Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2023/01715

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 02 өдөр                 Дугаар 102/ШШ2023/01715                    Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, * хаягт оршин суух, эмэгтэй, Б.П,

Хариуцагч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, * хаягт оршин суух, эмэгтэй, С.М,

Нэхэмжлэлийн шаардлага: 66,932,000 /жаран зургаан сая есөн зуун гучин хоёр мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ИА

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ш,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Б.Пшүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэлийг дэмжин түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

Б.Пын Төрийн банкны * тоот данснаас 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нийт 6 удаагийн гүйлгээгээр С.Мын Хаан банкны * тоот дансанд 66,932,000 төгрөг шилжин орсон нь банкны хуулгаар нотлогдоно. С.Мын худал хэлж залилан авсан асуудлыг Дархан-Уул аймгийн цагдаагийн газар 3 жил шалгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хаасан. Мөнгийг нь өсгөнө гээд авсан. Хариуцагч тал итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б миний мөнгөтэй холилдсон гэдэг ч Б.П мөнгө шилжүүлэхийн өмнө хадгаламжаа барьцаалж зээл аваад С.М руу шилжүүлж байсан. Тиймээс С.М нь Б.Паас авсан мөнгөө буцааж өгөөгүй учир түүнээс 66,932,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна...гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ш нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Б.Пнь миний дүү С.Нтай хамт ажилладаг байсан ба манай дүүгээс миний утасны дугаарыг авч над руу залгаад чи нөгөө Х.Тгэдэг хүндээ миний мөнгийг өгөөд өсгөөд өгөөч гэхээр нь би тэр хүнийг сайн мэдэхгүй, найдвартай эсэхийг нь мэдэхгүй шүү дээ гэхэд хамаагүй ээ би өөрөө мэдэж байна, би мөнгөө өсгөмөөр байна гэж хэлээд Х.Тунгалагт мөнгөө зээлдүүлэхээр болсон. Гэтэл түүний Х.Тунгалагт зээлдүүлсэн мөнгө өөрийнх нь мөнгө биш, түүний дүү Б.Бын мөнгө болохыг хожим нь олж мэдсэн. Учир нь дүү Б.Б нь надтай ирж уулзаад эгч Б.Пын Х.Тунгалагт зээлдүүлсэн мөнгө миний байр авах гээд хадгалж байсан мөнгө, мөнгөө авмаар байна, Х.Тунгалагтай уулзмаар байна гэхээр нь би Б.Бтай хамт яваад Х.Тунгалагтай уулзуулсан. Тэр хоёр уулзаад зээлдүүлсэн мөнгөө хүү алдангийн хамт тооцож тэд хоорондоо 80,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хийж нотариатаар гэрчлүүлсэн. Харин дараа нь Б.Б Х.Тунгалагаас зээлийн гэрээний төлбөрөө гаргуулж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, тэд шүүхийн шатанд эвлэрч, эвлэрлийн гэрээгээр хэргээ шийдвэрлүүлсэн. Энэ шийдвэр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжсэн, төлбөрөө төлөөд явж байгаа гэдгийг Х.Тярьж байсан. Гэтэл энэ хүмүүс хоорондын мөнгөний асуудал нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байхад дахин энэ мөнгийг надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

3. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: өөрийн эзэмшлийн Төрийн банк ХХК дахь * тоот харилцах дансны хуулга /хх-5-20, 82-87/, 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн прокурорын газарт гаргасан гомдол /хх-21-23/, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2020 оны 3 дугаар сарын 12, 9 дүгээр сарын 17-ны өдрүүдэд С.Маас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэлүүд /хх-60-62, 63/, М.Д-с 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-64-65/, Х.Тунгалагаас 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-66/, 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн гар бичмэл баримтын эх хувь /хх-67/, Б.Паас 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-68-69/, Бичиг баримтанд үзлэг хийсэн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн тэмдэглэл /хх-70-71/, Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-72/, Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-73-76/, Дархан-Уул аймгийн прокурорын газрын 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 47 тоот хариу мэдэгдэх хуудас /хх-77/, Дархан-Уул аймгийн прокурорын газрын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 199 тоот хариу мэдэгдэх хуудас /хх-78/, Б.Пын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Улсын ерөнхий прокурорын газарт гаргасан өргөдөл /хх-79-80/, Улсын ерөнхий прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1/98 тоот Прокурорын тогтоол /хх-81/, Улсын ерөнхий прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/2372 тоот хариу мэдэгдэх хуудас /хх-88/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

4. Хариуцагч тал тайлбар, татгалзлаа нотлохоор: С.Мын Хаан банк ХХК дахь * тоот харилцах дансны хуулга /хх-91-95, 100-114/, ... зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

5. Зохигчдын гаргасан хүсэлтийг хангаж, шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 05520 дугаар захирамжаар Х.Т гэрчээр оролуулах, нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэн /хх-41-42/, захирамжийн дагуу Шүүхийн тусгай архиваас Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 13384 дүгээр Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамж /хх-49-51/, Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн тусгай архивын газрын хариу албан бичиг /хх-53/ зэрэг баримтуудыг ирүүлсэн. Мөн захирамжийн дагуу Х.Тунгалагийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж, гэрчийн тайлбарыг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгав.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх С.Маас 66,982,000 төгрөг гаргуулахаар шаардсан Б.Пын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ С.Мд мөнгө зээлдүүлэх зорилгоор банкнаас хадгаламж барьцаалсан зээл авч, нийт 66,932,000 төгрөг шилжүүлсэн боловч хариуцагч зээлсэн мөнгөө буцааж төлөөгүй учир зээлдүүлсэн мөнгөө буцаан гаргуулахаар шаардана. Мөнгийг Х.Т биш С.Мд өгсөн. Хариуцагч цааш нь Х.Тунгалагт шилжүүлсэн байсан ч Б.Паас мөнгө хүлээн авсан учир хариуцагчаас буцаан шаардах эрхтэй гэж тодорхойлон тайлбарлаж байна.

3. Хариуцагч тал нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, тайлбар татгалзлын үндэслэлээ Б.Паас хүлээн авсан нийт 66,932,000 төгрөгийг түүнээс зээлж аваагүй, харин цааш нь Х.Тунгалагт өөрийн дансаар дамжуулан шилжүүлж өгсөн ба Б.Паас Х.Тзээлж авсан. Мөн тухайн мөнгийг нэхэмжлэгчийн дүү Б.Б нь өөрийн байр авахаар хадгалж байсан мөнгө гэж хэлээд Х.Т эвлэрлийн гэрээ байгуулж, шүүгчийн захирамжаар уг гэрээг баталгаажуулсан, одоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа учир энэ нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан байна. Б.Пын нэхэмжлэлийг С.М хариуцах ёсгүй гэж тайлбарлаж маргасан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Б.П, С.М нарын банк дахь харилцах дансны хуулгууд, гар бичмэл баримт, Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авсан гэрчүүдийн мэдүүлгүүд, Дархан-Уул аймгийн прокурорын газрын болон Улсын ерөнхий прокурорын хариу мэдэгдэх хуудас, шүүх хуралдаанд оролцсон гэрч Х.Тунгалагийн тайлбар болон зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

4.1. Б.П нь Төрийн банк ХХК дахь өөрийн * тоот харилцах данснаас С.Мын Хаан банк ХХК дахь * тоот данс руу 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 1,700,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 15,300,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 8 удаагийн, тус бүр 2,500,000 төгрөгийн гүйлгээгээр 20,000,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 6,932,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 12,000,000 төгрөг, нийт 57,932,000 төгрөгийг, 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр н.Д* гэх иргэний Хаан банк ХХК дахь 5* тоот данс руу 4 удаагийн гүйлгээгээр 9,000,000 төгрөгийг М* 2,5-1, 2,5-2, 2,5-3, 1,5 гэх гүйлгээний утгатайгаар тус тус шилжүүлсэн байна.

4.2. Б.Паас С.Мд мөнгө шилжүүлсэн өдрүүдэд хадгаламж барьцаалсан зээл авч, тийнхүү зээлж авсан мөнгийг шилжүүлж байсан байна. Тодруулбал: 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 17,000,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 12,000,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 3,700,000 төгрөг тус тус зээлжээ.

4.3. С.М нь Б.Паас хүлээн авсан мөнгийг Х.Т Хаан банк ХХК дахь 5863019468 тоот данс руу 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 17,000,000 төгрөгийг мөнхжаргалаас гэх утгаар, 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 3 удаагийн гүйлгээгээр 18,500,000 төгрөгийг munhjargal гэх утгаар, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 7,000,000 төгрөгийг мөнхжаргал гэх утгаар, 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөгийг мөнхжаргал гэх утгаар, 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 11,000,000 төгрөгийг бэлэг мөнхжаргал гэх утгаар, нийт 55,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна.

4.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь нэхэмжлэгч Б.Пын төрсөн дүү гэх тайлбарыг зохигчид тайлбарлах бөгөөд тэрээр Х.Тунгалагт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж, Х.Т 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний төлбөр 80,000,000 төгрөг гаргуулахыг хүсэн, талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсныг шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 13384 дүгээр захирамжаар баталгаажуулжээ.

4.5. Нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргасан 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн гар бичмэл баримтад: 2020.02.10 хамгийн сүүлийн хугацаанд мөнгө орж ирэхэд үндсэн мөнгө 300,000,000 төгрөг, хүү болох 210,000,000 төгрөг, нийт 510,000,000 төгрөгийг мөнгөө зээлдүүлсэн үндсэн * үндсэн /47,000,000/, Бямбадорж Базарсад үндсэн /50,000,000/, хр, өба үндсэн /5,000,000/, ар үндсэн /8,500,000/ хүмүүсийг байлцуулан СМ-д олгоно. Энэ мөнгийг өгөхдөө М эгчийг дуудаж хамт энэ 5 хүнийг дуудаж өгнө. Т гэж бичсэн байна.

4.6. Нэхэмжлэгч Б.П нь хариуцагч С.Мд холбогдуулан Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт хандан эрүүгийн журмаар шалгуулахаар гомдол гаргаж, гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгасан байх боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал бий болсон гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна.

5. Зохигчид дансаар шилжсэн мөнгөн дүнгийн талаар болон эрүүгийн журмаар гомдол гарган шалгагдаж, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдсан зэрэг үйл баримтуудын талаар маргаагүй. Харин тухайн дансаар шилжүүлсэн мөнгийг С.М нь Б.Паас зээлж авсан эсэх, эсвэл мөнгийг Б.П нь Х.Т зээлдүүлсэн эсэх, уг нэхэмжлэлийн шаардлагыг буюу шилжүүлсэн мөнгийг Х.Тунгалагаас гаргуулахаар шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан эсэх талаар маргаж, өөр өөрийн үндэслэл заан мэтгэлцлээ.

6. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох ба мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ.

7. Нэхэмжлэгчээс хариуцагчид 57,932,000 төгрөгийг дансаар шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн зээлдүүлэгчийн үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт цугларсан зохигчдын депозит дансны дэлгэрэнгүй хуулгуудаар тогтоогдох бөгөөд хариуцагч тал уг мөнгийг Б.Паас хүлээн аваад Х.Тунгалагт дамжуулан шилжүүлж, өөрийн дансыг ашиглуулсан гэх агуулгаар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

8. Гэвч хариуцагч С.М нь нэхэмжлэгчээс хүлээн авсан 57,932,000 төгрөгөөс 55,000,000 төгрөгийг Х.Т шилжүүлэхдээ М гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байх бөгөөд шүүх хуралдаанд гэрч Х.Тнь нэхэмжлэгч Б.Пыг танихгүй, хариуцагч С.Маас мөнгө хүлээн авсан тухай тайлбарлаж байна.

9. Иймд дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл хариуцагч С.М нь нэхэмжлэгч Б.Паас зээлэх зорилгоор 57,932,000 төгрөгийг хүлээн авсан, тухайн зээлж авсан мөнгөнөөс 55,000,000 төгрөгийг Х.Т зээлдүүлсэн байх тул Б.П, С.М нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ аман хэлбэрээр хийгдсэн, улмаар С.М, Х.Тнарын хооронд тусдаа зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

10. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар буцаан төлнө. Шаардсанаас хойш 1 сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлэх ба талууд зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй учир зээлдүүлэгчийн шаардсанаас хойш хуульд заасан хугацаанд зээлийг буцааж төлөөгүй байх тул нэхэмжлэгч Б.П нь хариуцагч С.Маас түүнд зээлдүүлсэн 57,932,000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу буцаан шаардах эрхтэй.

11. Хариуцагч талын зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 66,932,000 төгрөг нь Б.Пын мөнгө биш, түүний дүү Б.Бын мөнгө бөгөөд Б.Б нь мөнгийг хүлээн авсан Х.Т харилцан тохиролцож 80,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, улмаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гарган эвлэрлийн гэрээ байгуулсныг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар баталгаажуулсан учир хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.

12. Татгалзлын үндэслэл болгож буй Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 13384 дугаар Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар Б.Б, Х.Т нарын 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг 80,000,000 төгрөг гаргуулах тухай өргөдлийн дагуу талууд харилцан тохиролцож Х.Тнь 2019 оны 12 дугаар сарын10-ны өдрийн дотор 80,000,000 төгрөгийг Б.Бад бүрэн төлж барагдуулахаар тохиролцсоныг баталгаажуулсан байна.

13. Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б ын гэрч Х.Т-тай байгуулсан зээлийн гэрээ, уг гэрээний үүрэгтэй холбоотойгоор шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсанаар эвлэрлийг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан нь Б.Пын С.М-тай аман хэлбэрээр байгуулсан зээлийн гэрээний үүрэгтэй хамааралгүй байна. Учир нь Б.П С.М-д мөнгө шилжүүлэхдээ тухайн өдөртөө Төрийн банк ХХК-иас хадгаламж барьцаалсан зээл авч, уг мөнгөө С.М-д шилжүүлж байсан болох нь түүний дансны хуулгаар тогтоогдсон тул хариуцагч талын татгалзал үндэслэлгүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэв.

14. Нэхэмжлэгч нь 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 9,000,000 төгрөгийг иргэн М.Даваанямын Хаан банк ХХК дахь 5315202915 тоот данс руу 4 удаагийн гүйлгээгээр 9,000,000 төгрөгийг Мөнхжаргал 2,5-1, 2,5-2, 2,5-3, 1,5 гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн бөгөөд уг мөнгийг хариуцагч С.Мын өмнөөс төлсөн байна.

15. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар төлсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж зааснаар Б.П нь С.М-ын бусдад төлөх өр төлбөрийг буюу М.Д--д 9,000,000 төгрөгийг хариуцагчийн нэрээр шилжүүлсэн байх тул уг зардлаа нөхөн төлүүлэхээр С.Маас 9,000,000 төгрөгийг шаардах эрхтэй.

16. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 492,610 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 492,610 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.М-аас 66,932,000 /жаран зургаан сая есөн зуун гучин хоёр мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.П-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 492,610 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 492,610 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА