Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/01958

 

 

 

 

 

 

 

   2023       11          10                                    210/МА2023/01958

 

 

Б СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/03132 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б СӨХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Э-д холбогдох,

1,008,000 гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Оршин суугч Г.Э- нь Иргэний хуулийн 147 дугаар зүйл, 148 дугаар зүйл Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан заалтыг үндэслэн СӨХ-ны хуримтлалын төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан шаардлагыг биелүүлэхгүй байгаа тул 2020 оны 07 дугаар сараас 2023 оны 04 дүгээр сар 28 сарын хугацааны төлөөгүй 1,008,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Мэдээлэл лавлагааны ажилтан нь нэхэмжлэлийг хүлээж авахдаа түүний бүрдүүлбэр бүрэн эсэх, загвар стандартад нийцэж байгааг хянан үзэж авах ба нэхэмжлэлийг бүртгэн авч харьяалах шүүгчид хүлээлгэн өгнө гэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч Б СӨХ гэсэн утга бүхий нэхэмжлэл нь хэзээ, хаана үйлдсэн, ямар дүүргийн шүүхэд, хэдэн оны, хэдэн сарын хэдний өдөр гаргасан нь тодорхойгүй нэхэмжлэлийн стандарт, шаардлага хангаагүй, нийцээгүй байна. Нэхэмжлэлд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 36 дугаар байр 00 тоот хаяг гэсэн байна. Хариуцагчийн хаяг Баянгол дүүргийн 34 дүгээр хороо 36 дугаар байр 00 тоот болон өөрчлөгдсөн байдаг. Хариуцагч Г.Э- миний бие Б СӨХ гэх газрыг танихгүй, мэдэхгүй, анх удаа сонсож байна. Хариуцагч талд СӨХ-г танилцуулж, хурал цуглаан хийх, гэрээ хийх, тогтоол шийдвэр болон холбогдох бичиг баримтыг танилцуулах, гарын үсэг зуруулж байгаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь загвар стандартын шаардлага хангаагүй, хариуцагч нь Баянгол дүүргийн 12 дугаар хороонд байдаггүй мөн нэхэмжлэл нь үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасныг баримтлан хариуцагч Г.Э-эс 1,008,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1- д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Э-эс 28,740 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б Сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг дутуу, буруу үнэлсэн, хэргийн бодит үйл баримтад бодитой дүгнэлт хийж чадаагүй.

4.б. Нэхэмжлэгч тал 2023 оны 08 дугаар сарын18-ны өдөр шүүх хурлыг хойшлуулах тухай хүсэлт гаргасан байдаг. Шүүгч “... Нэхэмжлэгч талын шүүх хурал хойшлуулах тухай хүсэлтийг “НОТЛОХ БАРИМТ”-гүй байхад хүсэлтийг хүлээж авсан ...” хүсэлтийг шүүх хурлаар шийдээгүй, хурал хийхгүй хойшилсон тухай хариуцагч талд утсаар мэдэгдсэн.

Хариуцагч тал эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах тухай хүсэлтийг холбогдох баримтын дагуу шалтгаанаа тайлбарлан хүлээлгэн өгсөн. Шүүгч “.... Хариуцагч талын хүсэлтийг хүлээн авч хангаагүй, ялгаварласан, эрх тэгш мэтгэлцэх, эрх үүргийг минь ноцтой зөрчин шүүх хурлаа хийсэнд” гомдолтой байна.

Хариуцагч талд СӨХ байгуулагдсан талаар мэдэгдээгүй, СӨХ-ны удирдах зөвлөл болон захирал нь тус орон сууцны оршин суугч надад СӨХ байгуулагдсан талаар мэдэгдэх, танилцуулах, хурал цуглаан хийх, протокал тэмдэглэл хөтлөж гарын үсэг зуруулж баталгаажуулах ёстой байсан. СӨХ тус орон сууцанд ямар ажил хийж байгаа, ямар засвар үйлчилгээ хийсэн талаар тайлан, төлөвлөгөөг сар бүр, улирал бүр, хагас бүтэн жилээр тайлагнах үүрэгтэй гэж үзэж байна. Хариуцагч тал тог, цахилгаан, цэвэр бохир, дулаан гээд бүх төлбөр тооцоогоо сар бүр төлөөд л явдаг, СӨХ гэх байгууллага байдаг байсан бол, ажлаа хангалттай хийдэг, тайлан, төлөвлөгөөгөө танилцуулдаг байсан бол хариуцагч тал сар бүр төлбөрөө төлөөд явах байсан.

Шүүх хэргийг тал бүрээс нь судлах, хэргийн оролцогчдод адил, эрх тэгш хандах ёстой, хэргийн оролцогч талуудад мэтгэлцэх, нотолох баримт гаргуулах, шүүгчээс татгалзах, өмгөөлөгч авах гээд хэргийн оролцогч талын маш олон эрхийг ноцтой зөрчсөн байна. Иймд шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг бүрэн, үнэн зөв бодитой үнэлээгүй, хэргийн үйл баримтыг үнэн зөв тогтоож, бодитой дүгнэлт хийж чадаагүй, хэт нэг талыг барьж талуудын эрх тэгш мэтгэлцэх боломж олгоогүй, бусад алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

СӨХ-оос надтай гэрээ байгуулж, гарын үсэг зуруулаагүй гэж гомдолдоо дурдсан байдаг боловч гэрээний хуульд зааснаар тухайн оршин суугчтай заавал гэрээ байгуулах шаардлагагүй. Б СӨХ нь хэтэрхий бага үнээр төлбөрөө тогтоосноос болж томоохон засвар хийх боломжгүй болсон. Хариуцагч нь анхан шатны шүүх хуралдаанд өвчтэй гэх хүсэлтийг өгсөн атлаа эмнэлгийн магадлагаа хавсаргаж ирүүлээгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Б СӨХ нь хариуцагч Г.Э-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон төлбөр болох 1,008,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хариуцагч Г.Э- нь Нийслэлийн Баянгол дүүргийн 34 дүгээр хорооны 36 дугаар байрны 00 тоотод оршин суудаг болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор нотлогдсон байх ба, Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэж заасан ба хариуцагч нь тухайн орон сууцны өмчлөгч мөн эсэх талаар маргаагүй, холбогдох баримтаа ирүүлээгүй байна. /хх 11/

 

Хариуцагч нь өөрийн оршин суудаг Баянгол дүүргийн 12 дугаар хороо нь 34 дүгээр хороо болж өөрчлөгдсөн гэж тайлбартаа бичсэн нь уг асуудлаар маргаагүй гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суудаг хороог 12 дугаар хороо гэж хуучин хороогоор бичсэн байдал нь шүүхээс тухайн маргааныг шийдвэрлэхгүй байх үндэслэл болохгүй бөгөөд энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

3. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “Б сууц өмчлөгчдийн холбоо гэх газрыг танихгүй, мэдэхгүй, анх удаа сонсож байна, надад сууц өмчлөгчдийн холбоог танилцуулж, хурал цуглаан, гэрээ хийх, тогтоол шийдвэр танилцуулж гарын үсэг зуруулж байгаагүй тул төлбөрийг төлөхгүй” гэж маргажээ.

 

3.а. Б Сууц өмчлөгчдийн холбоо нь Баянгол дүүргийн 12 дугаар хорооны /хуучин дугаарлалтаар/ нутаг дэвсгэрт байрлах, 30,31,32,36 дугаар байрны сууц өмчлөгчдийн хурлын шийдвэрээр байгуулагдсан болох нь Баянгол дүүргийн Засаг даргаас олгосон 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 337 тоот гэрчилгээгээр нотлогдсон байна./хх 6/

 

Иймд нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчөөс шаардах эрхтэй гэж үзэх тул хариуцагчийн гаргасан татгалзал үндэслэлгүй бөгөөд энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

4. Хариуцагч нь сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдох төлбөрийн хэмжээнд маргаагүй байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т нийцсэн байна./хх 8/

 

Тодруулбал, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө;

Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй;

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй гэж тус тус заасан.

 

5. Хариуцагч Г.Э- нь 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэх хүсэлтийг ирүүлснийг 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШЗ2023/14977 дугаар захирамжаар хүсэлтийг хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх нь нотлох баримтгүй гэх үндэслэлээр хангахгүй орхиж, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. /хх37/

 

6. Шүүх тухайн хэргийг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/03132 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,742 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ                                    Ц.АЛТАНЦЭЦЭГ