-ний өдөр төрсөн, ** настай, О аймаг Б-Ө сум У баг ***** тоотод оршин суух, Б х овогт Б-ийн А /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 19** оны 0* дугаар сарын **-нд төрсөн, ** настай, О аймаг Б-Ө сум У баг Т гарден **-** тоотод оршин суух, О овогт Б-ийн Б /РД:************/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: байр чөлөөлүүлэх, 13,336,865 төгрөг гаргуулах, хүүхдүүдийн ирээдүйд гарах зардлыг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.       

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.А,

Хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч М.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Миний бие 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд Б.Баас гэрлэлт цуцлуулах, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг авах, 2 хүүхдээ өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан ба 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2023/00117 дугаартай шүүхийн шийдвэрээр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 11 дүгээр хороолол Төгөл гарден 16А-69 тоотод 60,71м2 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.А, охин Б.Н, Б.Ү нарын өмчлөлд үлдээж, 2 хүүхэдээ өөрийн асрамжинд авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн.

Б.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШЗ2023/02282 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан. 5 сарын хугацаанд хариуцагч учруулж, биелүүлэхгүй байсан тул Орхон аймаг дахь ШШГГ-аас гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр №001149475 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг миний болон 2 охины нэр дээр гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж байна. Үүнд:Миний болон 2 охины эзэмшилд ирсэн тус байрыг албадан чөлөөлүүлж өгнө үү. Охидын 2019 оноос 2023 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50%-ийг төлүүлэх. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасан. Хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдэх боловч эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болохгүй тул хүүхэд эцэг, эхийн хэн нэгний асрамжинд байгаагаас үл шалтгаалан хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхтэй холбогдон гарах зардлыг эцэг, эх тэнцүү хариуцах үүрэгтэй, үр хүүхдээ асарч халамжлах, тэжээн тэтгэх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болно гэсэн заалт байдаг. 2018 оны 12 дугаар сараас хойш 2 охины сургууль, секц дугуйлангуудын сургалтын төлбөрүүд, зуслангийн амралт, ангийн хурамтлал гэх мэт олон зардлыг миний бие өөрөө төлж байсан ба Б.Б нь хүүхдийн тэтгэлэгээ ч цаг тухайд нь төлдөггүй, удаа дараа худлаа ярьж алга болдог (хүүхдийн тэтгэлэгийг Хас банкинд данс нээж хийж байгаа гэж хийсэн мөртлөө, өгдөггүй байсан баримтыг Орхон аймаг дахь ШШГГ-ын шийдвэр гүйцэтгэгчээс авч байсан хэргийн баримтыг нотлох баримтаар өгч байна)

Иймд 2019 оноос 2023 оны сургалтын төлбөрийн зардлын 50 хувийг охидуудын эцэг Б.Б хариуцах ёстой. Б.Н 9,373,730 төгрөг, Б.Ү 7,400,000. Нийт 16,773,730 төгрөгийн 50% болох 8,386,865 төгрөгийг гаргуулах, 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 9,900,000 төгрөгийн 50% болох 4,950,000 төгрөг, нийт 13,336,865 төгрөгийг Б.Баас гаргуулж өгнө үү. Ирүүдүйд гарах зардлын 50 хувийг хариуцахыг даалгах. Бид тусдаа амьдраад 4 жилийн хугацаа, гэрлэлт цуцалснаас хойш 8 сар өнгөрч байхад Б.Б нь охидуудтайгаа нэг ч удаа уулзаагүй, утсаар ч яриагүй. Охидууд одоо 6,8 дугаар ангид элсэн орсон, энэ хугацаанд сургалтын төлбөр, хүүхдийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор дугуйланд хамруулсан төлбөр, хувцас хэрэглэл, хоолны болон хичээлийн хэрэгслийн мөнгийг өөрийн ээжийн тусламжтайгаар хариуцаж ирсэн. Би төсвийн байгууллагын ажилтан, мөн цалингийн болон бусад зээлтэй учир энэ бүхнийг ганцаараа төлж, байнга ээжээсээ авах хэцүү байна. Б.Б нь Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүлгээс санаатай зайлсхийсэн. Өөрийн хүүхдүүддээ анхаарал халамж тавьдаггүй, эцэг хүний үүргийг ухамсарлахгүй байгаагаас охид маань эцгийн хайр энэрэл мэдэлгүй өсч байна. Охидууд асран хамгаалж, тэжээн тэтгэх, өсгөн бойжуулах, боловсрол хүмүүжил олгоход эцэг, эх нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.4-д зааснаар тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ёстой тул бидний охидоос гарсан, гарч байгаа, ирээдүйд гарах зардлын 50 хувийг эцэг Б.Бт хариуцуулах, тусламж, дэмжлэг өгч, анхаарал халамж тавихыг даалгуулж өгнө үү. Дээрх зардлууд нь зөвхөн дунд сургууль, Орос хэл, Англи хэлний сургалтын төлбөрүүд. Үүнээс гадна охидууд усан бассейн /1 сарын 1 хүүхэд 60000 төгрөг/, гар бөмбөг /1 сарын 1 хүүхэд 70000 төгрөг/, буудлага /1 сарын 1 хүүхэд 70000 төгрөг/, спортын бүжгийн /1 сарын 1 хүүхэд 120000 төгрөг/, нийт 1 хүүхдийн сарын 320,000 2 охиных нийт 640,000 төгрөгийн дугуйлангуудад явдаг. Эдгээр дугуйлан дамжаануудын төлбөрийг сар бүрт нь төлдөг ба сар бүр Б.Б 320,000 төгрөгийг төлөх шаардлага гарч байна гэжээ.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Уг асуудлаар нэхэмжлэгч нь 2019 онд тус шүүхэд хандаж4 жил гаран шүүхээр маргаан явж эцэс нь 2023 оны 01 сарын 17-ны өдөр 142/ШШ2023/00117 дугаартай шүүхийн шийдвэр гарч гэрлэлт цуцлалт, хүүхдийн асрамж, тэжээн тэтгэлэг ,эд хөрөнгийн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн билээ. Тэгээд ч өөрт байсан ганц хөрөнгө болон орон байраа эхнэр хүүхдүүддээ өгч өөрөө гудманд гарахаар байдалтай ганц бие үлдсэн.

ШШГАжиллагаатай холбоотой асуудал бол энэ хэрэгт огт хамааралгүй асуудал юм. Өөрөөр хэлбэл шүүх асуудлыг аль эрт шийдвэрлээд дууссан ШШГА-н эрх хэмжээний асуудал юм.

Монгол улсын хуулинд зааснаар охин Б.Н, Б.Ү нартаа тэжээн тэтгэх үүрэг надад оногдсон тэр үүргийнхээ дагуу хуулинд заасан төлбөр тэтгэмжээ сар бүр төлж байсан болно. одоогоор миний бие эрхэлсэн ажил бизнесгүй байгаа учраас ямар нэг төлбөр төлөх боломжгүй байна. Боломжтой байх үедээ 2021 онд охин Б.Нингийн Импати сургуулийн төлбөр 5 сая төгрөгийг өөрийн биеэр тушааж байсан. Цаашид ажил үйлс бүтэмжтэй байвал сайн дураар боловсролд нь анхаарч дэмжих болно.

Миний бие 2 охинтойгоо уулзах маш их хүсэлтэй байдаг боловч огт уулзуулж утсаар яриулдаггүй. Хуулийн заалтаар бол тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлж байгаа бол үр хүүхдүүдтэйгээ хүссэн үедээ уулзах эрх нь надад байгаа гэж үзэж байна.

Дундын өмчлөлийн Төгөл гарден хотхонд байдаг 3 өрөө байрыг нэхэмжлэгч болон охидуудын маань эзэмшилд шилжүүлсэн бөгөөд надад оногдох хувийг гаргаж өгөхөөр шүүх шийвэр гаргасан. Хэрэв надад оногдох хувийг гаргуулалгүйгээр тус байрыг албадан чөлөөлвөл миний хувьд байр орон түрээслэгч мөнгөгүй орох оронгүй үлдэх болно гэдгийг шүүх харгалзан үзээсэй гэж хүсэх байна.

Дээрх шалтгаануудын улмаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Урьд нь шүүхээр шийдэгдсэн асуудлыг дахин шүүхэд гаргаж байна гэж үзэж байна.

Нэхэмжилж мөнгөн дүн хугацаа нь шүүхээр маргаантай байх үед хамаарч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2023/00117 дугаартай шийдвэр /хх-4-19/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШЗ2023/02282 дугаартай захирамж /хх-20-21/, Б.Агийн  иргэний үнэмлэхийн хуулбар /хх-22/, Ү-2101018855 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хх-24/, Эмпапи сургуулийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 229 дугаартай албан бичиг, сургалтын гэрээ /хх-26-49/, прогресс хэлний төвийн сургалтын гэрээ /хх-51-61/, 690 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-62/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШЗ2020/02698 дугаартай захирамж /хх-63-64/, Шидвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол /хх-69-72/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-78-83/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагчаас: хариу тайлбарыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Б.Бт холбогдуулан байр чөлөөлүүлэх, 13,336,865 төгрөг гаргуулах, хүүхдүүдийн ирээдүйд гарах зардал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь “хариуцагч Б.Б шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул Орхон аймаг дахь ШШГГ-аас гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр №001149475 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ миний болон 2 охины нэр дээр гарсан тул тус байрыг албадан чөлөөлүүлж өгнө үү. Охидын 2019 оноос 2023 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50%-ийг төлүүлэх. Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасан. Гэрлэлт цуцлуулснаар эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болохгүй тул хүүхэд эцэг, эхийн хэн нэгний асрамжинд байгаагаас үл шалтгаалан хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхтэй холбогдон гарах зардлыг эцэг, эх тэнцүү хариуцах үүрэгтэй, үр хүүхдээ асарч халамжлах, тэжээн тэтгэх үүргээсээ чөлөөлөгдөхгүй тул 2019 оноос 2023 оны сургалтын төлбөрийн зардлын 50 хувийг охидуудын эцэг Б.Б хариуцах ёстой. Б.Н 9,373,730 төгрөг, Б.Ү 7,400,000. Нийт 16,773,730 төгрөгийн 50% болох 8,386,865 төгрөгийг гаргуулах, 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 9,900,000 төгрөгийн 50% болох 4,950,000 төгрөг, нийт 13,336,865 төгрөгийг Б.Баас гаргуулж, ирээдүйд гарах зардлын 50 хувийг хариуцахыг даалгаж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.

 

Нэхэмжлэгч Б.А нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд Б.Баас гэрлэлт цуцлуулах, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг авах, 2 хүүхдээ өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан байх ба Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2023/00117 дугаартай шийдвэрээр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг 11 дүгээр хороолол Төгөл гарден 16А-69 тоотод 60,71м2 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.А, охин Б.Н, Б.Ү нарын өмчлөлд үлдээж, 2 хүүхдийг эхийнх нь асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн гаргасан хүүхдүүдийн сургуулийн сургалтын төлбөр болон хэлний дамжааны сургалтын төлбөрийн тухайд Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн,тахир дутуу болсон,эмчлүүлсэн,сургуульд орсон гэх мэт / үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно“ гэж заасан. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэрлэлтээ цуцлуулаагүй байх хугацаанд хүүхдүүдээ хувийн сургуульд төлбөртэй суралцуулах болон гадаад хэлний сургалт дамжаанд суралцуулж эхэлсэн байх ба хариуцагч үүнийг мэдэж байсан, талууд энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй байсан байна. Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан охидуудыг эхийнх нь асрамжинд үлдээхээр шийдвэрлэгдсэн, хүүхдүүдийг төлбөртэй сургууль дамжаанд үргэлжлүүлэн суралцуулах болсон үйл явдал, үйл баримт нь хөрөнгө мөнгөний хэрэгцээг нэмэгдүүлж, тэтгэлгийн хэмжээгээр хангагдах боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул нэхэмжлэгч дээрх заалтын дагуу шаардах эрхтэй байна.

 

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.4-д зааснаар. Охидууд асран хамгаалж, тэжээн тэтгэх, өсгөн бойжуулах, боловсрол хүмүүжил олгоход эцэг, эх нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж,адил үүрэг хүлээнэ, 26.2.2-д эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хүлээнэ, 26.4-д эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ гэж заасны дагуу хариуцагч Б.Бт хүүхдүүдийн сургалтын төлбөр болон бусад зардлын 50 хувийг эцэг Б.Бт хариуцуулах үндэстэй.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын дундаас 2010 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Б.Н Орхон аймгийн Баян-Өндөр сумын Орхон-Эмпати Ерөнхий боловсролын төлбөртэй хувийн сургуульд 2019-2023 оны хичээлийн жилд суралцсан, 2012-05-09-ний өдөр төрсөн охин Б.Ү нь 2019-2022 онд орос, англи хэлний сургалтанд суралцаж төлбөр төлсөн болох нь Орхон-Эмпати сургуультай байгуулсан Сургалтын гэрээ, Орос хэлний сургалтын төвтэй байгуулсан сургалтын гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2023/00117 дугаартай шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж гэрлэлтийн харилцаа дуусгавар болсон байх тул гэр бүл байхдаа төлсөн 2019-2023 оны сургуулийн болон сургалтын төвийн төлбөрийг хангахаас татгалзаж, тэжээн тэтгэх харилцаа үүссэнээс хойших буюу  2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 9,900,000 төгрөгийн 50% болох 4,950,000 төгрөгийг хариуцагч Б.Баас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хариуцагч Б.Б нь Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2023/00117 дугаартай шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШЗ2023/02282 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн дагуу Орхон аймаг дахь ШШГГ-аас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Б.А, охин Б.Н, Б.Ү нарыг Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 11 дүгээр хороолол Төгөл гарден 16А-69 тоотод байршилтай, 60,71м2 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлийн Ү-2101018855 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  №001149475 дугаартай гэрчилгээг олгосон байна. Дээрх шүүхийн шийдвэрээр орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс албадан чөлөөлөх тухай шийдвэрлээгүй тул хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн нэхэмжлэгч Б.А өөрөө болон хүүхдүүдээ төлөөлөн хариуцагчийн эзэмшлээс дээрх орон сууцыг чөлөөлөхийг шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Харин охин Б.Н, Б.Ү нарын сургалтын болон дугуйлан дамжааны төлбөр зэрэг гарч байгаа, ирээдүйд гарах зардлын 50 хувийг эцэг Б.Бт хариуцуулах, тусламж, дэмжлэг өгч, анхаарал халамж тавихыг даалгуулж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах,урьдчилан шийдвэрлэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага ТОГТООХ нь :

 

1.Монгол Улсын Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 130 дугаар зүйлийн 130.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 11 дүгээр хороолол Төгөл гарден 16А-69 тоот хаягт байршилтай  60,71м2 3 өрөө орон сууцыг хариуцагч Б.Бын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж нэхэмжлэгч Б.А, охин Б.Н, Б.Ү нарын эзэмшил,өмчлөлд шилжүүлсүгэй. 

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 26.4, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Баас охин Б.Н, Б.Ү нарын 2023-2024 оны сургалтын төлбөрийн 50 хувь болох 4.950.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,386,865 төгрөг болон ирээдүйд гарах зардлын 50 хувийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294,834 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 294,834 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ад олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.БЯМБАСҮРЭН