Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2023/03132

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** тоотод байрлах, *** СӨХ /сууц өмчлөгчдийн холбоо/,

 

Хариуцагч: *** тоотод оршин суух хаягтай,** ургийн овогт ***-ийн *** /РД:***/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1,008,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анударь,

/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *** СӨХ нь хариуцагч Г.***эс 1,008,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Оршин суугч Г.*** нь Иргэний хуулийн 147 дугаар зүйл, 148 дугаар зүйл Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1, 13 дугаар зүйлийн 3-т заасан заалтыг үндэслэн СӨХ-ны хуримтлалын төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан шаардлагыг биелүүлэхгүй байгаа тул 2020 оны 7 дугаар сараас 2023 оны 4 дүгээр сар хүртэл 28 сарын хугацааны төлөөгүй 1,008,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Мэдээлэл лавлагааны ажилтан нь нэхэмжлэлийг хүлээж авахдаа түүний бүрдүүлбэр бүрэн эсэх, загвар стандартад нийцэж байгааг хянан үзэж авах ба нэхэмжлэлийг бүртгэн авч харьяалах шүүгчид хүлээлгэн өгнө гэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч *** СӨХ гэсэн утга бүхий нэхэмжлэл нь хэзээ, хаана үйлдсэн, ямар дүүргийн шүүхэд, хэдэн оны, хэдэн сарын хэдний өдөр гаргасан нь тодорхойгүй нэхэмжлэлийн стандарт, шаардлага хангаагүй, нийцээгүй байна. Нэхэмжлэлд *** тоот хаяг гэсэн байна. Хариуцагчийн хаяг *** тоот болон өөрчлөгдсөн байдаг. Хариуцагч Г.*** миний бие *** СӨХ гэх газрыг танихгүй, мэдэхгүй, анх удаа сонсож байна. Хариуцагч талд СӨХ-г танилцуулж, хурал цуглаан хийх, гэрээ хийх, тогтоол шийдвэр болон холбогдох бичиг баримтыг танилцуулах, гарын үсэг зуруулж байгаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь загвар стандартын шаардлага хангаагүй, хариуцагч нь БГД-ийн 12 дугаар хороонд байдаггүй мөн нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2-3/, итгэмжлэл /хх 4/, СӨХ-ны гэрчилгээний хуулбар /хх 6/, *** СӨХ-ны Бүх гишүүдийн хурлын шийдвэр /хх 5/, *** СӨХ-ны Бүх гишүүдийн хурлын тогтоол /хх 7/, Төрийн банкны нэхэмжлэх /хх 8/.

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 19/.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *** Сууц өмчлөгчдийн холбоон нь хариуцагч Г.***д холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт нийт 1,008,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ...*** СӨХ гэх газрыг танихгүй, мэдэхгүй, анх удаа сонсож байна. Хариуцагч талд СӨХ-г танилцуулж, хурал цуглаан хийх, гэрээ хийх, тогтоол шийдвэр болон холбогдох бичиг баримтыг танилцуулах, гарын үсэг зуруулж байгаагүй гэсэн агуулгаар тайлбарлав.

 

Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

1. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэж, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг хэлнэ гэж тус тус заасан байна. Эдгээр хуулийн заалтуудаас үзэхэд орон сууцны зориулалттай сууц өмчлөгч нь заавал Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаар зохицуулжээ.

 

2. Хариуцагч Г.*** нь нэхэмжлэлд дурдсан 12 дугаар хороонд оршин суудаггүй болох талаар маргасан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай *** дугаар тогтоолоор *** Сууц өмчлөгчдийн холбоонд харьяалагддаг 12 дугаар хороог хуваан, улмаар шинэчлэн 34 дүгээр хороог байгуулсан болох нь тогтоогдож байна.

 

Түүнчлэн хариуцагч нь *** тоотод оршин суудаг талаараа маргаагүй учир тухайн орон сууцыг *** Сууц өмчлөгчдийн холбоонд харьяалагддаг болох нь тус холбоог 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэсэн *** тоот гэрчилгээгээр тогтоогдож байна. Иймд хариуцагч нь *** Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байна.

 

3. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох ёстой.

 

Хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хугацааны Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт нийт 1,008,000 төгрөгийг огт төлөөгүй байгаа талаараа маргаагүй учраас уг төлбөрийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна. Иймд хариуцагчаас 1,008,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *** СӨХ-нд олгоно.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.***эс 28,740 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** Сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Г.***эс 1,008,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.***эс 28,740 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН