Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2023/01699

 

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 01 өдөр                 Дугаар 102/ШШ2023/01699                    Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, *, - банк цамхагт байрлах - банк ХХК,

Хариуцагч: Баянгол дүүргийн 16 дугаар хороо, * тоот хаягт оршин суух, эрэгтэй, Ц.Б,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, * хаягт оршин суух, эмэгтэй, О.Г,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 216,567,073 /хоёр зуун арван зургаан сая таван зуун жаран долоон мянга далан гурван/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, О.С,

Хариуцагч Ц.Б, О.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч - банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Ц.Б, хамтран үүрэг гүйцэтгэгч О.Г нар нь - банк ХХК-ийн Өгөөмөр тооцооны төвөөс 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ** тоот Барьцаат зээлийн гэрээ болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулан 107,000,000 төгрөгийн зээлийг 21 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, Автомашин худалдан авах зориулалтаар авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Тоёота ланд круйзер маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн суудлын зориулалттай жийп төрлийн тээврийн хэрэгслийг банкны өмчлөлд зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл хугацаагаар шилжүүлэх, зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн тохиолдолд банк хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болсон .Хариуцагч нар нь барьцаат зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 17,123,681 төгрөг, хүүгийн төлбөрт 30,158,487 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 61,484 төгрөг, нийт 47,343,653 төгрөгийг төлсөн байна. Харин зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн тул банкны зүгээс хаягаар нь зээл төлөх мэдэгдэл шуудангаар явуулж байсан ба зээлдэгч нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч хаяг тодорхойгүй, мэдэгдэхгүй байсан учир тэднийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Шүүхийн шийдвэр гарч, шийдвэрийн дагуу Сүхбаатар дүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс хариуцагчийн хаягийг олж тогтоон албан бичиг ирүүлсэн. Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 89,876,318.81 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 115,502,742.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11,168,012.45 төгрөг, нийт 216,547,073 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын зардалд төлсөн 20,000 төгрөг, нийт 216,567,567 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд фидуцийн хөрөнгө болох автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Хариуцагч О.Гт үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаагүй. Гэрээнд хамтран зээлдэгчээр оролцож, гарын үсэг зурсан учир хариуцлагаас чөлөөлөгдөхгүй...гэв.

2. Хариуцагч Ц.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие тус банкнаас 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 107,000,000 төгрөгийг автомашин худалдан авах зорилгоор зээлж авсан. Зээл авахад заавал хамтран зээлдэгч оруулж ир гэсний дагуу эхнэр О.Гийг хамтран зээлдэгчээр нэрийг нь оруулсан. Уг автомашиныг манай эхнэр огт хэрэглээгүй. Миний бие эхнэр О.Гөөс 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаад 2019 онд шүүхээр орж гэрлэлтээ цуцлуулсан. Миний бие зээлийн төлбөрийг графикийн дагуу төлж чадахгүй байхад нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй байснаар хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг зориуд үлэмж нэмэгдүүлж 216,547,073 төгрөг болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн зээлийн төлбөрт 47,343,653 төгрөг төлсөн. Уг автомашин Ховд аймагт цахилгааны массын улмаас 2018 онд шатсан. Энэ тухай - банкинд мэдэгдсэн. Фидуцийн зүйл байхгүй болсон, зээл төлөхгүй байгааг мэдсээр атлаа шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг зориуд нэмэгдүүлж байна гэж үзэж байна. Зээл авснаас хойш 8 жил болсон байна. Миний бие олдохгүй байх ямар ч шалтгаан байхгүй. Надтай утсаар ярьж байсан. Мөн 2022 оны 12 дугаар сард ярихдаа 120,000,000 төгрөг бэлэн авч ирээд төлчихвөл зээлийг хаачихаж болно гэж хэлж байсан. Гэтэл одоо шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 216 сая гаруй төгрөг нэхэмжилж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Мөн өмнө нь надтай утсаар ярьж байсан. Яагаад эрэн сурвалжлах болсныг ч ойлгохгүй байна. Миний бие уг автомашиныг өөртөө авсан бөгөөд унаж хэрэглэж байсан тул шүүхээс гарах төлбөрийг би төлөх болно. Иймд - банктай харилцан тохирч эвлэрэн хэлэлцэж хүүгийн хэмжээг багасгуулах хугацаа тохирч төлөх хүсэлтэй байна. Би нийт 216,000,000 төгрөг төлөх боломжгүй. О.Гийн хувьд нэг ч төгрөг аваагүй, хамааралгүй учир түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зээлийн төлбөрийг би өөрөө хариуцаад барагдуулна. Зээлийн гэрээний хугацаа дуусахад шүүхэд хандаж болох байсан. 2018 оны 8 дугаар сард машин шатахад байнга хэлж байсан. Тиймээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгаж өгнө үү...гэв.

3. Хариуцагч О.Г шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие - банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ автомашиныг би авч унаагүй. 2015 онд манай нөхөр Ц.Б - банкнаас автомашины зээл авахад хамтран зээлдэгч хэрэгтэй гэж байна гээд намайг хамтран зээлдэгчээр оруулсан. Энэ машиныг би огт унаж хэрэглээгүй. 2017 оноос хойш бид хоёр тусдаа амьдарч байгаад 2019 онд гэрлэлтээ цуцлуулсан. Салахдаа ямар нэгэн эд хөрөнгийн маргаангүй салсан. Ц.Б 2017 онд явахдаа машинаа унаад явсан. Энэ машин надад ямар ч хамаагүй. Тиймээс энэ машины зээлийг надад хамааралгүй болгож өгнө үү. Энэ гэрээнд намайг бараг хүчээр гарын үсуг зуруулсан учир би зөвшөөрөхгүй байна...гэв.

4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: Барьцаат зээлийн гэрээ /хх-14-17/, Фидуцийн гэрээ /хх-18-19/, Зээл хүсэгчийн анкет /хх-20-22/, зээл олгосон төлбөрийн баримт /хх-23/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-24/, Нотариатын мөнгөний тасалбар /хх-25/, зээл, хүүгийн тооцоолол /хх-26-28/, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-29-33/, зээл төлөх мэдэгдэл /хх-35/, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх-36-37/, Ц.Баттулгын - банкны тусгай активын газарт гаргасан өргөдөл /хх-38/, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан бичиг /хх-39/, зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

5. Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар татгалзлаа нотлохоор аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч - банк ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Талуудын хооронд 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч - банк ХХК нь зээлдэгч Ц.Б, хамтран үүрэг гүйцэтгэгч О.Г нарт 107,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсон байна.

3. Зээлийн гэрээний хугацаанд буюу 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 17,123,681 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 30,158,487 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 61,484 төгрөг, нийт 47,343,653 төгрөг төлжээ.

4. Хариуцагч нар 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс хойш зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр үндсэн зээлээс 903,259 төгрөг төлсөн байна.

5. Нэхэмжлэгч тал хариуцагч нарыг эрэн сурвалжлуулахаар 2022 онд шүүхэд хандан шийдвэрлүүлж, 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч Ц.Б төлбөр төлөхөө мэдэгдэж - банк ХХК-д өргөдөл гаргажээ.

6. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар зээлийг ашигласан хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй.

7. Зээлийн гэрээний 7.2 дахь хэсэгт банк 7.1-т зааснаар гэрээг цуцлах нөхцөл байдал үүссэн даруйд гэрээг цуцлаагүй нь энэхүү эрхээ хэрэгжүүлэхээс татгалзсан гэж үзэхгүй гэжээ. Мөн гэрээний 7.1.1-т хуваарь удаа дараа зөрчсөн, 7.1.5-д зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон бол гэрээг зээлдүүлэгч санаачилгаараа цуцлах эрхтэй. Ийнхүү гэрээг цуцлах үндэслэл 2017 оноос бий болж, 2020 он хүртэл үргэлжилсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийг шаардаж шүүхэд хандаагүй, гэрээг цуцлаагүй байна.

8. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж, мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь хэсэгт хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамаарч мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах үр дагавар үүснэ гэж заажээ.

9. Зээлийн гэрээний 7.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй гэдэг нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь хэсгүүдэд заасантай хамаарахгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

10. Нэхэмжлэгч талын шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын зардалд зарцуулсан 20,000 төгрөг нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан гэрээнээс учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй тул уг шаардлагыг мөн хангах нь зүйтэй байна.

11. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,240,785 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1,240,785 төгрөг гаргуулан нэхэмжлэгч - банк ХХК-д олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Б, О.Г нараас 216,567,073 /хоёр зуун арван зургаан сая таван зуун жаран долоон мянга далан гурван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч - банк ХХК-д олгосугай.

2. Хариуцагч нар зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасны дагуу фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,240,785 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1,240,785 төгрөг гаргуулан нэхэмжлэгч - банк ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                        А.САРАНТУЯА