Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01435

 

 

 

 

 

 

 

 

 

2023 07 21 210/МА2023/01435

 

 

*** банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Г.Даваадорж, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2023/01699 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *** банк ХХК

Хариуцагч: *.* ,

Хариуцагч: **.**

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 216,567,073 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *.* ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямсүрэн, хариуцагч *.* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Зээлдэгч *.* , **.** нар нь *** банк ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ЗГ/***** дугаартай барьцаат зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулан, 107,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар зээлсэн.

1.2 Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Тоёота ланд круйзер-200 маркийн, 2015 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгийн тээврийн хэрэгслийг банкны өмчлөлд зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл хугацаагаар шилжүүлэх, зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн тохиолдолд банк хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрээ байгуулсан.

1.3 Хариуцагч нар нь барьцаат зээлийн гэрээний хуваарийн дагуу үндсэн зээлд 17,123,681 төгрөг, хүүгийн төлбөрт 30,158,487 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 61,484 төгрөг, нийт 47,343,653 төгрөгийг төлсөн боловч хуваарийг удаа дараа зөрчсөн тул банкны зүгээс хариуцагч нарын хаягаар нь зээл төлөх мэдэгдэл шуудангаар хүргүүлсэн.

Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 89,876,318 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 115,502,742 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11,168,012 төгрөг, нийт 216,547,073 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын зардалд төлсөн 20,000 төгрөг, бүгд 216,567,567 төгрөг гаргуулж, фидуцийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *.* ын тайлбар, татгалзлын агуулга:

2.1 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 107,000,000 төгрөгийг автомашин худалдан авах зорилгоор зээлж авсан. Би зээлийн төлбөрийг графикийн дагуу төлж чадахгүй байхад нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй байснаар хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг зориуд үлэмж нэмэгдүүлж 216,547,073 төгрөг болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

2.2 Мөн зээлийн төлбөрт 47,343,653 төгрөг төлсөн. Уг автомашин Ховд аймагт цахилгааны массын улмаас 2018 онд шатсан. Энэ тухай Хаан банкинд мэдэгдсэн. Би олдохгүй байх ямар ч шалтгаан байхгүй. Надтай утсаар ярьж байсан. Мөн 2022 оны 12 дугаар сард ярихдаа 120,000,000 төгрөг бэлэн авч ирээд төлчихвөл зээлийг хаачихаж болно гэж хэлж байсан. Ззээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгаж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч **.** ийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1 2015 онд манай нөхөр *.* Хаан банкнаас автомашины зээл авахад хамтран зээлдэгч хэрэгтэй гэж хамтран зээлдэгчээр оруулсан. 2017 оноос хойш бид хоёр тусдаа амьдарч байгаад 2019 онд гэрлэлтээ цуцлуулсан. *.* 2017 онд явахдаа машинаа унаад явсан. Гэрээнд намайг бараг хүчээр гарын үсуг зуруулсан учир зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *.* , **.** нараас 216,567,073 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** банк ХХК-д олгож, хариуцагч нар зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасны дагуу фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,240,785 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1,240,785 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** банк ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

5. Хариуцагч *.* ын давж заалдах гомдлын агуулга:

5.1 Би зээлийн төлбөрийг графикийн дагуу төлж чадахгүй байхад нэхэмжлэгч цаг тухайн үед нь шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй байснаар хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээгээ зориуд үлэмж нэмэгдэхийг хүлээж илтэд намайг хохироосонд гомдолтой байна. Мөн фидуцийн гэрээний зүйл болох 00-00 *** улсын дугаартай, Тоёота ланд крузейр-200 маркийн автомашин 2018 онд цахилгааны масснаас болж бүрэн шатаж үгүй болсон байхад шүүх уг тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

5.2 Нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү болох 11,168,012.45 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, нэхэмжлэгч гэрээг цуцлах, гэрээг дүгнэх, гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгчээс шаардах эрхээ хэрэгжүүлээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү 11,168,012 төгрөгийг хасаж, фидуцийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

6.1 Фидуцийн гэрээний дагуу тухайн автомашиныг өмчлөх эрхдээ шилжүүлэн авсан. Зээлдэгчийн зүгээс 2018 онд шатсан гэх тайлбарыг гаргадаг боловч автомашиныг шатсан талаарх ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй. Мөн Авто тээврийн үндэсний төв байгууллагаас тухайн автомашиныг хасуулаагүй нөхцөл байдал байна. Зээлийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд нэхэмжлэгч талаас зээлийн төлбөрийг барагдуулах талаар мэдэгдэл хүргүүлж байсан. Мөн зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэх ёстой. Гэтэл нэмэгдүүлсэн хүү, зээлийн үндсэн төлбөрөө төлөөгүй учраас хүү хуримтлагдсан гэжээ.

 

7. Хариуцагч **.** давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч *** банк ХХК нь хариуцагч *.* , **.** нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 89,876,319 төгрөг, хүүгийн төлбөр 115,502,742 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 11,168,012 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг, нийт 216,567,073 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч *.* ...зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөхгүй гэж, хариуцагч **.** ...зээлийг би аваагүй тул төлөхгүй гэж тус тус маргажээ.

3. Нэхэмжлэгч *** банк ХХК болон хариуцагч *.* , **.** нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ЗГ/***** дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр хариуцагч нар нь нэхэмжлэгчээс 107,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдэн авах, зээлийн төлбөрийг гэрээгээр баталсан хуваарийн дагуу хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг зээлийн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцсон байна. /хх14-17/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

4.1. Зээлийн гэрээг зээлдэгчийг төлөөлж хариуцагч *.* , **.** нар байгуулсан байх тул анхан шатны шүүх хариуцагч **.** ийг зээлдэгч буюу хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч **.** зээлийн гэрээнд гарын үсэг зурснаараа зээлийн мөнгөн хөрөнгийг ашигласан эсэхээс үл хамааран хамтран хариуцлага хүлээнэ.

4.2. Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс зээлийн мөнгөн хөрөнгө 107,000,000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн үйл баримтын талаар зохигч маргаагүйгээс гадна үндсэн зээлийн үлдэгдэлд 89,876,318 төгрөг төлөхийг хариуцагч нар үгүйсгээгүй. Түүнчлэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь зээлийн гэрээний болон хэтэрсэн хугацааны хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй. Анхан шатны шүүх хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэлд 89,876,319 төгрөг, хүүгийн төлбөрт 115,502,742 төгрөг, нийт 205,379,061 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэнд хариуцагч нар давж заалдах гомдол гаргаагүй.

5. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол гэрээнд зааснаар нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Гэрээний 2.1.6-д талууд нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг зээлийн хүүгийн 20 хувь байхаар заасан.

5.1. Талууд гэрээгээр нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээний талаар тохиролцсон байхаас гадна нэхэмжлэгч нь тухайн шаардаж буй нэмэгдүүлсэн хүүг баримтаар нотлох үүрэгтэй. Хэргийн 25 дугаар талд авагдсан Зээлийн бүртгэлийн карт гэх баримтад нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол авагдсан байх боловч уг тооцооллоор нэмэгдүүлсэн хүүгийн дүн хэрхэн 11,168,012 төгрөг гарсан нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн тооцоолол нь нэхэмжлэгчийн шаардсан нэмэгдүүлсэн хүүгийн дүнг нотолж чадахгүй байна.

5.2. Нөгөөтэйгүүр, гэрээний хугацаа 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болсон боловч нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр үүрэг гүйцэтгүүлэх талаар хариуцагч нарт мэдэгдсэн, мөн үүргийн гүйцэтгэлийг шаардахтай холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрээр хариуцагч нарыг эрэн сурвалжилсан /хх 34-37/ зэрэг үйл баримтаас үзвэл нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ ихсэхэд нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нөлөөлсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш 1 жил 09 сарын дараа үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн байна.

Иймд нэмэгдүүлсэн хүүгийн талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрт хариуцагч нараас нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11,168,012 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосон хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.

6. Талууд 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ФД/******** дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулсан. Тус гэрээгээр зээлийн гэрээний үүрэн бүрэн биелэгдэж дуусах хүртэл хугацаанд хариуцагч *.* ын өмчлөлийн, ***** арлын дугаартай, Тоёота ланд крузейр-200 ЖиЭкс /Toyota Landcriuser-200 GX/ маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн тохиолдолд нэхэмжлэгч нь өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх, биелүүлээгүй тохиолдолд тухайн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон байна. /хх18-19/

6.1. Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу, гэрээний зүйл болох автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан. Зээлийн гэрээний үндсэн үүрэг болох мөнгөн хөрөнгө гаргуулахаар шаардах эрхийг фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийн хамт нэгэн зэрэг шаардах боломжгүй. Иймд анхан шатны шүүх фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт нийцээгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрт фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.

7. Анхан шатны шүүх нотариатын зардалд 20,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэнд талууд хариуцагч тал гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн давж заалдах шатны шүүх шийдлийг хэвээр үлдээв.

Дээрх үндэслэлээр хариуцагч *.* ын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2023/01699 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...216,567,073 /хоёр зуун арван зургаан сая таван зуун жаран долоон мянга далан гурван/ гэснийг ...205,399,061 гэж, ...олгосугай. гэснийг ...олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,168,012 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *.* , **.** нарт холбогдох, 00-00 *** улсын дугаартай, Тоёота ланд крузейр-200 ЖиЭкс /Toyota Landcriuser-200GX/ маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэгч *** банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

3 дахь заалтын хариуцагч нараас 1,240,785 гэснийг хариуцагч нараас 1,184,945 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *.* ас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193,638 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

М.БАЯСГАЛАН