Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 207/ма2024/00016

 

2024 02 08 207/МА2024/00016

 

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч

О.С-д холбогдох иргэний

хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ал, Ерөнхий шүүгч Б.Бр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШШ2023/.......... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.А

Хариуцагч: О.С-д холбогдох,

Өмгөөлөлийн үйлчилгээ үзүүлсний хөлс 800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч О.С-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Брийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, хариуцагч О.С-, нарийн бичгийн дарга М.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие хуульчаас өмгөөллийн хууль зүйн туслалцаа авсаныхаа төлөө цаг хугацаа, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд хохирсон ба хуульч нь үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, итгэлийг минь алдсан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээнд заагдсан 800.000 төгрөгийг буцаан авахаар нэхэмжилж байна. Миний бие 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өмгөөлөгч О.С-тай уулзаж, харилцан тохиролцож Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 800.000 төгрөгийн хөлсөөр хийсэн ба 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр бэлнээр 200.000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр .................... тоот Х банкны дансанд 300.000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр .................... тоот Х банкны дансанд 300.000 төгрөг тус тус хийж нийт 800.000 төгрөг өгсөн. Миний гэрлэлт цуцлуулах, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг авах, 2 хүүхэдээ өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шүүх хурал 2019 оны 12 дугаар сарын 18-наас 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл үргэлжилсэн, 2022 оны 02 дугаар сард миний ээж өөрийн багын найз, өмгөөлөгч Ш.О-д хэлж, Ш.О- өмгөөлөгч удаан үргэлжилж буй шүүх хуралд санаа нь зовж, туслая гэсэн үүднээс шүүх хуралд өмгөөлөгчөөр оролцож эхэлсэн. 2-3 шүүх хуралд 2 өмгөөлөгч маань хамт оролцсон. Гэтэл О.С- өмгөөлөгч 2022 оны 09 дүгээр сарын 27-ны 09 цагт болох шүүх хуралд оролцохгүй гэж шүүхийн туслахад мэдэгдсэн байсан, үүнээс хойших бүх шүүх хуралд оролцоогүй, шүүх дээр тааралдан яагаад шүүх хуралд оролцохгүй байгааг асуухад нэмэлт төлбөр өгвөл өмгөөлнө гэж хэлсэн. Ингээд олон жил үргэлжилсэн миний шүүх хурлын хэргийн материалууд, нотлох баримтууд, шүүгчийн захирамжууд, хэрэгт холбогдох бусад бичиг баримтыг бүгдийн өгөхгүй алга болсон. О.С- өмгөөлөгч нь анхан шатны шүүх хурлаа дуусгаагүй, гэрээнд заасан хуульчийн үүргээ биелүүлээгүй, ажилдаа хариуцлагагүй хандсан, хэрэг маргаанаа дуусгаагүй байж санаатай бүх мөнгөө авсан нь намайг маш их хохироосон үйлдэл болсон. Миний бие хуульчаас өмгөөллийн хууль зүйн туслалцаа авсаныхаа төлөө цаг хугацаа, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд хохирсон, үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, итгэлийг минь алдсан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа тул гэрээнд заагдсан 800.000 төгрөгийг буцаан авахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч О.С- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Б.А-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШШ2023/.......... дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.3-д заасныг баримтлан хариуцагч О.С-аас 400.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч О.С- шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн .......... дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэл хангалттай биш байна. Хэрэг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл түүнийг хэрхэн үнэлж байгаа тухай хангалттай дүгнэсэнгүй. Шийдвэрийг үндэслэх хэсэгт хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байх бөгөөд ...гэрээ цуцлахаас өмнө гүйцэтгэсэн ажлыг тооцон үзэж хөлсний тал хувийг гаргуулах үндэслэлтэй байна гэсэн нь шүүх оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлнэ гэсэн нотлох баримтыг үнэлэх зарчмыг хэрэгжүүлсэнгүй. Иймд шийдвэрийн нэгдүгээр заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч О.С-д холбогдуулан өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэний хөлс 800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1., 367 дугаар зүйлийн 367.3.-д заасныг баримтлан хариуцагч О.С-аас 400.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.А нь 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өмгөөлөгч О.С-тай хууль зүйн туслалцаа авах талаар харилцан тохиролцож бичгээр гэрээ байгуулж өмгөөллийн үйлчилгээний хөлсийг 800.000 төгрөг байхаар гэрээндээ заажээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан ба дээрх гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна.

Талуудын хооронд байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1.-д Б.А-ийн нэхэмжлэлтэй Б.Б-т холбогдох иргэний хэрэгт /гэрлэлт цуцлуулах, оногдох хэсгийг гаргуулах/ өмгөөлөгчөөр бүх шатны шүүхэд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлс 800.000 төгрөг байх, мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.-д зааснаар талууд хууль зүйн туслалцааны хөлс болох 800.000 төгрөгийн 50 хувийг гэрээ байгуулагдмагц бэлнээр төлөх буюу хуульчийн дансанд шилжүүлэх, төлбөрийг шүүх хуралдаанаас өмнө төлж дуусгасан байхаар тохиролцжээ.

Нэхэмжлэгч нь Б.А нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр бэлнээр 200.000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр .................... тоот Х банкны дансанд 300.000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр .................... тоот Х банкны дансанд 300.000 төгрөг гэрээний дагуу өмгөөллийн үйлчилгээ үзүүлсний хөлсөнд нийт 800.000 төгрөг төлсөн байна.

Нэхэмжлэгч Б.А-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-т холбогдох иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилж О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ........... дугаар шийдвэрээр хэргийг хянан шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болжээ.

Хариуцагч О.С- нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цагт болох шүүх хуралд оролцохгүй гэж шүүгчийн туслахад мэдэгдсэн байх ба үүнээс хойших бүх шүүх хуралд оролцоогүй, нэмэлт төлбөр шаардаж, талуудын хооронд байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнээс нэг талын санаачлагаар татгалзсан нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1., 4.1.3., 4.2.1., д заасан үүргээ биелүүлээгүй болохыг нотолж байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж ... хариуцагчийн гэрээ цуцлахаас өмнө гүйцэтгэсэн ажлыг тооцон үзэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу өмгөөллийн хөлсний тал хувь болох 400.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна ... гэж дүгнэн шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцсэн байх тул хариуцагч О.С-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч О.С-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч О.С-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12.650 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШШ2023/.......... дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч О.С-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч О.С-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12.650 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЛ

Б.БР