Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/01338

 

 

О.Ю-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 он 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2023/01622 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.Ю-ын хариуцагч П.Цэрэндэжидэд холбогдуулан гаргасан аппаратын үнэд шилжүүлсэн 14,070,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, аппаратын үнэд илүү төлсөн 3,100,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гүлдарь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

О.Ю-а П.Цэрэндэжид нар эрүүл мэндийн Лин лун гэх аппаратыг оруулж хамтран бизнес хийхээр тохиролцож, О.Ю-а хөрөнгө оруулалтад 18,100,000 төгрөгийн хөрөнгө оруулсан, мөн түрээсийн төлбөрт 900,000 төгрөгийг П.Цэрэндэжидэд өгсөн. 3 ширхэг аппаратын худалдаж авсан. Үлдэгдэл мөнгийг Г.Наранхүүгийн дансаар шилжүүлсэн. 04 дүгээр сараас ажлаа эхэлнэ гэсэн боловч эхлээгүй. Цагдаагийн байгууллагад хандсан боловч иргэний шүүхэд хандсан гэх хариу өгсөн. П.Цэрэндэжидтэй тохиролцож 8,000,000 төгрөг төлье гэсэн боловч хугацаандаа төлөөгүй. Ажил эхэлсэн боловч П.Цэрэндэжид орлогоо нууж О.Ю-аас авсан мөнгийг буцааж өгөөгүй. Иймд үлдэгдэл төлбөр 14,070,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

П.Цэрэндэжид О.Ю-атай эмчилгээний аппарат оруулж ашиг олж хамтран ажиллахаар тохиролцсон. Аппаратын үнийг Г.Наранхүүгийн дансаар шилжүүлэн авч аппарат оруулж ирсэн боловч үйл ажиллагаа явуулж чадалгүй П.Цэрэндэжидийн эрхэлдэг ажлын байранд аппаратыг борлуулахаар тавьсан. О.Ю-а 1 ширхэг аппаратыг авсан, 2 ширхэг аппаратын үнэ 4,000,000 төгрөгийг цувуулж авсан. Мөн О.Ю-а П.Цэрэндэжидэд шилжүүлсэн 900,000 төгрөгийг авч, нийт 4,930,000 төгрөг авсан. Аппаратын үлдэгдэл төлбөр байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

О.Ю-а 1 ширхэг нь 900,000 төгрөгийн үнэтэй аппаратыг П.Цэрэндэжидэд 4,000,000 төгрөгөөр зарсан тул илүү төлсөн 3,100,000 төгрөгийг О.Ю-аас гаргуулна гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

П.Цэрэндэжид О.Ю-ад нийт 4,100,000 төгрөг өгснөөс 1,200,000 төгрөгийг дансаар, үлдэх хэсгийг бэлнээр өгсөн. Аппаратын мөнгө өгсөн гэх баримтгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

5.1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч П.Цэрэндэжидээс 11,170,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Ю-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,900,000 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага 3,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228,300 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 65,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 193,670 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хуул буруу тайлбарлан хэрэглэсэн. Талууд хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Хамтран ажиллахаар тохиролцсон байхад шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасныг хэрэглээгүй. Маргааны зүйл болох 2 ширхэг аппарат нь биет байдлаар одоог хүртэл байгаа. Хамтран ажиллаж ашиг олох зорилгоор аппарат оруулж ирсэн талаар талууд маргаагүй. О.Ю-ын шилжүүлсэн 16,100,000 төгрөг нь 2 ширхэг аппаратын үнэ, эсхүл олон аппаратын үнэ эсэхийг тодруулаагүй. Хэрэгт авагдсан баримтаар аппаратын тоо зөрүүтэй байгааг шүүх анхаараагүй, нотлох баримтыг буруу үнэлсэн.

Нэхэмжлэгч гэрч Г.Наранхүүгийн данс руу 8 удаагийн гүйлгээгээр 15,120,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд тухайн данснаас хэрхэн гүйлгээ гарсан, хэнд дамжуулагдсан, хэдэн аппарат авсан нь харагдана. Мөн нэхэмжлэгч ажлын байрны түрээсийн төлбөрт төлсөн 900,000 төгрөгийг буцаан нэхэмжилснийг шүүх хангасан нь үндэслэлгүй. Хариуцагчийн ажлын байранд 2 ширхэг аппарат нэхэмжлэгч ажлын байр байхгүй мэт тайлбарласан.

Тухайн 2 аппарат тус бүр 450,000 төгрөгийн үнэтэй бөгөөд хэт өндрөөр зарахыг шаардсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Гэрч н.Наянчулуун, н.Сугар-Очир нар аппаратыг худалдан авсан боловч хэт үнэтэй байснаас буцаасан гэж мэдүүлсэн. Эдгээрийг шүүх үнэлээгүй.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд 14,070,000 төгрөг гаргуулах шаардлагаа 3 ширхэг аппаратын үнэ 6,000,000 төгрөг, зээл 6,000,000 төгрөг, үйл ажиллагаанд 2,070,000 төгрөг гэж тайлбарласан. Мөн Г.Наранхүүгийн дансаар 18,100,000 төгрөг, түрээс 900,000 төгрөг өгснөөс 4,930,000 төгрөгийг хасаж 14,070,000 төгрөг зээлийн үлдэгдэл гэж тус тус зөрүүтэй тайлбарласан. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст 4 аппаратын үнэ гаргуулах өргөдөл гаргасан. Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4-т зааснаар хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон тул гэрээ дуусгавар болсон. 450,000 төгрөгийн үнэтэй аппаратыг 2,000,000 төгрөгөөр заруулсан тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчээс хариуцагч нь дансаар 16,100,000 төгрөг, бэлнээр 2,000,000 төгрөгийг шилжүүлж хамтран ажиллах болон мөнгө зээлэх үйл ажиллагаа, байр түрээслэх гэх үндэслэлээр хүлээн авсан. Мөн хамтран ажиллах гэрээг цуцалж, зээл авсан төлбөр болон бусад төлбөрүүдээ буцааж төлнө гэх үндэслэлээр 4,930,000 төгрөгийг буцааж авсан боловч үлдэгдэл төлбөрийг буцааж авч чадаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу үнэлж үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь үндэслэлтэй боловч талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

1. Нэхэмжлэгч О.Ю-а хариуцагч П.Цэрэндэжидэд холбогдуулан аппаратын үнэд шилжүүлсэн 18,100,000 төгрөг, түрээсийн төлбөр 900,000 төгрөг, нийт 19,000,000 төгрөгөөс буцаан төлсөн 4,930,000 төгрөгийг хасаж үлдэгдэл 14,070,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 900,000 төгрөгийн аппаратыг 4,000,000 төгрөгөөр заруулсан тул илүү шилжүүлсэн 3,100,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

 

Хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

 

2. Нэхэмжлэгч О.Ю-а нь 2019 оны 3 сард аппаратын үнийг Г.Наранхүүгийн эзэмшлийн дансаар 15,200,000 төгрөг, өөрийн эзэмшлийн дансаар 900,000 төгрөг, нийт 16,100,000 төгрөгийг П.Цэрэндэжидэд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан ХААН банк ХХК-ийн депозит дансны хуулга, гэрчүүдийн мэдүүлэг, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. (хх-ийн 8-10, 79-80, 124-126, 131-137)

 

Гэрч Г.Наранхүү ... О.Ю-а миний данс руу барааны үнэ гэж мөнгө шилжүүлээд Сэргэлэнгээс П.Цэрэндэжид юанаар авсан гэж, гэрч Л.Эрдэнэтуяа ...О.Ю-а П.Цэрэндэжид Г.Наранхүү гэдэг хүнээр дамжуулж шилжүүлсэн, нийт 16,000,000 төгрөг зээлснийг мэдэж байна. Г.Наранхүү нь Улаанбаатараас Эрээн хотруу Монголчуудын мөнгийг гуйвуулдаг гэх агуулгатай гэрчийн мэдүүлгүүдийг хариуцагч нотлох баримтаар үгүйсгээгүй.

 

2.1. Хариуцагч П.Цэрэндэжид нь худалдах, худалдан авах гэрээний дагуу эмчилгээний зориулалттай аппарат нийлүүлэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч О.Ю-а нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.

 

Хариуцагч П.Цэрэндэжид нь нэхэмжлэгч О.Ю-ын шилжүүлсэн 16,100,000 төгрөгөөс 4,930,000 төгрөгийг буцаан төлсөн байх тул үлдэгдэл 11,170,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрчийн мэдүүлгийн баримтаар үгүйсгээгүй атлаа О.Ю-аас Г.Наранхүүд шилжүүлсэн мөнгөн хөрөнгө хэрхэн зарцуулагдсан нь тодорхойгүй, хэдэн аппаратын үнэ болох нь тодорхойгүй байхад нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн гэх агуулгатай гомдол үндэслэлгүй.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч П.Цэрэндэжидээс 11,170,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Ю-ад олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

3. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх хуульд зааснаар үүсэх үүрэг буюу хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэснийг дээрх байдлаар залруулан дүгнэж шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2023/01622 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 492 дугаар зүйлийн 492.1.1 гэснийг 243 дугаар зүйлийн 243.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр урьдчилан төлсөн 258,670 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Н.БАТЗОРИГ