Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/01918

 

 

 

 

2023 11 01 210/МА2023/01918

 

 

Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2023/02938 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Уранчимэгт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 11,000,642,35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мандухай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

С.Уранчимэг нь 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр тус банктай 1160048983 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 7,900,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээ зориулалтаар зээл авсан. Зээлийн төлөлтөд үндсэн зээл 104,554.92 төгрөг, хүүд 543,284.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,001.98 төгрөг тус тус төлсөн. Хариуцагч зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, 1087 хоногийн хугацаа хэтэрсэн. Иймд зээлийн үлдэгдэл 6,795,445.08 төгрөг, хүү 3,738,512.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 466,684.44 төгрөг, нийт 11,000,642.35 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Миний бие үндсэн зээл 1,104,544.92 төгрөг, хүүд 543,284.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,001.98 төгрөг төлсөн. 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн ажлаас халагдсан,хүүхдээ хараад гэртээ ажилгүй байдаг. Үүнээс гадна ковидын байдлаас болж төлөлт хийх боломжгүй болсон. Одоогийн нөхцөл байдалд дээрх байдлыг харгалзан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бууруулж өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч С.Уранчимэгээс 11,000,642.35 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,960,28 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Уранчимэгээс 190,960,28 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн өмгөөлөгч Б.Мандухайгийн давж заалдах гомдлын агуулга:

С.Уранчимэг нь зээлийн гэрээний үүрэгт 1,104,554.92 төгрөг, хүүд 543,284.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,001.98 төгрөг төлсөн боловч 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн ажлаас жирэмсний амралттай үеэр үндэслэлгүйгээр халагдсан. Үүнээс гадна ковидын нөхцөл байдал нөлөөлж 2019 онд авто осолд орсон маань сэдэрч нуруу байнга өвдөн энэ нөхцөл байдлаа Хас банкинд мэдэгдэж байсан гэж тайлбарладаг. Мөн тэдний хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зааснаар зээлдэгч нь зээлийн хүү болон хэсэгчлэн төлөх үндсэн зээлийн төлөх хугацааг удаа дараа хэтрүүлсэн бол үүргийн зөрчил гаргасан гэж үзэн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй бөгөөд зээлдэгч нь өөрөөс шалтгаалахгүй нөхцөл байдал үүсэж энэ талаар мэдэгдсээр байхад шүүхэд шаардах эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлэхгүй байгаа байдал нь хариуцагч буюу хэрэглэгчийн эдийн засгийн нөхцөл байдлыг илэрхий дордуулсан гэж үзэж байна. Иймд зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож үлдэх хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргаж байгаа гомдол үндэслэлгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагч талын давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

2.Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч С.Уранчимэгт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 6,795,445.08 төгрөг, хүү 3,738,512.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 466,684.44 төгрөг, нийт 11,000,642,35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нь үндсэн зээлийн дүнг зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргаж, үлдэх шаардлагыг ажлаас халагдсан, эрүүл мэндийн байдал болон Ковид-19 цар тахлын улмаас шалтгаалан зээл төлөх боломжгүй болсон гэх үндэслэлээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж маргажээ.

 

3.Зээлдүүлэгч Хас банк ХХК, зээлдэгч С.Уранчимэг нарын хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1160048983 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 7,900,000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийн төлбөрийг гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл, түүний хүүгийн хамт буцаан төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх 10-12/ Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

4.Зээлдүүлэгч 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэрээний 2.8-д зааснаар зээлдэгч С.Уранчимэгийн Хас банк дахь 1160048983 тоот данс руу 7,900,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтад талууд маргаангүй. Зээлдэгч зээлийн үүргээс 1,649,841.46 төгрөг төлсөн, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс зээл төлөх үүргээ зөрчсөн болохыг зохигчийн тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоож, нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч С.Уранчимэгээс зээлийн үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

5.а.Нэхэмжлэгч тал гэрээний 6.2-т заасны дагуу гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар зээл, зээлийн хүү тооцон хариуцагчаас 11,000,642 төгрөг гаргуулахаар шаардаж буй нь хууль зөрчөөгүй байна.

Тодруулбал, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зээл төлж дуусах хүртэл хугацаанд хүү тооцохоор заажээ.

Хариуцагч 2020 оны 7 дугаар сараас гэрээний үүргээ зөрчсөн үйл баримт тогтоогдсон. Уг үүргийн зөрчилтэй холбогдон нэхэмжлэгч нь талуудын гэрээнд заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй боловч эрхээ хэрэгжүүлээгүйд буруутгаж, гэрээгээр тогтоосон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс хариуцагч нарыг чөлөөлөх хуулийн үндэслэлгүй болно.

 

5.б.Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 дугаар тогтоолын 8-д банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар заажээ.

6.Хариуцагч С.Уранчимэг нь нэхэмжлэгч Хас банк ХХК-д дээрх тогтоолд заасан журмын дагуу хүсэлт гаргаагүй байна. Мөн хариуцагч нь зээлийн хуримтлагдсан өртэй байсан учир Засгийн газрын тогтоолд хамрагдаагүй, цар тахалтай холбоотой гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, зээлийн төлбөрөө төлж болох агуулгатай шаардлага тавьж байсан гэх нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хариуцагч тал үгүйсгээгүй байна.

 

7.Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзээд хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийн заалтад тус тус нийцсэн.

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг хэрэглэн, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлгүй тул энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2023/02938 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас урьдчилан 190,960.28 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД  Э.ЗОЛЗАЯА

 

Ч.ЦЭНД