Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2023/01690

 

 

 

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2023/01690

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

нэхэмжлэгч: *** тоотод оршин суух хаягтай, рд:***, Г нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: *** тоотод байрлах хаягтай, рд:***, ***-д холбогдох,

 

ажлын хөлс 1 870 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Г

хариуцагчийн өмгөөлөгч Т нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Алтаннаран хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г хариуцагч ***д холбогдуулан ажлын хөлс 1 870 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...*** овогтой *** миний бие *** ХХК-ийн менежер Д тавьсан хамтран ажиллах ажлын саналын дагуу плита наах болон шалыг багсарч наах ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. *** ХХК нь *** *** ХХК-тай 2022 оны 05 сарын 10-ны өдөр *** дугаартай гэрээ байгуулж *** тоот айлуудын заслын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр гүйцэтгэвэл зохих ажлыг надаар хийлгэхээр болсон. Тодруулбал, *** *** ХХК-ийн хэрэгжүүлж буй *** барилга-ын туслан гүйцэтгэгчээр *** ХХК ажилласан. Уг ажлын хүрээнд ***-ын 3 давхрын 2-р орцны 1, 2, 3, 9, 10 тоот айлуудын нойлийн өрөөний плитаны наах болон шалыг багсарч наах ажлыг миний бие 2022 оны 06 сарын 05-ны өдрөөс 2022 оны 06 сарын 25-ны өдрийн хооронд гүйцэтгэсэн. Тухайн үед 1 м.кв 18 000 төгрөгөөр, нийт ажилласан м.кв талбайн хэмжээгээр нийт ажилласан хөлсийг тооцохоор харилцан тохиролцож ярилцаж ажлаа хийж эхэлсэн. Ингээд *** тоот нойлийн өрөөний плита наах ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд хийсэн ажлаа төслийг хэрэгжүүлэгч *** *** ХХК-ийн талбайн инженер Э.***д хүлээлгэн өгсөн. Миний бие дээрх ажлыг нийт 20 хоногийн дотор хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ хугацаанд надад ажлын хөлс гэж 1 550 000 төгрөг өгсөн. Үлдэгдэл төлбөрийг 2022 оны 07 сараас хойш нэхэж шаардахад дараа өгнө, *** *** ХХК-аас мөнгөө авхаараа өгнө, гэх мэтээр удаашруулсаар өнөөдрийг хүргэсэн. Би нийт 190м.кв плита наах ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ нь нийт 3 420 000 төгрөг болно. Үүнээс өмнө нь надад өгсөн 1 550 000 төгрөгийг хасаад 1 870 000 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй байна. Иймд *** ХХК-иас *** тоот айлуудын өрөөний плита наах ажлын хөлс болох 1 870 000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

 

3. Хариуцагч хариу тайлбартаа: нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. *** ХХК, *** *** ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээг 2022 оны 05 сарын 11-ний өдөр байгуулсан. Үүнд нэхэмжлэгч И.***ийн хийж гүйцэтгэсэн гэх плитаны ажил орж байгаа. Нэхэмжлэгч И.*** Кинг тауэр 5-1 барилга-ын 3 давхрын 1, 2, 3, 9, 10 тоот нойлийн өрөөний плитаны ажлыг хийж гүйцэтгэсэн гээд талбайн инженер Э.*** гэх хүнд ажлыг хүлээлгэж өгсөн талаарх баримтыг өгсөн. *** ХХК, *** *** ХХК нар хоорондоо ажил хүлээлцэж, тооцоо нийлсэн акт үйлдэх ёстой. Э.*** гэх талбайн инженер нь хэний нэр дээр яаж, хэдэн метр квадрат ажил гүйцэтгэсэн талаар тодорхойлох эрх бүхий субьект биш гэж үзэж байна. Ажлыг хэзээ, яаж гүйцэтгэсэн, доголдолтой, доголдолгүй байсан эсэх талаар актад дурдсан зүйл байхгүй. *** *** ХХК-ийн 2022 оны 09 сарын 16-ны өдрийн 280 дугаар албан бичиг дээр нэхэмжлэлд дурдсан 3 давхрын 1, 2, 3, 9, 10 тоот айлуудын плита зай засвар гарсан, чанарын шаардлага хангахгүй доголдолтой гэж удаа дараа засварын ажил оруулж цаг хугацаа алдсан, 2022 оны 09 сарын 20-ны өдрийн дотор засварлаж өгөөгүй тохиолдолд гэрээг цуцална гэж заасны дагуу манай компанийн зүгээс акт гаргаж гэрээг цуцалсан. 2022 оны 12 сарын 10-ны өдрийн бараа материал багаж хэрэгсэлд тогтоосон актын 3 хувь нь хэрэгт хавсрагдсан. Нэхэмжлэгчийн ажлыг доголдолтой, чанарын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр хүлээж аваагүй. Ажлыг хэзээ, хэрхэн яаж гүйцэтгэсэн талаарх баримтаа нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрөө нотлох үүрэгтэй. Энэ талаарх баримт байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

 

4. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/

И.***ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3 дугаар тал/

Бараа материал, багаж хэрэгсэлд тогтоосон акт /хэргийн 4-6 дугаар тал/

*** ХХК-д акт тавигдах материалын жагсаалт /хэргийн 7 дугаар тал/

Тодорхойлолт /хэргийн 8 дугаар тал/

Фото зураг /хэргийн 9-10 дугаар тал/

И.***ийн *** дугаарт ирсэн мессеж /хэргийн 11 дүгээр тал/

И.***ийн өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хэргийн 28 дугаар тал/

Өмгөөлөгч Н.М***хүсэлт /хэргийн 29 дүгээр тал/

Мемориалын баримт /хэргийн 30 дугаар тал/

Юнител ХХК-ийн тодорхойлолт /хэргийн 69 дүгээр тал/

*** *** ХХК-ийн хариу хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 70 дугаар тал/

 

5. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн

Хариу тайлбар /хэргийн 18 дугаар тал/

*** ХХК-ийн Улсын бүргэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 20 дугаар тал/

*** ХХК-ийн дүрэм /хэргийн 21-22 дугаар тал/

2022.05.11-ний өдрийн *** дугаар Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, хавсралт /хэргийн 37-44 дүгээр тал/

*** *** ХХК-ийн зөрчил арилгуулах тухай мэдэгдэх /хэргийн 45-46 дугаар тал/

 

6. Шүүхээс

*** *** ХХК-ийн шүүгчийн захирамжид хариу хүргүүлэх тухай /хэргийн 48 дугаар тал/

2022.05.11-ний өдрийн *** дугаар Ажил гүйцэтгэх гэрээ /хэргийн 53 дугаар тал/

04/2022051112 тоот гэрээний хавсралт гэрээ /хэргийн 54-56 дугаар тал/

*** ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 57-58 дугаар тал/

Ж.Л иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 59 дүгээр тал/

Барилга, хот байгуулалтын яам тусгай зөвшөөрөл /хэргийн 60-61 дүгээр тал/

*** тоот гэрээний хавсралт /хэргийн 62 дугаар тал/

*** *** ХХК-ийн Зөрчил арилгуулах тухай мэдэгдэх /хэргийн 63-64 дүгээр тал/

*** *** ХХК-ийн захирамжид хариу хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 75 дугаар тал/

Ажлын гүйцэтгэл /хэргийн 76-79 дүгээр тал/

*** барилгын ажлын гүйцэтгэл /хэргийн 80-83 дугаар тал/

Үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 86-87 дугаар тал/ нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн тул ажлын хөлсний үлдэгдэл 1 870 000 төгрөг нэхэмжилнэ... гэж тайлбарласныг,

 

хариуцагч эс зөвшөөрч ... манай компанийн зүгээс акт гаргаж гэрээг цуцалсан. Ажлыг хэзээ, хэрхэн яаж гүйцэтгэсэн талаар баримт байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ... гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч *** ХХК захиалагч *** *** ХХК-тай 2022 оны 05 сарын 11-ны өдөр *** тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Х*** айлуудын дотор засал, плита /ариун цэврийн өрөө ханын плита нийт *** үнэ 25000 төгрөг, ариун цэврийн өрөөний шалны плита *** талбай м2 үнэ 20 000 төгрөг/, салхивч, полистрол хана, татаас болон бусад бүх ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна.

Хариуцагч ***дээрх гэрээний зарим үүрэг буюу *** тоот айлуудын ариун цэврийн өрөөний плита наах болон шалыг багсарч наах ажлыг нэхэмжлэгч И.***оор 2022 оны 06 сарын 05-ны өдрөөс 2022 оны 06 сарын 25-ны өдрийн хооронд хийж гүйцэтгүүлэх, ажлын хөлс 1м2 талбайг 18 000 төгрөгөөр тооцож ажлын хөлс төлөхөөр тохиролцож амаар хэлцэл хийсэн нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар, *** ХХК *** *** ХХК нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, нэхэмжлэгчийн гар утас дахь мессэж захидалд үзлэг хийсэн тэмдэглэл, *** *** ХХК-аас нотлох баримтаар ирүүлсэн ажлын гүйцэтгэлийн хуудас, ажлын хөлс төлсөн банкны баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 18, 30,48-64, 75-83, 86-95 дугаар тал/

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д зааснаар 2022 оны 05 сарын 11-ны өдрийн *** тоот Ажил гүйцэтгэх гэрээний хувьд захиалагч *** *** ХХК, ажил гүйцэтгэгч *** байх бөгөөд И.*** энэ гэрээний хувьд туслан гүйцэтгэгч, харин И.***, ***-ийн хооронд амаар тохиролцсон ажил гүйцэтгэх гэрээний хувьд нэхэмжлэгч ажил гүйцэтгэгч, хариуцагч захиалагч болно.

Энэ нь зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

Гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

Гэрээ болон хуулийн дагуу нэхэмжлэгч амаар тохиролцсон хэлцлийн дагуу тохиролцсон хугацаанд плита наах ажлаа хийж гүйцэтгэн хариуцагчид хүлээлгэн өгөх, хариуцагч ажлын үр дүнг хүлээн авч тохиролцсон хөлс төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нийт 190м2 талбайн плита наах ажлыг хийж гүйцэтгэснийг хариуцагч хүлээн авч ажлын хөлс 3 420 000 төгрөг төлөхөөс 1500 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн нь Голомт банкны мемориалын баримтаар нотлогдож байна. /хэргийн 30 дугаар тал/

Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн ажил үр дүн чанарын доголдол илэрч түүнийг 2022 оны 09 сарын 20-ны өдрийн дотор засаж доголдол арилгахыг *** *** ХХК-аас 2022 оны 09 сарын 16-ны өдөр ***-д бичгээр мэдэгджээ. /хэргийн 63 дугаар тал/

Энэ нь Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.2-т заасан хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна гэсэнтэй нийцнэ.

Нэхэмжлэгч ажлын үр дүн доголдлыг арилгаж, ажлыг бүрэн хийж гүйцэтгэн *** *** ХХК-д хүлээлгэн өгсөн нь ...И.*** ариун цэврийн өрөөнүүдийн плита наах ажлыг ***-ийн нэр дээр хийж гүйцэтгэсэн нь үнэн болно... гэх *** *** ХХК-ийн талбайн инженер Э.***гийн бичгээр гаргасан тодорхойлолт баримтаар тогтоогдож байна. /хэргийн 8 дугаар тал/

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэжээ.

Дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч ажлын үр дүнг *** *** ХХК-д хүлээлгэн өгснийг үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөнд тооцно.

Хариуцагч дээрх үйл баримтууд буюу нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ, хөлс, ажлын үр дүнг хүлээн авсан байдал зэрэг үйл баримтыг үгүйсгэж нотлох баримтаар няцааж маргаагүй, харин ...акт үйлдэж гэрээг цуцалсан, ажлыг хэзээ хэрхэн гүйцэтгэсэн талаар баримт байхгүй... гэж маргаж байгаа.

Хариуцагчийн дээрх тайлбар *** *** ХХК-ийн талбайн инженер Э.***гийн бичгээр гаргасан тодорхойлолт баримтаар үгүйсгэгдэж байгаа ба хариуцагч өөрийн тайлбар татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй.

Мөн хариуцагч 2022.09.16-ны өдрийн 02/2022-280 тоот зөрчил арилгуулах, зөрчлийг заасан хугацаанд арилгаагүй нөхцөлд гэрээ цуцлах тухай *** *** ХХК-ийн хариуцагчид хүргүүлсэн албан бичиг саналд гэрээнээс татгалзах хугацаа тогтоон хариу мэдэгдээгүй тул гэрээнээс татгалзаагүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 204 дүгээр зүйлийн 204.2, 211 дүгээр зүйлийн 211.2, 343 дугаар зүйлийн 343.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас ажлын хөлсний үлдэгдэл 1 870 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44 870 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 44 870 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч *** ХХК-аас ажлын хөлсний үлдэгдэл 1 870 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.***т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44 870 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 44 870 гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ