Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2023/02082

 

 

 

 

 2023 11 29 210/МА2023/02082

 

 

Д.А....ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09ий өдрийн 102/ШШ2023/03591 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.А...ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М.М...т холбогдох,

 

64,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц...., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Н... нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

 

1.1. М.Мандахбаяр нь Д.А...гаас 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 20,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэмж 10,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлсэн. 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нэмж 30,000,000 төгрөгийг 2,5 хувийн хүүтэйгээр нийт 60,000,000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж, зээлж авсан.

 

Иймд 64,500,000 төгрөгийг М.М....аас нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

 

2.1. Д.А..., М.М... нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй. Хэрэгт авагдсан зээлийн гэрээний хуулбар дээр зээлдэгч С... ХХК, зээлдүүлэгч Д.А... гэсэн зээлийн гэрээ байгуулагдсан. М.М...тай ямар ч холбоогүй, хариуцагч биш юм.

 

С.... ХХК нь анх барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах зорилгоор үүсгэн байгуулагдсан. Барьцаалан зээлдүүлэх газартаа хөрөнгө оруулах зорилготойгоор С... ХХК, иргэн Д.А... хоёрын хооронд зээлийн гэрээ байгуулсан. Эхлээд 20,000,000 төгрөг, дараа нь 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг зээлсэн байдаг.

 

2.2. Тухайн үед Ковид гарч үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, шүүхэд хүсэлтээ өгөөд дампуурсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэлийг харахад иргэн Д.А...ийн зээлийн төлбөрийг төлж чадахааргүй болсон төлбөрийн чадваргүйг тооцож өгнө үү гэсэн агуулгатай дээрээс нь татварын өртэй байсан.

 

Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, байхад сонин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараах арга хэмжээ авч байхад нэхэмжлэлээ гаргаагүй. М.М...т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.       Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар хариуцагч М.М...т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг 64,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.А...ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 480,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч С.... ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэжээ.

 

4.       Нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга:

 

4.1. Д.А... нь М.М....тай харилцан тохиролцож, түүний хувийн хэрэгцээнд мөнгө зээлдүүлэхээр 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 60,000,000 төгрөгийг М.М....ын Хаан банкны 50632..... дугаар дансанд шилжүүлсэн.

 

4.2. Шилжүүлсэн мөнгийг хүснэгтээр харуулбал 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хаан банкны 50296.... данснаас A...-s гүйлгээний утгатай 20,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны 4100.... данснаас 10,000,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хаан банкны 50296.... данснаас 6,000,000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны 4100.... данснаас 5,000,000 төгрөгийг Ma....t гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн.

 

2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр, 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр, 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тус бүр Худалдаа хөгжлийн банкны 410048982 данснаас 2,000,000, 2,000,000, 1,000,000 төгрөгийг Mandaxbayart гэсэн гүйлгээний утгатайгаар, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 4,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

 

Талууд 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг 1 сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн нийт 10,000,000 төгрөгийг 1 сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд шилжүүлсэн нийт 30,000,000 төгрөгийг 1 сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай тус тус зээлүүлэхээр харилцан тохиролцож, бичгээр гэрээг байгуулаагүй боловч М.М... нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр авсан 20,000,000 төгрөгийн хүүгийн төлбөрт 6,200,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 27-нд авсан 10,000,000 төгрөгийн хүүгийн төлбөрт 3,000,000 төгрөг, нийт 9,200,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг.

 

Д.А...аас М.М...т 60,000,000 төгрөг шилжүүлсэн, улмаар хүүгийн төлбөрт 9,200,000 төгрөгийг төлсөн зэрэг дансны хуулгаар хангалттай нотлогддог.

 

Хэрэгт авагдсан баримтаар дээрх 60,000,000 төгрөгийг хэд хэдэн удаагийн гүйлгээгээр энэ гурван зээлийн гэрээг байгуулахаас өмнө шилжүүлсэн.

 

Тодруулбал, энэ гурван Зээлийн гэрээ байгуулагдсан өдөр болон гэрээ байгуулагдсаны дараа гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн зүйл байхгүй бөгөөд энэ гурван Зээлийн гэрээ нь хэрэгжээгүй юм.

 

4.3. М.М...тай амаар байгуулсан зээлийн гэрээний дагуу зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлсэн, С..." ХХК-тай байгуулсан энэ гурван Зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлээгүй, уг 60,000,000 төгрөгийг энэ гурван зээлийн гэрээ байгуулагдахаас өмнө шилжүүлсэн учраас энэ гурван зээлийн гэрээ хэрэгжээгүй гэж маргадаг боловч анхан шатны шүүхээс "энэ гурван зээлийн гэрээг хэлбэрийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/03591 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч М.М....аас 64,500,000 төгрөгийг гаргуулан Д.А....д олгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

 

5.1. Д.А.... болон С... ХХК-уудын хооронд гэрээ байгуулагдах үед зээлийн хүү, хэмжээ, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги болон зээлийн төлбөрийг шилжүүлэх дансыг гэрээгээр тохиролцсон байдаг.

 

5.2. Уг нөхцөл байдлын улмаас Д.А... нь С... ХХК-д зээлийг олгосон. С... ХХК-ийн татан буугдсан шийдвэрийг хэргийн материалд хавсаргасан.

 

Д.А..., М.М.... нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байна. Харин С... ХХК-ийг татан буулгах ажиллагаа явагдаж байх үед Ц.А....ийн тухайн компанид төлөх төлбөрийг анхан шатны шүүхээс тогтоосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй үйл баримт тогтоогдсон. Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрлэв.  

2. Нэхэмжлэгч Д.А.... нь хариуцагч М.М....т холбогдуулан дараах нэхэмжлэлийг гаргасан. Үүнд:

2.а. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн 20,000,000 төгрөг,

2.б. 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн 10,000,000 төгрөг,

2.в. 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 30,000,000 төгрөг, түүний хүү 4,500,000 төгрөг, нийт 64,500,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч нь С... ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан, С... ХХК төлбөрийн чадваргүй болсоны улмаас дампуурсанд тооцож татан буулгасан, М.М.... жинхэнэ хариуцагч биш гэж маргажээ. /1-р хх 1-2, 20-22, 95, 100-102/

3. Хэргийн үйл баримтын талаар:

3.а. Д.А..., С... ХХК-уудын хооронд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч Д.А.... нь 20,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр С... ХХК-д зээлдүүлэх, С... ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зээлийг эргэн төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /1-р хх. 6-7/

3.б. 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Зээлийн гэрээний хавсралт гэрээгээр, Д.А... нь 10,000,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, С... ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр бүрэн төлөхөөр тохиролцжээ. /1-р хх. 8-9/

3.в. Улмаар талууд 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр нэхэмжлэгч Д.А... нь 60,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэйгээр С... ХХК-д зээлдүүлэх, С... ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээлийг эргэн төлөх үүргийг тус тус хүлээхээр тохиролцжээ. /1-р хх. 10-11/

3.г. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/03121 дугаар шийдвэрээр С... ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгахаар шийдвэрлэсэн.

3.д. Нэхэмжлэгч Д.А... нь хариуцагч М.М...ын дансанд 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 24-ний 10,000,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 8,000,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 8,000,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 5,000,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн талаар баримт хэрэгт авагдсан. /1-р хх. 25, 28-29, 32-33/ Хариуцагч мөнгийг хүлээн авсан талаар маргаагүй.

4. Зохигч дараах асуудлаар маргаантай байна. Үүнд:

4.а. Нэхэмжлэлээр шаардаж буй 60,000,000 төгрөгийн зээлийн гэрээг С... ХХК, М.М... нарын хэнтэй байгуулсан, уг мөнгөн хөрөнгийг хэн буцаан төлөх үүрэгтэй тухайд маргасан.

4.б. Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгч хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч М.М... нь өөрийн дансаар 60,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан, буцаан төлөөгүй үйл баримт тогтоогджээ.

Иргэний эрх зүйн харилцаа гэрээний дагуу болон хуулийн дагуу үүсэх бөгөөд хэн ч үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй юм. Нэгэнт нэхэмжлэгчээс шилжүүлсэн 60,000,000 төгрөгийг хариуцагч М.М.... хүлээн авсан тул түүнийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэнэ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

4.в. Нэг гишүүнтэй С... ХХК-ийг шүүхийн шийдвэрээр дампуурсан тооцож, татан буулгасан нь Д.А...аас М.М...ын дансанд мөнгө шилжүүлсэн үйл баримтыг үгүйсгэх, М.М.... үндэслэлгүйгээр хөрөнгөжих үндэслэл болохгүй юм.

5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/03591 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч М.М....аас 60,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.А...д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 480,450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.М...аас 457,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 480,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД  Д.ЦОГТСАЙХАН

 

Ш.ОЮУНХАНД