Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/01629

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/01629

 

 

Э.Буяндэлгэрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2023/02359 дугаар шийдвэртэй,

Э.Буяндэлгэрийн нэхэмжлэлтэй, Д.Бүжинд холбогдох,

Хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, тус бүр нь 10,000 төгрөгийн үнэ бүхий 50 ширхэг хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буянзаяа, түүний өмгөөлөгч Ө.Сайнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Э.Буяндэлгэр, Д.Бүжин нар нь Креатив воркшоп ХХК-ийн нэгж бүр нь 10,000 төгрөгийн үнэтэй 50 ширхэг хувьцааг худалдахаар харилцан тохиролцож 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулсан. Уг гэрээгээр худалдагч Э.Буяндэлгэр нь 50 ширхэг хувьцааг худалдан авагч Д.Бүжинд шилжүүлэх, Д.Бүжин нь түүний хариуд хувьцааны үнэ 500,000 төгрөгийг Э.Буяндэлгэрт шилжүүлэх үүргийг харилцан хүлээсэн. Э.Буяндэлгэр нь гэрээний 2.3-т заасан үүргээ биелүүлж, өөрийн эзэмшлийн хувьцааг Д.Бүжинд шилжүүлсэн.

1.2. Д.Бүжин 500,000 төгрөгийг огт шилжүүлээгүй бөгөөд түүнд хэд хэдэн удаа үүргээ биелүүлэхийг сануулж байсан ч санал санаачилга гаргалгүй явсаар өдийг хүрсэн. Үүрэг зөрчсөнөөс гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгдөг. Иймд Д.Бүжингээс Креатив воркшоп ХХК-ийн нэгж бүр нь 10,000 төгрөгийн үнэтэй 50 ширхэг хувьцааг буцаан Э.Буяндэлгэрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж байна.

1.2.а. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд тасалдсан гэж үзэж байгаа.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжийг нотлох баримтаар гаргасан. Креатив воркшоп ХХК-аас Э.Буяндэлгэрт холбогдуулан уг шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүргийг Д.Бүжин өөрөө хүлээн зөвшөөрөөд нэхэмжлэл гаргаснаар гэрээний хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж байна.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Д.Бүжин, Э.Буяндэлгэр нар нь Креатив воркшоп ХХК-ийн тус бүр 50 хувийн хувьцааг эзэмшдэг байсан. 2018 оны 05 дугаар сард Креатив воркшоп ХХК нь шинэ төсөл эхлүүлэхээр төлөвлөж, Газар капитал партнерс ББСБ ХХК-аас Креатив воркшоп ХХК батлан даалт гаргаж, 15,000,000 төгрөгийн зээлийг Э.Буяндэлгэрийн нэр дээр авсан. Гэтэл Э.Буяндэлгэр нь тухайн төсөлд зориулж авсан зээлийг хувьдаа ашиглаж, мөн компанийн нэр дээр эхлүүлэхээр төлөвлөж байсан төслийг хувьдаа ганцаараа хийж ашиг олох болсон тухайгаа хэлж компаниас гарах хүсэлт гаргасан.

Тухайн үед компани татвар, НӨАТ-ын хуримтлагдсан өртэй, мөн Э.Буяндэлгэрийн дур мэдэн хийсэн татварт мэдүүлээгүй кассын зардал, компанийн кассаас авсан бэлэн мөнгө болон бусад төлөгдөөгүй өр төлбөр гэх мэт асуудлууд байсан бөгөөд Э.Буяндэлгэр нь Креатив воркшоп ХХК-ийн 50 хувийн хувьцаанаас өөрийн хүсэлтээр татгалзаж, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хувь нийлүүлэгчдийн хурал болж 5/5 дугаартай хурлын тогтоол гарсан. Уг тогтоолын дагуу 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Д.Бүжин, Э.Буяндэлгэр нар Креатив воркшоп ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Талуудын байгуулсан энэ гэрээний 2.3-т Худалдагч нь худалдан авагчид өөрийн эзэмшдэг 500,000 төгрөгийн үнэ бүхий 50 ширхэг хувьцааг худалдана гэж заасан байна. Мөн гэрээний 3.1-т Худалдан авагч нь төлбөрийг 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр төлж тооцоо дууссан гэж заажээ.

2.2. Гэрээ байгуулах үед талуудын хооронд төлбөр тооцоо аль хэдийнээ дууссан байхад тус гэрээгээр тохирсон 500,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй гэсэн үндэслэлээр гэрээнээс татгалзаж хувьцааг буцаан нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Мөн хариуцагчийн зүгээс 5/5 хурлын тогтоол, эрх шилжүүлэх гэрээний дагуу Э.Буяндэлгэрийг компанид төлөх ёстой өр төлбөрийг төлөхийг удаа дараа шаардаж холбогдож байхад нэг ч удаа сануулж хэлээгүй, энэ талаар талууд хэн аль нь тооцоо дууссан гэсэн ойлголттой байсан. 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Креатив воркшоп ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс үүдэлтэй шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Д.Бүжинтэй 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Креатив воркшоп ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, тус бүр нь 10,000 төгрөг, нийт 500,000 төгрөгийн үнэтэй 50 ширхэг хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай Э.Буяндэлгэрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоrж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 15,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.Э.Буяндэлгэрийн хувьд хариуцагч Д.Бүжингээс гэрээний үүргээ биелүүлэхийг хэд хэдэн удаа шаардаж байсан. Сүүлд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Креатив Ворк Шоп" ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Буяндэлгэрт холбогдох Иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад буюу 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр "Креатив воркшоп" ХХК-ийн нэхэмжлэлд өгсөн хариу тайлбар, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хурал дээр ч Д.Бүжин нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэдгийг мэдэгдсээр ирсэн. Тус тайлбарыг нотлох зорилгоор 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

4.2. Д.Бүжингийн эзэмшлийн "Креатив воркшоп" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганчимэг хувьцаа шилжүүлэхэд өгөх байсан 500,000 төгрөгийг хасч эвлэрэх саналтай байна" гэдгээ өмнө нь шүүхэд илэрхийлж байсан.Анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг бүх талаас нь бүхэлд нь хянаж үзэлгүйгээр нэгхэн хэсгийг хянаж хариуцагчийн талд тайлбарласан.

Шүүхэд "хариуцагч Д.Бүжинг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг Э.Буяндэлгэрт холбогдуулан гаргаснаар Э.Буяндэлгэрийн тухайн гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан" гэж тайлбар гаргасан бөгөөд энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 12-т тусгагдсан. Бодит байдал дээр тус хэргийн хариуцагч тал болох Д.Бүжин нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Э.Буяндэлгэрт холбогдуулж 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж улмаар тус шүүхээс 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 183/Ш32020/03264 дугаар бүхий хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргаж байсан.

Анхан шатны шүүх "Креатив воркшоп ХХК-иас Э.Буяндэлгэрт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээр Э.Буяндэлгэрийн Д.Бүжинд холбогдуулан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тасалдах үндэслэл болохгүй" гэж тайлбарласан.Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06-р сарын 14-ний өдрийн 102/ШШ2023/02359 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас тайлбар, татгалзал гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч Э.Буяндэлгэр нь хариуцагч Д.Бүжинд холбогдуулан хувьцаа 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, тус бүр нь 10,000 төгрөгийн үнэ бүхий 50 ширхэг хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч хөөн хэлэлцэх хугацаа дууссан, уг гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар төлбөр тооцоо дууссан буюу гэрээ дуусгавар болсон. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 500,000 төгрөг шаардаж байгаагүй гэж маргажээ.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. Креатив воркшоп ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Э.Буяндэлгэр, Д.Бүжин нарын хоёр гишүүнтэй үүсгэн байгуулагдаж улсын бүртгэлд бүртгэгдэн, 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Э.Буяндэлгэрийг захирлаар томилсныг, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Д.Бүжинг захирлаар томилсныг тус тус бүртгэсэн байна. Улмаар хувьцаа эзэмшигч 0 нэмэгдэж, 1 хасагдаж хувьцаа эзэмшигчийн тоо нийт 1 болж өөрчлөгдсөнийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ.

2.б. 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Креатив воркшоп ХХК-ийн хувьцаа эзэмшигчид хуралдаж, 5/5 тоот хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол гаргасан. Уг хурлаар Э.Буяндэлгэрийн хувьцаанаас татгалзаж буй асуудлыг хэлэлцэн, Э.Буяндэлгэр нь өөрийн эзэмшлийн 50 ширхэг хувьцааг Д.Бүжинд шилжүүлэх, мөн Э.Буяндэлгэрээс компанийн үйл ажиллагаатай холбоотой татварын өр төлбөр болон бусад төлбөрийг Креатив воркшоп ХХК болон гүйцэтгэх захирал Д.Бүжин Хан-Уул дүүргийн татварын хэлтэст хэрхэн төлөх, Газар капитал партнерс ББСБ ХХК-аас авсан зээл, уг гэрээний дагуу хийгдсэн батлан даалтын гэрээнээс Креатив воркшоп ХХК-ийг гаргах, мөн компанийн үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ.

2.в. Мөн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Э.Буяндэлгэр, Д.Бүжин нар Креатив воркшоп ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулан, уг гэрээгээр худалдагч Э.Буяндэлгэр нь худалдан авагч Д.Бүжинд Креатив воркшоп ХХК-ийн өөрийн эзэмшдэг нэг бүр нь 10,000 төгрөг, нийт 500,000 төгрөгийн үнэ бүхий нийт 50 ширхэг хувьцааг худалдах, худалдан авагч нь төлбөрийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төлж тооцоо дууссан болон бусад нөхцөлийг тусган тохиролцож, хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж, уг гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байна.

2.г. Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулсан өдөр мөн талууд Креатив воркшоп ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг байгуулан, эрх шилжүүлэгч Э.Буяндэлгэр нь 1,000,000 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, 2 гишүүнтэй Креатив воркшоп ХХК-ийн нийт хувьцаа, эрх үүргийн 50 хувийг Д.Бүжинд албан ёсоор шилжүүлж, гэрээнд татварын өр төлбөртэй талаар тусган, компанийг байгуулсан үеэс 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх үйл ажиллагаатай холбоотой хуримтлагдаад байгаа, улсад төлөх татварын өрийг талууд 50, 50 хувиар хувааж хариуцах, компани дээр бүртгэлтэй үндсэн хөрөнгийг талууд хуваахгүй бөгөөд компанийн эзэмшилд үлдэх болон нэмэлт нөхцөл зэргийг харилцан тохиролцож, хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулан, гэрээний үнэн зөвийг мөн нотариатаар гэрчлүүлжээ.

2.д. Креатив воркшоп ХХК-аас Э.Буяндэлгэрт холбогдуулан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээний дагуу татварын өр төлбөрт 7,872,594 төгрөг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн.

 

3. Зохигч 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах үндэслэл бүрдсэн эсэх, уг гэрээгээр хүлээсэн үүрэг болох 500,000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардаж байсан эсэх, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэхэд маргажээ.

3.а. Нэхэмжлэгч Э.Буяндэлгэр нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж өөрийн эзэмшлийн 500,000 төгрөгийн үнэ бүхий 50 ширхэг хувьцааг хариуцагч Д.Бүжинд шилжүүлсэн боловч хариуцагч гэрээний дагуу 500,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй, төлбөр төлөхийг утсаар шаардаж, тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй тул гэрээнээс татгалзаж байгаа талаар тайлбарласан.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. Нэхэмжлэгч хуульд заасны дагуу гэрээнээс татгалзах урьдчилсан нөхцөл буюу 500,000 төгрөг төлөхийг шаардаж, хугацаа тогтоосон гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна

3.б. Мөн гэрээний 3.1 дэх хэсэгт худалдан авагч нь төлбөрийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төлж тооцоо дууссан гэж тусгасан байна.

3.в. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж хуульчилсан. Мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.

Худалдан авагч талыг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэн шаардлага гаргах эрх худалдан авагч талд буюу Э.Буяндэлгэрт хамаарна. Хэргийн баримтаас Креатив воркшоп ХХК-аас Э.Буяндэлгэрт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээр Э.Буяндэлгэрийн Д.Бүжинд холбогдуулан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

4. Нэхэмжлэгч нь Өөр хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тайлбар гаргахдаа 500,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн гэсэн агуулгаар давж заалдах журмаар гомдол гаргажээ. Хэрэгт 500,000 төгрөгийг тусгайлан шаардаж байсан баримт авагдаагүйгээс гадна 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төлөх ёстой байсан үүргийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 06 дугаар сарын0 6-наар дуусгавар болсон гэсэн хариуцагчийн татгалзлыг буруутгах боломжгүй.

4.а. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан маргааныг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2023/02359 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 225 дугаар зүйлийн 225.1 гэснийг 243 дугаар зүйлийн 243.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД