Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2023/02136

 

 

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2023/02136

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *** тоотод оршин суух хаягтай, рд:***,  Б,

 

нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, *** тоотод оршин суух хаягтай, рд:***,  Б нарын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, *** тоотод оршин суух хаягтай, рд:***, Б холбогдох,

 

төлбөр тооцооны гэрээний төлбөрт нийт 81 000 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2022.07.04-ний өдрийн Төлбөр тооцооны гэрээний 1.6 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б

хариуцагчийн өмгөөлөгч Д.Г нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.***, Б.*** нар хариуцагч Ц.***д холбогдуулан төлбөр тооцооны гэрээний төлбөрт нийт 81 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч гэрээний 1.6 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.

 

2. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...2021 оны 09 сарын 17-нд газар болон үл хөдлөх гэрээ худалдах худалдах авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 хороо, Өлгий 22 дугаар гудамж, 282 тоотод байршилтай, 273 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай *** дугаарт бүртгэлтэй газар, мөн хаягт байршилтай 207 мкв талбайтай *** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай 32 мкв талбайтай *** дугаартай үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг нийт 305 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Тухайн үед *** ХХК-ийн хувьд тухайн газар дээр хажууд нь зэргэлдээ орон сууцны хороолол хэрэгжүүлж байсан. Талуудын хооронд гэрээ байгуулах шалтгаан нь нэхэмжлэгчийн нарын жижиг орон сууц буюу жижиг байшингийн дээгүүрх орон сууцны 2 дугаар давхар хоосон. Өөрөөр хэлбэл зөрчил, барилгын ноором стандарт зөрчигдсөн асуудал үүссэн. *** ХХК-ийн зүгээс газраа зарах хүсэлтийг тавьсны дагуу хийгээд явсан. Компанитай гэрээ байгуулахаар газрын өмчлөх эрхийг шилжүүлэхэд төвөгтэй байдал үүсэх учраас манай гүйцэтгэх захирал Ц.***тай байгуулаач гэсний дагуу хувь хүнтэй гэрээ байгуулаад явсан. Гэрээнд гарын үсэг зурмагц гэрээнд заасны дагуу бид үл хөдлөх хөрөнгө болон газрын эзэмшлийг шилжүүлсэн. Улмаар *** контракшн ХХК-ийн зүгээс тухайн үед жижиг буюу 32 мкв талбайтай үл хөдлөх, эд хөрөнгийг нураагаад томыг нь тухайн үед нураагдаагүй байсан. Барилгын ажил 90 хувьтай үргэлжлүүлээд, бидний зүгээс эхний үүрэг болох өөрийн эзэмшлийн байшингаа бүрэн хүлээлгэж өгсөн. Гэрээнд заасны дагуу нийт төлбөрөөс 2021 оны 09 сарын 17-ны өдөр 200 000 000 төгрөг, 04 сарын 17-ны өдөр 20 000 000 төгрөг, 07 сарын 04-ний өдөр 46 000 000 төгрөг, нийт 266 000 000 төгрөгийг хариуцагч тал төлсөн. Худалдан авагчийн зүгээс талуудын гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөөгүй, бидний зүгээс өнгөрсөн хугацаанд удаа дараа мэдэгдлийг хүргүүлж байсан. Энэ хугацаанд манай барилгын ажлын хөрөнгө оруулалт хойшлоод байна. Зээл шийдэх хугацаа хойшлоод байна. Бартерын хөрөнгө авч болох уу гэх зүйлүүдийг санал болгож байсан. Бид бартерын хөрөнгийг очиж үзсэн боловч үнэлгээндээ хүрэхгүй, хүлээн авах боломжгүй хөрөнгөнүүд байсан учраас бид удаа дараа ярилцаж байгаад төлбөр төлөх хугацааг хойшлуулаад явж байсан. Улмаар 2022 оны 07 сард 89 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Бид нар газрынхаа эзэмшлээ шилжүүлж авсан боловч үл хөдлөх, эд хөрөнгөө шилжүүлээд авъя. Ингээд буцаагаад Банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиад зээл аваад шилжүүлээд өгье гэдэг санал тавьсан. Тэр үед бидний тооцоолсноор алдангийн асуудал гэрээнд заасан 50 хувиасаа хэтэрсэн буюу 89 000 000 төгрөгийн 40 000 000 төгрөг нь хэтэрчихсэн явж байсан. Алданги дээр тэгж төлөх боломжгүй байна. Хэдүүлээ алданги дээр ярилцъя гээд манай үйлчлүүлэгч санал тавьсны дагуу хүлээн зөвшөөрөөд алдангийг 15 000 000 төгрөгөөр тохирч болж байна. 07 сарын 04-ний өдөр 46 000 000 төгрөгийг төлье гэсэн. Тэр үед өгсөн мөнгөнөөс нь алдангийг нь хасаад үлдэгдэл төлбөр тэд байна гээд тохиролцох боломж байсан. Ер нь бол тэр ач холбогдолтой биш, газар, үл хөдлөхөө шилжүүлээд өгчихсөн учраас төлбөр дээрээ Иргэний хуульд заасан төлбөр тооцоо байгуулах гэрээ байгуулъя. Бидэнд үл хөдлөх, эд хөрөнгийн 2 хувийн албан татвар болон газартай холбоотой татвар төлөх биш, өмнө байгуулсан гэрээнд үнийн өөрчлөлт оруулж өгнө үү гэдэг хүсэлтүүдийг ярилцаад 07 сарын 04-ний өдөр Улсын бүртгэлийн газрын эд хөрөнгийн бүртгэлийн газар, Газар зохион байгуулалтын албанд шилжихэд зориулагдсан үл хөдлөх, эд хөрөнгө худалдан авах гэрээ, эд хөрөнгө худалдан авах 2 гэрээ, газар өмчлөлийн гэрээ гэдэг 3 гэрээ байгуулаад эдгээр гэрээнийхээ тооцоонуудын тооцоог хийгээд, төлбөр тооцооны гэрээ гэдэг гэрээ байгуулсан. Төлбөр тооцооны гэрээг Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-т заасны дагуу үндсэн төлбөрийн үлдэгдэл дээрээ 39 000 000 төгрөг, алданги нийлээд 54 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэдэг тооцоогоо баталгаажуулаад тохиролцсон. Ингэхдээ бид маш богино хугацаанд авмаар байна гэхэд Ц.*** захирал үл хөдлөхийн гэрчилгээ гарч ирээд буцаагаад ББСБ-д тавиад 07 сарын 04-ний өдөр болж байна. Наадмын амралтын өдрүүд орох байх. Танайх 07 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаа өгчхөөч гээд богино хугацаатай буюу 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл гэж тохиролцсон боловч түүнээс хойш нэг ч төгрөг төлөгдөөгүй. Төлбөр тооцооны гэрээний 1.6-т Төлбөр төлөгч нь гэрээнд заасан төлбөрийг тохиролцсон хугацаанд төлөөгүй тохиолдолд хуваарийн дагуу төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнг 0,5 хувиар тохирсон. Хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцохоор тохирсон. Уг заалтын дагуу 2022 оны 08 сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 сарын 20-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл тооцогдсон алданги 46 000 000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анз болон торгууль, алданги нь 50 хувиас хэтэрч болохгүй учраас төлөгдөөгүй төлбөр 54 000 000 төгрөгийн 50 хувь болох 27 000 000 төгрөгөөр алданги болон нийт 81 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэдэг нэхэмжлэл гаргаж байна. Талуудын хооронд 2022 оны 07 сарын 04-ний өдөр газрын гэрээнүүд байгуулагдсанаараа үндсэндээ газар болон үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх гэрээнүүд дуусгавар болж байгаа юм. Өөрөөр хэлбэл нөгөө тал шилжүүлээд авчихсан. Харин талуудын хооронд шинэ гэрээний харилцаа үүсэж байгаа юм. Иргэний хуулийн тусгай ангид 466 дугаар зүйлд заасан бие даасан гэрээ байгуулагдсан. Төлбөр төлөх гэрээний 1.6-т заалтад дээрх аль агуулга дээр хэрхэн яаж төөрөгдсөн гэдэг нотлох баримт ерөөсөө байхгүй. Нотлох баримт шинжлэх явцад харагдах байх. Нэг ч удаа гэрээний заалтын талаарх зүйл яригдаж байгаагүй. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6-т Төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн этгээд төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж заасан. Өнөөдрийг хүртэл бид энэ хэлцэл дээр би ингээд төөрөгдсөн байна шүү гэдэг мэдэгдэл манайд ерөөсөө ирээгүй. Шүүхэд бид нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн хариу тайлбар дээрээ ч ийм асуудал ер яриагүй. Бид нар ийм тохиролцоо хийсэн. Тохиролцооны дагуу төлбөр төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Одоо санхүүгийн нөхцөл байдал хэцүү байна гэдэг тайлбар хэлдэг байсан. Тэгэхээр үүн дээр ямар нэгэн ноцтой төөрөгдсөн асуудал байхгүй. Магадгүй шүүх хуралдаан дээр өмгөөлөгч аваад, өмгөөлөгч нь үйлчилгээ үзүүлж байгаа учраас төлбөрийн хэмжээгээ аль болох бага төлөх хуулийн боломжит гаргалгааг гаргаж ирсэн байж болно. Гэхдээ үүнийгээ өмгөөлөгч ингэж тайлбарлаж болох юм байна гэж хэлсэн нь 2022 оны 07 сарын 04-ний өдөр талуудын хооронд байгуулсан хэлцэл, түүний хүсэл зоригийг одоо араас нь нөхөж тайлбарлахгүй. 07 сараас хойш 11 сарын дараа шүүх хуралдаан дээр энэ дээр ингэж бодож байсан гэж тайлбарлах юм бол энэ нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн хувьд ч процессын хувьд ч шаардлага хангахгүй болох учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоод үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэв.

 

3.Хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: иргэн Ц.*** нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлдээ дурдсан үл хөдлөх, эд хөрөнгөнүүдийг худалдаж авсан. Өмнөх гэрээний 39 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба гэрээний заалттай холбоотой 54 000 000 төгрөгийн үлдэгдлийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Манай хариуцагчийн зүгээс 54 000 000 төгрөгийг төлөөд тооцоогоо дуусгах байр суурийг анхнаасаа илэрхийлээд шүүхэд өгсөн хариу тайлбар дээр илэрхийлээд явсан. Харин 54 000 000 төгрөгт алданги тооцсон 27 000 000 төгрөгийг төлөх боломжгүй байна. Ингэж тооцно гэж мэдээгүй байсан. Үндсэн 39 000 000 төгрөгийн болон төлбөр төлөх гэрээний 54 000 000 төгрөг төлөхөөр тохирсон. Иймд 54 000 000 төгрөгөөс тооцсон алданги гэх 27 000 000 төгрөгийг төлөх боломжгүй байна. Төлбөр төлөх гэрээний 1.6 дахь заалтыг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58.1.2-т зааснаар төөрөлдсөн байна гэдэг нэхэмжлэл гаргасан. Төлбөр төлөх гэрээгээр 0,5 хувийн алданги тооцно гэдэг заалт байгаа. Үлдэгдэл төлбөр 39 000 000 төгрөг буюу талуудын хооронд харилцан тохиролцсон гэрээгээр 54 000 000 төгрөгөөс нийт алданги 4 500 000 төгрөг буулгаж тохиролцсон байдаг. Тэгэхээр Төлбөр төлөх гэрээний 1.6 дахь заалт нь гэрээнээс төлөөгүй үнийн дүнгээс алданги тооцно гэдэг агуулгатай зохицуулалт хийхээр 39 000 000 төгрөгийнхөө 50 хувийн хүүг хуульд заасан 50 хувьд хүргэхийн тулд уг заалтыг оруулж байгаа юм байна гэдэг агуулгаар ойлгосон. Ийм учраас анх хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээс өөр хэлцэл хийсэн байх тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү... гэв.

 

4. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1-3-р тал/

Хүсэлт /хэргийн 4-5-р тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 6-р тал/

Б.***ын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 7-р тал/

Б.***ын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 8-р тал/

2021.09.17-ны өдрийн Газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 9-15-р тал/

2022.07.04-ний өдрийн Өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 16-19-р тал/

000616878 дугаар Газар өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 20-р тал/

2022.07.04-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 21-23-р тал/

000934606 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 24-р тал/

2022.07.04-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 25-27-р тал/

000279495 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 28-р тал/

2022.07.04-ний өдрийн Төлбөр тооцооны гэрээ /хэргийн 29-31-р тал/

Б.***ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 32-34-р тал/

Хүсэлт /хэргийн 68-р тал/

Итгэмжлэл /хэргийн 69-70-р тал/

Үзлэг хийлгэх хүсэлт, хавсралт /хэргийн 74-82-р тал/ нотлох баримтууд

 

5. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн

Хариу тайлбар /хэргийн 43-р тал/

Хүсэлт /хэргийн 52-р тал/

Сөрөг нэхэмжлэл /хэргийн 56-57-р тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 58-р тал/

Ц.***гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 59-р тал/

2022.07.04-ний өдрийн Төлбөр тооцооны гэрээний хуулбар /хэргийн 60-61-р тал/

Сөрөг нэхэмжлэл /хэргийн 71-73-р тал/

Хүсэлт /хэргийн 96-97-р тал/

 

6. Шүүхээс

2023.05.17-ны өдрийн үзлэг, хавсралт зураг /хэргийн 88-95-р тал/

2023.05.30-ны өдрийн үзлэг /хэргийн 106-107-р тал/ нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...гэрээгээр тохиролцсон хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тул төлбөрийг алдангийн хамт нэхэмжилнэ, сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй төөрөгдсөн талаараа огт мэдэгдэж байгаагүй, хүсэл зоригоо илэрхийлээд гарын үсгээ зурсан... гэж тайлбарласныг,

 

хариуцагч эс зөвшөөрч ...худалдах худалдан авах гэрээний алданги тохиролцсон гэж төөрөгдсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

 2021 оны 09 сарын 17-ны өдөр нэхэмжлэгч нар өмчлөлийн Баянзүрх дүүрэг 5 хороо, *** тоот хаягт байрлах, ***28 дугаар бүртгэлтэй, нэгж талбарын *** дугаартай, 273м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар үл хөдлөх хөрөнгийг 200 000 000 төгрөгөөр, дээрх хаягт байрлах улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, 207м2 талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 80 000 000 төгрөгөөр, мөн дээрх хаягт байрлах улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй 32м2 талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 25 000 000 төгрөгөөр хариуцагчид худалдахаар тохиролцож, хариуцагч урьдчилгаа төлбөр 200 000 000 төгрөг гэрээнд гарын үсэг зурснаар, үлдэх 105 000 000 төгрөгийг 2021.10.31-ны өдөр тус тус нэхэмжлэгч нарт төлөхөөр худалдах худалдан авах гэрээг байгуулагдсан байна. /хэргийн 9-15 дугаар тал/

 

Хариуцагч дээрх гэрээний үнэ буюу төлбөрийг 2021.09.17-ны өдөр 200 000 000 төгрөг, 2022.04.17-ны өдөр 20 000 000 төгрөг, 2022.07.04-ний өдөр 46 000 000 төгрөг нийт 266 000 000 төгрөгийг худалдагч буюу нэхэмжлэгч нарт төлжээ.

 

2021.09.17-ны өдрийн бичгээр байгуулсан дээрх худалдах худалдан авах гэрээний үүрэг үлдэгдэл төлбөр 39 000 000 төгрөгийг хариуцагч гэрээгээр тохиролцсон хугацаанд зохих ёсоор бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй тул талууд харилцан тохирч гэрээний үлдэгдэл төлбөр 39 000 000 төгрөгийг алданги 15 000 000 төгрөг нийт 54 000 000 төгрөгийг 2022.07.31-ний өдрийн дотор төлж барагдуулах, нэхэмжлэгч нар газар болон үл хөдлөх хөрөнгүүдийг төлбөр төлөгчийн эзэмшил өмчлөлд шилжүүлэхээр 2022.07.04-ний өдөр Төлбөр тооцооны гэрээ бичгээр байгуулсан байна. /хэргийн 29-31 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд зохигчид бичгээр байгуулсан худалдах худалдан авах гэрээг дүгнэж дахин шинээр хүсэл зоригоо илэрхийлэн Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д заасан Төлбөр тооцооны шинэ хэлцэл байгуулсан гэж үзнэ.

 

Хариуцагч дээрх Төлбөр тооцооны гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д заасан хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн буюу гэрээний 1.6-д заасан төлбөр төлөгч нь гэрээнд заасан төлбөрийг тохиролцсон хугацаанд төлөөгүй тохиолдолд хуваарийн дагуу төлөгдөөгүй төлбөрийн дүнгийн 0.5 хувиар хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги төлнө гэж заасныг 2021.09.17-ны өдөр байгуулсан Газар үл хөдлөх хөрөнгүүдийг худалдах худалдан авах гэрээний үнэ 39 000 000 төгрөгийн алданги төлөх үүрэг хүлээж байна гэж ойлгосон тул Төлбөр тооцооны гэрээний 1.6 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.

 

Төлбөр тооцооны гэрээний 1.3, 1.4, 1.5-т худалдах худалдан авах гэрээний хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг үлдэгдэл төлбөр 39 000 000 төгрөг, гэрээнд заасан алданги 50 хувиас хэтэрсэн тул харилцан тохиролцож 15 000 000 төгрөг, нийт 54.000.000 төгрөгийг хариуцагч 2022.07.31-ны өдрийн дотор төлнө, энэ төлбөрийг төлөөгүй тохиолдолд гэрээний хариуцлага буюу төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувиар хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги төлнө гэж харилцан тохиролцож хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 

Гэрээний дээрх тохиролцоо, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, түүний утга агуулга ойлгомжтой тодорхой байх бөгөөд хариуцагч төөрөгдсөн талаараа нэхэмжлэгч талд мэдэгдэж байгаагүй, өөрийн тайлбар татгалзалтай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүлээгүй.

 

Хариуцагчийн тайлбар татгалзал сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нь талуудын дээрх тохиролцоо, хүсэл зоригоо илэрхийлсэн гэрээ, нэхэмжлэгч талын цахим шууданд хийсэн үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгчийн тайлбар баримтаар үгүйсгэгдэж байх тул хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийж ноцтой төөрөгдсөн үйл баримт нотлох баримтаар тогтоогдохгүй байна. /хэргийн 16-34, 72-73, 77-82, 88-95 дугаар тал/

 

2022.07.04-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан Төлбөр тооцооны гэрээ Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.1,42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 466 дугаар зүйлийн 466.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж, гэрээний 1.6 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Төлбөр тооцооны гэрээгээр нэхэмжлэгч нар 273м2 газар, 207м2 хувийн сууц, 32м2 хувийн сууц үл хөдлөх хөрөнгүүдийг хариуцагчийн өмчлөлд эзэмшилд шилжүүлэх, хариуцагч дээрх хөрөнгүүдийн үлдэгдэл үнэ нийт 54 000 000 төгрөгийг 2022.07.31-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч нар газар үл хөдлөх хөрөнгүүдийг гэрээний үндсэн дээр хариуцагчийн өмчлөл эзэмшилд шилжүүлж Төлбөр тооцооны гэрээний 1.8-д заасан үүргээ биелүүлсэн бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй.

 

Харин хариуцагч гэрээний 1.5-д заасан төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байгаа ба хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгчийн шаардах эрх талуудын хооронд байгуулсан Төлбөр тооцооны гэрээний 1.3, 1.4, 1.5, 1.6, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 208.4, 232 дугаар зүйлийн 232.3, 232.7, 466 дугаар зүйлийн 466.1, 466.2, 466.6-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас гэрээний үүрэг нийт 81 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Хариуцагч гэрээгээр тогтоосон хугацаанд үүргийг зохих ёсоор бүрэн гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэгч нар гэрээний хариуцлага буюу алданги шаардах эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 562 900 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 427 980 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 562 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 58 дугаар зүйлийн 58.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 232 дугаар зүйлийн 232.7, 466 дугаар зүйлийн 466.2, 466.6-д зааснаар хариуцагч Ц.***гаас гэрээний үүрэг нийт 81 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.***, Б.*** нарт олгож үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, Төлбөр барагдуулах гэрээний 1.6 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 562 900 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 427 980 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 562 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ