Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 142/шШ2023/01451

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2023/01451

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О аймаг Б-Ө сум У баг ************ тоотод оршин суух, Б овогт Б-ийн А /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О аймаг Б-Ө сум З баг *********** тоот оршин суух хаягтай, О-ын С /РД:**********/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.А,

Хариуцагч О.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие хуульчаас өмгөөллийн хууль зүйн туслалцаа авсаныхаа төлөө цаг хугацаа, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд хохирсон ба хуульч нь үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, итгэлийг минь алдсан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээнд заагдсан 800,000 төгрөгийг буцаан авахаар нэхэмжилж байна.

Миний бие 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өмгөөлөгч О.Стай уулзаж, харилцан тохиролцож Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 800,000 төгрөгийн хөлсөөр хийсэн ба 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр бэлнээр 200,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 5094094346 тоот Хаан банкны дансанд 300,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 5094094346 тоот Хаан банкны дансанд 300,000 төгрөг тус тус хийж нийт 800,000 төгрөг өгсөн.

Миний гэрлэлт цуцлуулах, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг авах, 2 хүүхэдээ өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шүүх хурал 2019 оны 12 дугаар сарын 18-наас 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл үргэлжилсэн, 2022 оны 02 дугаар сард миний ээж өөрийн багын найз, өмгөөлөгч Ш.Оюумаад хэлж, Оюумаа өмгөөлөгч удаан үргэлжилж буй шүүх хуралд санаа нь зовж, туслая гэсэн үүднээс шүүх хуралд өмгөөлөгчөөр оролцож эхэлсэн. 2-3 шүүх хуралд 2 өмгөөлөгч маань хамт оролцсон.

Гэтэл С өмгөөлөгч 2022 оны 09 дүгээр сарын 27-ны 09 цагт болох шүүх хуралд оролцохгүй гэж шүүхийн туслахад мэдэгдсэн байсан, үүнээс хойших бүх шүүх хуралд оролцоогүй, шүүх дээр тааралдан яагаад шүүх хуралд оролцохгүй байгааг асуухад нэмэлт төлбөр өгвөл өмгөөлнө гэж хэлсэн.

Ингээд олон жил үргэлжилсэн миний шүүх хурлын хэргийн материалууд, нотлох баримтууд, шүүгчийн захирамжууд, хэрэгт холбогдох бусад бичиг баримтыг бүгдийн өгөхгүй алга болсон.

О.С өмгөөлөгч нь анхан шатны шүүх хуралаа дуусгаагүй, гэрээнд заасан хуульчийн үүргээ биелүүлээгүй, ажилдаа хариуцлагагүй хандсан, хэрэг маргаанаа дуусгаагүй байж санаатай бүх мөнгөө авсан нь намайг маш их хохироосон үйлдэл болсон.

Миний бие хуульчаас өмгөөллийн хууль зүйн туслалцаа авсаныхаа төлөө цаг хугацаа, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд хохирсон, үйлчлүүлэгчийн эрх,хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, итгэлийг минь алдсан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа тул гэрээнд заагдсан 800,000 төгрөгийг буцаан авахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч О.С шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Агийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-4/, депозит дансны хуулга /хх-5-8/, өмгөөлөгч О.Сыг авах тухай хүсэлт /хх-9/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 17-ны өдрийн 142/ШШ2023/00117 дугаартай шийдвэр /хх-11-26/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагчаас: хүсэлт /хх-39-100/, хариу тайлбарыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч О.Сд холбогдуулан 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч О.Саас өмгөөллийн хууль зүйн туслалцаа авсаныхаа төлөө цаг хугацаа, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд хохирсон ба хуульч нь үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, итгэлийг минь алдсан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээнд заагдсан 800,000 төгрөгийг буцаан авахаар нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.

 

Хариуцагч О.С нь 2020 оноос 2022 оны 04 дүгээр сарыг хүртлэх хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 17 шүүх хуралдаанд оролцсон энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамжуудаар батлагдана. Гэрээний үүргээ биелүүлээгүй, итгэлийг алдсан гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзлаа үндэслэж байна.

 

Түүнчлэн хариуцагч нь өмгөөлөгчөөр ажиллах гэрээ байгуулаад бүтэн 2 жил нэхэмжлэгч Б.Атай цуг шүүх хуралдаан бүхэнд түүний гаргасан нэмэгдүүлсэн шаардлага, нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой хүсэлт, шүүхээс шийдсэн захирамжид гомдол гаргах зэрэг бүх ажиллагаа, хүсэлт гаргаж гэрч асуух зэрэг энэ бүх ажиллагаанд явсан байгаа иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж байна.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч О.Стай уулзаж, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг бичгээр байгуулсан байх бөгөөд талууд өмгөөллийн хөлсийг 800.000 төгрөг байхаар харилцан тохиролцсон байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар Хөлсөөр ажиллах гэрээ бичгээр байгуулагдсан байна. Дээрх зүйлд зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээ хийж гүйцэтгэсний дараа төлнө 360.2-д Шаардлагатай бол хөлсийг хэсэгчлэн, тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцож болно гэжээ.

 

Уг гэрээний 3-р зүйлийн 3.2-д зааснаар талууд хууль зүйн туслалцааны хөлс болох 800,000 төгрөгийн 50 хувийг гэрээ байгуулагдмагц бэлнээр төлөх буюу хуульчийн дансанд шилжүүлэх, төлбөрийг шүүх хуралдаанаас өмнө хариуцагчид төлж дуусгасан байхаар тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр бэлнээр 200,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 5094094346 тоот Хаан банкны дансанд 300,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 5094094346 тоот Хаан банкны дансанд 300,000 төгрөг тус тус хийж нийт 800,000 төгрөг төлсөн гэдэгтэй талууд маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Алирмаагийн хариуцагч Б.Батбаярт холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг авах, 2 хүүхдээ өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2019 оны 12 дугаар сарын 18-наас 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл үргэлжилж Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 142/ШШ2023/00117 дугаартай шийдвэрээр хэргийг эцэслэн шийдвэрлэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон байна.

 

Нэхэмжлэгч нь 2022 оны 02 дугаар сард миний ээж өөрийн багын найз, өмгөөлөгч Ш.Оюумаад хэлж, Оюумаа өмгөөлөгч удаан үргэлжилж буй шүүх хуралд санаа нь зовж, туслая гэсэн үүднээс шүүх хуралд өмгөөлөгчөөр оролцож эхэлсэн, 2-3 шүүх хуралд 2 өмгөөлөгч маань хамт оролцсон гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч О.С 2022 оны 09 дүгээр сарын 27-ны 09 цагт болох шүүх хуралд оролцохгүй гэж шүүхийн туслахад мэдэгдсэн байх ба үүнээс хойших бүх шүүх хуралд оролцоогүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнээс нэг талын санаачлагаар татгалзсан болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч хариуцагчаас яагаад шүүх хуралд оролцохгүй байгааг асуухад нэмэлт төлбөр өгвөл өмгөөлнө гэж хариулж байсан байх ба энэ үйл баримттай хариуцагч маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч энэ талаар Ингээд олон жил үргэлжилсэн миний шүүх хурлын хэргийн материалууд, нотлох баримтууд, шүүгчийн захирамжууд, хэрэгт холбогдох бусад бичиг баримтыг бүгдийн өгөхгүй алга болсон, өмгөөлөгч нь анхан шатны шүүх хуралаа дуусгаагүй, гэрээнд заасан хуульчийн үүргээ биелүүлээгүй, ажилдаа хариуцлагагүй хандсан, хэрэг маргаанаа дуусгаагүй байж санаатай бүх мөнгөө авсан нь намайг маш их хохироосон үйлдэл болсон гэж тайлбарлаж байна.

 

Дээрх баримтуудаас дүгнэхэд хариуцагч нь хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэгдэж дуусах хүртэлх хугацаанд нэхэмжлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-д зааснаар Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болохоор зохицуулсан.

 

Талуудын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх,хөлсөөр ажиллах гэрээ нь ажил, үйлчилгээний онцлогоос шалтгаалан тэдэн өдөр, сар гэх мэт тодорхой хугацаа заагаагүй боловч хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар гэрээний хугацааг тохиролцсон байна гэж дүгнэх үндэстэй. Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.2-д зааснаар энэхүү тодорхой хугацаа заагаагүй гэрээг талууд тохиролцон хэдийд ч дуусгавар болгож болно гэж заасан боловч нэхэмжлэгч, хариуцагч талууд гэрээг дуусгавар болох талаар ярилцаж тохиролцоогүй байна. Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.2-д зааснаар нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй, харин хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй атлаа гэрээг нэг талын санаачлагаар цуцалсан нь үндэслэлгүй байх бөгөөд ажлын хөлс шаардах эрхээ алдана. Гэвч хариуцагчийн гэрээ цуцлахаас өмнө гүйцэтгэсэн ажлыг тооцон үзэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу өмгөөллийн хөлсний тал хувь болох 400.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Монгол Улсын Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.3-д заасныг баримтлан хариуцагч О.Саас 400.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,750 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.Саас 23,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ад олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН