Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2023/01865

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2023         10            16                                           210/МА2023/01865

 

 

“Б ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2023/01696 дугаар шийдвэртэй,

“Б ББСБ” ХХК-ийн  нэхэмжлэлтэй, Г.У-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 304,429,666.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчиийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамъяндорж, хариуцагч Г.У, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Г.У нь 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр манай компанитай зээл блон барьцааны гэрээ байгуулж, 40,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 4.9 хувийн хүүтэй зээл авч, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, төмөр замын 72 дугаар байр, ** тоот 43 м.кв гурван өрөө орон сууцыг барьцаалсан.

1.2. Зээлдэгчтэй байгуулсан гэрээний хугацаа дууссан боловч Г.У нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул шүүхэд хандсан. Шүүхээс хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн учраас 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжилж, цагдаагийн байгууллагаас түүнийг Баянгол дүүрэгт оршин сууж байгаа болохыг олж тогтоосон.

Иймд хариуцагч Г.У-аас үндсэн зээл 40,000,000 төгрөг, хүү 197,829,066.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,925,600 төгрөг, өмгөөллийн хууль зүйн туслалцааны зардалд 27,675,000 төгрөг, нийт 304,429,666.66 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.У-ас 276,754,666 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б ББСБ” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.У шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 72 дугаар байр, ** тоот, 43 м.кв талбайтай, эрхийн бүртгэлийн Ү-22050276** дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэжээ.

 

3. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

Шүүх намайг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг гардуулаагүйн улмаас нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, хариу тайлбар гаргах, түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх, холбогдох нотлох баримтыг цуглуулах, талуудын эвлэрэх эрх, бусдаас хууль зүйн туслалцаа авах эрхүүдээр хангаагүй атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Цагдаагийн байгууллагаас намайг эрэн сурвалжилж байна гэсний дагуу цагдаагийн газар өмгөөлөгчийн хамт очиж оршин суугаа хаягийн мэдээллээ өгч, холбоо барих утасны дугаараа үлдээсэн боловч шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтыг миний хаягаар болон гар утсаар, мөн  өмгөөлөгчийн утас руу нэг ч удаа мэдэгдэж зурвас бичиж байгаагүй. Мөн шүүхээс эрх, үүрэг тайлбарлан, нөлөөллийн баримтад гарын үсэг зуруулаагүй, нэхэмжлэл гардуулсан баримт үйлдэгдээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан. Түүнчлэн, би Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 72 дугаар байр, ** тоот хаягт байрлах, орон сууцаа өөр хүнд түрээслүүлж байгаагүй. Гэтэл цагдаагийн байгууллагаас хаяг шалгасан тэмдэглэлийг буруу этгээдээс мэдээлэл авч хөтөлсөн байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

4. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

“Б ББСБ” ХХК болон Г.У нарын хооронд 2015 онд зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш хариуцагч олдоогүй. 2018 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс хариуцагч хаяг тогтоогдсон гэж мэдэгдсэн бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр бичгээр мэдэгдсэн. Хариуцагч талаас шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан хэдий ч хариуцагч өөрөө нэхэмжлэгчээс зээл авснаа мэдэж байсан. Хариуцагчийг 2022 онд эрэн сурвалжлах үед цагдаагийн байгууллагаас “Б ББСБ” ХХК-аас зээл авсан талаар өөрт нь мэдэгдэж холбогдох утасны дугаар авч, өмгөөлөгч Б.Б-д мэдэгдсэн гэж ойлгосон. Үүнээс хойш нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш давж заалдах гомдолтой танилцаагүй байсан учраас өнөөдөр танилцсан. Шүүх хуралдаан болохоос өмнө эрх үүрэг танилцуулж, тухайн баримтад гарын үсэг зуруулж, шүүх хуралдаанд мөн эрх үүрэг тайлбарласан. Гэтэл тухайн гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдаагүй нь эргэлзээтэй байна. Мөн анхан шатны шүүхээс хариуцагчийг шүүхэд албадан ирүүлэх захирамж гаргасан, мөн  өмгөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй учраас хэргийг шийдвэрлэсэн. Иймд шатны шүүх хэрэгт авагдсан үйл баримтыг зөв дүгнэсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч “Б” ББСБ ХХК нь хариуцагч Г.У-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 304,429,666.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШЗ2022/12288 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн тул хариуцагчид нэхэмжлэлийг гардуулах ажиллагааг хуульд заасан хугацаанд хэрэгжүүлэх учиртай.

Гэтэл хэргийн баримтаас үзэхэд шүүх хариуцагчид нэхэмжлэлийг гардуулсан баримт хэрэгт авагдаагүй байхаас гадна хэргийн оролцогчдод эрх, үүрэг тайлбарлан, нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримтанд гарын үсэг зуруулаагүй байна.

 

4. Анхан шатны шүүх дээрх ажиллагааг хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн тул хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангав.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2023/01696 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 1,541,723.33 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ЗОЛЗАЯА

 

                                            ШҮҮГЧИД                                Н.БАТЗОРИГ                      

 

                                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ