Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2023/03830

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2023/03830

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... тоот хаягт бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн .... дугаар хороо, Сэлбийн ... тоот хаягт байрлах, регистр ..., С ХХК,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дүгээр байрны ... тоот хаягт байрлах, регистр ..., Н.Э.К ХХК,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 17 484 830 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарин бичгийн дарга С.Өлзий нар оролцов.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Бд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хэлэлцлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь Н.Э.К ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 17 484 830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

С ХХК нь Н.Э.К ХХК-тай 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай Түрээсийн гэрээ байгуулж барилгын ажилд шаардлагатай бараа материалыг түрээслүүлсэн. Бараа материалын тооцоогоор нийт 674 ширхэг бараа материалыг 30 хоногийн хугацаанд 1 хоногийн 165-220 төгрөгөөр түрээслүүлж нийт 3 884 100 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсныг Н.Э.К ХХК нь хүлээн зөвшөөрч 3 884 100 төгрөг болон барьцаа 1 000 000 төгрөгийг төлсөн. Түрээсийн үргэлжлэл болох Авлага өглөгийн товчоо тооцоогоор 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх тооцоогоор 2331 ширхэг бараа материалыг 64-83 хоногийн хугацаанд 1 хоногийн 165-230 төгрөгөөр түрээслүүлж нийт түрээсийн төлбөрт 35 717 470 төгрөгийг төлбөр гарсан. Мөн эвдэрсэн 55 ширхэг барааны үнэ 235 000 төгрөгийг нэмж нийт 35 952 470 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсанаас 13 429 250 төгрөгийг төлсөн. Ингээд 22 523 220 төгрөгийн төлбөрөөс барьцаа 2 000 000 төгрөгийг хасч нийт 20 523 220 төгрөг төлөх байсан. Үүнээс 2022 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 3 400 000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 3 400 000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 3 400 000 төгрөгийг тус тус төлж 10 323 220 төгрөг үлдсэн.

Үүн дээр түрээсийн алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 50 хувиар тооцож 5 161 610 төгрөг, мөн илүү хассан 2 000 000 төгрөгийг нэмж нийт 17 484 830 төгрөгийг Н.Э.К ХХК-иас нэхэмжилж байна гэв.

 

2.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие С ХХК-тай 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртлэх нийт 2331 ш пумыг урьдчилгаа 2 000 000 төгрөг барьцаа болгон байршуулж түрээсийн гэрээгээр хэрэглэсэн. Манай компани нь О.К ХХК-ний захиалан бариулж байгаа Four season villag хотхоны С болон D блок дээр эдгээр түрээсийн пумыг хэрэглэж эхэлсэн. Гэвч 2021 оны хавар барилгын материалын үнэ огцом нэмэгдэж эхэлсэн тул захиалагч компанитайгаа хийж гүйцэтгэж байгаа ажлынхаа 1 м.кв үнийг нэмэх талаар удаа дараа ярилцсан боловч тодорхой шийдэлд хүрээгүй. С блок барилгыг 1 давхар цутган 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ажлын гэрээ цуцлан буцаан хүлээлгэн өгч, зөвхөн D блок барилгаа үргэлжлүүлэн хийхээр болсон. Гэрээ цуцалсантай холбогдон С блок барилга дээр хэрэглэж байсан С ХХК-ний түрээсийн пумыг буцаахаар болсон. Бид барилга дээр ашиглаж байгаа хэв хашмалыг буулгаж С ХХК-д хүлээлгэж өгөх болоход О.К ХХК-ний зүгээс үргэлжлүүлэн түрээсэлж, төлбөрийг төлж барагдуулахаар болж хэв хашмалыг тоолж хүлээн авсан. Манай компаний зүгээс түрээсийн гэрээ хийж авчирсан өдрөөс О.К ХХК-д хүлээлгэн өгсөн өдөр хүртэлх төлбөрийг барагдуулахаар болж С ХХК-тай тооцоо нийлэн тохиролцсон. Анх түрээсийн гэрээ хийхдээ 2 000 000 төгрөг барьцаа болгон байршуулсан бөгөөд тооцоо нийлэхдээ тэр мөнгийг хасаж тооцоо нийлсэн. Гэтэл одоо тэр мөнгийг дахин нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид барьцааны мөнгийг хасч үлдэгдэл 20 523 220 төгрөгөөс 10 200 000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг барилгын улирал дууссан тул ирэх хавар ажил эхлэхээр төлж дуусгахаар санал тавьсан. Эдний зүгээс О.К ХХК дээр байгаа өөрийн үлдээсэн хэв хашмал, тулааснаасаа манайд өгөөд тооцоо дуусгачих гэдэг санал тавьсаныг бид зөвшөөрсөн, өөрийн хэв хашмал тулаасаа буцаан авахаар О.К ХХК-д хандсан боловч тооцоо нийлж байж гаргаж өгнө гэсээр байгаад өдийг хүрсэн. Бид О.К ХХК-иас хэв хашмал тулаасаа авч чадахгүй удах юм байна үлдэгдэл төлбөрөө хуваагаад төлөөд дуусгая гэсэн боловч С ХХК шүүхэд өгсөн, тэнд асуудлаа шийдье гэсэн. Манай компани нь төлбөрөө төлөхгүй алга болсон зүйлгүй бөгөөд асуудлыг шийдэхийн төлөө С ХХК-тай байнга ярилцаж явж байсан. С ХХК-д үлдэгдэл төлбөр болох 10 323 220 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин одоо нэхэж байгаа алданги болон барьцааны мөнгө дахин нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3.Нэхэмжлэгчээс: С ХХК-ний аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 5/, итгэмжлэл /хх 4/, Түрээсийн гэрээ, тооцоо нийлсэн акт /хх 6-11/,

 

Хариуцагчаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /хх 17/, ХХБ-ны дансны хуулга /хх 23-26/, түрээсийн гэрээ, авлага өглөгийн тооцоо /хх 27-30/ зэрэг баримтуудыг гаргажээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

С ХХК нь Н.Э.К ХХК-тай 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Түрээсийн гэрээ байгуулж, барилгын хэв хашмал, гадна, дотор булан зэрэг 674 ширхэг материалыг 1 жилийн хугаацатай түрээслүүлэх, нэг сарын төлбөрт 3 884 800 төгрөг төлөхөөр тохирчээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, түрээслүүлэгч эд зүйлийн жагсаалтаар шилжүүлсэн байна.

Зохигч өглөг авлагын тооцоогоор түрээслэгч Н.Э.К ХХК 2021 оны 8 дугаар сарын 10-ны байдлаар 10 323 220 төгрөгийн төлбөртэй байсан нь тогтоогдсон, хариуцагч энэ төлбөрийн талаар, төлөхийг зөвшөөрсөн байна.

 

Харин нэхэмжлэлийн бусад шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ... алдангийг зөвшөөрөхгүй, барьцааны 2 000 000 төгрөгийг дахин нэхэмжилж байна гэжээ.

Түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохирсон байх ба түрээслүүлэгч 50 хувиас хэтрээгүй хэмжээний алданги 5 161 610 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

Харин шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь О.К ХХК-иас 2 000 000 төгрөгийг төлүүлсэн тул хасч тооцоход татгалзаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 245 375 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Э.К ХХК-иас 235 374 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Э.К ХХК-иас 15 484 830 /арван таван сая дөрвөн зуун наян дөрвөн мянга найман зуун гуч/ төгрөг гаргуулж С ХХК олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 000 000 /хоёр сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 245 375 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Н.Э.К ХХК-иас 235 374 төгрөг гаргуулж С ХХК-д олгосугай.

 

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Р.АЛТАНТУЯА