Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/01325

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023  07  03  210/МА2023/01325

 

 

Б.Пагамдуламын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2023/01715 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Пагамдуламын нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Мөнхжаргалд холбогдох

66,932,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Атарбямба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Шүрэнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Хариуцагч С.Мөнхжаргал нь нэхэмжлэгч Б.Пагамдуламаас 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 6 удаагийн гүйлгээгээр 66,932,000 төгрөгийг зээлж авсан. Энэ нь дансны хуулгаар нотлогдож байгаа болно. Б.Пагамдулам хадгаламжаа барьцаалж зээл аваад С.Мөнхжаргал руу шилжүүлж байсан.

1.2. С.Мөнхжаргалын худал хэлж залилан авсан асуудлыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар шалгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хэргийг хаасан.

Иймээс С.Мөнхжаргал нь авсан мөнгөө буцааж өгөөгүй учир түүнээс 66,932,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч Б.Пагамдулам нь дүү С.Насанбуянтай маань хамт ажилладаг байсан ба над руу залгаад чи нөгөө Х.Тунгалаг гэдэг хүндээ миний мөнгийг өгөөд өсгөөд өгөөч гэхээр нь би тэр хүнийг сайн мэдэхгүй, найдвартай эсэхийг нь мэдэхгүй шүү дээ гэхэд хамаагүй ээ би өөрөө мэдэж байна, би мөнгөө өсгөмөөр байна гэж хэлээд Х.Тунгалагт мөнгөө зээлдүүлэхээр болсон.

2.2. Б.Пагамдуламын Х.Тунгалагт зээлдүүлсэн мөнгө өөрийнх нь биш, түүний дүү Б.Базарсадын мөнгө болохыг хожим нь олж мэдсэн. Б.Базарсад нь надтай ирж уулзаад эгч Б.Пагамдуламын Х.Тунгалагт зээлдүүлсэн мөнгө миний байр авах гээд хадгалж байсан мөнгө, мөнгөө авмаар байна, Х.Тунгалагтай уулзмаар байна гэхээр нь би Б.Базарсадтай хамт явж Х.Тунгалагтай уулзуулсан. Тэр хоёр уулзаад зээлдүүлсэн мөнгөө хүү, алдангийн хамт тооцож 80,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хийж нотариатаар гэрчлүүлсэн. Харин дараа нь Б.Базарсад Х.Тунгалагаас зээлийн гэрээний төлбөрөө гаргуулж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, тэд эвлэрч, эвлэрлийн гэрээгээр хэргээ шийдвэрлүүлсэн. Энэ шийдвэр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжсэн, төлбөрөө төлөөд явж байгаа гэдгийг Х.Тунгалаг ярьж байсан. Гэтэл энэ хүмүүс хоорондын мөнгөний асуудал нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байхад дахин энэ мөнгийг надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Мөнхжаргалаас 66,932,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Пагамдуламд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 492,610 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 492,610 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол, тайлбарын агуулга:

4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Базарсадын гэрч Х.Тунгалагтай байгуулсан зээлийн гэрээ, уг гэрээний үүрэгтэй холбоотойгоор шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсанаар эвлэрлийг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан нь Б.Пагамдуламын С.Мөнхжаргалтай аман хэлбэрээр байгуулсан зээлийн гэрээний үүрэгтэй хамааралгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Базарсад нь нэхэмжлэгч Б.Пагамдуламын төрсөн дүү бөгөөд шүүх хуралдаанд өөрийн хадгалж байсан байрны мөнгийг эгч дансаар С.Мөнхжаргалд шилжүүлсэн, С.Мөнхжаргал нь Х.Тунгалагт шилжүүлсэн талаар мэдэж байсан, Х.Тунгалагтай уг мөнгийг гаргуулахаар эвлэрлийн гэрээ байгуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар тайлбарладаг.

Мөн гэрч Х.Тунгалагийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт С.Мөнхжаргалаас зээлж авсан мөнгө нь Б.Базарсадынх байсан, уг мөнгийг хүүтэй нь хамт 80,000,000 төгрөг болгож өгөхөөр гэрээ байгуулсан, одоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа гэж мэдүүлдэг. Б.Базарсад нь Х.Тунгалагтай зээлийн гэрээ байгуулан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрч Х.Тунгалаг нар мэдүүлсээр байхад шүүхээс хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр талуудын хооронд хэлцэл хийгдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.2. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 9,000,000 төгрөгийг иргэн М.Даваанямын 5315202915 тоот данс руу 4 удаагийн гүйлгээгээр 9,000,000 төгрөгийг С.Мөнхжаргал 2,5-1, 5-2, 5-3, 1.5 гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн бөгөөд уг мөнгийг хариуцагч С.Мөнхжаргалын өмнөөс төлсөн байна, С.Мөнхжаргалын бусдад төлөх өр төлбөрийг буюу М.Даваанямд 9,000,000 төгрөгийг хариуцагчийн нэрээр шилжүүлсэн байх тул уг зардлаа нөхөн төлүүлэхээр С.Мөнхжаргалаас 9,000,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Нөгөө талаар, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөхцөл байдалд хүргэж хариуцагчаас 66,932,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж байгааг давж заалдах шатны шүүхээс онцгойлон анхаарч үзнэ үү. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч тал нэхэмжлэлийг эс зөвшөөрч, Б.Базарсад, Х.Тунгалаг нарын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийг үндэслэл болгон маргадаг. Эвлэрлийн гэрээ байгуулсан нь тусдаа үйл баримт юм.

5.2. Мөн Б.Пагамдулам нь С.Мөнхжаргал залилсан үндэслэлээр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж шалгуулах хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Б.Пагамдулам Х.Тунгалагт өгөх 10,000,000 төгрөгийг өгөөгүй өөрт ашигласан. Нэхэмжлэлд дурдсан 66,932,000 төгрөг дансны хуулгаар нотлогдож байгаа тул шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Б.Пагамдулам нь хариуцагч С.Мөнхжаргалд холбогдуулан 66,932,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ... хариуцагчид мөнгө зээлдүүлэх зорилгоор банкнаас хадгаламж барьцаалсан зээл авч нийт 66,932,000 төгрөг шилжүүлсэн боловч хариуцагч зээлсэн мөнгөө буцааж төлөөгүй гэж,

хариуцагч татгалзлын үндэслэлээ ... нэхэмжлэгчээс 66,932,000 төгрөгийг зээлээгүй, харин Х.Тунгалаг зээлж авсан, өөрийн дансаар дамжуулан Х.Тунгалагт шилжүүлсэн, мөн тухайн мөнгийг нэхэмжлэгчийн дүү Б.Базарсад өөрийн мөнгө гэж Х.Тунгалагтай эвлэрлийн гэрээ байгуулж, шүүгчийн захирамжаар баталгаажуулсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа гэж тус тус тайлбарлажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3.1. Зохигчид бичгээр гэрээ байгуулаагүй байх ба нэхэмжлэгч нь Төрийн банк ХХК дахь өөрийн эзэмшлийн 141200052317 тоот харилцах данснаас 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 05 дугаар сарын 23-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 17,000,000 төгрөг, 06 дугаар сарын 04-ний өдөр 8 удаагийн гүйлгээгээр 20,000,000 төгрөг, 06 дугаар сарын 24-ний өдөр 6,932,000 төгрөг, 07 дугаар сарын 20-ны өдөр 12,000,000 төгрөг, нийт 57,932,000 төгрөгийг Хаан банк ХХК дахь хариуцагчийн эзэмшлийн 5429143822 тоот дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдсон, энэ үйл баримтын талаар зохигчийн хэн аль нь тайлбарласан.

3.2. Мөн нэхэмжлэгч нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 4 удаагийн гүйлгээгээр нийт 9,000,000 төгрөгийг Хаан банк ХХК дахь М.Даваанямын эзэмшлийн 5315202915 тоот дансанд Мөнхжаргал 2,5-1, 2,5-2, 2,5-3, 1,5 гэсэн утгаар шилжүүлсэн байх ба М.Давааням нь Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гэрчийн мэдүүлэг өгөхдөө ...Би Мөнхжаргал гэх хүнд 2019 оны 06 дугаар сарын 05, 24-нд нийт 20,000,000 төгрөгийг сарын 30 хувийн хүүтэй зээлдүүлсэн ... 2019 оны 08 дугаар сарын 14-нд Пагамдуламын дансаар дамжуулаад Мөнхжаргалаас 9,000,000 төгрөгийг авсан гэж мэдүүлжээ.

3.3. Хариуцагч нь татгалзлаа нотлохоор Х.Тунгалагаас гэрчийн мэдүүлэг авахуулж, мөн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШЗ2019/13384 дугаар Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжийг нотлох баримтаар гаргасан байна.

3.3.а. Гэрч Х.Тунгалаг ... Б.Пагамдуламаас С.Мөнхжаргал эгч мөнгө зээлж над руу хийсэн ... Б.Базарсад байрнаасаа гарсан, байр авах гэж байсан мөнгөө өгсөн хэцүү байдалтай боллоо гээд ирсэн ... С.Мөнхжаргал эгч рүү орсон мөнгийг би авсан, чамтай гэрээ хийе гээд 80,000,000 төгрөг дээр гэрээ хийсэн ... Би тэрийг Б.Базарсадад өгөх ёстой мөнгө гээд Б.Базарсадтай гэрээ хийсэн ... С.Мөнхжаргалын данснаас миний дансанд барагцаагаар 299,000,000 төгрөг орсон... гэж мэдүүлжээ.

3.3.б. Дээрх шүүгчийн захирамжаар баталгаажуулсан эвлэрлийн гэрээнд уригдсан тал Х.Тунгалаг нь 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг 80,000,000 төгрөгийг өргөдөл гаргагч Б.Базарсадад төлөхөөр тохирсон байх ба уг тохиролцоонд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мөнгөн хөрөнгө багтсан гэж үзэх үндэслэлгүй байна.

3.3.в. Үүнээс гадна нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргасан Х.Тунгалагийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн гар бичмэл баримтад 2020.02.10 ... мөнгө орж ирэхэд үндсэн мөнгө 300,000,000 төгрөг, хүү болох 210,000,000 төгрөг, нийт 510,000,000 төгрөгийг мөнгөө зээлдүүлсэн Бямбадорж Пагамдулам (үндсэн 47,000,000), Бямбадорж Базарсад (үндсэн 50,000,000), ... хүмүүсийг байлцуулан Сумъяа Мөнхжаргалд олгоно. Энэ мөнгийг өгөхдөө Мөнхжаргал эгчийг дуудаж хамт энэ 5 хүнийг дуудаж өгнө гэж бичсэнээс үзэхэд, Х.Тунгалаг нь нэхэмжлэгч Б.Пагамдуламаас гадна Б.Базарсадтай тусдаа төлбөр тооцоотой байх тул гэрч Х.Тунгалагийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн татгалзлыг эргэлзээгүй байдлаар нотлох нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэх боломжгүй.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, шүүхээс тогтоогдсон үйл баримтыг дахин үнэлсэн гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс хариуцагчид дансаар шилжүүлсэн 57,932,000 төгрөгийн хэмжээнд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг тул нэхэмжлэгч нь 57,932,000 төгрөг төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийг хариуцагчийн өмнөөс 9,000,000 төгрөгийг М.Даваанямд шилжүүлсэн талаар зохих дүгнэлт хийж, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас уг мөнгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв байна.

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2023/01715 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Мөнхжаргалын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492,610 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

 

Д.ЗОЛЗАЯА