Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2023/01696

 

2023 оны 05 сарын 01 өдөр                     Дугаар 102/ШШ2023/01696                      Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, * хаягт байрлах Б.И.Д ХХК,

Хариуцагч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо * тоот хаягт оршин суух, * овогт ГУ,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,750,298 /нэг сая долоон зуун тавин мянга хоёр зуун ерэн найман/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.И.Д ХХК-ийн төлөөлөгч Ц.Б шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлд, уг нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Б.И.Д ББСБ, ХХК-ийн нь Г.Утай 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Төмөр замын 72 дугаар байрны, 24 тоот, 43 метр квадрат талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж, нийт 12 сарын хугацаатай, 4,9 хувийн хүүтэйгээр 40,000,000 төгрөгийг зээлсэн. Ингээд 2015 онд анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Зээлийн гэрээний хугацаа дууссан. Улмаар Монгол банканд зээлийн муу ангилалд орсон. Ийм байдалтай байдаг. Үүнээс хойш тухайн барьцаа хөрөнгө дээр удаа дараа очиж байсан. Хариуцагч болон түүний ээж уг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан талаар бүрэн мэддэг. Ингээд 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн * тоот хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гарч, хариуцагч олдохгүй байсаар өнгөрсөн оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт оршин суугаа болохыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс тогтоож, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон. Үүнийг мэдмэгцээ манай зүгээс 2022 оны 7 дугаар сард нэхэмжлэл гаргасан. Ийнхүү нэхэмжлэлийн гол үндэслэл нь зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 40,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 197,829,066.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 38,925,600 төгрөг, хууль зүйн туслалцааны зардал 27,650,000 төгрөг нийт 304,429,666.66 төгрөгийг хариуцагч Г.Уас гаргуулж өгнө үү. 2 дахь шаардлагын тухайд түүний барьцаалсан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, * хаягт байрлах 43 метр квадрат орон сууцыг худалдан борлуулж, шүүхийн шийдвэрийг эс биелүүлсэн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа. Тус нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс 2 дугаар шаардлага болох үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг дэмжин оролцож байгаа. Харин 1 дүгээр шаардлагын хүрээнд хууль зүйн туслалцааны зардал 27,675,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан үндэслэлээр нотлох баримт бүрдүүлж өгөөгүй учраас татгалзаж, 276,754,666.66 төгрөг болгож өөрчилсөн. Иймд хариуцагчаас дээрх мөнгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү...гэв.

2.Хариуцагч Г.У нэхэмжлэгч байгууллага 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн * тоот шийдвэрээр эрэн сурвалжлуулж, уг шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс эрэн сурвалжилд хаягийг олж тогтоосон, ийнхүү олдсон хаягаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс хариуцагчийг дуудан ирүүлэхээр мэдэгдэх хуудас явуулж, шүүхэд албадан ирүүлэхээр хэд хэдэн удаа шүүгчийн захирамжаар шийдвэрлэн, цагдаагийн байгууллага захирамжийн дагуу ажиллагаа хийсэн байна. Иймд хариуцагч Г.Уд холбогдуулан нэхэмжлэгчээс ямар нэхэмжлэл гаргасныг түүнд мэдэгдэх хангалттай ажиллагаа хийгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд зааснаар түүнд нэхэмжлэлийг гардуулсанд тооцож, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: зээл, хүүгийн тооцоолол /хх-7-8/, нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-9/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-10-12/, зээл олгосон Бэлэн мөнгөний зарлагын баримт /хх-13/, Г.У гар бичмэл бүхий өргөдөл /хх-14/, зээлийн гэрээ /хх-15-16/, барьцааны гэрээ /хх-17/, барьцааны зүйлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-18/, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 08993 тоот нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хх-19/, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн * тоот шийдвэр /хх-20/, Г.У олсон тухай Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан бичиг /хх-21/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч Б.И.Д ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн төлбөрийн нийт үлдэгдэл 276,754,666 төгрөг, үүн дээр гэрээний 5.10-т зааснаар өмгөөлөгчийн зардал 27,675,000 төгрөг, нийт 304,429,666 төгрөг шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчийн зардал гаргуулах шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийг 276,754,666 төгрөг болгож багасгасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Уас 276,754,666 төгрөг гаргуулан нэхэмжлэгч * ББСБ ХХК-д олгосугай.

2. Хариуцагч зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,750,298 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 1,541,723 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        А.САРАНТУЯА