Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01441

 

 2023 07 21 210/МА2023/01441

 

МХХК, С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Бадрах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 02-ны өдрийн 102/ШШ2023/01707 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М ХХК, С ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н-т холбогдох, үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нар нэхэмжлэл, тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 05-ны өдрийн 03307 дугаар шийдвэрээр М ХХК-аас зээлийн төлбөрт 1,628,594,600 төгрөг гаргуулж Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн уг шийдвэрийг Н-аас албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох С ХХК-ийн өмчлөлийн *** гудамж ***, ***, ***, ***, *** тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ***дугаартай 840 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай саравч, 1,2 км салаа төмөр зам, 3 ширхэг зоорийг 262,634,964 төгрөг, мөн уурхайн *** тоот хаягт байрлах эрхийн бүртгэлийн *** дугаартай 1,352 м.кв талбай бүхий үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 676,947,767 төгрөгөөр тус тус үнэлснийг 2022 оны 12 сарын 14-ний өдрийн *** тоот албан бичгээр бидэнд мэдэгдсэн. Үнэлгээ хийхдээ барьцаа хөрөнгийг зах зээлийн үнэлгээнд нийцэхгүй, хэт багаар үнэлсэн байгаа нь барьцаа хөрөнгүүдийг үнэгүйдүүлж байна. Учир нь, анх зээлийн гэрээ байгуулахад зээлдүүлэгч талаас дээрх барьцаа хөрөнгүүдийг 16 тэрбум төгрөгөөр үнэлж байсан. Гэтэл дээрх хөрөнгүүдийг нийт 939,582,731 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, зах зээлийн үнээс хэт бага байх тул дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 05-ны өдрийн 03307 дугаар шийдвэрээр М ХХК-аас 1,628,594,600 төгрөгийг гаргуулж Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 05 сарын 17-ны өдөр үүсгэн төлбөр төлөгч М ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа биечлэн өгсөн. Төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгө болох*** гудамж ***-*** тоот хаягт байрлах 5 ширхэг агуулахын зориулалттай саравч, 12 км зайтай төмөр зам, 3 ширхэг зоорь, мөн дүүргийн *** дугаар хороо, *** тоот хаягт байрлах үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө газрын хамтаар битүүмжлэн хурааж, төлбөр төлөгч нараас үнийн санал авахад М ХХК болон барьцаа хөрөнгийн өмчлөгч С ХХК-аас дээрх хөрөнгүүдийг нийт 16,000,000,000 төгрөгөөр, төлбөр авагчаас үнийн санал авахад шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2022 оны 11 сарын 18-ны өдөр шинжээч томилон үнэлгээ гаргуулахад 1-т бичигдсэн хөрөнгүүдийг 262,634,964 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг талуудад мэдэгдсэн. Үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2, 55.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Н-т холбогдох, үнэлгээг хүчингүй болгуулах тухай М ХХК, С ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9, 10-т заасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь М ХХК-ийн зүгээс уг хөрөнгүүдийг нийт 16 тэрбум төгрөгөөр үнэлж байсан бөгөөд Нийслийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргасан үнэлгээг огт хүлээн зөвшөөрөөгүй харин тухайн эд хөрөнгүүдийн бодит зах зээлийн үнээр нь худалдан борлуулах боломжтой гэж үзсэн байсан тул 2023 оны 12 сарын 15-ны өдөр эд хөрөнгүүдийг бие даан худалдан борлуулах хүсэлт гаргасан болно.

4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т дүгнэсэн дүгнэлт нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор үнэлээгүй гэж үзэж байна. Х ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар С ХХК-ийн өмчлөлийн *** гудамж *** тоот хаягт байрлах эрхийн бүртгэлийн *** дугаартай 1,352 м.кв талбай бүхий үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 1,437,277,200 төгрөг, мөн *** гудамж ***, ***, ***, ***, *** тоот хаягт байрлах эрхийн бүртгэлийн ***дугаартай 840 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай саравч, 1,2 км салаа төмөр зам, 3 ширхэг зоорь нь нийт 667,341,500 төгрөгийн үнэлгээтэй болох нь тогтоогдсон. Ийнхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан барьцаа эд хөрөнгүүдийн бодит үнэлгээ нь 2,104,618,700 төгрөг байхад Н-аас уг хөрөнгүүдийг 2 дахин бага үнэ болох 939,582,731 төгрөгөөр үнэлж, төлбөр төлөгч М ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн байхад иргэний хэргийн анхан шатны шүүхээс үүнд дүгнэлт огт хийгээгүй болно.

4.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-т дүгнэсэн дүгнэлт нь үндэслэлгүй. С ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс хөрөнгийн үнэлгээ хийх эрхийн тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн бөгөөд Х ХХК нь хөрөнгийн үнэлгээг тогтсон арга, стандарт, журмыг баримтлан гүйцэтгэсэн буюу үнэлгээг орлуулалтын өртийг арга, дахин үйлдвэрлэлтийн өртийг арга болон нийлбэр аргуудыг хэрэглэж, үнэлэгдэж буй хөрөнгүүдийн элэгдэл, итгэлцүүрүүдийг дүгнэсэн болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч М ХХК, С ХХК-иуд хариуцагч Н-т холбогдуулан С ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй *** гудамж ***, ***, ***, ***, *** тоот хаягт байрлах агуулахын зориулалттай саравч, 12 км зайтай төмөр зам, 3 ширхэг зоорийг нийт 262,634,964 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, мөн *** тоот хаягт байрлах үйлдвэрийн зориулалттай барилгыг газрын хамтаар нийт 676,947,767 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/03307 дугаар шийдвэрээр хариуцагч М ХХК-аас 1,628,594,600 төгрөг болон 8,300,923 төгрөг, нийт 1,636,895,523 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж-т олгож, барьцаа хөрөнгө болох С ХХК-ийн өмчлөлийн *** гудамжны ***, ***, ***, ***, *** тоот хаягт байрлах 840 м.кв талбайтай агуулахын зориулалттай саравч, 12 км төмөр зам, 3 ширхэг зоорь, Үйлдвэрийн хэсэг-***, Уурхайн гудамжны *** тоот хаягт байрлах 1,352 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт дуудлага худалдаагаар худалдаж, худалдан борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 сарын 27-ны өдрийн 256 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх 17-20, 21-24/

 

4.   Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Ш 2022 оны 05 сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шийдвэрт дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2022 оны 11 сарын 03-ны өдөр битүүмжилж, хураан авч, дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2022 оны 11 сарын 18-ны өдөр шинжээчээр Д ХХК-ийн үнэлгээчин Ц.Т томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад тус тус нийцжээ. /хх 27-арын нүүр, 31-32, 33-34, 35/

 

5.   Д ХХК-ийн шинжээч Ц.Т нь Сангийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх ба Ш-ийн шинжээчид хуульд заасан эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулж, хууль тайлбарлаж тэмдэглэл үйлджээ. /хх 37, 38, 56/

 

6.   Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9, 10-т дүгнэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Учир нь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно гэж заажээ. Уг зохицуулалтын ...талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд... гэдэг нь талууд үнэлгээчний гаргасан үнэлгээг зөвшөөрч, гомдол гаргаагүй гэж ойлгогдохоор байна.

Төлбөр төлөгч М ХХК-аас хариуцагч байгууллагад хандаж ...үнэлэгдсэн үнээс багагүй үнээр өөрийн эд хөрөнгөө бие даан 1 сарын хугацаанд худалдан борлуулах хүсэлтэй байгаа... гэсэн агуулга бүхий албан бичиг хүргүүлж байжээ. /хх 59/

 

7.   Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т дүгнэсэн дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Учир нь, нэхэмжлэгч талаас нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн Х ХХК-ийн гаргасан үнэлгээний тайланд шүүхийн шийдвэр, магадлалд дурдагдаагүй, хариуцагч байгууллагын шинжээч томилсон тогтоолд тусгагдаагүй гүний худаг, буулгалтын талбай, авто пүү, сэндвичин барилга, блокон хашаа, 60,661 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэрэг эд хөрөнгүүдийг үнэлж, нийт үнэлгээг 4,207,400,000 төгрөг гэж гаргасан байна. /хх 180-213/

Мөн дээр дурдсан Х ХХК-ийн гаргасан үнэлгээний тайланг эрх бүхий байгууллагаас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд шинжээч томилж, хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж гаргуулсан үнэлгээний тайлантай шууд харьцуулан дүгнэх боломжгүй юм.

 

8.   Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-т дүгнэсэн дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Учир нь, хэрэгт авагдсан Д ХХК-ийн шинжээч Ц.Т-ийн гаргасан үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. /хх 132-150/

Үнэлгээчин нь Хөрөнгийн үнэлгээний тухай үнэлэгдэж буй эд хөрөнгүүдийн байршил, зориулалт, шинж байдал, чанар, хийц, бүтээц, инженерийн дэд бүтцэд холбогдсон байдал, дотор засал зэргийг харгалзан үзэж, Үнэлгээний олон улсын стандартын дагуу хөрөнгийн үнэлгээний зардлын хандлага, зах зээлийн хандлагын арга, аргачлалыг ашиглан үнэлгээг гаргажээ.

 

9.   Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх боловч маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

10.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 02-ны өдрийн 102/ШШ2023/01707 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...55.1, 55.2.2, 55.3... гэснийг ...55.7... гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...7.1.2 дахь хэсэгт... гэснийг ...7.1.4-т... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

Д.НЯМБАЗАР