Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2023/01622

 

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2023/01622

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: *** тоотод оршин суух хаягтай, рд:***, *** О нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: *** тоотод оршин суух хаягтай, рд:***, ***Ц холбогдох,

 

14 070 000 төгрөг гаргуулах үндсэн, 3100 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д нар оролцож,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.А хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа... 2019 оны 03 сард найз н.***гаар дамжуулан П.Ц Эрээн хотод анх танилцан эмчилгээний аппаратыг оруулж ирэн үйл ажиллагаа эрхлэхээр болж П.О зүгээс 19 000 000 төгрөгийн хөрөнгө оруулж, үүнээс 3 ширхэг аппарат худалдан авч үлдэх мөнгийг хөрөнгө оруулалт хэмээх удаа дараа Н гэх хүнээр дамжуулан авсан. 2023 оны 04 сараас үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэсэн боловч эхлүүлээгүй. Мөн 3 ширхэг аппарат зарагдахаар мөнгийг эргүүлэн өгнө гэсэн боловч одоог хүртэл өгөөгүй. Иймд үлдэгдэл төлбөр 14 070 000 төгрөгийг нэхэмжилж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл П.Ц нь П.О нийт 4 100 000 төгрөгнөөс дансаар 1 200 000 төгрөгийг шилжүүлж, бусдыг нь бэлнээр өгсөн нь аппаратын мөнгө өгсөн гэх баримт байхгүй... гэв.

 

Хариуцагч хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. П.О хамтран ажиллах хэлцэл хийж, ашиг олох зорилготойгоор эмчилгээний аппарат оруулж ирсэн байдаг .Тухайн аппаратын үнийг анх Н *** тоот дансаар П.Ц шилжүүлэн аппарат оруулж ирсэн ч үйл ажиллагаа явуулж чадалгүй Ц эрхэлдэг ажлын байран дээр аппаратыг борлуулахаар тавьсан. Үүнээс 1 ширхэг аппаратыг П.О нь өөрөө авч үлдсэн, 2 ширхэг аппаратын үнэ 4 000 000 төгрөгийг О нь Ц дансаар 900 000 төгрөг авсаар нийт 4 930 000 төгрөгийг буцаан өгсөн талаарх нотлох баримт хэрэгт авагдсан. Үүний учир Ц нь О тай зээлийн маргаан болон аппаратын үлдэгдэл төлбөр байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, ... аппаратыг нэг ширхэг нь 900 000 төгрөгийн үнэтэй аппаратыг Ц 4 000 000 төгрөгөөр зарсан тул илүү төлсөн 3 100 000 төгрөгийг О гаргуулах хүсэлттэй... гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...хариуцагчтай БНХАУ-аас эрүүл мэндийн аппарат оруулж ирэн зарж ашгаа хувааж авахаар тохиролцон 16 100 000 төгрөг шилжүүлсэн боловч аппарат зарсан мөнгөө шилжүүлж өгөхгүй байсан тул хамтран ажиллахаа болсон тул үлдэх 14 070 000 төгрөгөө буцаан гаргуулна... гэж тайлбарласныг,

 

хариуцагч эс зөвшөөрч ... ямар нэг зээл үлдэгдэл төлбөр байхгүй, аппаратны үнэд илүү шилжүүлсэн 3100 000 төгрөгөө буцаан гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж... маргасан.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2019 оны 03 сард нэхэмжлэгч О, хариуцагч Ц хамтран БНХАУ-аас эрүүл мэндийн Л гэх аппаратыг худалдан авч Монгол Улсад зарж борлуулан ашгаа хувааж авахаар хамтран ажиллахаар тохиролцсон нь талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна. Энэ талаар зохигчид маргаагүй.

 

Амаар тохиролцсон дээрх хэлцлийн дагуу нэхэмжлэгч Н эзэмшлийн дансаар 15 200 000 төгрөг, өөрийн дансаар 900 000 төгрөг нийт 16 100 000 төгрөг хариуцагч шилжүүлэн авсан нь Хаан банкны дансны хуулга баримтууд, гэрч Л.***гийн ...3 аппарат болон уудаг бүтээгдэхүүний үнэ 10 000 000 төгрөг, сүүлд 6000 000 төгрөг нийт 16 000 000 төгрөг Н дансаар шилжүүлж байсныг мэднэ... гэх мэдүүлэг, гэрч Н ...миний Хаан банкны нэг дансыг өвөр монгол С гэх ченж ашигладаг байсан юм. Тэр данс руу монголоос хүмүүс мөнгө шилжүүлээд С юань болгож авдаг байсан. Тэр данс руу О гэдэг хүн барааны үнэ гэж мөнгө шилжүүлээд С Ц гэх хүн юанаар авсан байсан... гэх мэдүүлэг баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 8-10, 79-80, 124-126, 131-... дугаар тал/

 

Хариуцагч эрүүл мэндийн аппарат хөрөнгөөс иргэн Д 1 ширхэг аппарат 2100 000 төгрөгөөр, гэрч Н 1 ширхэг аппаратыг 1900 000 төгрөгөөр тус тус худалдсан болох нь гэрч нарын мэдүүлэг баримтаар тогтоогдож байна. /хэргийн 86, 101-10 дугаар тал/

 

Талууд үл ойлголцлын улмаас хамтран ажиллахаа больж хамтран ажиллах хэлцэл дуусгавар болсон, хариуцагч 4930 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн нь зохигч талуудын тайлбар баримтаар тогтоогдож байгаа, энэхүү үйл баримтын талаар маргаагүйг дурьдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасан үндэслэлтэй тул нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан 16 100 000 төгрөгийн үлдэгдэл 11 170 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 2900 000 төгрөгт холбогдох хэсгийг, мөн 3100 000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Хариуцагч нэхэмжлэгчид 2 ширхэг аппаратны үнийг шинжээчийн тогтоосон зах зээлийн бодит үнэлгээгээр 450 000 төгрөг гэсэн тул 4930 000 төгрөгөөр илүү шилжүүлсэн 3100 000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэл Д, Н нарын мэдүүлэг баримтаар үгүйсгэгдэж байгаа, мөн талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах хэлцэл дуусгавар болсон, нэхэмжлэгч 16 100 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн нь дээр авагдсан баримтаар тогтоогдож байгаа, уг шилжүүлсэн мөнгөний үнийн дүнгээс хариуцагчийн шилжүүлсэн 4 930 000 төгрөгийг хасаж тооцсон тул хариуцагч 3100 000 төгрөгийг шаардах эрх үүсээгүй үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228 300 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 65 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 193 670 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

2022.03.07-ны өдөр нэхэмжлэгчээс Г олгосон итгэмжлэлээр, 2023.01.17-ны өдөр хариуцагчаас Д олгосон итгэмжлэлээр тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүрэн эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 4, 106 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116.118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ц 11 170 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2900 000 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага 3100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228 300 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 65 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 193 670 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ