Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2023/03503

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2023/03503

Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, *** тоот хаягтай, рд:***, *** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, *** тоот хаягтай, рд:***, *** ХХК-д холбогдох,

 

   гэрээний үүрэг 205 477 998 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А, Г.Б

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Р

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

хариуцагчийн өмгөөлөгч Ч.Э нар оролцож

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Мөнххэрлэн хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *** ХХК хариуцагч *** ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэг нийт 205 477 998 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаартай гэрээгээр камацу D65 эксваторыг түрээсэлсэн. Уг техникийг нэг сар түрээслэхэд 20,000,000 төгрөг байна. Энэ техник хэрэгсэл маань өдөрт 20 цаг ажиллана. Тэгэхээр нэг мото цагт хэдэн төгрөг байх вэ гэдгийг тооцохын тулд нэг сард 30 хоног байна. Өдөрт 20 цаг гэхээр сард 600 мото цаг ажиллах юм. Тэгэхээр сарын төлбөр 20,000,000 төгрөг учраас 20,000,000 төгрөгөө 600-д хуваахаар нэг мото цагийн төлбөр гарч ирнэ. Нэг мото цаг нь хэд болох вэ гэхээр 125,000 төгрөг байгаа. Энэ мэтчилэн гэрээ бүр дээр ижилхэн гарч байгаа. Гэхдээ гэрээ бүр дээр түрээсэлж байгаа техник хэрэгсэл болон үнэ нь өөр. Хоёр дахь гэрээг ярих юм бол 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай гэрээ байгаа. Энэ 10 дугаартай гэрээгээр Хитачи zx 470, эе си эйч 3 гэсэн техник хэрэгсэл байна. Үүн дээр хитачи zx 450 гэсэн хоёр техник хэрэгсэл байгаа. Үүний тус бүрийн сарын төлбөр нь 50,000,000 төгрөг. Мөн дээрээс нь өдөрт 20 мото цаг ажиллана. Мөн төлбөрийн нөхцөл гээд гэрээ бүрд байгаа. Төлбөрийн нөхцөлүүд нь өөр өөр. Өмнө дурдсанчлан нэг мото цагийг нь тооцохоор 83,333 төгрөг болж байгаа.Төлбөрийн нөхцөл нь гэрээний 3.2 дахь хэсэгт заасан. Дараагийн гэрээ нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11 дугаартай гэрээ байна. Уг гэрээгээр cat330DL гэсэн экскаваторыг түрээсэлсэн. Нэг сарын төлбөр нь 35,000,000 төгрөг, өдөрт 20 мото цаг ажиллана. Сард 600 мото цаг ажиллана. Техникийн урьдчилгаа төлбөр нь 10,500,000 төгрөг байна. Үүнийг гэрээ байгуулсан өдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр манай дансанд хийнэ. Үлдэгдэл төлбөрийг 10 дугаар сарын 26-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Дараагийн гэрээ нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай гэрээ. Уг гэрээгээр 3 техник хэрэгслийг түрээслэхээр тохиролцсон. Эхнийх нь хитачи zx470 техник хэрэгслийг нэг сарын 50,000,000 төгрөгөөр, хитачи zx450-ийг сарын 50,000,000 төгрөгөөр, кат330-ийг сарын 35,000,000 төгрөгөөр мөн өдөрт 20 мото цаг, хоёр ээлжийн ингэж ажиллана гэж тохиролцсон. Төлбөр төлөх нөхцөл нь урьдчилгаа төлбөр болох 60,000,000 төгрөгийг гэрээ байгуулагдсан өдөр болох 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр компанийн дансанд хийнэ. Үлдэгдэл төлбөрийг тайлант сардаа сар болгон манай компанийн дансанд хийгээд явахаар тохиролцсон. Дараагийн гэрээ нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаартай гэрээ. Уг гэрээгээр камацу 65 бульдозерыг түрээсэлсэн. Уг бульдозерын сарын төлбөр нь 20,000,000 төгрөг. Энэ нь өдөрт 10 мото цаг гэж гэрээнд тусгасан. Төлбөр төлөх нөхцөл нь нэг сарын 20,000,000 төгрөг байна. Сард нэг удаа тооцоо нийлээд дараа сарын 5-ны өдөр манай компанийн дансанд хийнэ гэж гэрээнд тохиролцсон. Ийнхүү саяны дурдсан гэрээнүүдийг байгуулсан. Бульдозер нь зарим өдөр ажиллаад, зарим өдөр ажиллахгүй байсан учраас бид нар тухайн сардаа техник хэрэгсэл нь хэдэн мото цаг ажилласан бэ гэдгийн тооцоог гаргасан. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрүүдийн хооронд үлдэгдэл төлбөр нь 96,423,874 төгрөг гарч ирсэн. 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар манай компанид *** ХХК 40,883,833 төгрөг төлсөн байна. Тухайн сард түрээсэлсэн төлбөр 26,546,905 төгрөг гарсан. Энэ гарсан түрээсийн төлбөрөө өмнөх 96,000,000 төгрөг дээр нэмээд *** ХХК-иас төлсөн төлбөрийг хасах юм бол мөн хугацаанд алданги гарч ирсэн байна. Алданги нь өмнөх энэ 96,000,000 төгрөгөө төлөөгүй хугацаанаас алданги гарч ирсэн. Алданги нь 3,267,751 төгрөг. Үлдэгдэл нь 2020 оны 02 дугаар сарын 29-ний байдлаар 82,887,446 төгрөг. 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар *** компаниас манайд 86,738,833 төгрөгийг төлсөн. Тус сар бас түрээсийн төлбөр гарч ирсэн. Уг төлбөр нь 52,625,000 төгрөгийн түрээсийн төлбөр. Уг төлбөрийг өмнөх сард манай компанид төлөх ёстой байсан мөнгөн дээр нэмээд төлсөн төлбөрийг нь хасаад үзэх юм бол 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 52,041,360 төгрөгийн үлдэгдэлтэй гарч ирсэн. 4 дүгээр сарын 30-ний өдрийн байдлаар манайд төлсөн нь 30,120,596 төгрөг байна. Уг хугацаанд дээрээс нь алданги бодогдсон байна. Алданги нь 1,315,246 төгрөг. Тус сард гарсан түрээсийн төлбөр нь 68,472,222 төгрөг болсон байна. Ийнхүү өмнөх сарын үлдэгдэл дээр түрээсийн төлбөрийг нэмээд мөн алдангийг нэмээд төлсөн дүнг хасахаар тус сарын үлдэгдэл нь 90,392,990 төгрөгийн үлдэгдэлтэй гарч ирсэн. Дараа нь бид нар тооцоолол дээрээ 5 дугаар сарын 31-ний өдрийг оруулсан байна. *** ХХК-иас төлсөн нь 115,077,450 төгрөг. Тус сард гарсан түрээсийн төлбөр нь 70,381,944 төгрөг. Ийнхүү өмнөх сарын түрээсийн төлбөрт тус сарын түрээсийн төлбөрийг нэмээд 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 42,012,726 төгрөг байна. Дараа нь 2020 оны 6 дугаар сарын 30-ний өдрийн байдлаар *** ХХК-иас төлсөн төлбөр байхгүй. Түрээсийн төлбөрт тус сард 110,368,054 төгрөг гарсан. Алдангид 2,820,763 төгрөг гарсан байна. Ийнхүү өмнөх түрээсийн төлбөр дээр тус сард гарсан техник хэрэгслийн түрээсийн төлбөрийг нэмээд үзвэл нийт үлдэгдэл нь 157,380,780 төгрөг гарч ирсэн. 7 болон 8 сарын мото цагийг нийлүүлж тооцоод 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үлдэгдлийг гаргаж ирсэн. 8 дугаар сард манай компанид 35,898,660 төгрөгийг *** ХХК-иас төлсөн. Тэгээд 7 болон 8 сарын техник хэрэгслийн түрээсийн төлбөр нь 102,916,665 төгрөг гарсан. Тус сарын мөнгө дээр алданги гарсан. Алданги дээр 15,063,783 төгрөг гарсан. Алданги болон өмнөх сарын үлдэгдэл төлбөр тус сард гарсан түрээсийн төлбөрийг нэмээд 8 сард төлсөн төлбөрийг нь хасаад үзэх юм бол нийт 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үлдэгдэл нь 227,219,549 төгрөг. Тус үлдэгдлээс нь алданги гэж 15,000,000 төгрөг тооцогдсон. Тэгэхээр 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл *** ХХК-иас манай компанид нийтдээ 105,298,000 төгрөгийг төлсөн. Ингээд тооцвол түрээсийн үлдэгдэл нийт төлбөр нь 136,985,332 төгрөг буюу нэхэмжлэлд заасан үндсэн түрээсийн төлбөр болж байгаа юм. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ямар нэг төлбөр тооцоо орж ирээгүй. Тэгэхээр бид хамгийн сүүлийн хугацаагаа 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд алданги тооцоод нийтдээ 364 өдрийн алданги тооцохоор байгаа. Гэрээнд алдангиа гүйцэтгэх ёстой үүргийнх нь 0,2 хувиар өдрийн алданги тооцож бодвол нийт 99,725,321 төгрөгийн алданги гарсан. Иргэний хуульд заасны дагуу 50 хувиар алданги тооцоход 68,492,666 төгрөгийн алданги гарсан. Яг гэрээнд зааснаар алданги тооцоод явбал өмнөх төлөгдсөн төлбөрийг нь алдангидаа тооцох боломжтой. Гэхдээ бид нар төлсөн төлбөрийг нь үндсэн түрээсийн төлбөрт тооцоод хамгийн сүүлд нэг жилийн хугацаанд төлбөр төлөгдөөгүй учраас тэр хугацааны алдангид тооцож нэхэмжлэл гаргасан. Хариуцагч *** ХХК-иас үндсэн түрээсийн төлбөрт болон алдангид нийт 205,477,998 төгрөгийг гаргуулж өгөөч гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна... гэв.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: ... Манай компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Яагаад гэхээр энэ гэрээнд түрээсийн гэрээ эхэлж байгуулагдаад хэзээ хүртэл гэдэг тооцох боломжгүй. Үүн дээр түрээслэгчийн ажлын гүйцэтгэлээр тодорхойлогдоод, ажилласан цагийг үндэслэнэ гэсэн заалт байгаа. Хамгийн сүүлийн байдлаар буюу 01 дүгээр сарын 31-ний өдөр түрээсэлсэн техникүүдийн тооцоог нийлж үзэхэд 96,000,000 төгрөг гэж гарсан. Үүнээс нотлох баримтаар өгсөн төлбөрүүдээ хасаад, нэгэнт түрээсийн төлбөрийн үлдэгдэл үүссэн учраас төлж байсан. Захирлын хувийн данснаас бас төлсөн. Энэ төлсөн төлбөрүүдийг оруулаагүй тооцоод байна уу гэж бодож байна. Ингэж төлсөөр 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дахин бульдозер түрээслээд үүний үлдэгдэл нь 21,000,000 төгрөг байсан юм билээ. Тэгэхээр хэргийн материалд дурдагдаад байгаа 50,000,000 гаруй төгрөг нь яаж тооцож, ямар цагийн бүртгэлд үндэслэж байгаа гэдэг нь эргэлзээтэй байна. Нэхэмжлэгч талаас манай компанитай тулсан тооцоо юу ч байхгүй. 3,4 сард ажилласан бол өмнөх шигээ тооцоо нийлж сууцгаагаад тэд эдэн төгрөгийн үлдэгдэлтэй гэж гаргах ёстой. Үүн шигээ ингээд тооцоогоо нийлэх ёстой байсан. Нягтлан нь гарын үсгээ зураад тамгаа дараад өгсөн байсан. Үүнийг ажилласан цагийн бүртгэл гэж үзэх боломжгүй. Цагийн бүртгэл нь манай цагийн бүртгэлтэй давхар бүртгэгдэж явах ёстой байсан. Мөн өвлийн улиралд зогссон. Хавар болон зунаас шахуу ажил эхэлсэн. Ийм байсан учраас ажиллаагүй саруудад өр үүсгэж гаргаж ирээд байна. Манай талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 21,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжтой. Иймд үлдэх хувийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ

 

4. Нэхэмжлэгчийн ирүүлсэн:

Нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-4 дугаар тал/

Улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 5 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 6 дугаар тал/

2019.10.01-ний өдрийн 2019/09 тоот Түрээсийн гэрээ /хэргийн 7-11 дүгээр тал/

2019.10.01-ний өдрийн 2019/10 тоот Түрээсийн гэрээ /хэргийн 12-16 дугаар тал/

2019.10.14-ний өдрийн 2019/11 тоот Түрээсийн гэрээ /хэргийн 17-21 дүгээр тал/

2020.01.02-ны өдрийн 2020/01 тоот Түрээсийн гэрээ /хэргийн 22-27 дугаар тал/

2020.07.01-ний өдрийн 2020/ тоот Түрээсийн гэрээ /хэргийн 28-32 дугаар тал/

Тооцооны үлдэгдлийн баталгаа /хэргийн 33 дугаар тал/

*** ХХК-ийн машинуудын тооцоо /хэргийн 34 дүгээр тал/

*** ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /хэргийн 35 дугаар тал/

*** ХХК-ийн санхүүгийн баримт /хэргийн 36-38 дугаар тал/

2023.02.01-ний өдрийн 102/ШЗ2023/02690 дугаа Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хэргийн 39 дүгээр тал/

Хүсэлт /хэргийн 54, 62 дугаар тал/ нотлох баримтууд

 

5. Хариуцагчийн ирүүлсэн:

Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 42 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 48 дугаар тал/

*** ХХК-ийн дүрэм /хэргийн 49-53 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 56 дугаар тал/

Хариу тайлбар /хэргийн 48 дүгээр тал/

Гомдол /хэргийн 59-60 дугаар тал/

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 77 дугаар тал/

Хүсэлт /хэргийн 78 дугаар тал/

Тооцооны үлдэгдлийн баталгаа /хэргийн 90 дүгээр тал/

Дансны хуулга ХХБ /хэргийн 91-94 дүгээр тал/

Подразын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 95 дугаар тал/

*** ХХК-аас *** ХХК-д хүлээлгэн өгсөн багажны жагсаалт /хэргийн 96-97 дугаар хуудас/

Ч.А Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 98-111 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх хуралдаанаас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ...205 477 998 төгрөг... гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан түрээсийн гэрээний төлбөр төлөх үүргээ хугацаанд нь зохих ёсоор бүрэн биелүүлээгүй... гэж тайлбарласныг,

 

3. Хариуцагч эс зөвшөөрч ...тухайн техникүүдийн ажилласан мото цагийг хэрхэн тооцсон нь эргэлзээтэй, 21 000 000 төгрөг төлөхийн зөвшөөрнө үлдэгдлийг зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.

 

4. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч *** ХХК, хариуцагч буюу түрээслэгч *** ХХК-уудын хооронд уул уурхайн зориулалт бүхий техник хэрэгслүүдийг түрээслэх тухай дараах гэрээнүүд бичгээр байгуулагдсан байна. Үүнд:

 

-2019 оны 10 сарын 01-ны өдөр дугаар 2019/09 тоот гэрээгээр түрээслүүлэгч өөрийн өмчлөлийн KOMATSU D65 маркийн эксковаторыг 1 сарын хугацаатай түрээслэх, түрээслэгч тухайн техникийг өдөрт 20 мото цаг ажиллуулж, 1 сарын түрээсийн төлбөр 20 000 000 /нөат-гүй/ төгрөгийн 10 000 000 төгрөгийг урьдчилгаанд гэрээ байгуулсан өдөр буюу 10 сарын 01-ний өдөр, үлдэх төлбөрийг 10 сарын 26-ны өдөр тус тус Г.Сайхантөрийн Хаан банкны 5114083857 тоот дансанд төлөхөөр,

 

-2019 оны 10 сарын 01-ны өдөр дугаар 2019/10 тоот гэрээгээр түрээслүүлэгч өөрийн өмчлөлийн HITACHI ZX470LCH-3F, HITACHI ZX450ХCM-16К маркийн 2 ширхэг эксковаторыг тус бүр 1 сарын хугацаатай түрээслэх, түрээслэгч тухайн техникүүдийг өдөрт 20 мото цаг ажиллуулж, HITACHI ZX470LCH-3F маркийн эксковаторын төлбөр 50 000 000 /нөат-тай/ төгрөг, HITACHI ZX450ХCM-16К эксковаторын түрээсийн төлбөр 50 000 000 /нөат-тэй/ төгрөг төлөх, урьдчилгаа 50 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр 2019-10-01-ны өдөр нэхэмжлэгч байгууллагын дансанд, үлдэгдэл төлбөрийг 10 сарын 26-нд нэхэмжлэгч байгууллагын Голомт банкны 1801271121 тоот дансанд тус тус төлөхөөр,

 

-2019 оны 10 сарын 14-ны өдөр дугаар 2019/11 тоот гэрээгээр түрээслүүлэгч өөрийн өмчлөлийн САТ 330 DL маркийн эксковаторыг 1 сарын хугацаатай түрээслэх, түрээслэгч тухайн техникийг өдөрт 20 мото цаг ажиллуулж, 1 сарын түрээсийн төлбөр 35 000 000 /нөат-тэй/ төгрөгийн 10 500 000 төгрөгийг урьдчилгаанд гэрээ байгуулсан өдөр буюу 10 сарын 14-ний өдөр, үлдэх төлбөрийг 10 сарын 26-ны өдөр тус тус нэхэмжлэгч байгууллагын Голомт банкны 1801271121 тоот дансанд төлөхөөр,

 

-2020 оны 01 сарын 02-ны өдөр дугаар 2020/01 тоот гэрээгээр түрээслүүлэгч өөрийн өмчлөлийн HITACHI ZX470LCH-3F, HITACHI ZX450ХCM-16К, САТ 330В маркийн 3 ширхэг эксковаторыг, тус бүр 1 сарын хугацаатай түрээслэх, түрээслэгч тухайн техникүүдийг өдөрт 20 мото цаг ажиллуулж, HITACHI ZX470LCH-3F маркийн эксковаторын төлбөр 50 000 000 /нөат-тай/ төгрөг, HITACHI ZX450ХCM-16К эксковаторын түрээсийн төлбөр 50 000 000 /нөат-тэй/ төгрөг, САТ 330В маркийн эксковаторын түрээсийн төлбөрт 35 000 000 төгрөг тус тус төлөх, урьдчилгаа 95 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр 2020-01-01-ний өдөр нэхэмжлэгч байгууллагын дансанд, үлдэгдэл төлбөрийг тайлант сардаа нэхэмжлэгч байгууллагын Голомт банкны 1801271121 тоот дансанд тус тус шилжүүлэхээр,

 

-2020 оны 07 сарын 01-ний өдөр дугаар 2020/ тоот гэрээгээр түрээслүүлэгч өөрийн өмчлөлийн KOMATTSU D65 маркийн эксковаторыг 2020.07.01-ний өдрөөс 2020.11.20-ны өдөр хүртэл хугацаатай түрээслэх, түрээслэгч тухайн техникийг өдөрт 10 мото цаг ажиллуулж, 1 сарын түрээсийн төлбөр 20 000 000 /нөат-тэй/ төгрөгийн төлбөртэй, төлбөрийг сард нэг удаа тооцоо нийлж дараа сарын 05-ны дотор нэхэмжлэгч байгууллагын Голомт банкны 1801271121 тоот дансанд шилжүүлэхээр тус тус тохиролцсон нь хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, зохигч талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 7-32, 48 дугаар тал/

 

6. Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3 дахь хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

 

7. Дээрх гэрээ нь зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул  нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

8. Хэлцэл байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

 

9. Түрээсийн гэрээний дагуу түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

10. Нэхэмжлэгч хариуцагчийн эзэмшил ашиглалтад гэрээнд заасан эксковатор хөрөнгүүдийг шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн нь зохигч талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна. Энэ талаар зохигчид маргаагүй.

 

11. Нэхэмжлэгч хариуцагчийг гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж үүргийн гүйцэтгэл буюу нийт түрээсийн төлбөрийн үлдэгдэл мөнгөн төлбөрийн үүрэг үндсэн төлбөр 136 985 332 төгрөг, алданги 68 492 666 төгрөг бүгд 205 477 998 төгрөгийг хариуцагчаас шаардсан. /хэргийн 35-61 дүгээр тал/

 

12. Хариуцагч хариу үүрэг буюу хөрөнгийг ашигласан хугацааны төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй буюу гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй, тооцооны үлдэгдэлтэй байгаа талаар маргаагүй.

 

Тодруулбал хариуцагч тооцоо төлбөрийн үлдэгдэл хэмжээний талаар маргасан бөгөөд 21 000 000 төгрөг төлөх төлбөрийн үлдэгдэлтэй гэж маргасан.

 

13. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа баримтад ...тус хоёр байгууллагын хооронд 2019 оны 12 сарын 18-ны өдрөөс 2020 оны 01 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр *** ХХК 96 423 874 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав... гэжээ. /хэргийн 33-34 дүгээр тал/

 

14. Дээрх тооцоо нийлснээс хойш хариуцагч:

 

- 2020.03.09-ны өдөр 45 000 000 төгрөг, 2020.4.13-ны өдөр 3000 000 төгрөг, 2020.06.23-ны өдөр 3000 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч байгууллагын Голомт банкны *** тоот дансанд тус тус шилжүүлсэн нь хариуцагчийн ирүүлсэн Худалдаа хөгжлийн банк, Хаан банкны дансны хуулга баримтуудаар, /хэргийн 91-92, 110 дугаар тал/

 

-мөн гэрээнд заасан Г.С Хаан банкны *** тоот дансанд 2020.2.22-ны өдөр 3000 000 төгрөг, 2020.3.03-ны өдөр 2000 000 төгрөг, 2020.03.22-ны өдөр 1000 000 төгрөг, 2020.04.10-ны өдөр 2000 000 төгрөг, 2020.04.30-ны өдөр 20 000 000 төгрөг, 2020.05.05-ны өдөр 2000 000 төгрөг, 2020.05.15-ны өдөр 5 589 833 төгрөг, 2020.05.20-ны өдөр 5000 000 төгрөг, 2020.05.26-ны өдөр 5000 000 төгрөг нийт 25 589 833 төгрөгийг хариуцагч шилжүүлсэн нь хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Хаан банкны дансны хуулга баримтаар /хэргийн 98-111 дүгээр тал/ тус тус тогтоогдож байна.

 

- тооцоо нийлснээс хойш хариуцагч нийт 96 589 833 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн нь тогтоогдож байна.

 

15. Хэргийн 95 дугаар талд авагдсан хариуцагчийн 2020.04.30-ны өдрийн 20 000 000 төгрөг шилжүүлсэн гэх баримтыг нэхэмжлэгч үгүйсгээгүй ... *** ХХК-иас 4 дүгээр сард бол 30,000,000 төгрөг төлсөн байгаа... гэж тайлбарласан тул хариуцагчийн шилжүүлсэн төлбөрт оруулан тооцсныг тайлбарлах нь зүйтэй.

 

16. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа баримтад ... тус хоёр байгууллагын хооронд 2020 оны 07 сарын 17-ны өдрөөс 2020 оны 08 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд *** ХХК 21 666 666 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав... гэжээ. /хэргийн 90 дүгээр тал/

 

17. Банкны дансны хуулга баримтаар хариуцагч 2020.06 сарын 23-ны өдрөөс хойш нэхэмжлэгч талд ямар нэг төлбөр тооцоо шилжүүлээгүй байх тул хоёр байгууллагын хооронд 2020 оны 07 сарын 17-ны өдрөөс 2020 оны 08 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ нэг бүрчлэн нийлж хийсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа баримтаар хариуцагч түрээсийн төлбөрийн үлдэгдэл 21 666 666 төгрөгийг төлөөгүй төлбөрийн үлдэгдэлтэй гэж үзнэ.

 

18. Хариуцагчийн ирүүлсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа баримтыг нэхэмжлэгч үгүйсгэж ...энэ бол 7, 8 сарын зөвхөн нэг техник хэрэгслийн 21,000,000 төгрөгийн бодогдсон зүйл байгаа... гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийн тайлбар нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Тодруулбал Тооцооны үлдэгдлийн баталгаа баримтад ... тус хоёр байгууллагын хооронд 2020 оны 07 сарын 17-ны өдрөөс 2020 оны 08 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ ... нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд... гэсэн утга агуулагдаж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн тайлбарласан ... 2020 оны 07 сарын 01-ний өдөр дугаар 2020/ тоот гэрээний түрээсийн төлбөрийн тооцоо... гэх тайлбарын утга агуулга илэрхийлэгдэхгүй байх тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.

 

19. 2022.04.30-ны өдрийн *** ХХК-аас *** ХХК-д хүлээлгэн өгсөн багажны жагсаалт баримтаар нийт 30 092 266 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг хариуцагч нэхэмжлэгчид гэрээний төлбөрт шилжүүлсэн гэж тайлбарласан боловч хүлээн авсан гарын үсэг тамга тэмдэг байхгүй, нэхэмжлэгч үгүйсгэсэн тул төлбөрт шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. /хэргийн 96-97 дугаар тал/

 

20. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.7-д зааснаар хариуцагч *** ХХК-аас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 21 666 666 төгрөг, алданги 10 833 333 төгрөг нийт 32 499 999 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

21. Хариуцагч түрээсийн төлбөрийг тохирсон хугацаанд төлөх гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч түрээсийн гэрээний 3.2, 6.2, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6, 232.7-д зааснаар гэрээний хариуцлага буюу алданги шаардах эрхтэй.

 

22. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 185 340 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 320 449 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.7-д зааснаар хариуцагч *** ХХК-аас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 21 666 666 төгрөг, алданги 10 833 333 төгрөг нийт 32 499 999 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 172 977 999 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 185 340 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 320 449 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ОЮУНТУУЛ