Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2023/01707

 

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 02 өдөр     Дугаар 102/ШШ2023/01707                   Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, * тоот хаягт байрлах М ХХК,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, * байрлах СЛ ХХК,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар,

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.а,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М ХХК-ийн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгч СЛ ХХК-ийн төлөөлөгч Н.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н нь нэхэмжлэлийг дэмжиж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 03307 дугаар шийдвэрээр М ХХК-иас зээлийн төлбөрт 1,628,594,600 төгрөг гаргуулж Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн уг шийдвэрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох СЛ ХХК-ийн өмчлөлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, Замчин гудамж 101/1, 101/2, 101/3, 101/4, ТЗ101/5 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаартай 840 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай саравч, 1,2 км салаа төмөр зам, 3 ширхэг зоорийг 262,634,964 төгрөг, мөн уурхайн 34/2 тоот хаягт байрлах эрхийн бүртгэлийн Ү-* дугаартай 1,352 м.кв талбай бүхий үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 676,947,767 төгрөгөөр тус тус үнэлснийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн * тоот албан бичгээр бидэнд мэдэгдсэн. Үнэлгээ хийхдээ барьцаа хөрөнгийг зах зээлийн үнэлгээнд нийцэхгүй, хэт багаар үнэлсэн байгаа нь барьцаа хөрөнгүүдийг үнэгүйдүүлж байна. Учир нь анх зээлийн гэрээ байгуулахад зээлдүүлэгч талаас дээрх барьцаа хөрөнгүүдийг 16 тэрбум төгрөгөөр үнэлж байсан. Гэтэл НШШГГ-ын хөрөнгүүдийг нийт 939,582,731 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, зах зээлийн үнээс хэт бага байх тул дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа болно. Дээрх үндэслэлээр манай компанийн зүгээс НШШГГ-ын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Барьцаа хөрөнгө нь СЛ ХХК-ийн өмч юм. Үнэлгээг хэт багаар үнэлсэн. Зээлдүүлэгч тал 16,000,000,000 төгрөгөөр үнэлж барьцаалсан байгаа. Эрх бүхий байгууллагаар хөрөнгөө үнэлүүлсэн ба уг үнэлгээгээр хэт бага үнэлсэн гэдэг нь тогтоогдоно...гэж тайлбарлав.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.а нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн * дугаар шийдвэрээр М ХХК-иас 1,628,594,600 төгрөгийг гаргуулж Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр үүсгэн төлбөр төлөгч М ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа биечлэн өгсөн. Төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгө болох Багануур дүүргийн 3 дугаар хороо, Замчины гудамж 101/1-101/5 тоот хаягт байрлах 5 ширхэг агуулахын зориулалттай саравч, 12 км зайтай төмөр зам, 3 ширхэг зоорь, мөн дүүргийн 3 дугаар хороо, Уурхайн 34/2 тоот хаягт байрлах үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө газрын хамтаар битүүмжлэн хурааж, төлбөр төлөгч нараас үнийн санал авахад М ХХК болон барьцаа хөрөнгийн өмчлөгч СЛ ХХК-иас дээрх хөрөнгүүдийг нийт 16,000,000,000 төгрөгөөр, төлбөр авагчаас үнийн санал авахад шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шинжээч томилон үнэлгээ гаргуулахад 1-т бичигдсэн хөрөнгүүдийг 262,634,964 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг талуудад мэдэгдсэн. Үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү...гэж тайлбарлав.

3. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан. Үүнд:

- Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбарууд, Мэдэгдэл хүргүүлэх тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, Х ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг болно.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбар татгалзлаа нотлохоор Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг нотлох баримтаар гаргасан.

4. Зохигчоос гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн захирамжаар Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, мөн дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нотлох баримтууд бүрдүүлсэн.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх М ХХК, СЛ ХХК-иудын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоогдсон хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө болон газрын үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан ба нэхэмжлэлийн үндэслэлээ зах зээлийн үнэлгээг хэт багаар үнэлсэн, зээлийн гэрээний дагуу барьцааны гэрээг байгуулахдаа зээлдүүлэгчээс 16,000,000,000 төгрөгөөр үнэлж барьцаалсан байхад үүнээс хэт багаар үнэлсэн учир хүчингүй болгуулна гэж тодорхойлсон.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнэлгээг хуульд заасан журмын дагуу тогтоолгосон учир хүчингүй болгох үндэслэлгүй гэж тайлбарласан байна.

4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилж дүгнэлт гаргуулахдаа шийдвэр гүйцэтгэгч нь хуульд заасан журам зөрчөөгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед томилогдсон шинжээчийн дүгнэлтээр үнэлэгдсэн үнэлгээ ямар үндэслэлээр зах зээлийн үнэ ханшаас хэт багаар үнэлсэн гэдэг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй, нэхэмжлэгчийн буюу нэг талын захиалгаар хийгдсэн үнэлгээ болох Хаан үнэлгээ ХХК-ийн хийсэн үнэлгээ болох 4,000,000,000 төгрөгөөр үнэлсэн нь баримтаар бүрэн тогтоогдохгүй байна.

5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч нь үнэлгээний орлуулалтын болон өртгийн арга хэрэглэж, үнэлэгдэж буй хөрөнгүүдийг хуучирч муудсан гэж дүгнэсэн байна. Мөн хөрөнгийн үнэлгээг дутуу хийлгэсэн гэж үзэхээргүй байна. Шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудаст газрын талаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг шүүх баталсан байх тул Хаан үнэлгээ ХХК-иас үнэлгээнд оруулсан нь үндэслэлгүй болжээ. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2, 55.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үнэлгээг хүчингүй болгуулах тухай М ХХК, СЛ ХХК-иудын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА