Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/01253

 

 

 

 

 

 

 

 

2023 06 23 210/МА2023/01253

 

 

И.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 01-ний өдрийн 102/ШШ2023/01690 дугаар шийдвэртэй

И.Г-ийн нэхэмжлэлтэй,

Ш Ш- ХХК-д холбогдох,

Ажлын үлдэгдэл хөлс 1,870,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч И.Г-, түүний өмгөөлөгч Н.Мөнхнаран, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би Ш Ш- ХХК-ийн ажлын саналын дагуу плита наах болон шалыг багсарч наах ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Ш Ш- ХХК нь Э К- ХХК-тай 2022 оны 05 сарын 10-ны өдөр 04/2022051112 дугаартай гэрээ байгуулж, К- орон сууцны барилгын 3 давхрын 2 дугаар орцны 0 тоот айлуудын заслын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулж, уг ажлыг надаар хийлгэхээр болсон. Би К- 5-1 барилгын 3 давхрын 2 дугаар орцны 0 тоот айлуудын нойлын өрөөний плитаны наах болон шалыг багсарч наах ажлыг 2022 оны 06 сарын 05-25-ны өдрийн хооронд гүйцэтгэсэн.

 

Тус ажлыг 1 м.кв-ыг 18,000 төгрөгөөр, нийт ажилласан м.кв талбайн хэмжээгээр хөлсийг тохиролцож ажлаа эхэлсэн. Хийж гүйцэтгэсэн ажлаа төслийг хэрэгжүүлэгч Э К- ХХК-ийн талбайн инженер Э.Э-д хүлээлгэн өгсөн. Би дээрх ажлыг 20 хоногийн дотор хийсэн бөгөөд надад ажлын хөлсөнд 1,550,000 төгрөгийг хариуцагч өгсөн. Үлдэгдэл төлбөрийг 2022 оны 07 сараас хойш нэхэхэд дараа өгнө, Э К- ХХК-аас мөнгөө авахаараа өгнө, гэх мэтээр удаашруулсаар өнөөдрийг хүрсэн. Би нийт 190 м.кв плита наах ажлыг хийж гүйцэтгэсэн хөлс 3,420,000 төгрөг бөгөөд өгсөн 1,550,000 төгрөгийг хасч 1,870,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Ш Ш- ХХК, Э К- ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг 2022 оны 05 сарын 11-ний өдөр байгуулсан. Үүнд нэхэмжлэгч И.Г-ийн хийж гүйцэтгэсэн гэх плитаны ажил орсон. Нэхэмжлэгч И.Г- К- 5-1 барилгын 3 давхрын 0 тоот нойлын өрөөний плитаны ажлыг хийж гүйцэтгэсэн гэж талбайн инженер Э.Э-д ажлыг хүлээлгэж өгсөн баримтыг өгсөн. Энэ нь хэний нэр дээр яаж, хэдэн метр квадрат ажил гүйцэтгэснийг тодорхойлох эрх бүхий субъект биш. Ажлыг хэзээ, яаж гүйцэтгэсэн, доголдолтой, доголдолгүй байсан талаар дурдаагүй байна.

Ш Ш- ХХК, Э К- ХХК нар хоорондоо ажил хүлээлцэж, тооцоо нийлсэн акт үйлдэх ёстой. Э К- ХХК-ийн 2022 оны 09 сарын 16-ны өдрийн 280 дугаар албан бичигт нэхэмжлэлд дурдсан 3 давхрын 0 тоот айлуудын плита зай засвар гарсан, чанарын шаардлага хангахгүй доголдолтой гэж удаа дараа засварын ажил оруулж цаг хугацаа алдсан, 2022 оны 09 сарын 20-ны өдрийн дотор засварлаж өгөөгүй тохиолдолд гэрээг цуцална гэснээр манай компаниас акт гаргаж гэрээг цуцалсан. Нэхэмжлэгчийн ажлыг доголдолтой, чанарын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр хүлээж аваагүй. Ажлыг хэзээ, хэрхэн яаж гүйцэтгэсэн талаарх баримтаа нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрөө нотлох үүрэгтэй. Энэ талаарх баримт байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Ш Ш- ХХК-аас ажлын хөлсний үлдэгдэл 1 870 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Г-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 44 870 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, нэг талыг баримталсан, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

 

И.Г- нь плитаны ажлыг хийж гүйцэтгэж байгаад дутуу орхиж явсан ба өмнөх хийж гүйцэтгэсэн ажлыг Э К- ХХК чанарын шаардлага хангахгүй, доголдолтой гээд хүлээн аваагүй ба Ш Ш- ХХК нь Э К- ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан. Гэрээг цуцалснаас хойш И.Г-, Э К- ХХК нар хоорондоо тохиролцож хийгээгүй ажлаа хийсэн болгож байна. Энэ талаар Ш Ш- ХХК мэдээгүй ба И.Г-ийн хийсэн гэх ажлыг Э К- ХХК-ийн ажилтан Э.Э- хүлээн авсан гэх тайлбараар нотлогдож байгаа тул И.Г-ийн Ш Ш- ХХК-аас нэхэмжилсэн 1,870,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгч нь хийсэн ажлын хөлсөө Э К- ХХК-аас нэхэмжлэх нь хуульд нийцнэ гэжээ.

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга: Би Э К- ХХК-аас хийсэн ажлын хөлсийг шаардахад Ш Ш- ХХК руу шилжүүлнэ гэж тайлбарладаг. Э К- ХХК, Ш Ш- ХХК нарын хооронд гэрээ цуцлагдаагүй, үргэлжилж байна. Хариуцагч татгалзлаа нотлоогүй. Ш Ш- ХХК, Э К- ХХК-ийн зарим барилгын ажлыг надаар гүйцэтгүүлэхээр амаар тохиролцсон. Ажлыг хүлээлгэн өгөхөд талуудын хооронд маргаан үүссэн. Би нэхэмжлэлээ нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгсөн ба шүүх баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч И.Г- нь хариуцагч Ш Ш- ХХК-д холбогдуулан ажлын үлдэгдэл хөлс 1,870,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч ажлаа доголдолтой гүйцэтгэснээс болж захиалагч гэрээг цуцалсан, компаниуд хоорондоо ажил хүлээлцэх ёстой гэх тайлбар гарган маргажээ.

 

3. Хариуцагч Ш Ш- ХХК нь Э К- ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний дагуу тус компанийн барьж буй К- орон сууцны 5-1 Б блок барилгын 3 давхрын 1-5 тоот айлуудын дотор засал, плита, салхивч, полистрол хана, татаас ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцжээ. Уг ажлаас тус барилгын 3 давхрын 0 тоот айлуудын ариун цэврийн өрөөний плита наах болон шалыг багсарч наах ажлыг нэхэмжлэгч И.Г-оор 2022 оны 06 сарын 05-25-ны өдрийн хооронд гүйцэтгүүлэх, 1м2 талбайн хөлсийг 18,000 төгрөгөөр тооцож хөлс төлөхөөр зохигч амаар хэлэлцэн тохиролцсон талаарх хэргийн үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, зөв тогтоосон байна.

 

4. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн нь зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн зүгээс тохиролцсон ажлыг гүйцэтгэн захиалагч Э К- ХХК-ийн талбайн инженер Э.Э-д ажил хүлээлгэн өгсөн тодорхойлолтоор тогтоогдсон байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч И.Г- нь хуульд зааснаар Э К- ХХК-ийн хувьд туслан гүйцэтгэгч, хариуцагч Ш Ш- ХХК-ийн хувьд гүйцэтгэгч болох тухай талуудын хоорондын эрх зүйн харилцаа, үр дагаврыг анхан шатны шүүх зөв тодорхойлсон, шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагчтай тохиролцон гүйцэтгэсэн К- барилгын 3 давхрын 0 тоот айлуудын ариун цэврийн өрөөний плита наах, шалыг багсарч наах ажлыг хариуцагч Ш Ш- ХХК-ийн нэр дээр гүйцэтгэсэн талаар ерөнхий захиалагч Э К- ХХК-ийн талбайн инженер Э.Э- тодорхойлсон байна. /хх 8/

Өөрөөр хэлбэл, барилгын захиалагч Э К- ХХК нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсныг тодорхойлсон нь Ш Ш- ХХК, Э К- ХХК нарын хооронд 2022 оны 05 сарын 11-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний К- орон сууцны барилгын 3 давхрын 1-5 тоот айлуудын плита наах ажил-ыг Э К- ХХК нь Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.2 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэгч Ш Ш- ХХК-аас хүлээн авсан гэж үзэх үндэстэй.

Иймд нэхэмжлэгчийн доголдолтой гүйцэтгэсэн ажлыг захиалагч хүлээн аваагүй, нэхэмжлэгч нь Э К- ХХК-тай тохиролцож хийсэн ажил гэх агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

5. Ш Ш- ХХК, Э К- ХХК нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хавсралт 4-т АЦӨ-ний плита наах ажил нийт 640.59 м.кв байна. Үүнээс нэхэмжлэгч ариун цэврийн өрөөний плита болон шалыг багсарч наах 190 м.кв ажлыг гүйцэтгэсэн, нэг м.кв ажлыг 18,000 төгрөгөөр хариуцагчтай тохиролцсон гэснийг хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа үгүйсгээгүй, харин нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн уг ажил нь чанарын шаардлага хангаагүй, хариуцагчид хамааралгүй гэж маргажээ.

Гэвч нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг ерөнхий гүйцэтгэгч хүлээн авсан, уг баримтыг хариуцагч үгүйсгэж няцаагаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч И.Г-ийн тайлбарыг хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзнэ. Хэргийн 30 дугаар талд авагдсан баримтаар хариуцагч 1,500,000 төгрөгийг 2022 оны 06 сарын 11-ний өдөр нэхэмжлэгчид төлсөн байх боловч нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажилд хариуцагч 1,550,000 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч өөрийн татгалзлаа нотлох үүрэгтэй, энэ үүргээ хариуцагч шүүхийн өмнө нотлоогүй учир нэхэмжлэгчийн шаардсан 1,870,000 төгрөгийн шаардлагыг Э К- ХХК бус хариуцагч өөрөө хариуцан төлөх үүрэгтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн 190 м.кв плита болон шалыг багсарч наах ажлын хөлс (190х18,000) 3,420,000 төгрөгөөс үлдэх (3,420,000-1,550,000) 1,870,000 төгрөгийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш Ш- ХХК-аас нэхэмжлэгч И.Г- шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагчаас 1,870,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 01-ний өдрийн 102/ШШ2023/01690 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ш Ш- ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Э.ЭНЭБИШ