Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2023/02359

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 14 өдөр                 Дугаар 102/ШШ2023/02359                   Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ******тоот хаягт оршин суух, эмэгтэй, **** овогт Э.Б,

Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Жасрайн гудамж, ***** тоот хаягт оршин сууж байгаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн ***** тоот хаягт шилжсэн, **** овогт Д.У-,

Нэхэмжлэлийн шаардлага: Хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, тус бүр нь 10,000 төгрөгийн үнэ бүхий 50 ширхэг хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.С ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд өмгөөлөгч Ө.С ын хамт гаргасан тайлбартаа:

Э.Б-, Д.Б- нар нь КВ  ХХК-ийн нэгж бүр нь 10,000 төгрөгийн үнэтэй 50 ширхэг хувьцааг худалдахаар харилцан тохиролцож 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан КВ  ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулсан. Уг гэрээгээр худалдагч Э.Б- нь 50 ширхэг хувьцааг худалдан авагч Д.Б-д шилжүүлэх, Д.Б- нь түүний хариуд хувьцааны үнэ 500,000 төгрөгийг Э.Б-т шилжүүлэх үүргийг харилцан хүлээлцсэн. Э.Б- нь гэрээний 2.3-т заасан үүргээ биелүүлж, өөрийн эзэмшлийн хувьцааг Д.Б-д шилжүүлсэн. Гэтэл Д.Б- 500,000 төгрөгийг огт шилжүүлээгүй бөгөөд түүнд хэд хэдэн удаа үүргээ биелүүлэхийг сануулж байсан ч санал санаачилга гаргалгүй явсаар өдийг хүрсэн. Хариуцагчийн энэхүү эс үйлдэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-ийг зөрчиж байх тул мөн хуулийн 225.1, 225.2-т зааснаар 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн КВ  ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээнээс татгалзах эрхтэй байна. Үүрэг зөрчсөнөөс гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгдөг. Иймд Д.Б-гээс КВ  ХХК-ийн нэгж бүр нь 10,000 төгрөгийн үнэтэй 50 ширхэг хувьцааг буцаан Э.Б-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж байна.

Маргаан бүхий гэрээний гол нөхцөл нь худалдан авагч тал хувьцааны үнэ болох 500,000 төгрөгийг худалдагч талд төлөх, худалдагч нь хувьцааг шилжүүлэх үндсэн үүрэг хүлээсэн. Энэ үндсэн үүргээ гүйцэтгээгүй байгаа нь гэрээнээс татгалзах нөхцөл болж байна. Хариуцагч нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь ч, энэ шүүхэд гаргаж байгаа хариу тайлбар нь ч тухайн гэрээгээр хүлээсэн үүрэг болох 500,000 төгрөгийг огт төлөхгүй, төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч төлсөн гэх баримт нь хэрэгт байхгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай утсаар холбогдож 500,000 төгрөгөө өгөөгүй учир хувьцаагаа буцаах талаар мэдэгдсэн гэж хэлдэг. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасан гэрээнээс татгалзах урьдчилсан нөхцөл бүрдсэн байна. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд тасалдсан гэж үзэж байгаа. Гэрээний аль нэг тал болон гэрээний үүрэгтэй холбоотой хэн нэг нь баталгаа гаргах, үүргийг хүлээн зөвшөөрөх, үүрэг гүйцэтгэх зэрэг нөхцөлд хөөн хэлэлцэх хугацаа тасалддаг. Бидний хувьд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжийг нотлох баримтаар гаргасан байгаа. КВ  ХХК-иас Э.Б-т холбогдуулан уг шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүргийг Д.Б- өөрөө хүлээн зөвшөөрөөд нэхэмжлэл гаргаснаар гэрээний хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж байна. 2018 онд гэрээ байгуулагдаад гэрээний дагуу 500,000 төгрөг төлөх ёстой байсан. Тухайн үед гэрээтэй холбоотой маргаан үүсээгүй. Баянзүрх дүүргийн шүүхэд татварын өр төлбөрийг төлүүлнэ гэж нэхэмжлэл гаргаснаар маргаан үүсгэж байгаа. Д.Б- өөрөө нэхэмжлэл гаргаснаараа ер нь чи надад гэрээний төлбөрөөс төлөөгүй гэдэг асуудал тэр үед үүссэн. Д.Б- нэхэмжлэл гаргаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа дуусчихаж байгаа юм...гэв.

2. Хариуцагчийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г  шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Б-, Э.Б- нар нь КВ  ХХК-ийн тус бүр 50 хувийн хувьцааг эзэмшдэг байсан. 2018 оны 5 дугаар сард КВ  ХХК нь шинэ төсөл эхлүүлэхээр төлөвлөж, Газар КП ББСБ ХХК-иас КВ  ХХК батлан даалт гаргаж 15,000,000 төгрөгийн зээлийг Э.Б-ийн нэр дээр авсан. Гэтэл Э.Б- нь тухайн төсөлд зориулж авсан зээлийг хувьдаа ашиглаж, мөн компанийн нэр дээр эхлүүлэхээр төлөвлөж байсан төслийг хувьдаа ганцаараа хийж ашиг олох болсон тухайгаа хэлж компаниас гарах хүсэлт гаргасан. Тухайн үед компани татвар, НӨАТ-ын хуримтлагдсан өртэй, мөн Э.Б-ийн дур мэдэн хийсэн татварт мэдүүлээгүй кассын зардал, компанийн кассаас авсан бэлэн мөнгө болон бусад төлөгдөөгүй өр төлбөр гэх мэт асуудлууд байсан бөгөөд Э.Б- нь КВ  ХХК-ийн 50 хувийн хувьцаанаас өөрийн хүсэлтээр татгалзаж 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хувь нийлүүлэгчдийн хурал болж 5/5 дугаартай хурлын тогтоол гарсан. Уг тогтоолын дагуу 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Д.Б-, Э.Б- нар КВ  ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Талуудын байгуулсан энэ гэрээний 2.3-т Худалдагч нь худалдан авагчид өөрийн эзэмшдэг 500,000 төгрөгийн үнэ бүхий 50 ширхэг хувьцааг худалдана гэж заасан байна. Мөн гэрээний 3.1-т Худалдан авагч нь төлбөрийг 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр төлж тооцоо дууссан гэж заажээ. Үүнээс үзвэл гэрээ байгуулах үед талуудын хооронд төлбөр тооцоо аль хэдийнээ дууссан байхад тус гэрээгээр тохирсон 500,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй гэсэн үндэслэлээр гэрээнээс татгалзаж хувьцааг буцаан нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Мөн хариуцагчийн зүгээс 5/5 хурлын тогтоол, эрх шилжүүлэх гэрээний дагуу Э.Б-ийг компанид төлөх ёстой өр төлбөрийг төлөхийг удаа дараа шаардаж холбогдож байхад нэг ч удаа сануулж хэлээгүй, энэ талаар талууд хэн аль нь тооцоо дууссан гэсэн ойлголттой байсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж зааснаас үзвэл тухайн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн КВ  ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс үүдэлтэй шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Д.Б-гийн зүгээс Э.Б-ээс татварын өр төлбөртэй холбоотой нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхийн маргаан нэг жил гаруй хугацаанд үргэлжилсний дараа Э.Б- нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хувьцаагаа буцааж авъя гэдэг нэхэмжлэл гаргасан. 2018-2023 он хүртэл 5 жилийн хугацаанд нэг ч удаа компанийн хувьцаа болон бусад өр төлбөртэй холбоотой асуудалд санаа зовоогүй, анхнаасаа уг мөнгийг буцаан авах бодолгүй байж байгаад гэнэт өнөөдөр гэрээнээс татгалзаж, хувьцаа буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж байна. Нэг ч удаа талууд энэ төлбөр тооцоог төл, авъя гэдэг зүйл ярьж байгаагүй. Э.Б-ийн хийсэн татвар, НӨАТ-ын хуримтлагдсан өрөөс болоод одоо компани үйл ажиллагаагаа зогсоосон байгаа. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр маргаан үүсэх үед Э.Б- татварын өр төлбөртэй холбоотой асуудлыг мэдэж байсан ба ямар нэг байдлаар хувьцаа буцааж авах талаар яриагүй. Харин энэ шүүхэд гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэл гаргасан гэж шүүхэд дуудахад Д.Б- мэдсэн. Тэрнээс өмнө албан ёсоор мэдэгдсэн зүйл байхгүй. Д.Б-гийн зүгээс Э.Б-т холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа компанид учруулсан өр төлбөрөө төлөөч гэдэг шаардлага гаргасан. Энэ нь Э.Б-т хувьцаа худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой шаардлага гаргах, гэрээнээс татгалзах нөхцөл байдлыг хаагаагүй, уг гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй...гэв.

3. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр: 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн КВ  ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний хуулбар /хх-5/, мөн өдрийн КВ  ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээний хуулбар /хх-6/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 463 тоот албан бичиг, уг албан бичигт хавсаргасан Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 02529 тоот шүүх хуралдааны тэмдэглэлийн тус тус хуулбар /хх-46-49/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.

4. Хариуцагч тал тайлбар, татгалзлаа нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр: КВ  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-31-32/, КВ  ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 5/5 тоот Хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоолын хуулбар /хх-56-59/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдоос гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх Э.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан КВ  ХХК-ийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн хувьцааг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч гэрээний дагуу 500,000 төгрөгийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй учир гэрээнээс татгалзаж, уг гэрээгээр хариуцагчид өгсөн 50 ширхэг хувьцааг буцаан шилжүүлэхийг шаардана. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар уг гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд 500,000 төгрөг төлөөгүй гэж тайлбарласнаар гэрээний үүрэг зөрчсөн болох нь нотлогдоно гэж тодорхойлсон.

3. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ маргаан бүхий гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Д.Б- шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Э.Б-ийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдахгүй. Мөн уг гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар төлбөр тооцоо дууссан буюу гэрээ дуусгавар болсон. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 500,000 төгрөг шаардаж байгаагүй гэж тайлбарлан маргаж байна.

4. Хэрэгт нотлох баримтаар авагдсан КВ  ХХК-ийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ; КВ  ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ; КВ  ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол; Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тэмдэглэл болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

4.1. КВ  ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Э.Б-, Д.Б- нарын хоёр гишүүнтэй үүсгэн байгуулагдаж улсын бүртгэлд бүртгэгдэн, 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Э.Б-ийг захирлаар томилсныг, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Д.Б-г захирлаар томилсныг тус тус бүртгэсэн байна. Улмаар хувьцаа эзэмшигч 0 нэмэгдэж, 1 хасагдаж хувьцаа эзэмшигчийн тоо нийт 1 болж өөрчлөгдсөнийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

4.2. 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр КВ  ХХК-ийн хувьцаа эзэмшигчид хуралдаж, 5/5 тоот КВ  ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол гаргажээ. Уг хурлаар Э.Б-ийн хувьцаанаас татгалзаж буй асуудлыг хэлэлцэн, Э.Б- нь өөрийн эзэмшлийн 50 ширхэг хувьцааг Д.Б-д шилжүүлэх, мөн Э.Б-ээс компанийн үйл ажиллагаатай холбоотой татварын өр төлбөр болон бусад төлбөрийг КВ  ХХК болон гүйцэтгэх захирал Д.Б-, Хан-Уул дүүргийн татварын хэлтэст хэрхэн төлөх, Газар КПББСБ-аас авсан зээл, уг гэрээний дагуу хийгдсэн батлан даалтын гэрээнээс КВ  ХХК-ийг гаргах, мөн компанийн үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ.

4.3. 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Э.Б-, Д.Б- нар КВ  ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулан, уг гэрээгээр худалдагч Э.Б- нь худалдан авагч Д.Б-д КВ  ХХК-ийн өөрийн эзэмшдэг нэг бүр нь 10,000 төгрөг, нийт 500,000 төгрөгийн үнэ бүхий нийт 50 ширхэг хувьцааг худалдах, худалдан авагч нь төлбөрийг 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр төлж тооцоо дууссан болон бусад нөхцлийг тусган тохиролцож, хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж, уг гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байна.

4.4. Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулсан өдөр мөн талууд КВ  ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ-г байгуулан, эрх шилжүүлэгч Э.Б- нь 1,000,000 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, 2 гишүүнтэй КВ  ХХК-ийн нийт хувьцаа, эрх үүргийн 50 хувийг Д.Б-д албан ёсоор шилжүүлж, гэрээнд татварын өр төлбөртэй талаар тусган, компанийг байгуулсан үеэс 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх үйл ажиллагаатай холбоотой хуримтлагдаад байгаа улсад төлөх татварын өрийг талууд 50, 50 хувиар хувааж хариуцах, компани дээр бүртгэлтэй үндсэн хөрөнгийг талууд хуваахгүй бөгөөд компанийн эзэмшилд үлдэх болон нэмэлт нөхцөл зэргийг харилцан тохиролцож, хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулан, гэрээний үнэн зөвийг мөн нотариатаар гэрчлүүлжээ.

4.5. КВ  ХХК-иас Э.Б-т холбогдуулан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээний дагуу татварын өр төлбөрт 7,872,594 төгрөг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргаж, шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШЗ2022/00000 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч КВ  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г  нь шүүх хуралдаан даргалагчийн Нэхэмжлэгч тал эвлэрэх талаар ямар санал гаргасан бэ? гэх асуултад 26,000,000 төгрөгийн 50 хувь 13,000,000 төгрөгөөс хувьцаа шилжүүлэхэд өгөх байсан 5,000,000 төгрөгийг хасаж, тодорхой хэмжээний хугацааг хариуцагч өөрөө сонгож эвлэрэх саналтай байгаа гэж хариулсан байна. Улмаар шүүх хуралдаан даргалагчаас Хариуцагч тал энэхүү саналыг зөвшөөрч байгаа юу, ямар байр суурьтай байна вэ? гэх асуултад хариуцагч Э.Б- нэхэмжлэгч талаас шинээр нотлох баримт гаргаж өгч байна, үүнд төлөх график 10,800,000 төгрөг гэж энэхүү гэрээнд заасан байх тул нотлох баримттай танилцаж байж шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзэж байна гэж хариулсан байна.

5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилсан ба талуудын хооронд дээрх хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.

6. Нэхэмжлэгч Э.Б- нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж өөрийн эзэмшлийн 500,000 төгрөгийн үнэ бүхий 50 ширхэг хувьцааг хариуцагч Д.Б-д шилжүүлсэн боловч хариуцагч гэрээний дагуу 500,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тул төлбөр төлөхийг утсаар шаардаж, тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүйн улмаас гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн 50 ширхэг хувьцааг буцаан шилжүүлэхийг шаардан, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгосон.

7. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. Нэхэмжлэгч хуульд заасны дагуу гэрээнээс татгалзах урьдчилсан нөхцөл бий болсон буюу Д.Б-д төлбөр 500,000 төгрөг төлөхийг шаардаж хугацаа тогтоосон ч биелүүлээгүй гэж тайлбарлах боловч нэхэмжлэлийн уг үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

8. Мөн маргаан бүхий гэрээний 3.1 дэх хэсэгт худалдан авагч нь төлбөрийг 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр төлж тооцоо дууссан гэж тусгасан ба нэхэмжлэгч тал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г ийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэл болгож, 500,000 төгрөг төлөөгүй болохыг хүлээн зөвшөөрсөн гэж тайлбарласан.

9. Гэвч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд КВ  ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Б-т холбогдох, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээний дагуу татварын өр төлбөр гаргуулах тухай иргэний хэрэгт КВ  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар нь маргаан бүхий Э.Буядэлгэр, Д.Б- нарын байгуулсан гэрээний оролцогч талын тайлбар гэж үзэх үндэслэлгүй байна.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, уг гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарласан бол нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс КВ  ХХК-иас Э.Б-т холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж тайлбарласан.

11. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж хуульчилсан. Мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар дээрх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байна.

12. Нэхэмжлэгч нь 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан маргаан бүхий хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотойгоор тус шүүхэд 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хуульд заасан хэлбэрээр нэхэмжлэл гаргаагүй болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар тогтоогдсон ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс хариуцагч Д.Б-г Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг Э.Б-т холбогдуулан гаргаснаар Э.Б-ийн тухайн гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх тайлбар гарган маргаж байна.

13. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж хуульчилсан нь тухайн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргаж буй этгээд буюу эрх зөрчигдсөн гэж үзэж буй тал болох нэхэмжлэгч Э.Б-т хамааралтай байхыг ойлгоно. Тодруулбал: худалдан авагч талыг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэн шаардлага гаргах бол хуулийн дээрх зохицуулалтууд зөвхөн худалдан авагч талд буюу Э.Б-т хамаарна. Харин КВ  ХХК-иас Э.Б-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээр Э.Б-ийн Д.Б-д холбогдуулан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тасалдах үндэслэл болохгүй юм.

14. Иймд нэхэмжлэгч Э.Б- нь маргаан бүхий гэрээ байгуулагдсанаас хойш уг гэрээний үүрэгтэй холбогдуулан тогтоосон журмаар нэхэмжлэл гаргаагүй, хариуцагч Д.Б-гээс гэрээний үүрэг шаардаж байгаагүй, улмаар тухайн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хуульд заасан 3 жилийн хугацаа өнгөрсөн, энэхүү хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй байх тул эдгээр үндэслэлээр Э.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

15. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Д.Б-тэй 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан КВ  ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, тус бүр нь 10,000 төгрөг, нийт 500,000 төгрөгийн үнэтэй 50 ширхэг хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай Э.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 15,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА