Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00122

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00122

 

 

2024 01 12 210/МА2024/00122

 

С- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 25-ны

өдрийн 102/ШШ2023/03830 дугаар шийдвэртэй,

С- ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н к- ХХК-д холбогдох, Түрээсийн гэрээний үүрэгт 17,484,830 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Д.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: С- ХХК нь Н к- ХХК-тай 2021 оны 05 сарын 19-ний өдрөөс 2022 оны 05 сарын 19-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж барилгын ажилд шаардлагатай бараа материалыг түрээслүүлсэн. Түрээслүүлэгч нь нийт 674 ширхэг бараа материалыг 30 хоногийн хугацаанд 1 хоногийн 165-220 төгрөгөөр түрээслүүлэхэд 3,884,100 төгрөгийн төлбөр гарсныг Н к- ХХК зөвшөөрч 3,884,100 төгрөг болон барьцаа 1,000,000 төгрөгийг төлсөн. Мөн түрээсийн үргэлжлэлийг талууд авлага өглөгийн тооцоог 2021 оны 05 сарын 19-ний өдрөөс мөн оны 08 сарын 10-ны өдөр хүртэл тооцоход 2331 ширхэг бараа материалыг 64-83 хоногийн хугацаанд 1 хоногийн 165-230 төгрөгөөр түрээслүүлсний төлбөр 35,717,470 төгрөг, эвдэрсэн 55 ширхэг барааны үнэ 235,000 төгрөгийг нэмж нийт 35,952,470 төгрөгийг хариуцагч төлөхөөс 13,429,250 төгрөгийг төлсөн.

Үлдэгдэл 22,523,220 төгрөгөөс барьцаа 2,000,000 төгрөгийг хасч 20,523,220 төгрөг төлөх байсан. Үүнээс 10,200,000 төгрөгийг төлснийг хасахад 10,323,220 төгрөг үлдсэн. Түрээсийн алдангид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 5,161,610 төгрөг, мөн илүү хассан 2,000,000 төгрөгийг нэмж нийт 17,484,830 төгрөгийг Н к- ХХК-аас нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. С- ХХК-тай 2021 оны 05 сарын 19-ний өдрөөс эхлэн мөн оны 08 сарын 10-ны өдрийг хүртэлх нийт 2331 ширхэг пумыг урьдчилгаа 2,000,000 төгрөг барьцаатайгаар түрээслэсэн. Манай компани нь О к- ХХК-ийн F-хотхоны С, D блокт түрээсийн пумыг хэрэглэсэн. Захиалагч компанид гүйцэтгэж байгаа ажлын 1 м.кв үнийг нэмэхээр удаа дараа ярилцсан ч шийдэлд хүрээгүй тул гэрээг цуцалсан. Уг С блокт хэрэглэж байсан түрээсийн пумыг буцаахаар болсон ба манай компаниас түрээсийн гэрээ хийж, пумыг авчирсан өдрөөс О к- ХХК-д хүлээлгэн өгсөн өдөр хүртэлх төлбөрийг барагдуулахаар болж С- ХХК-тай тооцоо нийлсэн. Түрээсийн гэрээ хийхдээ 2,000,000 төгрөг барьцаалсныг хасч тооцоо нийлсэн. Гэтэл тэр мөнгийг дахин нэхэж байгааг зөвшөөрөхгүй. Бид 20,523,220 төгрөгөөс 10,200,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 10,323,220 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Харин алданги болон барьцааны мөнгө дахин нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар Н к- ХХК-иас 15,484,830 төгрөг гаргуулж С- ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,375 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н к- ХХК-иас 235,374 төгрөг гаргуулж С- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Манай компанийн зүгээс түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 10,323,220 төгрөг төлөхийг зөвшөөрч, алданги 5,161,610 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Уг түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрийг барилгын хэв хашмал болох пумаар төлж барагдуулах талаар С- ХХК-тай тохиролцсон. Мөн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцож чадаагүй учир дахин мэтгэлцэх өөрийгөө хамгаалах боломжийг минь хангаж өгнө үү: Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч С- ХХК, хариуцагч Н к- ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 17,484,830 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас хариуцагч 10,323,220 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, үлдэх 7,161,610 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талууд 2021 оны 05 сарын 19-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр С- ХХК барилгын хэв хашмал, гадна, дотор булан зэрэг нийт 674 ширхэг материалыг 1 жилийн хугацаатай түрээслүүлэх, Н к- ХХК нь түрээсийн нэг сарын төлбөрт 3,884,100 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх 6-8/

 

4. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ гэж тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэлт хийсэн байна.

 

5. Талууд гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан талаар маргаангүй. Мөн гэрээ цуцлагдах хүртэл хугацааны түрээсийн төлбөр, түрээсийн эвдэрсэн эд зүйлийг 2021 оны 08 сарын 10-ны өдрийн байдлаар гэрээний хоёр тал тооцоо нийлж хариуцагч нь түрээсийн гэрээний үүрэгт 20,523,220 төгрөг төлбөрийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулж акт үйлдсэн, уг үүргээс хариуцагч нь 10,200,000 төгрөг төлсөн үйл баримтыг хэрэгт авагдсан Д.Б-ын Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, зохигчийн тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон. /хх.23-25/ Хариуцагч Н к- ХХК нь түрээсийн төлбөрт 10,323,220 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул уг үүргээ гүйцэтгэхийг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Анхан шатны шүүх уг нэхэмжлэл шаардлагад холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн байна.

Нэхэмжлэгч С- ХХК нь барьцаанд төлсөн төлбөрийг буруу хасч тооцсон гэх үндэслэлээр 2,000,000 төгрөг хариуцагч Н к- ХХК-аас гаргуулахаар нэхэмжилснийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул шийдлийг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ.

6. Хариуцагч нь алданги 5,161,610 төгрөгийн шаардлагаас татгалзсан, талууд алданги шаардах эрх үүссэн эсэх талаар маргасан байна

7. Анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй байна. Давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулах замаар алдааг залруулан дүгнэх боломжтой гэж үзлээ.

Талууд нэг жилийн хугацаатай байгуулсан гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан үйл баримт тогтоогдсон. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг зохих хугацаанд нь гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд энэ нөхцөлд гэрээний харилцаа хүчин төгөлдөр эсхүл дуусгавар болоогүй байх шаардлагатай. Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөр, эд зүйлийн үнэ төлөгдөөгүйн хариуцлагыг үлдэгдэл төлбөрийн дүнгээс тооцон түрээсийн гэрээний 4.2-т зааснаар 5,161,610 төгрөгийн алдангийг хариуцагчаас шаардсан нь хуульд нийцэхгүй. Учир нь талууд гэрээг цуцалсан тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гэрээний хугацаа хэтрүүлсний хариуцлагыг дуусгавар болсон гэрээг үндэслэн шаардахгүй.

Мөн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдон хоёр тал тооцоо нийлэхдээ нийт төлбөл зохих тооцооны үлдэгдлийг 20,523,220 төгрөг гэж дүгнээд хоёр талын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх.29-30/

Тус алдангийн талаар талууд тохиролцоогүйг шүүх анхаараагүйгээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Энэ үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлээс 5,161,620 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Н к- ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт 10,323,220 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С- ХХК-д олгож, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хангаж байна.

8. Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо шүүх хуралдаанд оролцож чадаагүй учир дахин мэтгэлцэх өөрийгөө хамгаалах боломжоор хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч нь 2023 оны 10 сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргаж, шүүхээс түүний хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2023 оны 10 сарын 25-ны өдөр хүртэл хойшлуулж, талууд шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан байна. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

9. Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2023/03830 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...15,484,830 төгрөг... гэснийг 10,323,220 төгрөг гэж, ...2,000,000 төгрөгийн... гэснийг 7,161,620 төгрөгийн гэж өөрчилж,

2 дахь заалтын ...235,374 төгрөг... гэснийг 180,122 төгрөг гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Н к- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,536 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Э.ЭНЭБИШ