Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2023/02079

 

 

АУ -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/03583 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: АУ

Хариуцагч: ОМ ХХК, Г.А

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 27,135,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон, О.Баярцэцэг, хариуцагч ОМ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 АУ нь ОМ ХХК-тай 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу АУ 2022 оны 11 дугаар сарын 28-ны өдөр 3,600,000 төгрөг, 12 дугаар сарын 07-ний өдөр 10,680,000 төгрөг, 12 дугаар сарын 12-ны өдөр 10,680,000 төгрөг, нийт 24,600,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн. ОМ ХХК 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэх төлбөрийг төлөөгүй.

Иймд гэрээний дагуу үлдэх төлбөр 21,960,000 төгрөг, алданги 4,145,040 төгрөг, хүү 1,030,560 төгрөг, нийт 27,135,600 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

2.1 ОМ ХХК нь АУ -д 2023 оны 04 дүгээр сарын 19-ний байдлаар 21,960,000 төгрөгийг төлөх боломжгүй учир дөрвөн сарын хугацаанд буюу 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 5,490,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 5,490,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 5,490,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 5,490,000 төгрөг, нийт 21,960,000 төгрөг төлөх хүсэлттэй байна. Үйлдвэр хөлдсөн тул алданги төлөх төлбөрийн чадваргүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч ОМ ХХК, Г.А нарт холбогдуулан гаргасан 25,974,872 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 1,160,728 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч АУ -ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293,628 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч талууд 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан.

 

ХЯНАВАЛ:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч зохигч маргааны талаар эвлэрэн хэлэлцэж 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр давж заалдах шатны шүүхэд эвлэрлийн гэрээг ирүүлсэн байна.

 

2. Гэрээнд хариуцагч ОМ ХХК, Г.А нар нь нэхэмжлэлийн шаардлага 27,135,600 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 6,135,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 9,000,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 6,000,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 6,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр заажээ. /хх-109/

 

3. Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч АУ , хариуцагч ОМ ХХК, Г.А нарын гэрээгээр тохиролцсон эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/03583 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч ОМ ХХК, Г.А нар нэхэмжлэлийн шаардлага 27,135,600 төгрөгийн 6,135,600 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, 9,000,000 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, 6,000,000 төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, 6,000,000 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тус тус нэхэмжлэгч АУ -д төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,628 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

М.БАЯСГАЛАН