Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2023/03591

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2023/03591

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *** тоотод хаягтай, рд:***,  А төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, *** тоотод хаягтай, рд:***, Х М холбогдох,

 

64 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цнар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сувд хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.А гаас хариуцагч М.М т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 64 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... М.М нь манай нөхрөөс 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 20,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэмж 10,000,000 төгрөгийг нийт 6 сарын хугацаатай , 5 хувийн хүүтэй зээлсэн. Мөн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нэмж 30,000,000 төгрөгийг 2.5 хувийн хүүтэй нийт 60,000,000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж зээлж авсан байдаг. Иймд 64,500,000 төгрөгийг М.Маас нэхэмжилж байна гэв.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: ...М.М аас нэхэмжлэлийн шаардлага болох 64,500,000 төгрөгийг гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.А, М.М нарын хооронд зээлийн гэрээ хийгдээгүй. Хэрэгт авагдсан зээлийн гэрээний хуулбар дээр зээлдэгч *** ХХК, зээлдүүлэгч Д.А гэсэн зээлийн гэрээ байгуулагдсан тул иргэн М.Мтай ямар ч холбоогүй гэрээ байгуулагдсан тул энэ хэргийн хариуцагч М.М биш юм. *** ХХК нь анх барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах зорилгоор үүсгэн байгуулагдсан. Барьцаалан зээлдүүлэх газартаа хөрөнгө оруулах зорилготойгоор *** ХХК, иргэн Д.А хоёрын хооронд зээлийн гэрээ байгуулсан байдаг. Ингэхдээ эхлээд 20,000,000 төгрөг, дараа нь 10,000,000 төгрөг нийт 30,000,000 төгрөгийг зээлсэн байдаг. Тухайн үед ковид гарч үйл ажиллагаа явуулах боломжгүй болж шүүхэд хүсэлтээ өгөөд дампуурсан байдаг. Шүүхийн шийдвэрийн үндэслэлийг харахад иргэн Д.А гийн зээлийн төлбөрийг төлж чадхааргүй болсон төлбөрийн чадваргүйг тооцож өгнө үү гэсэн агуулгатай дээрээс нь татварын өртэй байсан. Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад сонин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараах арга хэмжээ авч байхад нэхэмжлэлээ гаргаж ирээгүй байсан. М.М т холбогдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчийн ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/

Д.А гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 4 дүгээр тал/

Итгэмжлэл /хэргийн 5 дугаар тал/

2017.10.10-ны өдрийн 10/2 дугаар зээлийн гэрээ /хэргийн 6-7 дугаар тал/

Зээлийн гэрээний хавсралт /хэргийн 8-9 дүгээр тал/

2018.04.10-ны өдрийн 18/9 дугаар Зээлийн гэрээ /хэргийн 10-11 дүгээр тал/

Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан тоотын хуулбар /хэргийн 12 дугаар тал /

Хүсэлт /хэргийн 16 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн17 дугаар тал/

Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан, нэмж хариуцагч татах тухай /хэргийн 20-22 дугаар тал/

2017.10.10-ны өдрийн 10/2 дугаар Зээлийн гэрээ /хэргийн 23-24 дүгээр тал/

Д.А гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 25 дугаар тал/

2017.10.25-ны өдрийн Зээлийн гэрээний хавсралт /хэргийн 26-27 дугаар тал/

Д.А гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 28 дугаар тал/

Д.А гийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хэргийн 29 дүгээр тал/

2018.04.10-ны өдрийн 18/9 дугаар Зээлийн гэрээ /хэргийн 30-31 дүгээр тал/

Д.А гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 32 дугаар тал/

Д.А гийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хэргийн 33 дугаар тал/

Д.А гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 34-40 дүгээр тал/

Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн хариу хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 41 дүгээр тал/

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.18-ны өдрийн 183/ШШ2020/02168 дугаар шийдвэр /хэргийн 42-43 дугаар тал/

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.09.19-ний өдрийн 183/ШШ2022/02625 дугаар шийдвэр /хэргийн 44-45 дугаар тал/

Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага /хэргийн 95 дугаар тал/ нотлох баримтууд

 

5. Хариуцагчийн ирүүлсэн

Итгэмжлэл /хэргийн 82 дугаар тал/

Тайлбар /хэргийн 83 дугаар тал/

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.15-ны өдрийн 102/ШШ2021/03421 дугаар шүүхийн шийдвэрийн хуулбар /хэргийн 84-85 дугаар тал/нотлох баримтууд

 

6. Шүүхээс

Баянгол дүүргийн Прокурорын байгууллагаас ирүүлсэн Зээлийн гэрээ баримтууд /хэргийн 61-65, 73-81 дүгээр тал/

2018.04.10-ны өдрийн 18/9 дугаар Зээлийн гэрээ /хэргийн 80-81 дүгээр тал/

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.15-ны өдрийн 102/ШШ2021/03421 дугаар шүүхийн шийдвэр /хэргийн 89-100 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч анх 2023.01.19-ний өдөр хариуцагчаар М.М ыг тодорхойлж түүнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг нийт 64 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *** ХХК-ийг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргаж хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 64 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн /хэргийн 1-2, 20-22, 54-55 дугаар тал/

 

4. 2023.10.09-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа *** ХХК дампуурсан татан буугдсан үндэслэлээр түүнд холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзсан. /хэргийн 95 дугаар тал/

 

5. Нэхэмжлэгч ...64 500 000 төгрөг гаргуулах тухай... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ... хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлж гэрээний үүрэг зөрчсөн... гэж тайлбарласныг,

 

хариуцагч эс зөвшөөрч ...М.М нэхэмжлэгчтэй ямар нэг гэрээ хэлцэл байгуулаагүй түүнээс мөнгө зээлээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргасан.

 

6. Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.1 Нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Д.А, зээлдэгч *** ХХК-ийн хооронд мөнгөн зээлийн дараах гэрээнүүд бичгээр байгуулагдсан байна. Үүнд:

 

-2017 оны 10 сарын 10-ны өдөр дугаар 10/2 тоот зээлийн гэрээгээр зээлдүүлэгч 20 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, зээл авагчийн санхүүгийн болон аж ахуйн нэгжийн тогтвортой байдлыг хангах үүднээс 2017 оны 10 сарын 10-ны өдрөөс 2018 оны 04 сарын 10-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай,

 

-2017 оны 10 сарын 25-ны өдөр дугаар 10/2/1/ тоот зээлийн гэрээгээр зээлдүүлэгч 10 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, зээл авагчийн санхүүгийн болон аж ахуйн нэгжийн тогтвортой байдлыг хангах үүднээс 2017 оны 10 сарын 25-ны өдрөөс 2018 оны 04 сарын 25-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай,

 

-2018 оны 04 сарын 10-ны өдөр дугаар 18/9 тоот зээлийн гэрээгээр зээлдүүлэгч 60 000 000 төгрөгийг, сарын 2.5 хувийн хүүтэй, зээл авагчийн санхүүгийн болон аж ахуйн нэгжийн тогтвортой байдлыг хангах үүднээс 2018 оны 04 сарын 10-ны өдрөөс 2018 оны 10 сарын 10-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай зээлдүүлжээ. /хэргийн 23-32 дугаар тал/

 

7. Энэ нь нэхэмжлэгч Д.А, зээлдэгч /зээл авагч/ Сити ундрага ХХК-ний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн ба гэрээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

8. Гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

 

9. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч мөнгөн хөрөнгө болох 20 000 000 төгрөг, 10 000 000 төгрөг, 60 000 000 төгрөгийг зээлдэгч Сити ундрага ХХК-ийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, *** ХХК гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг тохирсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй байна.

 

10. Гэрээний дагуу 20 000 000 төгрөгийг 2017.10.09-ны өдөр Хаан банкны 5063294345 тоот дансанд, 10 000 000 төгрөгийг 2017.10.24-ны өдөр Хаан банкны 5063294345 тоот дансанд, 30 000 000 төгрөгийг 2018.02.22-02.26-ны хооронд цувуулан 30 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Сити ундрага ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн, мөнгийг шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлсэн байна./хэргийн 25, 28-29, 32-33 дугаар тал/

 

11. Нэхэмжлэгч дээрх 60 000 000 төгрөгийг хариуцагч М.Мт шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн буюу Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасны дагуу мөнгийг шилжүүлсэн тул хариуцагч М.М хариу үүрэг буюу зээлсэн мөнгийг хүүгийн хамт эргүүлэн төлөх үүрэгтэй гэж түүнээс дээрх 3 зээлийн гэрээний үүрэг шаардсан.

 

12. Хэрэгт авагдсан 3 ширхэг зээлийн гэрээ баримтуудаас үзэхэд дараах үйл баримт, тохиролцоо тогтоогдож байна. Үүнд:

 

1. зээлийн гэрээг нэг талаас зээлдэгч буюу зээл авагч *** ХХК түүнийг төлөөлж захирал М.М, зээлдүүлэгч буюу зээл олгогч Д.А нарын хооронд байгуулагдсан, /гэрээний эхний хэсэг, гэрээ байгуулсан талуудын гарын үсэг тамга тэмдэг дарсан байдал, гэрээний 12 дугаар зүйл/

 

2. зээлийн зориулалт зээл авагчийн санхүүгийн болон аж ахуйн нэгжийн тогтвортой байдлыг хангах зориулалттай байсан, /гэрээний 1 дүгээр заалт/

 

3. зээлийн мөнгийг шилжүүлэх хүлээн авах дансаа талууд гэрээнд тусгаж тохиролцсон байна. /гэрээний 12 дугаар зүйл, төгсгөл хэсэг/

 

13. Тодруулбал дээрх гэрээ баримтуудаар гэрээ хуулийн этгээд *** ХХК болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан, мөнгийг зээл авагчийн санхүүгийн болон аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зориулалттай зээлсэн, мөн мөнгийг гэрээгээр тохиролцсны дагуу М.М ын Хаан банкны 5063294345 тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

 

14. Зээлийн гэрээ баримтууд, гэрээнд тусгагдсан талуудын тохиролцоогоор нэхэмжлэгчийн ...хариуцагч М.Мтай зээлийн гэрээ байгуулж, түүний дансанд мөнгийг шилжүүлсэн тул М.М зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй... гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбар үгүйсгэгдэж байна.

 

15. Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүнийг агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд үүрэг гүйцэтгэгч талууд болон үүрэг гүйцэтгэх арга хэлбэр журмаа өөрсдөө тодорхойлсон нь тогтоогдож байна.

 

16. Иймд нэхэмжлэгч Д.А, хариуцагч М.М нарын хооронд зээлийн гэрээ хэлцэл байгуулагдаагүй, үүргийн харилцаа үүсээгүй тул дээрх 3 зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрх үүсээгүй, шаардах эрх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар хариуцагч М.Маас зээлийн гэрээний үүрэг нийт 64 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.А ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 480 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр тогтоов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар хариуцагч М.М т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг 64 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.А гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 480 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч *** ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ