Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/01480

 

 

 

 

 

 

 

2023 07 28 № 210/МА2023/01480

 

 

******* ******* ******* ББСБ ХХК нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2023/02112 дугаар шийдвэртэй,

******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.*******т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 6,677,288 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1 Хариуцагч С.******* нь ******* ******* ******* ББСБ ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ..... дугаартай зээлийн гэрээ байгуулан 6,500,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Мөн 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тус зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээл төлөх хугацааг 6 сараар сунгасан.

1.2 Зээлдэгч нь 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн зээлийн төлбөрөө төлөхөөс татгалзаж, төлөхгүй гэдгээ итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ээр дамжуулан бидэнд мэдэгдсэн. Иймд 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 6,475,941 төгрөг, хүүгийн үлдэгдэл 201,344,000 төгрөг, нийт 6,677,288 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг С.*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие нь 2018 оноос эхлэн зээл авсан боловч Ковид-19 цар тахал гарч нийтийн байрны хүмүүс зээлийн хүү төлбөрөө төлж чадахгүй байсан. Тус асуудлаа ******* ******* ******* ББСБ ХХК-ийн ажилчинд хэлэхэд би шийдвэр гаргадаг хүн биш, өөрөө ирж солонгос захиралтай уулз гэсэн. Миний бие солонгос захиралтай ирж уулзан хүмүүс төлбөрөө төлөхгүй хэцүү байна би 3 хүүхдийн хамт амьдардаг гэж хэлэхэд, зээлийн хүү үндсэн зээлийн үлдэгдлийг нь нэмээд 6,500,000 төгрөгөөр гэрээ хийж өгье гэж хэлээд 2021 оны 12 дугаар сард гэрээгээ шинэчилсэн. Тухайн үед миний үндсэн зээл 4,000,000 төгрөг байсан. Миний бие өрх толгойлон амьдардаг тул 2,000,000 төгрөг ч гэсэн миний хувьд их мөнгө юм. Би нэгэнт зээл авсан нь үнэн төлөх нь миний үүрэг. Гэхдээ нийлмэл хүүтэй зээлийн гэрээ хийсэн нь буруу гэж үзэж байгаа тул хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа. Учир нь 2018 оны 07 сарын 23-ны өдрийн Монгол банкны ерөнхийлөгчийн А-203 тоот тушаалын 5.5-д нийлмэл хүүтэй зээл олгохыг хориглоно гэж заасан байдаг. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.*******ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 6,677,288 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121,790 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 121,790 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1 С.******* нь 2018 оноос эхлэн ******* ******* ******* ББСБ ХХК-аар үйлчүүлж байсан. Үндсэн зээл болон хүүгээ төлж байгаад 4,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байхад цаг хугацаанд нь төлбөрөө төлдөг, найдвартай гэж үзээд нэмж 2,000,000 төгрөг зээлсэн юм. Ингээд төд удалгүй цар тахал гарсан. Зээлийн үлдэгдэл мөн л төлөгдөөд нийтдээ 4,000,000 төгрөг болсон. Ковид-19 цар тахлаас шалтгаалан орлогогүй болж зээлээ төлж чадахгүй болсон. Банк бусын солонгос захирал нь чи мөнгөө төлж чадахгүй байгаа учраас зээлийн үлдэгдэлд цар тахлын үед хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүү, хуримтлагдсан хүүгээ нэмээд шинээр гэрээ хийчих гэж хэлээд, 6,500,000 төгрөгөөр 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулсан.

4.2 Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ний өдрийн А203 тоот тушаалын 5.5-д нийлмэл хүүтэй зээл олгохыг хориглоно гэж заасан. ******* ******* ******* ББСБ ХХК нь Монгол банкны ерөнхийлөгчийн дээрх тушаалыг зөрчиж надтай 2021 оны 12 дугаар сард 4,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байхад, хүү, нэмэгдүүлсэн хүү болох 2,500,000 төгрөгийг нэмж хийсэн. Ядарсан надад 25,000,000 төгрөг нь их мөнгө юм. Би өрх толгойлсон хөгжлийн бэрхшээлтэй, халамжийн үйлчилгээнд хамрагдсан хүн. Хариуцагч тал энэ талаар анхан шатны шүүхэд нотлох баримт гаргаж өгөх байсан боловч өгөөгүй.

4.3 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд яаралтай ажил гарч хөдөө явсан талаарх хүсэлтээ гаргаж өгсөн байхад хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Тус шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Хүндэтгэн үзэх шалтгаантай гэдгээ нотлоогүй учраас шүүхээс хүсэлтийг хангахгүй орхиж, хариуцагчийг эзгүйд нь шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Нийлмэл хүүтэй зээл гэдэг нь хүүгээс хүү бодохыг хэлдэг гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч С.*******т холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 21/13 дугаартай зээлийн гэрээний үүрэгт зээл 6,475,941 төгрөг, зээлийн хүү 201,344,000 төгрөг, нийт 6,677,288 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хэргийн үйл баримт тогтоогдож байна.

3.а. Талууд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр №..... дугаартай Зээлийн гэрээ байгуулан, уг гэрээгээр 6,500,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлэхээр тохиролцжээ./хх-7-11

3.б. 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ..... дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-гээр гэрээний хугацаа 12 сар байсныг 18 сар болгож, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулан мөн нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ, нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үндсэн төлбөр төлөх дараалал, гэрээний хугацаа дууссан тохиолдолд үүрэг гүйцэтгэх талаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан нь талуудын хоорон байгуулсан бичгийн гэрээ, зохигчийн тайлбараар тогтоогджээ. /хх 7-12, 14/

3.в. Нэхэмжлэгч хариуцагчид 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 6,500,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Хаан банкны дансны хуулгаар нотлогдож байна. /хх-13/

 

4. Хариуцагч нь 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ..... дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээл, хүүг хооронд нь нэмж гэрээ байгуулсан, улмаар хүүгээс хүү тооцсон гэж маргажээ.

4.а. Хэрэгт зээл эргэн төлөлтийн хуваарь, төлбөр төлсөн тухай бичилт, карт зэрэг баримт авагдсан байх бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар зээл 6,475,944 төгрөг, хүү 201,344 төгрөг, нийт 6,677,288 төгрөг төлөгдөөгүй хуримтлагдсан талаар дээрх баримтад тусгагджээ. /хх-15/

Хариуцагч нь хүүгээс хүү тооцсон, нийлмэл хүүтэй зээлийн гэрээ байгуулсан гэх боловч нэхэмжлэгч талаас гаргасан зээлийн тооцоолол баримтыг үгүйсгэж няцаах баримтыг шүүхэд гаргаагүй.

4.б.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч мөнгөн хөрөнгө болох 6,500,000 төгрөгийг хариуцагч буюу зээлдэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлсэн, хариуцагч гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг тохирсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг нийт 6,677,288 гаргуулан нэхэмжлэгчид олгож, шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нийлмэл хүүтэй зээл олгосон, хариуцагчийн хүсэлтийг хангалгүйгээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн гэх агуулгаар давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

5.а. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хөдөө явсан хүндэтгэн үзэх нөхцөл байдлаа баримтаар нотлоогүй байх бөгөөд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг үндэслэн түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй.

5.б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч татгалзал түүний үндэслэлээ нотлоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Өөрөөр хэлбэл, хүүгээс хүү тооцсон байдал баримтаар тогтоогдохгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2023/02112 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ш.ОЮУНХАНД