Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2023/02938

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *** өөрийн байранд оршин байх, *** ХХК /РД:***/

 

Хариуцагч: *** тоотод оршин суух *** ургийн овогт ***-ын *** /рд:***/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 11,000,642.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н***,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.М***,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анударь нар оролцов.

/Хариуцагчаас өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт ирүүлсэн/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч С.***ээс 11,000,642.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав.

Үүнд: *** овогтой *** нь 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр тус банктай *** дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 7,900,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээ зориулалтаар зээл авсан. *** дугаартай зээлийн төлөлтөд үндсэн зээл 1,104,554.92 төгрөг, хүүд 543,284.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,001.98 төгрөг төлсөн байна. С.*** нь *** дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд нэхэмжлэл гаргах 2023 оны 6-р сарын 23-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 1087, зээлийн үлдэгдэл 6,795,445.08 төгрөг, хүү 3,738,512.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 466,684.44 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 11,000,642.35 төгрөг. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 11,000,642.35 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие 2020.01.08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 7,900,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай авсан. Одоо надаас үндсэн зээл 1,104,544.92 төгрөг, хүүд 543,284.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,001.98 төгрөг төлсөн боловч 2020 оны 9-р сарын 28-ны өдрөөс эхлэн ажлаас халагдсан. 2020 оны 8-р сард жирэмсэн болсон. 2021 оны 4-р сард төрсөн. Одоо хүү маань 2 настай. Хүүхдээ хараад гэртээ ажилгүй байгаа. Үүнээс гадна ковидын нөхцөл байдал тус тус нөлөөлсөн. 2019 онд авто осолд орж нуруугаа хугалсан, эдгээр шалтгаан нөхцөл байдлаас болж төлөлт хийх боломжгүй болсон. Одоогийн нөхцөл байдалд дээрх амьдралын бэрхшээл нөлөөлж төлөлтөө хийж чадахгүй байгаа байдлуудыг харгалзан үзээд хүү, нэмэгдүүлсэн хүүг бууруулж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Нэхэмжлэл /хх1-2/, итгэмжлэл /хх 3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх4/, ***ны Хариуцсан захирлын тушаал /хх 6/, ***ны гүйцэтгэх захирлын тушаал /хх 7-8/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 9/, барьцаат зээлийн гэрээ, хавсралт /хх 10-16/, ***ны С.***ийн *** тоот дансны хуулга /хх 17-18/, Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол /хх 39/,

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 25-26/, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын тушаал /хх 40/, төрсний гэрчилгээний хуулбар /хх 41-42/,

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэг талаас *** ХХК, нөгөө талаас С.*** нар 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр №*** тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс өрхийн хэрэглээний зориулалтаар 7,900,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 1.5 хувь, жилийн 18 хувийн хүүтэй зээлжээ. Мөн зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараагийн өдрөөс эхлэн төлөөгүй үндсэн төлбөрийн дүнгээс гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцохоор харилцан тохирсон байна.

 

2. Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т ...зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.

 

3. 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч С.***т холбогдуулж 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр №*** тоот Барьцаат зээлийн гэрээ-ний үүрэгт үндсэн зээл 6,795,445.08 төгрөг, зээлийн хүү 3,738,512.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 466,684.44 төгрөг, нийт 11,000,642.35 төгрөг гаргуулах шаардлагыг гарган шүүхэд хандсан.

 

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ ...С.*** нь *** дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн ...Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа... Зээлийн гэрээ болон хуульд зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн гэж тайлбарласан.

 

4. Дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв. Үүнд:

 

Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.

 

Харин гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэйг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр байх учир нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй.

 

Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн талаар маргаагүй. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, Барьцаат зээлийн гэрээ-ний 8 дугаар зүйлийн 8.2, 8.2.1 дэх хэсгүүдэд зааснаар зээлдүүлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй ба нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардсан нь хууль зөрчөөгүй.

 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Талууд дээрх гэрээг байгуулсан болон зээлийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх бөгөөд хариуцагч талаас гэрээний үүргийг шаардах эрхтэй, хариуцагч хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй болно.

 

Хариуцагч зээл хүлээн авсан болон зээлийн тооцоолол, хэмжээн дээр маргаагүй. Ийм учир хариуцагчаас 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн №*** тоот Барьцаат зээлийн гэрээ /хэрэглээний зээл/-ний үүрэгт үндсэн зээл 6,795,445.08 төгрөг, зээлийн хүү 3,738,512.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 466,684.44 төгрөг, нийт 11,000,642.35 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд нийцнэ.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,960.28 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.***ээс 190,960.28 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч С.***ээс 11,000,642.35 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,960.28 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.***ээс 190,960.28 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН