Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2023/03778

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2023/03778

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, *** тоот хаягтай, рд:***, *** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, *** тоотод оршин суух, рд:***, Н холбогдох,

 

орон сууц захиалгын гэрээний үүрэгт 31 518 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагчийн нэр дээр гаргуулж өгөхийг нэхэмжлэгчид даалгах,байрны төлбөрт илүү шилжүүлсэн 3 988 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сувд хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *** ХХК-аас хариуцагч Б.Нд холбогдуулан орон сууц захиалгын гэрээний үүрэгт 31 518 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...*** ХХК нь иргэн Б.Нтай 2016 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр ЗГ-133 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр *** ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Баянгол дүүргийн 1*** тоотод орших 45,6 м.кв талбайтай, нийт 86,640,000 төгрөгийн өртөг бүхий 2 өрөө орон сууцыг гэрээнд заасан төлбөрийн хуваарийн дагуу төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Талууд гэрээ байгуулагдмагц 10 хувийг төлж, үлдсэн төлбөрийг графикаар төлөлтийн хуваарь гаргаж бэлэн мөнгөөр төлөхөөр тохиролцсон байдаг. Гэтэл хариуцагч бэлэн мөнгөний нэг ч төлөлт хийгээгүй. Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх талаар удаа дараа мэдэгдэхэд хариуцагч над дээр банкны зээл гарна гэсэн боловч шаардлага хангаагүй улмаас бэлэн мөнгөөр тооцоо хийх боломжгүй болсон. Иймд гэр бүлээрээ мужааны ажил хийдэг учраас танай барилгын компанид мужааны ажил хийгээд орон сууцныхаа төлбөрт хасалт хийлгээд явах боломжтой юу гэдэг тайлбар өгсөн байдаг. Уг хариуг *** ХХК-ийн захирал хүлээж аваад ажил хийлгэхээр аман тохиролцоо хийсэн байдаг. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэг ч төлбөр төлсөн баримт байдаггүй. Бид шударга байдлаар л хандаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэв.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. *** ХХК-тай 2016 онд уг компанийн баригдаж буй барилгад 24,296,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэж, үүнээс 18,000,000 төгрөгийн төлбөрт нь *** УБҮ улсын дугаартай автомашиныг хариуцагч Б.Нд өгсөн боловч автомашины гэрчилгээг нэр дээр нь шилжүүлж өгөөгүй. Ингээд *** ХХК нь манайхтай орон сууц захиалгын гэрээ байгуулаад урьдчилгаанд нь ажил гүйцэтгэсэн үлдэгдэл төлбөр болох 6,296,000 төгрөгийг суутгаад үлдэгдэл төлбөрт нь ажил гүйцэтгүүлж, уг ажлынхаа материалыг өөрсдөө авч дараа нь тооцоо нийлж орон сууцны төлбөр төлж дуусахаар орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээр нь гаргуулж өгье гэж талууд тохиролцсон байдаг. Үүний дагуу ажил гүйцэтгэж, тухайн компанийн инженер болон хариуцсан ажилтнаар нь тооцуулж ирсэн. Сүүлд Чойрын ажлын хөлсийг хүлээж аваагүйгээс маргаан үүссэн байдаг. Мөн нэхэмжлэгчийн гаргасан алданги 10,506,000 төгрөгийг анхнаасаа бид гэрээн дээрээ тохиролцоогүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: ...Баянгол дүүргийн *** тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Н-н нэр дээр гаргуулж өгөхийг хариуцагч нарт даалгах, Байрны төлбөрт илүү төлсөн 3,988,000 төгрөгийг гаргуулах тухай гэсэн сөрөг нэхэмжлэл гаргсан. Үндэслэл нь *** ХХК-тай 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ/133 дугаар 86,640,000 төгрөгийн үнэ бүхий Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Орон сууцны төлбөрийг *** ХХК-ийн барьж буй барилгуудад модон шатны бариул, белантус, тавилга гэх мэт зүйлсийг тохиролцсон. Ингээд гэрээний дагуу 2016 оноос 2021 оны хугацаанд доорх ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд: 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 6,296,000 төгрөг, 2016 оны 11 дугаар сарын 18-ны өдөр 3,459,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 2,675,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 3,180,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 240,800 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр 875,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 576,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 7,508,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 6,540,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1,200,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 2,900,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр 760,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр 2,073,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 3,080,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 22-ний өдөр 6,120,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 22-ний өдөр 1,930,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 22-ний 1,820,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 22-ний өдөр 420,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 7,200,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 25,000,000 төгрөг нийт 90,628,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. *** ХХК-ийн хүсэлтээр барилгуудад дээрх ажлуудыг хийж дуусгаж, менежер болон бусад эрх бүхий албан тушаалтнуудад нь хүлээн авч ажил хүлээлцсэн акт бичиж гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага дэмжиж оролцож байна... гэв.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: ...орон сууц захиалгын гэрээнд хариуцагч тал маргахгүй байх шиг байна. Орон сууц захиалан бариулах тухай гэрээний 3 дугаар зүйлийн 3,2 дэх хэсэгт захиалагч тал гэрээний 10 хувийг гэрээ байгуулмагц төлж, үлдэгдэл төлбөрийг хавсралт хоёрт заасан хугацаагаар төлнө гэж заасан байдаг. Мөн тус гэрээний 3 дугаар зүйлийн 3,5 дэх хэсэгт орон сууцны төлбөрийг гүйцэтгэгчийн хаан банкны тоот дансанд бэлнээр төлнө гэж тохиролцсон байна. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг сонсоход гэрээнээсээ татгалзах юм шиг тайлбарлаж байна. Тэгвэл өгсөн авснаа буцаагаад байраа хүлээлгэж өгөөд, ажлын хөлсийг буцааж өгөх боломжтой. Хүчээр орон сууц өгөөд, гэрээ байгуулагдсан зүйл огт байхгүй. Метр.квадрат нь 1,900,000 төгрөгийн үнэтэй орон сууц гэж өнөөгийн зах зээлд байхгүй. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдээ дурдсан төлбөрүүдийг хавтас хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байдаг. Мөн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагч Б.Нд гаргаж өгөхийг даалгах гэж байна. Манай компани улсын бүртгэлийн ажлыг хийдэггүй. Төлбөр тооцооны үлдэгдэлтэй орон сууц захиалгын гэрээнд төлбөр тооцоо дууссан талаар баримт гаргаж өгөх боломжгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна... гэв.

 

  6.Нэхэмжлэгчийн ирүүлсэн

Нэхэмжлэл /хавтаст хэргийн 1 дүгээр тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хаваст хэргийн 2 дугаар тал/

*** ХХК-ийн Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ/хавтаст хэргийн 3 дугаар тал/

Итгэмжлэл /хавтаст хэргийн 4 дүгээр тал/

Орон сууц захиалгын гэрээ /хавтаст хэргийн 5-7 дугаар тал/

Төлбөр төлөх хугацааны график /хавтаст хэргийн 8 дугаар тал/

Хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 9 дүгээр тал/

Төлбөр тооцооны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 10 дугаар тал/

Итгэмжлэл /хавтаст хэргийн 14 дүгээр тал/

Төлбөр тооцооны дэлгэрэнгүй хуулга, ажлын гүйцэтгэл хүлээн авсан тухай баримт /хавтаст хэргийн 27-34 дүгээр тал/

Мэдэгдэл /хавтаст хэргийн 49 дүгээр тал/

Хариу тайлбар /хавтаст хэргийн 50 дугаар тал/

Итгэмжлэл /хавтаст хэргийн 111-112 дугаар тал/

Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай /хавтаст хэргийн 113 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 114 дүгээр тал/

Төлбөрийн тооцооны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 115 дугаар тал/

Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах тухай /хавтаст хэргийн 131 дүгээр тал/

Нэхэмжлэх /хавтаст хэргийн 132 дугаар тал/ нотлох баримтууд,

 

7. Хариуцагчаас ирүүлсэн

Итгэмжлэл /хавтаст хэргийн 14 дүгээр тал/

Итгэмжлэл /хавтаст хэргийн 22 дугаар тал/

Хариу тайлбар /хавтаст хэргийн 23-25 дугаар тал/

Сөрөг нэхэмжлэл /хавтаст хэргийн 35-37 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 38 дугаар тал/

Зарлагын баримт /хэргийн 71-80 дугаар тал/

 

8. Шүүхээс

Шинжээчийн дүгнэлт, албан бичиг баримтууд /хавтаст хэргийн 87-93, 95-108 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч ...31 518 000 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...орон сууц захиалан бариулах гэрээний үүрэг буюу орон сууцны үнийг төлөх үүргээ хугацаанд нь зохих ёсоор бүрэн биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн... гэж тайлбарласныг,

 

хариуцагч эс зөвшөөрч ...гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагчийн нэр дээр гаргуулж өгөхийг нэхэмжлэгчид даалгах, орон сууцны илүү төлсөн 3 988 000 төгрөгийг буцаан гаргуулах... сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаж байна.

 

3. Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1. Нэхэмжлэгч буюу худалдагч 2016 оны 09 сарын 29-ны өдөр №ЗГ/133 орон сууц захиалгын гэрээ байгуулан Баянгол дүүрэг, *** тоот 45.6м2 талбай бүхий 2 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг хариуцагч буюу худалдан авагч Б.Н д худалдах, худалдан авагч орон сууцны үнэ нийт 86 640 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон нь хэрэгт авагдсан гэрээ, түүний хавсралт, зохигч талуудын тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 5-8 дугаар тал/

 

4. Энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан шаардлагыг хангасан худалдах худалдан авах гэрээ талуудын хооронд байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

 

4.1. Дээрх гэрээ зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул  талуудын хооронд бичгээр хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

4.2. Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх, гэрээний хугацаа дуусгавар болсон эсэх талаар зохигчид маргаагүй.

        

 4.3. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдагч биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч гэрээгээр тохирсон хугацаанд үнийг төлж, хөрөнгийг хүлээн авах үүрэгтэй.

 

4.4. Хариуцагч гэрээний зүйл буюу 45.6м2 талбай бүхий 2 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг хүлээн аваагүй талаар маргаагүй тул нэхэмжлэгч биет байдлын болон эрхийн доголдолгүй орон сууц хөрөнгийг хүлээлгэн өгсөн, зохигчид маргаагүй гэж үзэв.

 

4.5. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж орон сууцыг хүлээлгэн өгсөн тул хариуцагч хариу үүрэг буюу орон сууц хөрөнгийн үнийг гэрээгээр тохиролцсон хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй.

 

4.6. Нэхэмжлэгч хариуцагчийг дээрх үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй гэж үзэн орон сууцны үнийн үлдэгдлийг хариуцагчаас шаардсан.

 

5. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1, 3.2-т зааснаар орон сууцны нийт талбай 45.6м2 байх бөгөөд 1м2 талбайн үнэ 1900 000 төгрөг буюу орон сууцны нийт үнэ 86 640 000 төгрөг болно, захиалагч гэрээний 3.1-д заасан төлбөрөөс 10 хувийг гэрээ байгуулагдсан өдөр барагдуулна. Үлдэгдлийг Хавсралт№2-т заасан хуваарийн дагуу төлөхөөр, тодруулбал 2016 оны 09 сарын 29-ны өдрөөс 2019 оны 09 сарын 29-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүр 1000 000 төгрөгөөр төлөхөөр график байгуулжээ. /хэргийн 8 дугаар тал/

 

6. Гэрээнд тохиролцсон урьдчилгаа төлбөр болон графикт хуваарийн дагуу хариуцагч төлбөрийг төлөөгүй, харин талууд хариуцагч нэхэмжлэгчийн барьж байгаа барилгад шаардлагатай мужааны ажил хийж гүйцэтгэн уг ажлын хөлсөөр орон сууцны үнийг төлөхөөр амаар тохиролцож, хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлыг нэхэмжлэгч хүлээн авч хөлсийг орон сууцны үнэд суутган харилцан тооцож байсан нь нэхэмжлэгчийн ирүүлсэн тооцооны дэлгэрэнгүй хуулга, ажил хүлээлцсэн баримт, зохигч талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 10, 27, 28-34, 113, 115 дугаар тал/

 

7. Талуудын дээрх тохиролцоо Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 238 дугаар зүйлийн 238.1, 244 дүгээр зүйлийн 244.1-д заасныг зөрчөөгүй.

 

8. Амаар тохиролцсны дагуу хариуцагч 65 628 800 төгрөгийн ажил хийж гүйцэтгэн орон сууцны үнэд харилцан тооцсон талаар талууд маргаагүй.

 

9. Хариуцагчийн хийж гүйцэтгэсэн 2019.11.11-ны өдрийн 1200.000 төгрөг, 2020.02.21-ны өдрийн 6 776 000 төгрөг, 2021.06.05-ны өдрийн 11.149. 066 төгрөг нийт 19 125 066 төгрөгийн ажлын үр дүнг нэхэмжлэгч хүлээн авсан боловч хөлсийг орон сууцны үнээс хасаж тооцоогүй болох нь 2021.01.05-ны өдрийн нэхэмжлэгчийн бичгээр гаргасан хариу тайлбар, шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар баримтуудаар тогтоогдож байна./хэргийн 50, 97 дугаар тал/

 

10. Орон сууцны үнийн дүн 86 640 000 төгрөгөөс талуудын маргаагүй 65 628 800 төгрөг, нэхэмжлэгчийн хүлээн авсан ажлын үр дүнгийн хөлс оруулж тооцоогүй 19 125 066 төгрөгийг тус тус хасаж тооцоход хариуцагч 1 886 134 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй үлдэгдэлтэй гэж үзнэ.

 

11. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3, 5.2, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас орон сууц худалдан авах гэрээний үүрэг 1 886 134 төгрөг, гэрээний 7.2, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.7-д заасан алданги 943 067 төгрөг нийт 2 829 201 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28 683 799 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

12. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.6-д захиалагч нь орон сууцны төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа гүйцэтгэгч нь орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг захиалагчийн нэр дээр гаргаж өгөхөөр тохиролцжээ.

 

13. Мөн гэрээний хугацаа 2019 оны 09 сарын 29-ны өдөр дуусгавар болсон бөгөөд хариуцагч гэрээгээр хүлээсэн орон сууцны үнийг төлөх үүргээ хугацаанд нь зохих ёсоор бүрэн биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн нь дээр авагдсан баримтаар тогтоогдож байгаа ба хариуцагчийн орон сууцны үнийг бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлсэн гэх тайлбар, татгалзал үгүйсгэгдэж байна.

 

14. Шүүхээс Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагчийн нэр дээр гаргуулж өгөхийг нэхэмжлэгчид даалгах, орон сууцны илүү төлсөн 3 988 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 315 541 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 670 000 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 450 842 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулан хариуцагчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 60217 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, мөн хариуцагчаас шинжээчийн зардал 750 000 төгрөг гаргуулан шинжээчид тус тус олгохоор тогтоов.

 

16. 2021.12.04-ны өдрийн дугаар 2772 тоот хариуцагчаас Ц.Б олгосон итгэмжлэлээр, 2023.05.19-ны өдрийн №23/306 тоот нэхэмжлэгчээс С.Б олгосон итгэмжлэлээр тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 22, 112 дугаар тал/

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.7-д зааснаар хариуцагч Б.Н гэрээний үүрэг нийт 2 829 201 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28 688 799 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч *** ХХК-д холбогдуулан гаргасан хариуцагч Б.Н орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагчийн нэр дээр гаргуулж өгөхийг нэхэмжлэгчид даалгах, орон сууцны илүү төлсөн 3 988 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 315 541 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 670 000 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 450 842 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулан хариуцагчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 60217 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, мөн хариуцагчаас шинжээчийн зардал 750 000 төгрөг гаргуулан шинжээчид тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ