Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/02035

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/02035

 

 

 

2023 11 22 210/МА2023/02035

 

Н к- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 03-ны өдрийн 102/ШШ2023/03503 дугаар шийдвэртэй

Н к- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Х т- ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 205,477,998 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ананд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Раднаасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Энхжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч нь 2019 оны 10 сарын 01-ний өдрийн 00 дугаартай- гэрээгээр камацу D65 эксваторыг хариуцагчид түрээслүүлж, уг техникийн нэг сарын түрээс 20,000,000 төгрөг, өдөрт 20 цагаар 30 өдөр ажиллахад нэг мото цаг нь 125,000 төгрөг болно. Мөн 2019 оны 10 сарын 01-ний өдрийн 01 дугаартай- гэрээгээр Хитачи zx-470, Эе си эйч-3 гэсэн 2 техникийг түрээслүүлж, тус бүрийн сарын төлбөр 50,000,000 төгрөг, нэг мото цагийг 83,333 төгрөгөөр тооцсон. Мөн 2019 оны 10 сарын 14-ний өдрийн 11 дугаартай гэрээгээр Cat-330DL экскаваторыг түрээслүүлж, нэг сарын төлбөр 35,000,000 төгрөг байхаар тохирсон. Урьдчилгаа төлбөр 10,500,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр, үлдэгдэл төлбөрийг 10 дугаар сарын 26-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Мөн 2020 оны 01 сарын 02-ны өдрийн 01 дугаартай гэрээгээр Хитачи zx-470 техникийг нэг сарын 50,000,000 төгрөгөөр, хитачи zx-450 техникийг нэг сарын 50,000,000 төгрөгөөр, Кат-330-ийг нэг сарын 35,000,000 төгрөгөөр, өдөрт 20 мото цаг, хоёр ээлжээр ажиллана гэж тохиролцсон. Мөн 2020 оны 07 сарын 01-ний өдрийн 20 дугаартай гэрээгээр камацу 65 бульдозерыг нэг сарын 20,000,000 төгрөгөөр, өдөрт 10 мото цаг ажиллуулахаар гэрээнд тусгасан.

1.2. Талууд сард нэг удаа тооцоо нийлж, дараа сарын 05-ны өдөрт манай компанийн дансанд төлбөрийг хийхээр гэрээнд тохиролцсон. Бульдозер нь зарим өдөр ажиллаад, зарим өдөр ажиллахгүй байсан учраас бид тухайн сардаа техник хэрэгсэл нь хэдэн мото цаг ажилласан гэдэг тооцоог гаргахад 2019 оны 12 сарын 31-ний өдрөөс 2020 оны 01 сарын 31-ний өдрүүдийн хооронд үлдэгдэл төлбөр 96,423,874 төгрөг гарсан. Х т- ХХК нь 2020 оны 02 сарын 29-ний өдрийн байдлаар 40,883,833 төгрөг төлсөн.

1.3. Төлсөн төлбөрийг нь үндсэн түрээсийн төлбөрт тооцоод хамгийн сүүлд нэг жилийн хугацаанд төлбөр төлөгдөөгүй учраас тэр хугацааны алданги тооцож нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Х т- ХХК-аас үндсэн түрээсийн төлбөрт 136,985,332 төгрөг, алдангид 68,492,666 төгрөг нийт 205,477,998 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгчийн цагийн бүртгэл нь

Манай компанийн цагийн бүртгэлтэй давхар бүртгэгдэж явах ёстой байсан. Мөн өвлийн улиралд зогссон. Хавар болон зунаас ажил эхэлсэн. Ийм учраас ажиллаагүй саруудад өр үүсгэж байна. 2020 оны 08 сарын 31-ний өдөр 21,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.7-д зааснаар хариуцагч Х т- ХХК-аас 21,666,666 төгрөг, алданги 10,833,333 төгрөг, нийт 32,499,999 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н к- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 172,977,999 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,185,340 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 320,449 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Бид 96,423,874 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан эсэх тухай маргаагүй. Харин 2020 оны 02 сарын 01-ний өдрөөс 2020 оны 08 сарын 31-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн. Гэтэл шүүхээс талуудын түрээсийн харилцаа үргэлжилсэн хугацааг анхаараагүй ба дээрх хугацааны түрээсийн төлбөрийн тухай огт дүгнэлт хийгээгүй. Зөвхөн 01 дүгээр сарын тооцоо нийлсэн актад заасан төлбөр төлөгдсөн гэх үндэслэлээр бусад саруудын түрээсийн төлбөр гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. 2020 оны 02 сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 сарын 16-ны түрээсийн хугацаанд техник нь хариуцагчийн эзэмшилд байсан тухай талууд маргаагүй байхад шүүхээс дүгнэлт өгөөгүй, орхигдуулсан.

4.2. Мөн тус хугацаанд түрээсийн гэрээнд нэр зааж дурдсаны дагуу ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх техникийн оператор Т-, С-, Ж- нар тогтмол ажилласан. Улмаар түрээсийн харилцаа үргэлжилснийг нотлохоор хариуцагч компанийн нягтлан Н.М-ыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүхээс хангаагүй.

Талууд 2020 оны 07 сарын 01-ний өдөр 2020/ дугаар түрээсийн гэрээ байгуулж Бульдозер KOMATSU D65-ийг түрээсэлсэн. Шийдвэрт дурдсан акт нь зөвхөн тухайн техникт холбогдох 2020/ дугаар гэрээний 2020.07.17-2020.08.31-ний өдрийн хооронд тооцоо нийлсэн акт юм. Гэтэл хариуцагч нь тухайн актаар талуудын хоорондын үүссэн бүхий л түрээсийн төлбөр дууссан мэтээр тайлбарладаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 2023 оны 09 сарын 26-ны өдөр KOMATSU D65-д бульдозерт холбогдох цагийн бүртгэлийг нотлох баримтаар авахуулах хүсэлт гаргасан. Уг цагийн бүртгэл нь 2020 оны 07 сарын 17-ны өдрөөс эхлэн бүртгэсэн бүртгэл байдаг. Гэвч уг хүсэлтийг шүүх 00000-дугаар захирамж гаргахдаа хангахгүй орхисон. Бульдозер КОМATSU D65-ийн цагийн бүртгэлээр уг 21,666,666 төгрөгт холбогдох актын зөвхөн уг техникт холбогдох төлбөрийг дүгнэсэн болохыг нотлох боломжтой байхад анхан шатны шүүхээс эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодруулах баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй. Зөвхөн хариуцагч талын тайлбарт үндэслэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.3. Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний явцад хариуцагчаас хүлээн авсан бүхий л төлбөр тооцооны мэдээллийг шүүхэд нэгтгэж өгсөн. Тус хүснэгтэн мэдээллээс үзэхэд нэхэмжлэгч нь түрээсийн харилцааны явцад хариуцагч талаас сар бүрийн тооцоогоор 372,418,876 төгрөг, түрээсийн гэрээ дуусгавар болсноос хойш 105,298,000 төгрөг тус тус түрээсийн төлбөрт хүлээн авсан. Зохигчид өөрсдийн тайлбар, шаардлагыг нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч нь техникийг 2020.02.01-2022.07.16-ны өдрийн хооронд түрээслээгүй тухай аливаа баримтыг шүүхэд гаргаагүй. Өөрөөр хэлбэл хариуцагч нь 2020.02.01-2022.07.16-ны өдрийн хооронд түрээсийн төлбөр үүсээгүй эсхүл 21,666,666 төгрөгөөр бүхий л төлбөр тооцоо дууссан бол дээрх төлбөрийг шилжүүлэхгүй юм. Иймд хариуцагчийн тайлбар нь илэрхий үндэслэлгүй, худал болно.

4.4. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан бөгөөд тус хуулийн 326.2, 318.5, 296.1 дэх зохицуулалтын дагуу түрээсийн зүйлийг ашигласан хугацаагаар тооцон төлбөр тооцох үндэслэлтэй байхад шүүхээс техник түрээсэлсэн хугацааны төлбөрийг анхаараагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй алдаатай болжээ.

Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, ач холбогдол бүхий 2020 оны 02 сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 сарын 16-ны өдрийн хооронд түрээсийн харилцаа үүссэн эсэхийг дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдэд гүйцэтгэлээр явах, мото цагаар тооцохоор заасан. Талууд хугацаатай түрээсийн гэрээ байгуулаад түрээсийн зүйлийг ашиглаад явсан бол гомдолд дурдсан заалтыг хэрэглэх боломжтой байсан. Нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасныг үндэслэж нэхэмжлэл гаргасны дагуу шүүх маргааныг шийдвэрлэсэн. Иймд хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч тал ажиллаж байгаа тохиолдолд операторуудынхаа цагийг бүртгээд манайх ажиллаж байгаа тохиолдолд цагыг бүртгээд явах ёстой. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлох үүднээс баримт гаргаж өгөх ёстой байсан ч гаргаагүй. Шүүх нотлох баримтын хүрээнд буюу тооцоо нийлсэн актыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Бидний хувьд 21,000,000 төгрөгийн тооцооны үлдэгдлийг хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч компанийн захирлын хувийн дансруу шилжүүлсэн мөнгийг тооцож үзвэл 4,000,000 төгрөгийн илүү төлөлттэй байдаг. Үүнийг хамгийн сүүлд тооцоо нийлсэн дүнгээс хасах боломжтой. Давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Н к- ХХК нь хариуцагч Х т- ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 205,477,998 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас хариуцагч 21,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээний хүчин төгөлдөр байдлыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

4. Зохигчид 2019 оны 12 сарын 18-ны өдрөөс 2020 оны 01 сарын 31-ний өдрийн хугацаанд хамаарах тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрийг харилцан тооцоход хариуцагч нь 96,423,874 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр баталгаажуулсан.

Түүнчлэн, талууд 2020 оны 07 сарын 17-ны өдрөөс 2020 оны 08 сарын 31-ний өдрийн хооронд хамаарах хугацааны түрээсийн төлбөрийг тооцоход хариуцагч нь 21,666,666 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тооцоо нийлсэн байна.

 

5. Хариуцагч Х т- ХХК нь тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш нэхэмжлэгч Н к- ХХК-д 96,423,874 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна. /хх.91-92, 98-111/

 

6. Нэхэмжлэгч нь ...талуудын хооронд байгуулсан 5 удаагийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 136,985,332 төгрөгийг төлөөгүй гэж нэхэмжлэл гаргасан боловч талуудын хооронд 2020 оны 01 дүгээр сараас түрээний гэрээний дагуу техник ашилаж, үйл ажилагаа явуулаагүй тул уг хугацаанаас хойш үүссэн нийт төлбөр 96,423,874 төгрөгийг төлөх үүргээ хариуцагч биелүүлсэн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Харин, 2020 оны 07 сарын 17-ны өдрөөс 2020 оны 08 сарын 31-ний өдрийн хооронд ажилласан техникийн түрээсийн төлбөрийг талууд баталгаажуулж, тооцоо нийлсэн актаар тогтоосон 21,666,666 төгрөгийн төлсөн үйл баримт хавтаст хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчаас 21,666,666 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

7. Анхан шатны шүүх талууд гэрээндээ алданги төлөхөөр тохиролцсон нь хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 21,666,666 төгрөгийн 50 хувиар тооцож 10,833,333 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцэх ба нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй байна.

Шүүх хариуцагчаас алданги гаргуулж шийдвэрлэхдээ үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардахгүй, харин учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхийг зохицуулсан мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсгийг баримталсан нь буруу. Иймд анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

8. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхэд нэхэмжлэгч Н к- ХХК нь 2020 оны 02 сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 сарын 16-ны өдрийн хооронд хамаарах хугацааны техник төхөөрөмжийн түрээсийн төлбөрийг хариуцагч Х т- ХХК-аас шаардах эрхтэй талаар үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн дээрх хугацааны түрээсийн төлбөрийн талаар шүүх дүгнэлт хийгээгүй талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаагүй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авахгүй. Нэхэмжлэгчийн гомдолд дурдсан Н.М-ыг нэхэмжлэгч тал гэрчээр оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргаагүй, харин хариуцагч хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхисныг нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж дүгнэхгүй. Мөн нэхэмжлэгч тал 2023 оны 09 сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд KOMATSU D65 маркийн бульдозерийн цагийн бүртгэлийг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй гэх боловч энэ тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна. Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэх гомдлыг хангахгүй.

 

9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 03-ны өдрийн 102/ШШ2023/03503 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын ...Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7... гэснийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н к- ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,022,840 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Э.ЭНЭБИШ