Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2023/03583

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2023/03583

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, *** тоот хаягтай, рд:***, ***-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянзүрх дүүрэг, *** тоот хаягтай, рд:***, *** ХХК,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, 7 хороо, *** тоотод оршин суух хаягтай, рд:***, Г нарт холбогдох,

 

зээлээр худалдах худалдан авах гэрээний үрэг 27 135 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, О.Б нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сувд хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ***-аас хариуцагч *** ХХК, *** нарт холбогдуулан зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг 25 974 872 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 1 160 728 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... *** ХХК нь *** ХХК-тай 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу 2022 оны 11 дугаар сарын 28-ны өдөр 3,600,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 07-ний өдөр 10,680,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 10,680,000 төгрөг нийт 24,600,000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн байдаг. Гэтэл *** ХХК нь 2023 оны 03 дугаар сарын 01-ны өдөр 3,000,000 төгрөгийг шилжүүлж үлдэгдэл 21,600,000 төгрөгийг огт шилжүүлээгүй. Иймд шилжүүлээгүй үлдсэн 21,600,000 төгрөг болон 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 0023 тоот гэрээний 4.6 дах хэсэг, 9.2 дэх хэсэгт зааснаар алданги 4,145,040 төгрөг, хүү 1,030,560 төгрөг нийт 27,135,600 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Гэрээний хавсралтийг гаргаж өгөх хүсэлтэй байна. Мөн *** ХХК-руу явуулсан төлбөрийн нэхэмжлэл явуулсан ажилтны мэйл хаягт үзлэг хийлгэх хүсэлт гаргаж байна... гэв.

 

 3. Хариуцагч хариу тайлбартаа: ... *** ХХК нь хагс боловсруулсан мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд *** ХХК-д 2023 оны 04 сарын 19-ний байдлаар 21,960,000 /хорин нэгэн сая есөн зуун жаран мянган/ төгрөгийн өрийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд алданги хүлээн зөвшөөрч төлөх боломжгүй учир дээрхи өр төлбөрийг дөрвөн сарын хугацаанд доорхи хуваарийн дагуу төлж dарагдуулах хүсэлтэй байна. Алданги төлөх төлбөрийн чадваргүй үйлдвэр хөлдөж үйл ажиллагаа зогссон болно. 2023.05.22-ны өдөр 5 490 000 төгрөг, 2023.06.22-ны өдөр 5 490 000 төгрөг, 2023.07.22-ны өдөр 5 490 000 төгрөг, 2023.08.22-ны өдөр 5 490 000 төгрөг, нийт 21 960 000 төгрөгийг төлнө. Хүсэлтийг минь хүлээн авч ажиллана гэдэгт итгэлтэй байна... гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/

Өргөдөл /хэргийн 4 дүгээр тал/

*** ХХК-ийн Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 5 дугаар тал/

2023.02.09-ний өдрийн 0023 дугаар Худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 6-10 дугаар тал/

Зарлагын баримт /хэргийн 11-13 дугаар тал/

*** ХХК-ийн Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 14 дүгээр тал/

Б.Г иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 15 дугаар тал/

*** ХХК-д гаргасан *** ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Г хүсэлт /хэргийн 16 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 20 дугаар тал/

Хариу хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 28 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 32 дугаар тал/

Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай /хэргийн 41-42 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 43-44 дүгээр тал/

*** ХХКБарааны үндсэн төлбөр болон алдангийн нэгтгэл тооцоо /хэргийн 45-51 дүгээр тал/

Хүсэлт /хэргийн 57 дугаар тал/

*** ХХК-ийн дүрэм /хэргийн 59 дүгээр тал/

Захирамид гаргасан гомдол /хэргийн 64 дүгээр тал/

Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай /хэргийн 41- 42 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 43-44 дүгээр тал/

*** ХХК-ийн барааны үндсэн төлбөр болон алдангийн нэгтгэл тооцоо /хэргийн 45 дугаар тал/

Хавсралт 1 /хэргийн 46-47 дугаар тал/

Хавсралт 2 /хэргийн 48-49 дүгээр тал/

Хавсралт 3 /хэргийн 50-51 дүгээр тал/

Хүсэлт /хэргийн 57 дугаар тал/ нотлох баримтууд

Гомдол /хэргийн 64 дүгээр тал/

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 66 дугаар тал/

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хэргийн 75-76 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 77 дугаар тал/

Хүсэлт /хэргийн 78,85 дугаар тал/ нотлох баримтууд

 

5. Хариуцагчийн ирүүлсэн

Б.Г иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 23 дугаар тал/

Хүсэлт /хэргийн 26-27 дугаар тал/

Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 29-30 дугаар тал/

*** ХХК-ийн Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 58 дугаар тал/

*** ХХК-ийн дүрэм /хэргийн 59 дүгээр тал/

Өмгөөлөгч Д.С шүүх хуралдаан оролцох боломжгүй болсныг мэдэгдэх тухай /хэргийн 89-90 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ... 25 974 872 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 1 160 728 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...гэрээгээр тохирсон хугацаанд барааны үнийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн... гэж тайлбарласныг,

 

хариуцагч эс зөвшөөрч ...21 960 000 төгрөг төлнө, алданги зөвшөөрөхгүй ... гэж маргасан.

 

3. Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. 2023 оны 02 сарын 09-ний өдөр нэг талаас нэхэмжлэгч буюу худалдагч *** ХХК, нөгөө талаас хариуцагч буюу худалдан авагч *** ХХК нар харилцан тохирч, худалдагч гэрээний хавсралтад тусгагдсан чанар стандартын шаардлага хангасан биет байдлын болон эрхийн доголдолгүй бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчийн өгсөн захиалгын дагуу цаг хугацаанд нь нийлүүлэх, худалдан авагч барааны үнийг 2023.03.05-ны өдрийн дотор худалдагчид бэлнээр болон дансаар төлөхөөр харилцан тохиролцсон байна. Мөн нийлүүлэх барааны нэр төрөл, чанар, үнэ, тоо хэмжээ, сав баглаа боодол, бусад дагалдах бичиг баримтын талаар хоёр тал харилцан тохиролцож падаанд тусгахаар тохиролцжээ. /хэргийн 6-10 дугаар тал/

          

5. Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 263.2, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

 

6. Дээрхи гэрээ зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул  нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

7. Хэлцэл байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

 

8. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.3-д заасны дагуу худалдагч худалдан авагчийг үнийг төлөхөөс өмнө гэрээний хавсралтад заасан бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчийн захиалгын дагуу шилжүүлэх, худалдан авагч үнийг гэрээнд заасны дагуу 2023.03.05-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн байна.

 

9. Нэхэмжлэгч хариуцагчийг талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зээлээр худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ үнийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж гэрээний үүрэг буюу худалдсан бараа бүтээгдэхүүний үнэ 21 960 000 төгрөгийг, хүү 1 030 560 төгрөг, алданги 4 145 040 төгрөг нийт 27 135 600 төгрөгийг нэхэмжилж шаардсан.

 

10. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж буй тохиолдолд нэхэмжлэгч өөрийн шаардлага үндэслэл, тайлбараа нотлох үүрэгтэй.

 

11. Нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.1, 3.1, 3.2, 5.5-д заасан ...гэрээний хавсралтад тусгагдсан чанар стандартын шаардлага хангасан биет байдлын болон эрхийн доголдолгүй бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчийн өгсөн захиалгын дагуу цаг хугацаанд нь нийлүүлэх, хүлээлгэн өгөх... гэсэн гэрээ болон хуульд заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн байхыг шаардна.

 

12. Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.1, 3.1-д заасан гэрээний хавсралт болон падаан баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй, өөрийн шаардах эрхийн үндэслэлээ нотолж буй баримт гэж ...2022.11.28-ны өдрийн 10 680 000 төгрөг, 2022.12.07-ны өдрийн 10 680 000 төгрөг, 2022.12.12-ны өдрийн 10 680 000 төгрөгийн... үнэ бүхий 3 ширхэг зарлагын баримт ирүүлсэн боловч дээрх баримтууд гэрээ байгуулахаас өмнөх огноотой, тухайн баримтад хариуцагчийн гарын үсэг тамга тэмдэг зурагдаагүй байна. /хэргийн 11-13 дугаар тал/

 

Нэхэмжлэгч анх хэрэгт авагдсан дээрх 3 ширхэг зарлагын падаан баримтыг үндэслэн хариуцагчаас 21 960 000 төгрөг алданги 3 728 480 төгрөг нийт 25 974 872 төгрөг шаардснаас нэхэмжлэгч 21 960 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч алдангийг хүлээн зөвшөөрөхгүй тайлбараа ирүүлсэн ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн шаардлагад хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

13. Нэхэмжлэгч 2023.02.09-ны өдрийн гэрээний үүрэг шаардсан бөгөөд түүнээс өмнө хийгдсэн гэрээ хэлцэлтэй холбоотой ямар нэг нэхэмжлэл шаардлага гаргаагүй тул шүүх хэргийн бодит үнэнд нийцсэн хуулийн үндэслэлтэй дүгнэлт хийх журамтай.

 

14. Нэхэмжлэгч хариуцагчийг үнийг төлөхөөс өмнө ямар нэр төрлийн, хичнээн тоо хэмжээтэй, ямар үнэ төлбөртэй бараа бүтээгдэхүүнийг хариуцагчид шилжүүлсэн, мөн түүнийг хэрхэн хэнд хэзээ хариуцагчид хүлээлгэн өгч гэрээ болон хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлсэн нь хангалттай, эргэлзээгүй, үнэн зөв баримтаар хангалттай нотлогдохгүй байна.

 

15. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх нотлогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.7-д зааснаар зээлээр худалдан худалдан авах гэрээний үүрэг 25 974 872 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 1 160 728 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

16. Нэхэмжлэгч хариуцагч *** ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд хариуцагч Д.Г ямар нэг гэрээ хэлцэл байгуулаагүй, үүргийн эрх зүйн харилцаа үүсээгүй тул Д.Г зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг шаардах эрхгүй.

 

17. Нэхэмжлэгч шүүх хуралдааны үед шинээр нотлох баримт шаардлагатай болсон буюу гэрээний хавсралт баримт гаргаж өгөх мөн *** ХХК-руу төлбөрийн нэхэмжлэл явуулсан ажилтны мэйл хаягт үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

Учир нь гэрээний хавсралт буюу талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.1, 3.1-д гэрээний хавсралт падаан баримтуудыг нэхэмжлэгч урьд өмнө гаргаж өгөх бололцоотой мэдэгдэж байсан баримт, мөн мэйл хаягт үзлэг хийх хүсэлтийг өмнө гаргах хангалттай хугацаа, бололцоотой байсан ч гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлд хамаарахгүй гэж үзнэ.

 

18. Нэхэмжлэгчийн ирүүлсэн 3ш зарлагын баримтаар тус бүр 10 680 000 төгрөгийн бараа худалдсан баримт байх ба нэхэмжлэлд заасан 2022.11.28-ны өдөр 3600 000 төгрөгийн бараа худалдсан ямар нэг баримт хэрэгт авагдаагүй байна.

 

19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293 628 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.7-д зааснаар хариуцагч *** ХХК, Б.Гантулга нарт холбогдуулан гаргасан 25 974 872 төгрөг, гаргуулах тухай нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293 628 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ