Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2023/03047

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, *** овогт ***-ийн *** /рд:***/

 

Хариуцагч: *** тоотод оршин суух, *** овогт ***-ын *** /рд:***/

 

Хариуцагч: ***, өөрийн байранд байрлах, *** ХХК /рд:***/

 

Нэхэмжлэлийн шаардлага: 483,934,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б***, Н.А***

Хариуцагч М.Б***-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т***

Хариуцагч *** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н***

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анударь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч М.***, *** ХХК-иас 483,934,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгчийн зүгээс дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Миний бие М.***тэй 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Зээлийн гэрээг байгуулан 460,890,000 төгрөгийг бэлнээр зээлсэн. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгийг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор хэсэгчилсэн байдлаар буюу 2022 оны 1-р сарын 28-ны өдөр 138,267,000 төгрөг, 2022 оны 3-р сарын 15-ны өдөр 60,000,000 төгрөг, 2022 оны 4-р сарын 15-ны өдрийн 60,000,000 төгрөг, 2022 оны 5-р сарын 15-ны өдөр 60,000,000 төгрөг, 2022 оны 6-р сарын 15-ны өдрийн дотор 142,623,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж заасан. Миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж мөнгийг бэлнээр хүүгүйгээр зээлдүүлсэн боловч зээлдэгч М.*** нь миний түүнд хүлээлгэсэн итгэлийг алдаж гэрээгээр тохирсон хугацаанд зээлийн өр төлбөрийг төлөөгүй бөгөөд гэрээний хугацаанд 138,267,000 төгрөгийн төлөлтийг хийсэн. Зээлдэгчид удаа дараа шаардлага хүргүүлсэн, холбогдсон бөгөөд зээлийн төлбөрийг төлнө гэсэн боловч өнөөг хүртэл тодорхой үр дүн гаргахгүй, төлөлтийг хийхгүй намайг санхүүгийн хувьд ихээхэн хохироосоор байна. М.*** нь хамгийн сүүлд 2022 оны 9 дүгээр сарын 13-нд уулзахдаа зээлийн өр төлбөрийг, алдангийн хамт төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа талаараа баталгаа гаргасан ба ингэхдээ зээлийн төлбөрийг өөрөө болон өөрийн эгчийн хамт үйл ажиллагааг нь явуулдаг *** ХХК-иар хамтран үүргийг гүйцэтгэхийг баталгаажуулан 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлбөрийг төлнө гэсэн боловч мөн үр дүн гарсангүй, хугацаа авсан. ***-ийн авсан зээл нь 2022 оны 12-р сарын 15-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээл 322,623,000 төгрөг, 180 хоногоор үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс нэг хоногийн алдангийг тооцоход 1,613,115 төгрөг болж байгаа ба Иргэний хуулийн алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтрэхгүй гэсэн зохицуулалтын дагуу 161,311,500 төгрөгийн алдангийг тооцон нэхэмжлэх эрхтэй байна. Иймд хариуцагч М.*** болон *** ХХК-иас зээлийн үндсэн төлбөрт 322,623,000 төгрөг, алданги 161,311,500, нийт 483,934,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *** ХХК-иас хариу тайлбартаа: Иргэний хуульд заасан агуулгаас харвал үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэхгүй гэдэг нь тодорхой болсон бол үүрэг гүйцэтгэгч нөхөх хариуцлагыг хүлээдэг. Түүнчлэн үүргийн эрх зүйн харилцаа бодитойгоор үүсч, хууль зүйн үр дагавар үүсгэсэн бол баталгааны дагуу үүрэг хүлээхээр болдог. Гэтэл Б.*** нь М.***д мөнгөн төлбөр шилжүүлсэн зүйл байдаггүй ба тэдгээр хүмүүсийн хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа үүсээгүй тохиолдолд баталгааны үүрэг үүсэхгүй. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлээс харвал 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр М.***д мөнгөн хөрөнгийг бэлнээр хүлээлгэн өгсөн гэсэн байдаг. Гэтэл хэрэгт ирүүлсэн баримтаас нь харвал уг баримтыг 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр үйлдсэн уг баримт бодит байдалтай нийцсэн үнэн зөв эсэх нь эргэлзээтэй учир дутагдалтай. Мөнгө хүлээлцсэн баримт гэдэг хууль зүйн утга нь мөнгийг хүлээлгэн өгч байгаа үед мөнгө хүлээлцсэн болохыг баталгаажуулж хийгддэг байхад 2022 оны 9-р сарын 13-ны өдөр 2022 оны 1-р сарын 17-ны өдөр хийсэн мэтээр хуурамчаар үйлдэж байгаа нь бодит байдалтайгаа огт нийцэхгүй. Хуурамч гэдэг нь илэрхий баримт байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч М.*** хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ иргэн Б.*** миний бие иргэн М.***тэй 2022 оны 1-р сарын 27-ны өдөр Зээлийн гэрээг байгуулан 460,890,000 төгрөгийг бэлнээр зээлсэн гэсэн боловч бодит байдал дээр Б.***гээс М.*** бэлэн мөнгө хүлээлгэж өгөөгүй. 2022 оны 9-р сарын 13-ны өдөр үйлдэж, нотариатаар батлуулсан Бэлэн мөнгө хүлээн авсан баримт, мөн өдрийн иргэн Б.***д гэх баримтуудыг н.***той байгуулсан орон сууц захиалгын гэрээтэй холбогдуулж бичүүлж авсан. Түүнээс биш 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Б.***гээс бэлэн мөнгө хүлээн авсан зүйл огт байхгүй. Хууль зүйн хувьд хөрөнгийг шилжүүлж өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсан тооцохоор хуульд заасан. Б.***гээс М.***д мөнгөн хөрөнгийг шилжүүлж өгч байгаагүй тул зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний үүрэг шаардах эрхтэй гэж үзэх боломжгүй. Түүнчлэн зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байхад бусдаар хуурамч баримт бичиг үйлдүүлж авах нь хууль зөрчсөн үйлдэл тул нэхэмжлэлийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3-4/, Б.***гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 5/, Бэлэн мөнгө хүлээн авсан баримт /хх 6/, М.***эс иргэн Б.***д баталгаа гаргах нь /хх 7/, *** ХХК-иас иргэн Б.***д баталгаа гаргах тухай /хх 8/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /хх 9-10/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 19/, Зээлийн гэрээ, хавсралт /хх 53-54/, Б.***ы Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 55/, Худалдах, худалдан авах гэрээ /хх 75-76/, Ажлын байрны түрээсийн гэрээ /хх 77-78/, Гэрээ дүгнэх тухай акт /хх 79-81/,

 

5. Хариуцагч М.***эс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 25/, хариу тайлбар /хх 46/.

 

6. Хариуцагч *** ХХК-иас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 12/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 43/, хариу тайлбар /хх 45/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.*** болон хариуцагч М.*** нар 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр Б.*** нь 460,890,000 төгрөгийг 5 сарын хугацаатай, хүүгүй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангитай байхаар харилцан тохирсноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлүүдээр хангаж шийдвэрлэв.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгүүдээр зохицуулсан.

 

Хариуцагч нар дээрх зээлийн гэрээг байгуулсан болон гэрээний зүйл болох 322,623,000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтын талаар маргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар хэргийн оролцогч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд өөрөө цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй. Хэдийгээр хариуцагч нь ...үндсэн зээлийн 322,623,000 төгрөгийг хүлээн аваагүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан боловч энэхүү тайлбараа баримтаар нотолж чадаагүй болно.

 

Иймд нэхэмжлэгчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлсэн мөнгөө буцаан шаардах эрх бий болсон гэж үзнэ.

 

2.Талууд зээлийн гэрээгээр алдангийг харилцан тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай харшлаагүй байх тул гэрээний хариуцлага буюу алдангийг нэхэмжлэгч тал хариуцагчаас шаардах эрхтэй.

Харин хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангийн хэмжээг 16,131,150 төгрөгөөр багасгаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасантай харшлахгүй гэж шүүх үзэв.

 

3. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргийг хариуцагч бүрээр тодорхойлж, нэхэмжлээгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний хувьд хариуцагч нарын хүлээх үүрэг нь тэнцүү байна гэж шүүхээс үзлээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,577,623 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1,851,721 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.***д олгоно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч М.***, *** ХХК нараас 338,754,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.***д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 145,180,350 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,577,623 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.***, *** ХХК нараас 1,851,721 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.***д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.БАЯРСҮРЭН