| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/06038/И |
| Дугаар | 102/ШШ2023/01993 |
| Огноо | 2023-05-22 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2023/01993
2023 оны 05 сарын 22 өдөр Дугаар 102/ШШ2023/01993 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, **** байрлах хуулийн этгээдийн БО ХХК
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж өөрийн байранд байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, *****н байранд байрлах ***банк ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.О ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.И
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өд,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бг,
Гэрч С.Ц ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч БО ХХК-ийн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2022/**** дугаар шийдвэрээр БО ХХК, БХ ХК, Б.О нараас 247,966,050 төгрөг гаргуулан *** банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, барьцааны зүйл болох БО ХХК-ийн өмчлөлийн Ү-2205****** улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, БХ ХК-ийн 14,480 м.кв талбайтай эзэмшлийн газрыг зах зээлийн ханшаас хэт доогуур буюу 3,247,000,000 төгрөгөөр үнэлүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эзэмшлийн газар орохгүйгээр зөвхөн дээрх үл хөдлөх хөрөнгө нь одоогийн зах зээлийн ханшаар 9,000,000,000 /есөн тэрбум/ төгрөгөөс доошгүй үнэлгээтэй. Мөн барьцааны зүйл нь 2 өөр тусдаа үл хөдлөх эд хөрөнгө, газар байхад тусад нь үнэлэхгүй, хамтатгаж үнэлсэн нь хууль зөрчсөн байна. Иймд төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгийг үнэлсэн дээрх үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Төлбөр төлөгч нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн мэдэгдлийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гардаж авсан бөгөөд үнэлгээг мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж байна.
Үнэлгээ хийхэд надад мэдэгдээгүй, намайг байлцуулаагүй ба хөрөнгийг маш багаар үнэлсэн. Газартай, дэд бүтэц нь хөгжсөн, дээр нь дан ганц миний барьцаанд тавьсан хөрөнгө биш түүнээс гадна 5 объект байдаг. Над руу ярихад нь би хөдөө явж байгаа талаараа хэлээд намайг байхад ирж үнэлгээгээ хийнэ үү гэж хэлсэн боловч манай жижүүрээр гарын үсэг зуруулаад, хэдэн зураг аваад явсан байдаг. Жижүүр бол хөлсний ажилчин. Үүнээс гадна надад үл хөдлөхтэй холбоотой буюу 2017 онд 900,000,000-д сая төгрөгөөр капитал засвар хийсэн. Мөн сүүлд улсаас 5,000,000,000 төгрөгийн өртөгтэй шугам сүлжээ сайжруулсан зэрэг материалууд байсан, тэрэнтэй танилцаагүй.Манай объект контор болон оюутны дотуур байр гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Гэтэл зөвхөн дотуур байрны зургийг л авч үнэлгээ хийсэн. Үнэлгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь хэсэгт тайланг баталгаажихаас өмнө танилцах, тайлбар өгөх эрхтэй гэж заасан байдаг. Надад танилцуулаагүй, тайлбар аваагүй. Үнэлэхдээ үл хөдлөх хөрөнгийг 1,471,000,000 төгрөгөөр, газрыг 1,760,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байгаа. Гэтэл сая өөр хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлээд үзэхэд газар нь 5,000,000,000 төгрөг, объект нь 4,500,000,000 төгрөг буюу нийт 8,500,000,000 төгрөгийн үнэлгээтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлага бол шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж, барьцаа хөрөнгийг үнэлсэн үнэлгээ бодит байдалд нийцээгүй, хэт доогуур үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгөөч гэдэг гомдол гаргасан байгаа. Гол асуудал бол шийдвэр гүйцэтгэлийн явцад хийсэн үнэлгээ хууль ёсны дагуу явагдаж чадсан уу гэдэг дээр байгаа. Эвлэрлийн гэрээний дагуу 0000 тоот захирамж гарсан бөгөөд захирамжаар, хууль ёсны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн гэж хариуцагч тайлбарлаж байна. Өмгөөлөгч миний зүгээс хууль ёсны дагуу үнэлгээ хийж чадаагүй гэж үзэж байна. Үнэлгээчин газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг газрын хамт үнэлэхээс гадна, энэ газар байгаа бүх үл хөдлөх хөрөнгүүдийг хамтатган үнэлсэн байдал харагдаж байна. Энэ бол Үнэлгээний тухай хуульд зааснаар өмчлөгчийн саналыг авч үзэх ёстой. Үнэлээд талуудад мэдэгдэж тэмдэглэл хөтөлнө гэсэн байдаг. Мэдэгдлүүдийг хүргүүлсэн ч тэмдэглэл хөтлөөгүй. Мэдэгдэл нь тэмдэглэл биш. Мөн үүнээс гадна шинжээчээс үнэлгээний тайланг хүлээн авснаас хойш 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж тайланг танилцуулж, санал хүсэлтийг нь авч тэмдэглэл хөтөлнө гэсэн байдаг. Ийм тэмдэглэлүүд байхгүй. Үнэлгээчин газрыг үл хөдлөх хөрөнгөтэй хамт үнэлнэ гэсэн ойлголт байж болохгүй. Мөн тухайн хөрөнгийг мэдэх ажилтан гэж жижүүр болон түүний хүүхдийг хэлж байна. Гэтэл тэр компанийг төлөөлөх эрх бүхий субъект биш. Иймд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэгчийн шаардлагыг дэмжиж байна...гэж тайлбарлав.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон төлөөлөгч С.Өнөболдоос шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2022/00000 дугаар шийдвэрээр БО ХХК, БХ ХК, Б.О нараас 266,220,820 төгрөг гаргуулах, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж *** банк ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205******* дугаартай Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-16102, **** дугаартай конторын зориулалттай 1,393.2 м.кв талбайтай үл хөдлөх, нэгж талбарын 00000, 00000 дугаартай Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах орон сууц, контор, агуулах, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоох ажиллагаа явуулсан боловч төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгож, үнэлгээг талуудад 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 00000, 0000 дугаар мэдэгдлээр тус тус мэдэгдсэн байна.
Төлбөр төлөгч БО ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 00 дугаар албан бичгээр тус газарт дээрх үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд: хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гараагүй тохиолдолд төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг дээрх үнээс багагүй үнээр 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах саналыг мэдэгдэл хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор гаргах эрхтэй гэж заасны дагуу бие даан худалдан борлуулах хүсэлт гаргасан тул 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0000 дугаар мэдэгдлээр шинжээчийн тогтоосон үнээс багагүй үнээр бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг олгосон. Төлбөр төлөгч БО ХХК нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг бага гэж тус шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хандаж 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 1347 дугаар шийдвэрээр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамж гарсан байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээ хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтэрсэн, мөн төлбөр төлөгч өөрөө үнэлгээг хүлээн зөвшөөрч, хугацаа авсан тул БО ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Барьцаа хөрөнгийг хурааж авахад харилцан тохиролцоогүй үнийн саналыг ирүүлээгүй гэдэг үндэслэлээр шинжээч томилсон. Тус шинжээч томилох тогтоол дээр барьцаа хөрөнгийг тодорхой тусгаж өгсөн. Энэ нь хөрөнгийг тус тусд нь үнэлэх шаардлагатай гэсэн үг биш. Мэдэгдэл өгөх бүртээ тэмдэглэл хөтөлж төлбөр төлөгч болон төлбөр авагч талуудаар гарын үсгийг зуруулж, баталгаажуулж байсан. Төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг үнэлгээний мэдэгдэл хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор гаргах ёстой гэснийг зөрчиж, тус хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх хөрөнгийг үнэлгээний тайлангаар ирүүлсэн үнээс багагүй үнээр худалдан борлуулах эрхтэй хугацаагаа авсан. Төлбөр төлөгч хэрэв шинжээчийн тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд өөрөө бие даан худалдан борлуулах хүсэлт гаргахгүй, шийдвэр гүйцэтгэгчээс ч нэг сарын худалдан борлуулах хугацаа олгохгүй. Иймд БО ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэж тайлбарлав.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *** банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр *** банк нь БО ХХК, БХ ХК, Б.Б.О нартай эвлэрлийн гэрээ байгуулаад 1066 дугаартай шийдвэрээр 266,220,820 төгрөгийг гаргуулахаар болсон. Зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүсийн 16102, товчооны замын 17-1 тоот конторын зориулалттай, Ү22050***** үл хөдлөхийн дугаартай, 1393.2 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг, мөн энэ үл хөдлөх хөрөнгийн байршиж байгаа Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах орон сууц, контор, үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмших эрхтэй 14420 мкв газрыг барьцаалсан байдаг. Энэ хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах шүүхийн шийдвэр маань 2022 оны 3 дугаар сард гарсан. Энэнээс хойш БО ХХК-ний зүгээс зээлийн хүү хөнгөлчихвөл төлөх боломж байгаа, 7 дугаар сарыг дуусах хүртэл хугацаа өгнө үү гэж явсаар байгаад эвлэрлийн гэрээний дагуу төлбөр орж ирээгүй ч гэсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар бид нар 9 сарыг хүртэл ажиллагаа явуулахгүйгээр хүлээсэн байдаг. 9 сард бид нар энэ компаниас нэг ч төгрөгийн төлбөр орж ирэхгүй байгаа учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн. Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагаагаар тухайн үл хөдлөх хөрөнгүүд битүүмжлэгдэж хураагдаад, хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ нь хууль ёсны дагуу тогтоогдсон. Хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг 12 дугаар сарын 05-ны өдөр өгөнгүүт 12 дугаар сарын 07-нд энэ компаниас бие даан худалдан борлуулах хуульд заасан хугацаагаа авъя гээд хүсэлт ирүүлсэн. Энэ хүсэлтийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 12 дугаар 07-ны өдрөөс 1 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл худалдан борлуулах хугацааг нь өгсөн. Энэ хугацаагаа авсан байж, тухайн компани шүүхэд гомдол гаргаад, хэргийг түдгэлзүүлсэн. Энэ нь *** банкны хувьд төлбөр орж ирэх хугацааг хойшлуулж, төлбөр орж ирэх боломжид саад болж байгаа учраас гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэж байна.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээчин төлбөр төлөгч болон авагчаас хараат бусаар үнэлгээ хийх тул хэн ч байх шаардлагагүй. Үнэлгээчний үүргийг тусгайлан заасан. Энд өмчлөгч өөрөө эсхүл төлөөлөгч нь заавал байх ёстой гэсэн тусгайлсан заалт байхгүй байна гэж үзэж байна. Үүнээс гадна өөрөө худалдан борлуулах нэг сарын хугацаагаа авсан байсан, үнэлгээний мэдэгдлийг хүлээж авснаас хойш 7 хоногийн дотор гомдол гаргах ёстой байхад хугацаандаа гаргаагүй гэж үзэж байна...гэв.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан хэлбэрээр: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-3/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2022/00000 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-4-5/, 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Эвлэрлийн гэрээний хуулбар /хх-6/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0000 дугаар мэдэгдэл /хх-7/, БО ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 0000 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-8/, БХ ХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 5/16 дугаар албан бичиг /хх-9/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 00000 дугаар үнэлгээний мэдэгдэл /хх-10/, БО ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0000 тоот албан бичиг /хх-11/, БХ ХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0000 дугаар албан бичиг /хх-12/, Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тэмдэглэл /хх-13/, Ф ХХК-ийн БО ХХК-д хариу хүргүүлэх тухай 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 0000 тоот албан бичиг /хх-123/, БО ХХК-ийн *** банк ХХК-д зээлийн төлбөрийн тухай 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/13 тоот албан бичиг /хх-154/, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 0000 дугаар Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээний хуулбар /хх-155-156/, Д ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-157-223/ зэргийг нотлох баримтаар гаргасан.
5. Хариуцагч тал тайлбар татгалзлаа нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан хэлбэрээр: Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-24-79/
5. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хангаж, шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 06410 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөрөнгийн үнэлгээ гаргасан шинжээч С.Ц ыг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэж /хх-128/, гэрчийг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцуулсан. /хх-225,227-228/
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх БО ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан ба нэхэмжлэлийн үндэслэлээ зах зээлийн үнэлгээг хэт багаар үнэлсэн, өөр хуулийн этгээдийн эзэмшлийн газар байсан, үнэлгээ хийхдээ хөрөнгийн өмчлөгчийг байлцуулаагүй, шаардлагатай бичиг баримтуудыг авч танилцаагүй, хоёр үл хөдлөх эд хөрөнгө байхад нэгийг нь үнэлээгүй, хөрөнгийн үнэлгээний тайланг мэдэгдэж, хуульд зааснаар санал болон тайлбар аваагүй, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 10.1.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.1, 55.3-т заасныг зөрчсөн зэргээр хууль зөрчиж үнэлсэн учир хүчингүй болгуулна гэж тодорхойлсон.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнэлгээг хуульд заасан журмын дагуу тогтоолгосон, нэхэмжлэгч нь шинжээчийн тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрч, гомдол гаргалгүй өөрөө тухайн хөрөнгөө бие даан худалдан борлуулах хүсэлт гаргасны дагуу нэг сарын хугацаа олгосон байсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасан гомдол гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарласан байна.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *** банк ХХК-ийн зүгээс уг нэхэмжлэлтэй холбоотойгоор төлбөр авагчид төлбөр орж ирэх хугацааг хойшлуулж, төлбөр орж ирэх боломжид саад болж байгаа учраас гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байна гэж тайлбарласан.
5. Хэрэгт нотлох баримтаар авагдсан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг, гэрчийн мэдүүлэг болон зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
5.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2022/0000 дугаар захирамжаар: нэхэмжлэгч *** банк ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 265,443,137 төгрөгийн 18,254,769 төгрөгөөс татгалзаж, 247,188,367 төгрөг нэхэмжилснийг хариуцагч БХ ХК, БО ХХК, Б.О нар 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр *** банк ХХК-д төлөх, төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиололд 265,443,137 төгрөгийг төлж, үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-16102, 00000 дугаартай конторын зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2205***** дугаартай 1,393.2 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 0000, 0000 дугаартай Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах орон сууц, контор, агуулах, үйлдвэрлэлийн зориулалттай, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газраар хангуулахаар зохигчид харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх-4-5, 6, 26-28/
5.2. Шүүхийн дээрх шийдвэрийг хариуцагч тал сайн дураар биелүүлээгүйн улмаас *** банк ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 0000 дугаар захирамжаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, мөн өдрийн 954 тоот гүйцэтгэх хуудас бичигдэн, *** банк ХХК-ийн хүсэлтийн дагуу 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 00000 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, мөн өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн байна. /хх-24-25, 29-44/
5.3. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 00000 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/ 0000 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205****** дугаартай 1,393.2 м.кв талбайтай конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах нэгж талбарын 00000 дугаартай орон сууц, контор, агуулах, үйлдвэрлэлийн зориулалттай 14,480 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэргийг битүүмжилж, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 00000 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дээрх хөрөнгийг хөрөнгийн эзэн Б.О болон хөндлөнгийн хоёр гэрч байлцуулан хураажээ. /хх-45-48, 49-52/
5.4. Улмаар 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө болон газрын санал болгох доод үнийг харилцан тохиролцож үнийн саналаа өгөхийг мэдэгдэн, уг мэдэгдлийн хариуд төлбөр авагчийн зүгээс төлбөр төлөгч нартай тохиролцох боломжгүй учир шинжээчээр үнэлгээ тогтоолгох тухай хүсэлт ирүүлж, төлбөр төлөгч нараас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албан бичиг хүргүүлсэн боловч тодорхой үнийн санал гаргаагүй байна. /хх-53-54, 55-57/
5.5. Ийнхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан хөрөнгийн үнэлгээний талаар оролцогчид харилцан тохиролцож чадаагүй учир шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 11/392 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний БМ ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин С.Ц ыг шинжээчээр томилж, шинжээчийг:
- Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205**** дугаартай Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-16102, ******** дугаартай конторын зориулалттай 1393.2 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,
- Нэгж талбарын **********, ******* дугаартай Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах орон сууц, контор, агуулах, үйлдвэрлэлийн зориулалттай 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрын үнэлгээг тогтоохыг даалгаж, шинжээчийн зардал 4,290,000 төгрөгийг төлбөр авагч *** банк ХХК-иас 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлж, шинжээч дүгнэлтээ 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гаргаж шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлсэн байна. /хх-62-65, 66, 67/
5.6. Шинжээчийн дүгнэлтээр: тогтоолд дурдсан хөрөнгүүдийг ...2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тухайн үед ажиллаж байсан ажилтныг байлцуулан танилцаж, хөрөнгийн харагдах байдал, өнөөгийн ашиглалтын түвшин, цаашид ашиглах боломж зэргийг судалж нарийвчлан тогтоосны үндсэн дээр зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар тогтоон, 1393.2 м.кв үл хөдлөх хөрөнгийг 14,480 м.кв газар эзэмших эрхийн хамт 3,247,000,000 /гурван тэрбум хоёр зуун дөчин долоон сая/ төгрөгөөр үнэлжээ.
5.7. Шийдвэр гүйцэтгэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 4-182/22851 дугаар хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдэж, төлбөр төлөгч нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн тогтоосон үнээс багагүй үнээр өөрийн хөрөнгөө бие даан 1 сарын хугацаанд худалдан борлуулах эрхтэй ба эд хөрөнгийн үнэлгээ мэдэгдсэнээс хойш ажлын 3 хоногт энэ тухай саналаа шийдвэр гүйцэтгэгчид бичгээр гаргаж болохыг мэдэгдэн, тэмдэглэл хөтөлсөн байна. /хх-10, 13, 58-59/
5.8. Дээрх мэдэгдлийг хүлээн аваад нэхэмжлэгч БО ХХК-иас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаанд худалдан борлуулах хүсэлтэй байгаа болохоо илэрхийлэн А/11 тоот албан бичиг бүхий хүсэлтээ 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргаж, тус газраас БО ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 4-182/23648 дугаар мэдэгдлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт зааснаар мөн өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд бие даан худалдан борлуулах хугацаа олгожээ. /хх-95-96/
5.9. Гэвч нэхэмжлэгч БО ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тогтоосон нэг сарын хугацаанд буюу 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
5.10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал Д ХХК-иар үнэлгээ хийлгэж, тус хөрөнгийн үнэлгээний тайлангаар Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлалтай БО ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн өнөөгийн үнэ цэнэ 8,071,770,000 төгрөг, үүнээс БХ ХК-ийн газар эзэмших эрхийн үнэ цэнэ 3,530,270,000 төгрөг, мөн БХ ХК-ийн эзэмшил газар дээр байрлах барилга, байгууламжийн өнөөгийн үнэ цэнэ 3,722,890,000 төгрөг болж тус тус үнэлэгдсэн, нийт хөрөнгийн үнэ цэнэ 11,794,660,000 төгрөг болохыг тодорхойлов гэжээ. /хх-157-223/
6. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар төлбөр төлөгч болон төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй буюу төлбөр төлөгч талаас хураагдсан хөрөнгийн талаар үнэлгээ гаргаагүй, төлбөр авагч шинжээчээр үнэлгээ тогтоолгохыг хүссэний улмаас шийдвэр гүйцэтгэгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу дуудлага худалдаанд санал болгох доод үнийн талаар тохиролцоогүй гэж үзэн, оролцогчоос гаргасан хүсэлтийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт зааснаар хөндлөнгийн шинжээчээр Баян модот ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин С.Ц ыг томилсон нь хуульд нийцжээ.
7. Шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн тогтоосон үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдэж тэмдэглэл хөтөлсөн болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан мэдэгдлүүд, зохигчдын тайлбараар тогтоогдсон.
8. Нэхэмжлэгч БО ХХК нь үнэлгээний мэдэгдлийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр уг үнэлгээг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгч талыг хуульд заасан гомдол гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарлан маргаж байна.
9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт Хугацааг хоногоор тоолоход уг хугацаа нь хугацаа дуусах сүүлийн хоногийн 24 цагт дуусна гэж заасан ба Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолно.
Нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн мэдэгдлийг 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дараа буюу 12 дугаар сарын 08-ны өдөр гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй гэж үзэхээр байх тул энэ талаар гаргасан хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй байна.
10. Нэхэмжлэгч талын зүгээс шийдвэр гүйцэтгэгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан үнэлж, оролцогч талуудад мэдэгдэж тэмдэглэл үйлдэх ажиллагаа хийгээгүй учир үнэлгээ хууль зөрчсөн гэж тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэл болгосон. Гэвч хуулийн уг заалт нь төлбөр төлөгчийн саналаар тогтоосон хөрөнгийн үнэлгээнд хамаарах ба нэхэмжлэгч талаас хөрөнгийн үнэлгээний талаар санал гаргаагүй учир өмгөөлөгчийн уг тайлбар үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
11. Нэхэмжлэлийн шаардлагын дараагийн үндэслэл болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээний талаар шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчид мэдэгдэж, энэ тухай тэмдэглэл үйлдээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна. Тодруулбал: нэхэмжлэгч БО ХХК 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр үнэлгээний мэдэгдлийг хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар тухайн тогтоогдсон үнэлгээнээс багагүй үнээр бие даан 1 сарын хугацаанд худалдан борлуулахаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүсэлт гаргаж, уг хүсэлийг нь хариуцагч хүлээн авснаар төлбөр төлөгчид 2023 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл бие даан борлуулах хугацаа олгосон байна.
12. Гэвч БО ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тогтоосон нэг сарын хугацаанд буюу 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хураагдсан эд хөрөнгүүдэд шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцээгүй бөгөөд үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл: шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар шинжээчийн тогтоосон үнэлгээг оролцогчдод танилцуулж, хэрэв оролцогчдоос уг үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу 7 хоногийн дотор үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Харин тухайн үнэлгээг хүлээн зөвшөөрч, тогтоогдсон уг үнээс багагүй үнээр бие даан нэг сарын хугацаанд худалдан борлуулах хүсэлтэй бол мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгчид хүсэлт гаргаж, хугацаа олгох эсэхийг шийдвэр гүйцэтгэгч шийдвэрлэнэ. Энэ нь төлбөр төлөгч шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд хийгдэх ажиллагаа юм.
13. Нэмэлт хугацаа олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчид мэдэгдэх ба уг хугацаанд хэрэв бие даан худалдан борлуулж чадаагүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.5 дахь хэсэгт зааснаар хөрөнгийг хуульд заасан журмын дагуу албадан худалдан борлуулна. Иймд нэхэмжлэгч БО ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, нэхэмжлэлд дурдсан хөрөнгийн үнэлгээний тайлантай холбоотой буюу үнэлгээ гаргасан шинжээчийн үйл ажиллагаатай холбоотой болон үнэлгээ хийгдсэн хөрөнгүүдийг дахин үнэлүүлсэн Дельтамон ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэгт дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
14. Шүүх БО ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үнэлгээг хүчингүй болгуулах тухай БО ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА