Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2023/02316

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2023/02316

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *** тоотод оршин суух, рд:***, Б нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, 1*** тоотод оршин суух, рд:***, Г холбогдох,

 

45 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М түүний өмгөөлөгч Б.С,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш.***хариуцагч Д.***д холбогдуулан 45 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: нэхэмжлэгч Ш.***нь хариуцагч Д.***д холбогдуулан 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шаардлагын үндэслэл нь Ш.***нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн танил болох Д.***той харилцан тохиролцоод түүнд хөрөнгө оруулах зорилгоор нийт 45,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Уг мөнгийг өгөх болсон шалтгаан нь хариуцагч хэлэхдээ *** аймгийн *** хотод 50 хүүхдийн цэцэрлэг барих ажлын зөвшөөрлийг улсаас авсан. Энэхүү ажлыг хийхэд хөрөнгө оруулъя. Хэрэв та надад хөрөнгө оруулах юм бол ашгийнхаа 50 хувийг өгье, 50 хувийг би өрөө авна гэдэг байдлаар тайлбарлаад нэхэмжлэгч Ш.*** мөнгө гуйсан байгаа. Ш.***уг саналыг нь хүлээн аваад 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан байдаг. Гэрээ байгуулахдаа яг хэдэн төгрөгийн хөрөнгө оруулах юм хэдэн хувийг ашиг олох юм. Ямар ямар зүйлд хөрөнгө оруулах талаар нарийн ширийн зүйл ярилгүйгээр ямар ч гэсэн хөрөнгө оруулалт хийж байгаа гэдэг байдлаар баримтаа үзүүлж байсан. Маргааш нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Д.*** нь өөрийн танил гэх Д.*** Ц.*** гэх хоёр хүнтэй нэхэмжлэгч Ш.*** гэрт ирээд та нэгэнт хөрөнгө оруулах болсон юм чинь эхний ээлжид 45,000,000 төгрөг өгөөч, яаралтай ажлаа эхлүүлэх хэрэгтэй байна гээд нэхэмжлэгч Ш.***45,000,000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн байгаа. 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Хөрөнгө оруулалтын гэрээг албан ёсоор батлуулаагүй байсан учраас 2019 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр 45,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгч байгаа. Гэрээ байгуулсан боловч хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт, ямар хугацаатай байгуулахаа нарийн сайн тусгаагүй, нотариатаар гэрчлүүлээгүй учраас би давхар бичиг хийж авч үлдэнэ гээд мөнгө авч байгаа талаар хариуцагч Д.***оор бичүүлж авсан байдаг. Цэцэрлэг барих газар нь ямар ажил хийгдэхгүй, Д.*** нь 45,000,000 төгрөгийг хувьдаа ашиглаж байна гэх зүйлсийг Ш.***сонсоод өөрөөс нь асуухад  яг одоо ажлаа эхлэх боломжгүй байна. Удахгүй ажлаа эхэлнэ гэдэг шалтаг шалтгаан хэлж 2020 оны эхэн хүртэл хэлж байсан. 2020 он гарч Ш.***Д.***оос ажил юу болж байна гэж асуухад Д.*** удахгүй эхлэн гэдэг л хариугаа өгч байсан. 2020 оны эхээр ковидын үе эхэлж иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ажил эрхлэх хэцүү болоод цэцэрлэг барих ажил өнөөдөр эхлээгүй юм чинь цаашдаа эхлэх боломжгүй юм байна гэж үзээд цаашид хөрөнгө оруулах итгэлгүй болж энэ талаараа Д.***д хэлж 45,000,000 төгрөгөө буцааж авъя гэсэн боловч өнөөдөр гаргаж өгөх 45,000,000 төгрөг байхгүй байна. Та тодорхой хугацаа өгөөч гээд хугацааг хойшлуулж байсан. 2020 оны эхэн үед цэцэрлэг барина гэсэн боловч ямар ч цэцэрлэг баригдаагүй. 45,000,000 төгрөгөөс ямар мөнгө Д.*** Ш.*** өгөөгүй байсан учраас Ш.***45,000,000 төгрөгөө буцаан нэхэмжилж байгаа. Шүүхэд хандъя гэсэн боловч тухайн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр болон 09 дүгээр сарын 20-ний өдөр байгуулсан гэрээ олдохгүй явсаар байгаад хугацаа алдаад сүүлд 2019 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр Ш.*** 45,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн өгсөн гэдэг бичгээ олоод 2022 оны 09 дүгээр сард нэхэмжлэлээ гаргасан. Иймд 45,000,000 төгрөгийг Д.***оос гаргуулж нэхэмжлэгч Ш.*** олгож өгнө үү гэж хүсэж байна... гэв.

 3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: ... Хариуцагч Д.*** нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ хэргийг урд нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцээд Д.***ыг хариуцагч биш байсан гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүх дээрээс хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоо гэдэг үндэслэлээр хэргийг дахин хянан хэлэлцэж байна. Энэ хугацаанд тус шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу хэрэгт ирээгүй баримтууд ирсэн байгаа. 2019 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр 45,000,000 төгрөгийг Ш.*** авсан гэдэг гарын үсэг зурж, *** ХХК-ийн авсан хэлцэл байгаа. Үнэн бодит байдал дээр аваагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа. Аваагүй гэдгээ нотлох шинэ баримт уг хэрэгт ирсэн. Голомт банк ХХК-аас баримт ирсэн байгаа. Голомт банк ХХК-ийн баримтад 1605163700 тоот дансны эзэмшигч нь Б.*** /РД:***/-дугаартай байна. Дансны гүйлгээний хуулгыг хүргүүлэв гээд албан бичгийн хамт уг тоот дансны 2019 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн дансны хуулга иржээ. Дансны хуулга дээр Ш.Бат-Ирээдүй  өгсөн гэх 45,000,000 төгрөгийг уг компанийн хувьцаа эзэмшигч тухайн өдөр мөнгө хүлээлгэж өгөхөд байлцсан. Б *** гэх этгээд бэлнээр авч яваад 09 дүгээр сарын 20-ний өдөр Голомт банкны өөрийн 1605163700 дансанд хийжээ. Энэ дансанд 43,800,000 төгрөгийг хийсэн байх ба тухайн өдрөө 1,000,000 төгрөгийг Д.*** руу 800,000 төгрөг Сэлэнгэ Хаан банк руу, 33,000,000 төгрөгийг н.Сарангэрэл рүү, 3,000,000 төгрөгийг Хаан төв банк руу, 3,000,000 төгрөгийг нь Хаан төв банк руу, 2,960,000 төгрөгийг Хаан төв банк руу нийт орлого 43,800,000 төгрөгөөс 43,761,900 төгрөгийг зарлагджээ. Ийм баримт урд нь ирээгүй байсан учраас Д.***ын энэ мөнгийг аваагүй. Гэрч *** ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.*** авсан би аваагүй гэдэг банкны нэхэмжлэл нотлогдож байгаа юм. Тийм учраас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлгүй гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

4. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1,2 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/

Ш.Бат-Ирээдүйгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 4 дүгээр тал/

Итгэмжлэл /хэргийн 5 дугаар тал/

Гар бичмэл /хэргийн 6 дугаар тал/

Хүсэлт /хэргийн 12, 13, 27, 28, 133, 134 дугаар тал/

Хувьцаа эзэмшигч гишүүний талаарх лавлагаа /хэргийн 21 дүгээр тал/

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 23, 24 дүгээр тал/

Төрөл садангийн лавлагаа /хэргийн 42 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд

 

5. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн

Итгэмжлэл /хэргийн 14 дүгээр тал/

Хариу тайлбар /хэргийн 15 дугаар тал/

Тайлбар /хэргийн 35-40 дүгээр тал/

Хүсэлт /хэргийн 41 дүгээр тал/

Д.***ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 43, 44 дүгээр тал/

Д.***ын Хас банкны дансны хуулга /хэргийн 45-51 дүгээр тал/

Х.Сарангэрэлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 52-56 дугаар тал/

Утсаар ярьсан тэмдэглэл /хэргийн 57-60 дугаар тал/

Хүсэлт /хэргийн 81, 103, 126, 148 дугаар тал/

 

 

6. Шүүхээс

Хууль сануулсан баримт, гэрч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа гэрч асуусан тэмдэглэл /хэргийн 66-77 дугаар тал/

Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаа /хэргийн 144, 145 дугаар тал/

Х.С Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 147 дугаар тал/

Б.***ын Голомт банкны дансны хуулга /хэргийн 153 дугаар тал/ нотлох баримтуудыг тус тус шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...цэцэрлэг барих ажилд хөрөнгө оруулж хамтран ажиллахаар 45 000 000 төгрөг хүлээлгэн өгсөн боловч гэрээ хэрэгжээгүй тул мөнгөө буцаан гаргуулна... гэж тайлбарласныг,

 

хариуцагч эс зөвшөөрч ... хамтран ажиллахаар тохиролцсон ямар нэг мөнгө аваагүй... гэж маргаж байна.

 

 Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ш.***хариуцагч Д.***ын хэрэгжүүлэх *** аймгийн *** хотод баригдах 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэх төсөлд хөрөнгө оруулж, ашгаа 50:50 хувиар хувааж авч хамтран ажиллахаар харилцан тохирч 2019 оны 09 сарын 20-ны өдөр бэлнээр 45 000 000 төгрөг өгсөн нь

 

- хариуцагч *** аймгийн *** хотод 50 хүүхдийн цэцэрлэг барих ажлын зөвшөөрлийг улсаас авсан. Хэрэв та надад хөрөнгө оруулах юм бол ашгийнхаа 50 хувийг өгье, 50 хувийг би өрөө авна гэдэг байдлаар тайлбарлаад нэхэмжлэгч Ш.*** мөнгө гуйсан байгаа. Ш.***уг саналыг нь хүлээн авсан. 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Д.*** нь өөрийн танил гэх Д.*** Ц.*** гэх хоёр хүнтэй нэхэмжлэгч Ш.*** гэрт ирээд та нэгэнт хөрөнгө оруулах болсон юм чинь эхний ээлжид 45,000,000 төгрөг өгөөч, яаралтай ажлаа эхлүүлэх хэрэгтэй байна гээд нэхэмжлэгч Ш.***45,000,000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн байгаа... гэх нэхэмжлэгчийн тайлбар,

 

- ...2019.09.20-ны өдөр Ц.*** ах, Д.*** бид 3 хамт очиж Д.*** цэцэрлэгт хөрөнгө оруулалт хийгээд хамтарч ажиллая гээд Ш.*** бэлнээр 45 000 000 төгрөг авсан, мөнгийг компаниараа биш ганцаараа авсан.. гэх гэрч Б.***ын мэдүүлэг /хэргийн 70-72 дугаар тал/,

 

- ...хэргийн 6 дугаар хуудаст байгаа баримтыг Д.*** өөрийн гараар бичсэн, би энэ үед байсан. Д.*** найзтайгаа яриад ажил авна гэж байсан. Тэр ажил нь *** хотод барих хүүхдийн цэцэрлэг байсан. Түүнийг авахын тулд ямар нэгэн урьдчилж мөнгө өгөх шаардлагатай байна гээд энэ асуудал үүссэн. 45 000 000 төгрөг авч байхад би хажууд нь байсан. Энэ ажил компани ороогүй, найзтайгаа ганцаараа орно гэж байсан... гэх гэрч Ц.***гийн мэдүүлэг /хэргийн 73-75 дугаар тал/,

 

- ...*** аймгийн *** суман дах 50 хүүхдийн цэцэрлэгийн ажилд Ш.***хөрөнгө оруулж байсан талаар ярьж байсан... гэх гэрч Д.Б мэдүүлэг /хэргийн 76 дугаар тал/,

 

- .../.*** аймгийн *** сумын төвд баригдах 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын төслийн санхүүжилтийг иргэн Ш.*** гаргуулж байгаатай холбоотойгоор уг төслийн санхүүжилтийн хяналтыг хөрөнгө оруулагч талын давуу эрхтэйгээр хянан оролцохыг зөвшөөрч байна.Уг хяналтыг хийхэд хас банкны online application-ийг ашиглаж болно. 2019 оны 09 сарын 19-ны өдрийн 2019/ өдрийн дугаартай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар тохиролцов.

//. 2019.09.20-ны өдөр 45 000 000 /дөчин таван сая/ төгрөг хүлээн авлаа... гэх утга бүхий Д.г гарын үсэг зурж, *** ХХК гэсэн бичилт бүхий тамгатай бичгийн баримт /хэргийн 6 дугаар тал/ нотлох баримтуудаар тус тус тогтоогдож тогтоогдож байна.

 

Энэ нь талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Гэрч нарын ...хэргийн 6 дугаар талд авагдсан 45 000 000 төгрөг бэлнээр авсан утга бүхий бичгийг хариуцагч өөрөө бичиж гарын үсэг зурсан, хөрөнгө оруулж хамтран ажиллахаар тохиролцсон... гэх мэдүүлгийг хариуцагч үгүйсгэж маргаагүй.

 

Хариуцагчийн ...*** хотод ямар нэг төслийн ажил хийгээгүй, энэ төсөл цуцлагдсан гэдгийг хариуцагч өөрөө тайлбарлаж хэлсэн... гэх шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хэргийн 6 дугаар талд авагдсан бичгийн баримтад заасан талуудын харилцан тохиролцсон хамтран ажиллах төслийн ажил хэрэгжээгүй, хэлцэл тохиролцоо дуусгавар болсон гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн ... хөрөнгө оруул хамтран ажиллахаар 45 000 000 төгрөгийг хариуцагчид бэлнээр өгсөн... гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тайлбар нь дээр дурдсан хэргийн 6 дугаар талд авагдсан бичмэл баримт, гэрч Б.***, Ц.*** нарын мэдүүлэг баримтуудаар давхар нотлогдож байна.

 

Харин хариуцагчийн мөнгө аваагүй гэх тайлбар татгалзал үндэслэл бүхий эргэлзээгүй үнэн зөв баримтаар хангалттай нотлогдохгүй байна.

 

Тодруулбал

 

Хариуцагч 2022.11.01-ны өдрийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа ...компанийн авсан төсөлд хөрөнгө оруулалт хэлбэрээр өгнө гэж байсан мөнгөө тэр оройдоо Ц.***, Б.*** нарт өгсөн..., шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Д.***д өгөхөөс гадна хуурай дүү Д.***д өгөх магадлал өндөр, энэ их мөнгө 45 000 000 төгрөгийг Д.***ын данснуудад огт ороогүй, *** ХХК-д өгсөн байх магадлалтай, мөнгө авч гарч ирээгүйг гэрч Д.Б мэдүүлгээр гэрчилнэ... гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагчийн ...Ц.***, Д.*** нарт мөнгө өгсөн. Ш.***өөрийн дүү Б.***даа өгч явуулаад Д.*** өөрийн дансанд хийсэн, *** ХХК-д өгсөн байх магадлалтай ... гэх тайлбар татгалзал нотлох баримтаар нотлогдоогүй, хэрэгт авагдсан дээрх бичмэл болон гэрч нарын мэдүүлэг баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Мөн гэрч Д.Б ...ахыгаа тэр айлын үүдэнд хүргэж өгч буулгасан, гарч ирэхдээ бор ууттай мөнгө барьж гарч ирээгүй... гэх мэдүүлэг гэрч Б.***ын ...Ц.*** ах, Д.*** бид 3 хамт явж байгаад тэнд яригдаад тэндээсээ явсан, миний машинтай явсан, Д.Б байгаагүй худлаа, бор цаасан ууттай 45 000 000 төгрөг өгсөн... гэх мэдүүлэг, гэрч Ц.***гийн ...Д.*** өөрөө бичиг хийж өгөөд ууттай бэлнээр мөнгө авсан, мөнгийг З*** хэддүгээр хороог нь сайн мэдэхгүй байна. Зайсан старын 3,4 давхарт байсан гэрээс нь очиж авсан, Ш.*** эхнэр, Б.***, Д.*** бид хэд байсан... гэх мэдүүлэг баримтаар үгүйсгэгдэж байна.

 

Хариуцагч бэлнээр мөнгө аваагүй, Д.***ын дансанд ямар ч мөнгө ороогүй гэх боловч хэрэгт авагдсан дээрх гэрч нарын мэдүүлэг болон хэргийн 6 дугаар талд авагдсан бичмэл нотлох баримтуудаар хариуцагч нэхэмжлэгчээс бэлнээр 45 000 000 төгрөг авсан үйл баримт тогтоогдож байгаа тул хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.

 

Зохигчид цэцэрлэг барих төслийн ажилд хөрөнгө оруулж хамтран ажиллахаар тохиролцож, нэхэмжлэгч 45 000 000 төгрөгийг хариуцагчид бэлнээр хүлээлгэн өгсөн боловч төсөл хэрэгжээгүй хэлцэл дуусгавар болсон, хариуцагч мөнгийг нэхэмжлэгчид буцаан өгөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэргийн 6 дугаар талд авагдсан бичмэл нотлох баримт, гэрч Б.***, Ц.*** нарын мэдүүлэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас 45 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Гэрч Б.***ын эзэмшлийн дансанд 2019.09.20-ны өдөр 43 800 000 төгрөг гүйлгээний утга өдрийн орлого гэх хэргийн 153 дугаар талд авагдсан Голомт банкны дансны хуулга баримтаар хариуцагч ...Ш.***өөрийн дүү Б.***даа өгч явуулаад Д.*** өөрийн дансанд хийсэн үйл баримт тогтоогдож байна... гэх боловч хариуцагчийн ...Ш.***өөрийн дүү Б.***даа өгсөн явуулсан, Б.*** өөрийн дансандаа хийсэн... үйл баримт, тайлбар хэргийн бусад баримтаар эргэлзээгүй үнэн зөв хангалттай нотлогдохгүй байгааг дурьдах нь зүйтэй.

 

Хариуцагч Д.*** 2019.02.11-2019.09.26-ны өдөр хүртэл хугацаанд *** ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажил үүргийг гүйцэтгэж байсан нь хуулийн этгээдийн лавлагаа баримтаар тогтоогдож байгаа, 2019.09.20-ны өдрийн бичмэл нотлох баримтад хариуцагч тамга дарсан талаар зохигчид маргаагүй, мөн төслийн ажлыг компаниараа бус ганцаараа найзтайгаа хэрэгжүүлэхээр ярьж байсан талаарх гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 382 950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтоов.

 

2022.08.23-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгчээс Б.М, 2022.09.16-ны өдрийн итгэмжлэлээр хариуцагчаас Б.Э Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 5,14 дүгээр тал/

  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч Д.***оос 45 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.*** олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 382 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ