Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 207/МА2024/00010

 

 

 

 

 

 

 

 

2024 01 25 207/МА2024/00010

 

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч

Б.Б-т холбогдох иргэний

хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2023/....... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б-т холбогдох,

Байр чөлөөлүүлэх, 13.336.865 төгрөг гаргуулах, хүүхдүүдийн ирээдүйд гарах зардлыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагч Б.Б-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, хариуцагч Б.Б-, хариуцагчийн өмгөөлөгч М.Э, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Б- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШЗ2023/._.... дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан. 5 сарын хугацаанд хариуцагч учруулж, биелүүлэхгүй байсан тул О аймаг дахь ШШГГ-аас гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр №.............. дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг миний болон 2 охины нэр дээр гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж байна. Үүнд: Миний болон 2 охины эзэмшилд ирсэн тус байрыг албадан чөлөөлүүлж өгнө үү. Охидын 2019 оноос 2023 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50%-ийг төлүүлэх. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасан. Хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдэх боловч эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болохгүй тул хүүхэд эцэг, эхийн хэн нэгний асрамжинд байгаагаас үл шалтгаалан хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхтэй холбогдон гарах зардлыг эцэг, эх тэнцүү хариуцах үүрэгтэй, үр хүүхдээ асарч халамжлах, тэжээн тэтгэх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болно гэсэн заалт байдаг. 2018 оны 12 дугаар сараас хойш 2 охины сургууль, секц дугуйлангуудын сургалтын төлбөрүүд, зуслангийн амралт, ангийн хурамтлал гэх мэт олон зардлыг миний бие өөрөө төлж байсан ба Б.Б- нь хүүхдийн тэтгэлэгээ ч цаг тухайд нь төлдөггүй, удаа дараа худлаа ярьж алга болдог /хүүхдийн тэтгэлэгийг Х банкинд данс нээж хийж байгаа гэж хийсэн мөртлөө, өгдөггүй байсан баримтыг О аймаг дахь ШШГГ-ын шийдвэр гүйцэтгэгчээс авч байсан хэргийн баримтыг нотлох баримтаар өгч байна/. Иймд 2019 оноос 2023 оны сургалтын төлбөрийн зардлын 50 хувийг охидуудын эцэг Б.Б- хариуцах ёстой. Б.Н 9.373.730 төгрөг, Б.Ү 7.400.000. Нийт 16.773.730 төгрөгийн 50% болох 8.386.865 төгрөгийг гаргуулах, 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 9,900,000 төгрөгийн 50% болох 4.950.000 төгрөг, нийт 13.336.865 төгрөгийг Б.Б-аас гаргуулж өгнө үү. Ирүүдүйд гарах зардлын 50 хувийг хариуцахыг даалгах. Бид тусдаа амьдраад 4 жилийн хугацаа, гэрлэлт цуцалснаас хойш 8 сар өнгөрч байхад Б.Б- нь охидуудтайгаа нэг ч удаа уулзаагүй, утсаар ч яриагүй. Охидууд одоо 6,8 дугаар ангид элсэн орсон, энэ хугацаанд сургалтын төлбөр, хүүхдийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор дугуйланд хамруулсан төлбөр, хувцас хэрэглэл, хоолны болон хичээлийн хэрэгслийн мөнгийг өөрийн ээжийн тусламжтайгаар хариуцаж ирсэн. Би төсвийн байгууллагын ажилтан, мөн цалингийн болон бусад зээлтэй учир энэ бүхнийг ганцаараа төлж, байнга ээжээсээ авах хэцүү байна. Б.Б- нь Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатай зайлсхийсэн. Өөрийн хүүхдүүддээ анхаарал халамж тавьдаггүй, эцэг хүний үүргийг ухамсарлахгүй байгаагаас охид маань эцгийн хайр энэрэл мэдэлгүй өсч байна. Охидууд асран хамгаалж, тэжээн тэтгэх, өсгөн бойжуулах, боловсрол хүмүүжил олгоход эцэг, эх нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.4-д зааснаар тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ёстой тул бидний охидоос гарсан, гарч байгаа, ирээдүйд гарах зардлын 50 хувийг эцэг Б.Б-т хариуцуулах, тусламж, дэмжлэг өгч, анхаарал халамж тавихыг даалгуулж өгнө үү. Дээрх зардлууд нь зөвхөн дунд сургууль, Орос хэл, Англи хэлний сургалтын төлбөрүүд. Үүнээс гадна охидууд усан бассейн /1 сарын 1 хүүхэд 60000 төгрөг/, гар бөмбөг /1 сарын 1 хүүхэд 70000 төгрөг/, буудлага /1 сарын 1 хүүхэд 70000 төгрөг/, спортын бүжгийн /1 сарын 1 хүүхэд 120000 төгрөг/, нийт 1 хүүхдийн сарын 320.000 нийт 640.000 төгрөгийн дугуйлангуудад явдаг. Эдгээр дугуйлан дамжаануудын төлбөрийг сар бүрт нь төлдөг ба сар бүр Б.Б- 320.000 төгрөгийг төлөх шаардлага гарч байна гэжээ.

Хариуцагч Б.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Уг асуудлаар нэхэмжлэгч нь 2019 онд тус шүүхэд хандаж 4 жил гаран шүүхээр маргаан явж эцэс нь 2023 оны 01 сарын 17-ны өдөр 142/ШШ2023/00.... дугаартай шүүхийн шийдвэр гарч гэрлэлт цуцлалт, хүүхдийн асрамж, тэжээн тэтгэлэг ,эд хөрөнгийн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн билээ. Тэгээд ч өөрт байсан ганц хөрөнгө болон орон байраа эхнэр хүүхдүүддээ өгч өөрөө гудманд гарахаар байдалтай ганц бие үлдсэн. ШШГАжиллагаатай холбоотой асуудал бол энэ хэрэгт огт хамааралгүй асуудал юм. Өөрөөр хэлбэл шүүх асуудлыг аль эрт шийдвэрлээд дууссан ШШГА-н эрх хэмжээний асуудал юм. Монгол улсын хуулинд зааснаар охин Б.Н, Б.Ү нартаа тэжээн тэтгэх үүрэг надад оногдсон тэр үүргийнхээ дагуу хуулинд заасан төлбөр тэтгэмжээ сар бүр төлж байсан болно. одоогоор миний бие эрхэлсэн ажил бизнесгүй байгаа учраас ямар нэг төлбөр төлөх боломжгүй байна. Боломжтой байх үедээ 2021 онд охин Б.Нингийн И сургуулийн төлбөр 5 сая төгрөгийг өөрийн биеэр тушааж байсан. Цаашид ажил үйлс бүтэмжтэй байвал сайн дураар боловсролд нь анхаарч дэмжих болно. Миний бие 2 охинтойгоо уулзах маш их хүсэлтэй байдаг боловч огт уулзуулж утсаар яриулдаггүй. Хуулийн заалтаар бол тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлж байгаа бол үр хүүхдүүдтэйгээ хүссэн үедээ уулзах эрх нь надад байгаа гэж үзэж байна. Дундын өмчлөлийн Т хотхонд байдаг 3 өрөө байрыг нэхэмжлэгч болон охидуудын маань эзэмшилд шилжүүлсэн бөгөөд надад оногдох хувийг гаргаж өгөхөөр шүүх шийвэр гаргасан. Хэрэв надад оногдох хувийг гаргуулалгүйгээр тус байрыг албадан чөлөөлвөл миний хувьд байр орон түрээслэгч мөнгөгүй орох оронгүй үлдэх болно гэдгийг шүүх харгалзан үзээсэй гэж хүсэх байна. Дээрх шалтгаануудын улмаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Урьд нь шүүхээр шийдэгдсэн асуудлыг дахин шүүхэд гаргаж байна гэж үзэж байна. Нэхэмжилж мөнгөн дүн хугацаа нь шүүхээр маргаантай байх үед хамаарч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2023/....... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1., 130 дугаар зүйлийн 130.1., 106 дугаар зүйлийн 106.1.-д заасныг баримтлан О аймаг Б сум У баг 11 дүгээр хороолол Т ............. тоот хаягт байршилтай ..........м2 3 өрөө орон сууцыг хариуцагч Б.Б-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж нэхэмжлэгч Б.А, охин Б.Н, Б.Ү нарын эзэмшил, өмчлөлд шилжүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2., 26.4., 48 дугаар зүйлийн 48.1.-д заасныг баримтлан хариуцагч Б.Б-аас охин Б.Н, Б.Ү нарын 2023-2024 оны сургалтын төлбөрийн 50 хувь болох 4.950.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.386.865 төгрөг болон ирээдүйд гарах зардлын 50 хувийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Б- шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Б 09 цагт эхлэх хурлыг нэхэмжлэгчийг хүлээж 09:45 минутанд эхлүүлсэн. ...Тэр үед даргалагч хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасан нөхцөл байдлыг дурдахад хүргэсэн хэдий ч үл анзаарсан. ...урьд шийдэгдсэн хэргийг шүүх хүлээн авч давхар шийдвэр гаргасан гэж үзэж байна. ...Мөн шинээр нэмж гаргах өгөх шатанд өгөөгүй нотлох баримтыг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиа зөрчиж хэргийг шийдсэнд гомдолтой байна. ...нэхэмжлэлийн шаардлагаар гаргаж өгөөгүй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь хуучин эзэмшигч нарын байгаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үндэслэн ямар гэрчилгээний дугаартай болох, ямар Ү дугаар болон хэн хэн нэмэгдэж, Хагдсан, хэний өмчлөлийн ямар үл хөдлөх хөрөнгө болохыг нотлолгүй зөвхөн хаяг байршлыг тодорхойлж хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн. Иймд дээрх хуулиа ноцтой байдлаар зөрчиж гаргасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.А давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Анхан шатны шүүх хуралын эхний шүүх хурал 2023 оны 11 сарын 8-нд болж хариуцагч болон түүний өмгөөлөгч М.Э нарын хүсэлтээр 2023/11/15-ны өдрийн 9 цаг 30 минут хүртэл хойшилсон. 2023/11/15-ны өдөр миний бие шүүх хуралд хоцроогүй, намайг ирэхэд эхлээгүй байсан, цагтаа ирж оролцсон. Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг эхлүүлсэн. Миний бие шүүх хуралд өөрийгөө өмгөөлөн, өмгөөлөгчгүй оролцож байгаа. Энэ байдлыг минь хариуцагч болон түүний өмгөөлөгч нар далимдуулж, шүүх хурлын явцад намайг үг хэл ам, биеийн хэлэмж, үйлдлээр доромжлон, харааж зүхэж, хэлэх хэлэхгүй муухай үгээр доромжлон шүүх хуралдааныг үймүүлж байсан ба шүүх хуралдааны явцад, хуулийн дор зогсож байхдаа гаргаж буй дээрх үйлдлүүд нь миний сэтгэл зүй, санаа бодол, хэлэх гэж буй үг, өөрийгөө өмгөөлж буй байдалд хүндээр туссан. Б.Б- нь өмнөх олон жил үргэлжилсэн шүүх хурлуудад оролцож байх үедээ ч удаа дараа хараан зүхэж доромжилж, ёс бус үйлдлүүд гаргаж байхад нь би гомдол гаргаж байгаагүй билээ. Харин энэ удаагийн үйлдэлд нь миний бие 2023.11.10-ний өдөр гомдол гарган, Шүүхийн тамгын газарт шүүх хуралдааны бичлэгийг хуулбарлаж өгөх хүсэлт гаргаж, шүүх хуралдааны явцад бичлэгийг нотлох баримт болгон үзүүлж дээрх үйлдэл нь нотлогдож Б.Б-т Шүүх хуралдаан даргалагч арга хэмжээ авч Б.Б нь 100.000 төгрөгөөр торгуулсан. 2. 2018 оны 12 сарын өвлийн хүйтэн шөнө охидын хамт Б.Б-т хөөгдөн гэрээсээ гарснаас хойш өдийг хүртэл ээжийнхээ карма өрөөнд 4 жил гаран амьдарч байна. Гэрээсээ хөөгдснөөс хойш 1 жилийн дараа буюу 2019.12.18-ний өдөр тус шүүхэд Б.Б-аас гэрлэлт цуцлуулах, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг авах, 2 хүүхэдээ өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг 3 дахь удаагаа гаргасан ба сүүлийн шүүх хурал 3 жил гаран үргэлжилж 2023.01.17-ний өдрийн 142/ШШ2023/00.... дугаартай шүүхийн шийдвэрээр О аймаг Б сум У баг 11 хороолол Т ............. тоотод 60,71м2 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.А, охин Б.Н, Б.Ү нарын өмчлөлд үлдээж, 2 хүүхэдээ өөрийн асрамжинд авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн. /Өмнө нь хариуцагчаас гэр бүл цуцлуулах, 2 хүүхэдээ өөрийн асрамжинд авах нэхэмжлэлийг тус шүүхэд 2014, 2016 онуудад 2 удаа гаргаж байсан/. Б.Б- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул 2023.04.13-ний өдрийн 142/Ш32023/._.... дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан. 5 сарын хугацаанд хариуцагч Б.Б- нь удаа дараа худал ярьж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, биелүүлэхгүй байсан тул О аймаг дахь ШШГГ-аас гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2023.09.08 -ний өдөр №.............. дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг миний болон 2 охины нэр дээр гарсан. Байрны гэрчилгээгээ өөрсдийн нэр дээр гаргуулсан мөртлөө одоог хүртэл бид гэртээ орж чадахгүй байна. Охидууд одоо 12, 14 настай өсвөр насанд хүрлээ, өөрийн гэр орондоо амьдрах хүсэлтийг удаа дараа надад тавьж байна. О аймаг дахь ШШГГ-т өргөдөл гомдол гаргахад шүүхээрээ орж тус байрыг албадан чөлөөлүүлэх шийдвэр гаргуулахгүй бол бид Б.Б-ыг байрнаас нь очиж хүчээр гаргах боломжгүй гэсэн. Учир нь 2023.01.17-ний өдрийн 142/ШШ2023/00.... дугаартай шүүхийн шийдвэрт орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс албадан чөлөөлөх тухай шийдвэрлээгүй байсан. Одоо хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн нэхэмжлэгч миний бие болон 2 охин байрандаа очиж амьдрах гэтэл хариуцагч Б нь суллаж өгөхгүй байгаа тул албадан чөлөөлүүлж өгнө үү. 3. О аймаг дахь ШШГГ-аас гүйцэтгэх ажиллагаа явуулж 2023.09.08 -ний өдөр №.............. дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг миний болон 2 охины нэр дээр гарсаныг нотлох баримт болгон хавтаст хэрэгт өгсөн. 4. 2018 оноос хойш 2 охины сургууль, секц дугуйлангуудын сургалтын төлбөрүүд, зуслангийн амралт, ангийн хуримтлал, бусад ахуйн хэрэглээнйй бүх зардлуудыг миний бие өөрөө төлж байсан. Б.Б- зь хүүхдийн тэтгэлэгээ ч цаг тухайд нь төлдөггүй, удаа дараа худлаа ярьж алга болдог, олддоггүй, ШШГГ-аас О аймгийн цагдаагийн газарт эрэн сурвалжлуулах, дансын хаах, гэх мэт олон удаагийн арга хэмжээг авч байсан (хүүхдийн тэтгэлэг ийг Х банкинд данс нээж хийж байгаа гэж хийсэн мөртлөө, өгдөггүй байсан баримт, ШШГГ-аас гүйцэтгэх ажиллагаа хийхдээ авсан арга хэмжээнүүдийг О аймаг дахь ШШГГ-ын хуулбар үнэн тамгатай хэргийн баримтуудыг нотлох баримтаар өгсөн). Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар нь үнэнд гүйцэгдэж. шүүхэд нотлох баримтаар өгсөн баримтуудыг илтэд гуйвуулан, худал ярьж, цаг хугацаа хожих нь санаатайгаар үр хүүхдүүд биднийг хохироож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Мөн гэр бүл салалтын шүүх хурал үргэлжилж буй энэ олон жилүүдэд Б.Б- нь үр хүүхэдээ асран хамгаалж, тэжээн тэтгэх. өсгөн бойжуулах, боловсрол хүмүүжил олгох үүргээ биелүүлээгүй тул, тус хэрэг шийдэгдэх хүртэл он жилүүдэд миний бие үр хүүхдээ тэжээн тэтгэж бүх зардлыг гаргаж байсан тул хариуцагчаас сургалтын төлбөрийн 50%-ийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байсан. Иймд 2019-2023 оны сургаптын төлбөрийн зардлын 50 хувийг охидуудын эцэг Б.Б- хариуцах ёстой: Б.Н 9.373.730, Б.Ү 7.400.000, Нийт 16.773.730 төгрөгийн 50% болох 8.386.865 төгрөгийг гаргуулж өгнө үү. /сургалтын гэрээнүүд, төлбөр төлснийг батлах баримтуудыг сургууль болон, сургалтын багш нараас нь авсныг нотлох баримт болгон өгсөн/ гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Б.Б-аас байр чөлөөлүүлэх, хүүхдийн сургалтын төлбөр 13.336.865 төгрөг гаргуулах, хүүхдүүдийн ирээдүйд гарах зардлын 50%-ийг эцэг Б.Б-т хариуцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Б.Б- нь гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тэтгэлэг, орон байрны асуудлаар шүүхийн шийдвэр гарсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх хэмжээний асуудал, энэ хэрэгт хамааралгүй гэсэн татгалзсан тайлбар гарган мэтгэлцжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн .... дугаар шийдвэрээр гэрлэлт цуцалж, 2 хүүхдийг эхийн асрамжинд үлдээж, тэтгэлэг тогтоож, О аймаг Б сум У баг 11-р хороолол Т ............. тоот .......... мкв 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.А, охин Б.Н, Б.Ү нарын өмчлөлд үлдээж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Б.Б- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй гэсэн гомдол гаргаж шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх шүүгчийн захирамж гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба захирамжийн дагуу гүйцэтгэх ажиллагаа явуулснаар Т ............. тоот 3 өрөө байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Б.А, охин Б.Н, Б.Ү нарын нэр дээр гаргуулсан зэрэг үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх дээрх шүүхийн шийдвэрээр орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс албадан чөлөөлөх тухай шийдвэрлээгүй тул нэхэмжлэгч бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг шаардах эрхтэй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Б.А-ийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн, мөн нэхэмжлэгч Б.А нь 2 охины 2019 оноос 2023 оны сургалтын төлбөрийн зардлын 50% болох нийт 13.336.865 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг гэрлэгчид 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж гэрлэлтийн харилцаа дуусгавар болсон, хүүхдүүдэд тэжээн тэтгэх үүрэг бий болсон үеэс буюу 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 9.900.000 төгрөгийн 50% болох 4.950.000 төгрөг гаргуулах, хүүхдүүдийн ирээдүйд гарах зардлын 50%-ийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйл, Иргэний хуулийн 126, 130, 106-р зүйлүүдэд нийцсэн байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагч Б.Б-ын давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2023/....... дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296.034 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

ШҮҮГЧ С.У