Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/01921

 

 

 

 

 

 

 

     2023       11          03                                      210/МА2023/01921

 

 

Б.Ш-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2023/03047 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Ш-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Б- болон Д ХХК-д тус тус холбогдох,

483,934,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Н.А, хариуцагч М.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т хариуцагч Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие М.Б-тэй 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээг байгуулан 460,890,000 төгрөгийг бэлнээр зээлсэн. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор хэсэгчилсэн байдлаар буюу 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 138,267,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 60,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 60,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 60,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор 142,623,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.7-д “Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” гэж заасан. Миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж мөнгийг бэлнээр хүүгүйгээр зээлдүүлсэн боловч зээлдэгч М.Б- нь миний түүнд хүлээлгэсэн итгэлийг алдаж гэрээгээр тохирсон хугацаанд зээлийн өр төлбөрийг төлөөгүй бөгөөд гэрээний хугацаанд 138,267,000 төгрөгийн төлөлтийг хийсэн. Зээлдэгчид удаа дараа шаардлага хүргүүлсэн,  зээлийн төлбөрийг төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. М.Б- нь хамгийн сүүлд 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр уулзахдаа зээлийн өр төлбөрийг, алдангийн хамт төлөхийг хүлээн зөвшөөрч баталгаа гаргахдаа зээлийн төлбөрийг өөрөө болон өөрийн эгчийн хамт үйл ажиллагааг нь явуулдаг Д ХХК-аар хамтран үүргийг гүйцэтгэхийг баталгаажуулан 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлбөрийг төлнө гэсэн боловч төлөөгүй. М.Б-ийн авсан зээл нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 322,623,000 төгрөг, 180 хоногоор үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс нэг хоногийн алдангийг тооцоход 1,613,115 төгрөг болж байгаа ба Иргэний хуулийн алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн зохицуулалтын дагуу 161,311,500 төгрөгийн алдангийг тооцон нэхэмжлэх эрхтэй байна. Иймд хариуцагч М.Б- болон Д ХХК нараас зээлийн үндсэн төлбөрт 322,623,000 төгрөг, алданги 161,311,500, нийт 483,934,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Д ХХК-ийн тайлбарын агуулга:

Б.Ш- нь М.Б-д мөнгөн төлбөр шилжүүлсэн зүйл байдаггүй ба тэдгээр хүмүүсийн хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа үүсээгүй тохиолдолд баталгааны үүрэг үүсэхгүй. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлээс харвал 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр М.Б-д мөнгөн хөрөнгийг бэлнээр хүлээлгэн өгсөн гэж тайлбарладаг. Гэтэл хэрэгт ирүүлсэн баримтаас нь харвал уг баримтыг 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр үйлдсэн уг баримт бодит байдалтай нийцсэн, үнэн зөв эсэх нь эргэлзээтэй учир дутагдалтай. Мөнгө хүлээлцсэн баримт гэдэг хууль зүйн утга нь мөнгийг хүлээлгэн өгч байгаа үед мөнгө хүлээлцсэн болохыг баталгаажуулж хийгддэг байхад 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хийсэн мэтээр 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хуурамчаар үйлдэж байгаа нь бодит байдалтайгаа огт нийцэхгүй. Хуурамч гэдэг нь илэрхий баримт байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч М.Б-ийн тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээг байгуулан 460,890,000 төгрөгийг бэлнээр зээлсэн гэсэн боловч бодит байдал дээр Б.Ш-гээс М.Б- бэлэн мөнгө хүлээлгэж өгөөгүй. 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр үйлдэж, нотариатаар батлуулсан “Бэлэн мөнгө хүлээн авсан баримт”, мөн өдрийн “иргэн Б.Ш-д” гэх баримтуудыг Н.С-той байгуулсан орон сууц захиалгын гэрээтэй холбогдуулж бичүүлж авсан. Түүнээс биш 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Б.Ш-гээс бэлэн мөнгө хүлээн авсан зүйл огт байхгүй. Хууль зүйн хувьд хөрөнгийг шилжүүлж өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцохоор хуульд заасан. Б.Ш-гээс М.Б-д мөнгөн хөрөнгийг шилжүүлж өгч байгаагүй тул зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний үүрэг шаардах эрхтэй гэж үзэх боломжгүй. Түүнчлэн зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байхад бусдаар хуурамч баримт бичиг үйлдүүлж авах нь хууль зөрчсөн үйлдэл тул нэхэмжлэлийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч М.Б-, Д ХХК нараас 338,754,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ш-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 145,180,350 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,577,623 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б-, Д ХХК нараас 1,851,721 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ш-д олгож шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

5.б. Анхан шатны шүүх холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Ш-гийн шүүхэд хандан гаргасан алдангийн үнийн дүнгээс 16,131,150 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн атлаа ямар нөхцөл байдал, хэргийн материалд авагдсан ямар нотлох баримт, ямар эрх зүйн хэм хэмжээ, зохицуулалтыг үндэслэл болгон дүгнэж алдангийн үнийн дүнгээс 145,180,350 төгрөгийг хасч шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээний 3.7-д “Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” гэж заасан. Мөн хавтаст хэргийн 7 дугаар хуудаст авагдсан хариуцагч М.Б-ийн өөрийн хүсэл зоригийг илэрхийлж, гарын үсгээр баталгаажуулан хүчин төгөлдөр болсон баталгаа гаргах нь гэсэн баримтад гэрээний 3.7-д заасан алдангийн төлбөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл тооцогдсон байгаа алданги болох 161,311,500 төгрөгийг төлж барагдуулах болно” гэсэн баталгааг гаргасан байгаа зэргээр талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, мөн зээлийн гэрээний 3.7 дахь заалтаар талууд гэрээний  үүргээ хугацаандаа биелүүлээгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хугацаанд алданги тооцохоор харилцан тохиролцсон, гэрээний дагуу хугацаа хэтрүүлсэн нөхцөлд хууль болон гэрээгээр хариуцлага ногдоно гэдгийг хариуцагч талын зүгээс тодорхой мэдэж байсныг нотлох үйл баримтууд тус хэргийн материалд хангалттай байгаа болно.

Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болохыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан байна. Гэхдээ тухайн шийдвэрлэж буй хэргийн нөхцөл байдлаас гадна, алдангийн хэмжээний талаар талууд мэтгэлцсэн байх нь шүүхээс дүгнэлт хийхэд ач холбогдолтой. Мөн анзын хэмжээг багасгах бол зээлдэгчийн гэм буруу, зөрчлийн ноцтой байдал, төлбөрийн чадвар, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрэхэд хүргэсэн шалтгаан зэрэг хэргийн нөхцөл байдлыг уялдуулж хуулийн зохицуулалтыг хэрэглэхээр байтал ямар ч үндэслэл шалтгаан, тайлбар байхгүйгээр алдангийн хэмжээ хэт их байна гэж үзсэн, мөн ийнхүү хасч шийдвэрлэсэн буюу 145,180,350 төгрөгийг хассан тооцоолол нь хүртэл тодорхойгүй, шүүгч зөвхөн өөрийн үзэмжээр анзыг багасгахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.8 дахь хэсэгт заасан агуулгад нийцээгүй, тус хуулийн зохицуулалтыг энэ хэрэг маргааны тохиолдолд буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс 145,180,350 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Хувь хүн, хуулийн этгээд мөнгө хүүлэх буюу их хэмжээний мөнгийг урт хугацаанд хүүтэй өгөх боломжгүй. Алданги тооцох хэлбэрээр өөртөө ногдох төлбөрийг нэмэгдүүлж болохгүй гэж шүүхээс үзсэн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлд алдангийн дээд хэмжээг заасан. Их үнийн дүнтэй гэрээний үүрэг зөрчигдсөнөөр тухайн үүрэг гүйцэтгэгч санаатайгаар хойш сууж алданги нэмэгдүүлэхийг хязгаарлах үүднээс шүүхэд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан эрх хэмжээ олгогдсон гэжээ.

 

7. Хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

7.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлийн гэрээний дагуу шилжүүлвэл зохих хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж, зээлийн гэрээний үүрэг, түүний хүү, алданги шаардах эрх бий болох юм. Харин мөнгөн хөрөнгийг шилжүүлж өгөөгүй бол зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй.

Иргэн Б.Ш-д 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 460,890,000 төгрөг огт байгаагүй. Хэрэв иргэн Б.Ш- нь 460,890,000 төгрөгийг бэлнээр шилжүүлж өгсөн гэж байгаа бол үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй. Түүнчлэн, уг зээлийн гэрээ, мөнгө гэх баримтууд нь огт бодит биш юм. Тухайлбал: 460,890,000 төгрөгийг буюу хагас тэрбум шахуу төгрөгийг огт хүүгүйгээр зээлүүлсэн гэх, мөн зээлийн гэрээ хийсэн өдрийн маргааш нь буюу 138,267,000 төгрөгийг буцаан авсан гэх, зээлүүлснийхээ маргааш нь 138,267,000 төгрөгийг буцаан авах юм бол 460,890,000 төгрөгийг зээлсэн гэж үзэх ч боломжгүй.

Б.Ш- нь 138,267,000 төгрөгийг шилжүүлснээс хойш 1 өдрийн дотор энэ мөнгөн хөрөнгийг бусад руу Б.Ш-гээс шилжүүлж өөрөө төлбөртэй байсныг нотолж байгаа. Б.Ш- нь өөрөө 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 138,267,000 төгрөгийг бусдад  шилжүүлэх өр төлбөртэй байж, 6 сарын хугацаатай хүүгүйгээр 460,890,000 төгрөгийг зээлүүлсэн гэх логикийн хувьд алдаатай, бодит байдалтай нийцэхгүй тайлбартай.

            Түүнчлэн Б.Ш-д мөнгөн хөрөнгө байсан гэдэг нь хэрэгт авагдсан ямар ч нотлох баримтаар нотлогддоггүй. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дугаар 102/Ш32023/12774 тоот захирамжийн дагуу гаргаж өгсөн гэх баримтууд нь Б.Ш-д 460,890,000 төгрөг байсан гэж огт нотлохгүй.

            Тухайлбал, гэрээ дүгнэсэн акт 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн гэх огноотой уг баримтыг хэн ч хэзээ ч үйлдчих боломжтой баримт байдаг. Мөн уг баримтын дагуу мөнгөн хөрөнгө шилжигдсэн эсэх, уг мөнгөн хөрөнгө нь Б.Ш-д байсан нь огт баримтаар нотлогдохгүй. Түүнчлэн уг баримтын дагуу мөнгө шилжүүлсэн гэж үзсэн 2017 оноос хойш 5 жил уг мөнгөн хөрөнгийг Б.Ш- нь гэртээ байлгаж байгаад М.Б- өгсөн гэх бодит байдалтай огт нийцэхгүй хүүхдийн үлгэр шиг тайлбарыг нэхэмжлэгч гаргаж, шүүх үнэлж шийдвэрлэсэн.

            Худалдах, худалдан авах гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг олж авсан гэдэг боловч уг тээврийн хэрэгсэл нь бодитойгоор шилжигдэж, мөнгөн хөрөнгө Б.Ш-д байсан эсэх нь тодорхойгүй.

            Дээрх байдлаар Б.Ш-д 460,890,000 төгрөгийг байсан гэдэг нь нотлох баримтаар огт нотлогдоогүй байхад, анхан шатны шүүх Б.Ш-д 460,890,000 төгрөг байсан гэх нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийж, уг мөнгөн хөрөнгийг М.Б- шилжүүлж өгсөн гэх үндэслэлгүй дүгнэлт хийж хариуцагч нараас их хэмжээний мөнгөн хөрөнгийг гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            7.б. Хариуцагчаас зээлийн гэрээ, мөнгө төлөх баталгаа зэргийг гаргасан шалтгаан бол “Кози апармент” (Cozy apartment) барилгаас А блокын 10 давхарын 44 тоот хаягт байршилтай, 87.16 м.кв талбайтай орон сууц, Г блокын 10 давхарын 19 тоот хаягт байршилтай 66.47 м.кв талбайтай орон сууцны зориулалттай хөрөнгүүдийг ашиглалтад оруулж Э.Солонгын нэр дээр өмчлөх эрхийг гаргаж өгсөн тохиолдолд 460,890,000 төгрөгийг төлөхөөр тохиролцож, “Бэлэн мөнгө хүлээн авсан баримт”, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “иргэн Б.Ш-д” гэх бичиглэлүүдийг тус тус үйлдэж байсан.

            Гэтэл Б.Ш- болон түүний аав Б.Бүд нарын зүгээс “Кози апармент” (Cozy apartment) барилгаас А блокын 10 давхарын 44 тоот хаягт байршилтай, 87.16 м.кв талбайтай орон сууц, Г блокын 10 давхарын 19 тоот хаягт байршилтай 66.47 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэн өгөөгүй. Иймээс дээрх мөнгөн төлбөрийг төлөх нөхцөл бүрдээгүй.

            7.в. Хариуцагч талаас зээлийн гэрээ болон бусад бичиг баримтуудыг ямар шалтгааны улмаас үйлдсэн болох, бодит байдал дээр зээлийн гэрээний харилцаа байгаагүй гэдгийг нотлох зорилгоор хүсэлт гаргасныг шүүх удаа дараа хүлээн аваагүй. Үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан. Энэ нь хариуцагчийг өөрийн тайлбар татгалзлаа нотлох, хэргийн бодит нөхцөл байдлыг шүүхэд харуулах, мэтгэлцэх боломжийг олгоогүй.

            Хэдийгээр хариуцагч нар нь мөнгөн төлбөрийг төлөх үүрэггүй боловч анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн талаарх гомдлыг гаргах нь зүйтэй байна. Учир нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан хамтран гүйцэтгэх үүрэг нь үүргийн салшгүй шинж чанараас шалтгаалж гүйцэтгэдэг. Зээлийн гэрээний үүргийн хувьд мөнгөн хөрөнгийг хамтран авсан бол хариуцах үүрэг үүсгэх тохиолдол байдаг.

            Харин батлан даалт нь зөвхөн үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон бол батлан даагч нөхөх хариуцлага хүлээдэг байхад Иргэний хуулийн 242 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь үндэслэлгүй.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн. Хариуцагч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийн аль хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар тодорхой тайлбар гаргаагүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхэд хэлэлцэгдсэн асуудлаар дахин маргаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн тодорхой баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Нотариатаар баталгаажуулсан зээлийн гэрээ хэрэгт авагдсан. Хариуцагчийн зүгээс зээлийг тодорхой хугацаанд төлж барагдуулах талаар гаргасан бичгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотариатчийг гэрчээр асуухад, тус баримтуудыг хууль ёсны гэдгийг мэдүүлгээрээ нотолсон. Хариуцагч талаас орон сууц захиалгын гэрээний дагуу орон сууц авсан, орон сууцны өр төлбөрийн асуудал юм гэж тайлбарладаг боловч тус орон сууцтай холбоотой ямар ч бичгийн баримтыг гаргаж өгөөгүй. Хариуцагч Э.Солонгыг гэрчээр асуулгах боломжтой байсан хэдий ч өөрөө “огт танихгүй” гэж тайлбар өгсөн. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Д ХХК нь зээлийн гэрээг хамтран хэрэглэсэн, хамтран үүрэг гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрч байгаа талаарх баримтуудаа гаргаж өгсөн байх тул энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Иймд хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч Б.Ш- нь хариуцагч М.Б-, Д ХХК-д холбогдуулан 483,934,500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “М.Б-тэй 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээг байгуулан 460,890,000 төгрөгийг бэлнээр зээлсэн. М.Б- нь зээлийн өр төлбөрийг, алдангийн хамт төлөхийг хүлээн зөвшөөрч өөрөө болон өөрийн эгчийн хамт үйл ажиллагааг нь явуулдаг Д ХХК-аар хамтран үүргийг гүйцэтгэхээр баталгаа гаргасан” гэж тайлбарлажээ.

 

2.а. Хариуцагч нар татгалзлаа үндэслэлээ “Б.Ш-гээс зээлийн гэрээний дагуу бэлэн мөнгө хүлээлгэж өгөөгүй. 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн “Бэлэн мөнгө хүлээн авсан баримт”, “иргэн Б.Ш-д” гэх баримтуудыг нэхэмжлэгч талаас Э.С-отой байгуулсан орон сууц захиалгын гэрээний үнийг төлөхтэй холбогдуулж бичүүлж авсан, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Б.Ш-гээс бэлэн мөнгө хүлээж авсан  зүйл огт байхгүй, орон сууц шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа байгаагүй” гэж маргажээ.

 

3. Хариуцагч нар нь дээрх татгалзлын үндэслэлээ нотлохоор Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс болон “Кози апармент” барилгын төслийн захиалагч ХТ ХХК-аас иргэн Э.С-той байгуулсан орон сууц захиалгын гэрээг гаргуулах хүсэлтийг шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШЗ2023/12774 дугаартай захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэхдээ “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзалтай хамааралгүй” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасантай нийцэхгүй байна.

 

4. Түүнчлэн, талууд өөр өөр тайлбар гаргасан, нэхэмжлэгчээс хариуцагчид 460,890,000 төгрөг бэлнээр шилжүүлсэн, хариуцагч нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 138,267,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн үндэслэлүүд тодорхой бус байх тул энэ талаар тодруулах маргааны үйл баримтыг бүрэн тогтоох шаардлагатай байна. /хх46,90-91/  

 

Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2023/03047 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 883,900 төгрөг, хариуцагчаас төлсөн 1,851,720 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД

 

                                            ШҮҮГЧИД                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 Ц.АЛТАНЦЭЦЭГ