Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2023/02112

 

 

  

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2023/02112

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *** тоот суух хаягтай, рд:***, *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Баянгол дүүрэг, *** тоотод оршин суух хаягтай, рд:***, М холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 6 677 288 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-иас хариуцагч С.***т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6 677 288 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Хариуцагч С.*** нь *** ББСБ ХХК-тай 2021 оны 12 сарын 03-ны өдөр 2113 дугаартай зээлийн гэрээ байгуулан 6 500 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. 2022 оны 12 сарын 03-ны өдөр тус зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээл төлөх хугацааг 6 сараар сунгаж, зээлдэгч нь 2023 оны 03 сарын 23-ны өдрөөс эхлэн зээлийн төлбөрөө төлөхөөс татгалзаж, зээлийн төлбөрөө төлөхгүй гэдгээ итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О дамжуулан бидэнд мэдэгдэж энэхүү мэдэгдлээ гаргасан. 2023 оны 03 сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 6 475 941 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 201 344 000 төгрөг, нийт 6 677 288 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг үндэслэн зээлийн гэрээний үлдэгдэл болох 6 677 288 төгрөгийг хариуцагч С.***ээс гаргуулж гаргуулж өгнө үү... гэв.

 

3. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: миний бие 2018 оноос эхлэн зээл авч короно гарч нийтийн байрны хүмүүс төлбөрөө төлж чадахгүй болсон учир би бас зээлийн хүү төлбөрөө төлж чадахгүй байсан. Энэ учир байдлаа ***ын ажилчинд хэлэхэд би шийдвэр гаргадаг хүн нь бишээ өөрөө ирж солонгос захиралтай уулз гэсэн. Миний бие солонгос захиралтай ирж уулзан хүмүүс төлбөрөө төлөхгүй хэцүү байна би 3 хүүхдийн хамт амьдардаг гэж хэлэхэд зээлийн хүү үндсэн зээлийн үлдэгдлийг нь нэмээд 6,5 сая төгрөгөөр гэрээ хийж өгий гээд 2021 оны 12-р сард гэрээгээ шинэчилсэн. Тухайн үед миний үндсэн зээл 4 сая төгрөг байсан. Миний бие өрх толгойлон амьдардаг тул 2 сая төгрөг ч гэсэн миний хувьд их мөнгө юм. Би нэгэнт зээл авсан нь үнэн төлөх нь миний үүрэг. Гэхдээ нийлмэл
хүүтэй зээлийн гэрээ хийсэн нь буруу гэж үзэж байгаа тул хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа. Учир нь 2018 оны 07 сарын 23-ны өдрийн Монгол банкны ерөнхийлөгчийн *** тоот тушаалын 5.5-д нийлмэл хүүтэй зээл олгохыг хориглоно гэж заасан байдаг. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна
... гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1, 2 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/

*** ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 4 дүгээр тал/

*** ББСБ ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хэргийн 5 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 6 дугаар тал/

2021.12.03-ны өдрийн №21/13 дугаар Зээлийн гэрээ /хэргийн 7, 8, 9 дүгээр тал/

Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хэргийн 10, 11, 12 дугаар тал/

*** ББСБ ХХК-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 13 дугаар тал/

Зээл хүссэн өргөдөл /хэргийн 14 дүгээр тал/

С.***ийн зээл эргэн төлөлтийн карт /хэргийн 15 дугаар тал/ нотлох баримтууд

 

5. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн

Итгэмжлэл /хэргийн 17 дугаар тал/

Хариу тайлбар /хэргийн 22 дугаар тал/

Хүсэлт /хэргийн 27, 28 дугаар тал/ нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ... зээлийн гэрээний үүрэгт 6 677 288 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ... зээлийн гэрээний үүргээ зөрчсөн... гэж тайлбарласныг,

 

хариуцагч эс зөвшөөрч ... нийлмэл хүүтэй зээл олгохыг хориглосон хуулийн зохицуулалттай тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргасан.

Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

2021 оны №21/13 Зээлийн гэрээг хариуцагч С.*** нэхэмжлэгч *** ББСБ ХХК-тай байгуулан, 6 500 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, хөрөнгө оруулалт хийх зориулалтаар зээлсэн, 2022.12.03-ны өдөр дугаар *** Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр гэрээний хугацаа 12 сар байсныг 18 сар болгож зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулан мөн нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ, нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үндсэн төлбөр төлөх дараалал, гэрээний хугацаа дууссан тохиолдолд үүрэг гүйцэтгэх талаар гэрээнд нэмэлт оруулсан нь талуудын хооронд бичгээр байгуулсан Зээлийн гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зохигчийн тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 7-12, 14 дүгээр тал/

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэхь хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч мөнгөн хөрөнгө болох 6 500 000 төгрөгийг хариуцагч буюу зээлдэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, хариуцагч гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг тохирсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй.

 

Гэрээний дагуу 6 500 000 төгрөгийг нэхэмжлэгч 2021 оны 12 сарын 03-ны өдөр хариуцагчийн эзэмшилд шилжүүлэн, мөнгийг шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлсэн нь Хаан банкны дансны хуулга баримтаар тогтоогдож байна. /хэргийн 13 дугаар тал/

 

Зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2023 оны 06 сарын 03-ны өдөр дуусгавар болсон хэдий ч хариуцагч мөнгийг хүүгийн хамт гэрээгээр тохирсон хугацаанд хуваарийн дагуу зохих ёсоор бүрэн төлөөгүй, 2023 оны 03 сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээл 6 475 944 төгрөг, үндсэн хүү 201 344 төгрөг, нийт 6 677 288 төгрөг төлөгдөөгүй хуримтлагдсан нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн зээл эргэн төлөлтийн карт баримтаар тогтоогдож байна. /хэргийн 15 дугаар тал/

 

Нэхэмжлэгч хариуцагчийг гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж, зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан.

 

Хариуцагч ...нийлмэл хүүтэй зээлийн гэрээ байгуулсан нь буруу хууль зөрчсөн... гэх тайлбарыг ирүүлсэн боловч өөрийн тайлбар татгалзалтай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгчийн ирүүлсэн зээлийн тооцоо баримтыг үгүйсгэж баримтаар няцаагаагүй.

 

Нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт заасан үндэслэлтэй тул, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг нийт 6 677 288 гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121 790 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 121 790 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

2023.03.30-ны өдөр нэхэмжлэгчээс Ч.Ганболдод, 2023.03.10-ны өдөр хариуцагчаас Д.О Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүрэг тус тус олгогдсон байна. /хэргийн 6, 17 дугаар тал/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч С.***ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 6 677 288 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121 790 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 121 790 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ