Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2023/02895

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, *** овогт ***-ийн ***,

 

Хариуцагч: *** тоотод оршин суух, *** овогт ***-ын ***,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 160,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогч:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э***,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц***

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х***,

хариуцагчийн өмгөөлөгч Б.Х***

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Г.***д холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд: 2021 оны 2 сарын 25-ны өдөр С.*** болон *** ХХК-ийн захирал Г.*** нар нь Өр авлагын гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр С.*** нь *** тоот хаягт байрлах 71,05 м.кв байрыг 100,000,000 төгрөгөөр ***т шилжүүлэх, мөн *** маркийн *** улсын дугаартай экскаваторыг 2019 оны 05 сарын 01-ээс 2019 оны 10 сарын 01 хүртэл 80,000,000 төгрөгөөр *** ХХК-д түрээслэхээр тохиролцож гэрээ байгуулсан бөгөөд гэрээний нийт үнийн дүн 180,000,000 төгрөг болно. Гэрээний төлбөрийг Г.*** нь өөрийн эзэмшлийн *** маркийн *** улсын дугаартай экскаваторыг 2021 оны 4 сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл бусдад түрээслүүлж барагдуулахаар тохиролцсон бөгөөд гэрээний урьдчилгаа 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд 160,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болно. 2021 оны 2 сарын 25-ны өдрийн Өр авлагын гэрээгээр *** тоот хаягт байрлах 71,05 м.кв байрыг 100,000,000 төгрөгөөр ***т шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд ийнхүү тохиролцсоны үндсэн дээр *** нь уг орон сууцыг Хас банкны барьцаанд тавьж зээл авсан билээ. Мөн Өр авлагын гэрээ-ний 2.2-т гэрээгээр тохирсон авлагыг С.*** нь *** маркийн *** улсын дугаартай экскаваторын түрээсийн төлбөрөөр суутгаж дуусаагүй тохиолдолд үлдэгдэл төлбөрийг *** ХХК-ийн захирал Г.***гээс нэхэмжлэх, 3.5-т Г.*** нь иргэн С.***т өглөгийг бүрэн барагдуулах үүргийг хүлээхээр тохиролцсон. Тус гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болох 160,000,000 төгрөгийг Г.***гийн эзэмшлийн *** маркийн *** улсын дугаартай экскаваторын түрээсээр барагдуулаагүй бөгөөд хариуцагч Г.*** нь тус экскаваторын түрээсийн төлбөрийг С.***т шилжүүлж байгаагүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс *** ХХК-ийн захирал Г.***г гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй болно. Тиймээс 2021 оны 2 сарын 25-ны өдрийн Өр авлагын гэрээ-ний үлдэгдэл төлбөр 160,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй тухайд. Нэхэмжлэгч С.***той Иргэний хуулийн 243.1-т заасны дагуу үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний харилцаанд оролцоогүй учир тус гэрээний үүргийг биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхгүй байна. Өөрөөр хэлбэл талуудын хооронд маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ хэлцэл хийгдээгүй болно. Иргэний хуулийн 110.1-т заасны дагуу үл хөдлөх хөрөнгийг худалдсан тохиолдолд өмчлөх эрхийг шинэ өмчлөгчийн нэр дээр шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байхыг шаарддаг. Нэхэмжлэгч нь энэхүү маргаан бүхий орон сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн, шилжүүлэхээр тохиролцсон үйл баримт байхгүй болно. *** маркийн *** улсын дугаартай экскаваторыг түрээслэсэн харилцаа үүсээгүй тухайд. Нэхэмжлэгч нь 2019 оны 5-р сарын 01-ний өдрөөс 2019 оны 10-р сарын 01-ний өдөр хүртэл 80,000,000 төгрөгөөр *** маркийн *** улсын дугаартай экскаваторыг *** ХХК-д түрээслэхээр амаар ярилцаж байсан боловч нэхэмжлэгч нь уг экскаваторыг хариуцагчид шилжүүлж өгөөгүй тул түрээсийн харилцаа үүсээгүй бөгөөд түрээсийн төлбөр болох 80,000,000 төгрөгийг төлөхийг шаардах үндэслэлгүй болно. Өр авлагын гэрээгээр талуудын хооронд өмнө нь үүссэн тодорхой нэг гэрээний харилцааны үндсэн дээр шаардах эрх үүссэн байхыг шаардах бөгөөд талуудын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах, тоног төхөөрөмж түрээслэх зэрэг аль ч харилцаа үүсээгүй бөгөөд хэрэгт хавсаргагдсан өр авлагын гэрээ нь хэрэгжих боломжгүй, хэн нэгэнд шаардах эрхийг үүсгээгүй, зөвхөн цаасан дээрх хэлцэл болно. Иймд нэхэмжлэгчийн 160,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, итгэмжлэл /хх 5, 34/, Өр авлагын гэрээний хуулбар /хх 6-8/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *** дугаар шийдвэр /хх 50-56/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *** дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, *** дугаар гүйцэтгэх хуудас /хх 57-60/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хх 61/, Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол /хх 62/,

 

4. Хариуцагч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх 10, 19/, хариу тайлбар /хх 15/,

 

5. Шүүхээс дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: хариуцагчийн хүсэлтээр *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...2021 оны 2 сарын 25-ны өдөр С.*** болон *** ХХК-ийн захирал Г.*** нар нь Өр авлагын гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр С.*** нь *** тоот хаягт байрлах 71,05 м.кв байрыг 100,000,000 төгрөгөөр ***т шилжүүлэх, мөн *** маркийн *** улсын дугаартай экскаваторыг 2019 оны 05 сарын 01-ээс 2019 оны 10 сарын 01 хүртэл 80,000,000 төгрөгөөр *** ХХК-д түрээслэхээр тохиролцож гэрээ байгуулсан бөгөөд гэрээний нийт үнийн дүн 180,000,000 төгрөг болно. ...гэрээний урьдчилгаа 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд 160,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч Г.***гийн зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн ба татгалзлаа ...Өр авлагын гэрээгээр талуудын хооронд өмнө нь үүссэн тодорхой нэг гэрээний харилцааны үндсэн дээр шаардах эрх үүссэн байхыг шаардах бөгөөд талуудын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах, тоног төхөөрөмж түрээслэх зэрэг аль ч харилцаа үүсээгүй гэсэн агуулгаар тайлбарлав.

 

4. З , аар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр нэг талаас *** ХХК-ийг төлөөлж Г.***, нөгөө талаас С.*** Өр авлагын гэрээ байгуулжээ. Уг гэрээний зорилгыг талууд ...*** ХХК-ийн захирал Г.***гээс иргэн С.***ын *** тоот хаягт байрлалтай 71,05 м.кв байрны үлдэгдэл төлбөр, мөн *** маркийн *** улсын дугаартай экскаваторын түрээсийн төлбөр гэх мэт авлагыг, *** ХХК-ийн захирал Г.***гийн эзэмшилд байгаа *** маркийн *** улсын дугаартай экскаваторыг бусдад түрээслүүлж түрээсийн орлогоор авлагыг барагдуулахад талуудын хооронд үүсэх харилцаа, эрх үүрэг, хүлээх хариуцлагыг зохицуулахад оршино гэж тодорхойлсон байна.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5-т Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна гэж заасан бөгөөд 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан гэрээг талууд Өр авлагын гэрээ гэж нэрлэсэн хэдий ч гэрээний агуулгыг хэрэг цугларсан баримтууд, зохигчийн тайлбартай харьцуулан судлахад дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч С.*** болон хариуцагч *** ХХК-иудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан Түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

4.2. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Зохигчид 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Өр авлагын гэрээ байгуулагдсан эсэх, мөн гэрээг хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй. Хариуцагч нь гэрээний нэг тал биш гэрээний дагуу үүрэг хүлээхгүй гэж маргасан.

 

Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан ба нэхэмжлэгч нь хариуцагчаар Г.***г тодорхойлсон.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дүгээр зүйлийн 27.1-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн хариуцагч хамтран оролцож болно. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар *** ХХК-ийг оролцуулсан хүсэлтээсээ татгалзсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.*** нь хариуцагч *** ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно.

 

4.3. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан ба 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Өр авлагын гэрээ-гээр нэхэмжлэгчийн өмнө *** ХХК үүрэг хүлээсэн байх тул дээрх гэрээний үүргийг хариуцагч Г.***гээс шаардсан нь үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч Г.***д холбогдох С.***ын 160,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 958,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.*** нь хариуцагч *** ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.***гээс 160,000,000 төгрөг гаргуулах тухай С.***ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 958,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН