Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00017

 

2023 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00017

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/03778 дугаар шийдвэртэй,

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Нд холбогдох,

 

Гэрээний үүрэгт 31,518,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Орон сууцны өмлчөх эрхийн гэрчилгээг хариуцагчийн нэр дээр гаргуулахыг даалгах, орон сууцны үнэд илүү шилжүүлсэн 3,988,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “Т” ХХК нь Б.Нтай 2016 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр ЗГ-- “Орон сууц захиалгын гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр “Таа” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Мөнх-Өргөө - байрны -од орших 45,6 м.кв талбайтай, нийт 86,640,000 төгрөгийн өртөг бүхий 2 өрөө орон сууцыг гэрээ байгуулагдмагц 10 хувийг төлж, үлдсэн төлбөрийг графикаар төлөх хуваарь гаргаж бэлэн мөнгөөр төлөхөөр тохиролцсон.

Б.Н нь 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гэрээний хугацаа дуусахад 25,214,287 төгрөгийн төлбөрийн үдэгдэгдэлтэй байгаа бөгөөд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх талаар удаа дараа мэдэгдэл өгч байсан боловч үүргээ биелүүлээгүй болно.

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ/- гэрээний үүрэгт 21,012,000 төгрөг, гэрээний 7.2-т зааснаар алданги 10,506,000 төгрөг, нийт 31,518,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

1.2. Хариуцагч бэлэн мөнгөөр төлөлт хийгээгүй бөгөөд тэрээр бүлээрээ мужааны ажил хийдэг учраас “танай барилгын компанид мужааны ажил хийгээд орон сууцныхаа төлбөрт хасалт хийлгээд явах боломжтой юу” гэх хүсэлт гаргасныг “Т” ХХК-ийн захирал хүлээж аваад ажил хийлгэхээр аман тохиролцоо хийсэн.

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэг ч төлбөр төлсөн баримт байдаггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2.1. “Т” ХХК-тай 2016 онд гэрээ байгуулах болсон шалтгаан нь уг компанийн баригдаж буй барилгад 24,296,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэж, үүнээс 18,000,000 төгрөгийн төлбөрт - улсын дугаартай автомашиныг хариуцагч Б.Нд өгөх, үлдсэн 6,296,000 төгрөгийг орон сууц захиалгын гэрээ байгуулан орон сууцны урьдчилгаанд тооцуулахаар харилцан тохиролцсон.

2.2. Үүний дагуу ажил гүйцэтгэж, тухайн компанийн инженер болон хариуцсан ажилтнаар нь тооцуулж ирсэн. Сүүлд Чойрын ажлын хөлсийг хүлээж аваагүйгээс маргаан үүссэн.

2.3. Мөн алданги 10,506,000 төгрөгийг анхнаасаа бид гэрээгээр тохиролцоогүй учраас  хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.4. Гэрээний дагуу 2016 оноос 2021 оны хугацаанд доорх ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд: 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 6,296,000 төгрөг, 2016 оны 11 дугаар сарын 18-ны өдөр 3,459,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 2,675,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 3,180,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 240,800 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр 875,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 576,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 7,508,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 6,540,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1,200,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 2,900,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр 760,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр 2,073,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 3,080,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 22-ний өдөр 6,120,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 22-ний өдөр 1,930,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 22-ний өдөр 1,820,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 22-ний өдөр 420,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 7,200,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 25,000,000 төгрөг нийт 90,628,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн.

“Т” ХХК-ийн хүсэлтээр барилгуудад дээрх ажлуудыг хийж дуусгаж, менежер болон бусад эрх бүхий албан тушаалтнуудад нь хүлээн авч, ажил хүлээлцсэн акт бичиж гарын үсэг зурж баталгаажуулсан.

Иймд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Мөнх-Өргөө - байрны - орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Нын нэр дээр гаргуулж өгөхийг нэхэмжлэгчид даалгах, орон сууцны үнэд төлсөн 3,988,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.7-д зааснаар хариуцагч Б.Нас гэрээний үүрэг нийт 2,829,201 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,688,799 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-д холбогдуулан гаргасан хариуцагч Б.Нын орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагчийн нэр дээр гаргуулж өгөхийг нэхэмжлэгчид даалгах, орон сууцны илүү төлсөн 3,988,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 315,541 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 670,000 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 450,842 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулан хариуцагчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 60,217 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, мөн хариуцагчаас шинжээчийн зардал 750,000 төгрөг гаргуулан шинжээчид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

4.1. “Т” ХХК болон Б.Н нар нь 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Орон сууц захиалгын ЗГ/- гэрээг байгуулсан. Гэрээ байгуулсан өдрөө түлхүүрээ аван орон сууцандаа нүүн орсон.

Гэрээний 2.2-т “Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Мөнх-Өргөө - байр, 2 дугаар орц, -арын -, 45,6 м.кв, 2 өрөө орон сууцны үнэ 86,640,000 төгрөг байна.”, 3.1-д “1 м.кв талбайн үнэ 1,900,000 төгрөг”, 3.2-т “86,640,000 төгрөгийг хавсралтад заасан 36 сарын хугацаанд төлнө”, 4.6-т “Захиалагч орон сууцны үнийг бүрэн төлж дууссаны дараа гүйцэтгэгч нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг захиапагчийн нэр дээр гаргаж өгнө”, 7.2-т “Захиапагч нь орон сууцны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, гэрээний 3.3-т заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө” гэж талууд харилцан тохиролцсон.

4.2. Гэрээний явцад захиалагч тал “бэлэн төлөлт хийх боломжгүй байна, бартерийн нөхцөлөөр төлбөрөө төлөе” гэсэн санал тавьж манай зүгээс зөвшөөрсөн. Манай компанийн зүгээс Б.Нын хийсэн мужааны ажлын хөлсийг дор бүр нь тооцон орон сууцны үнээс хасч, суутган тооцож байсан.

Гэрээний хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр дууссан боловч Б.Н нь төлбөрийн үлдэгдэл 21,011,200 төгрөг төлөөгүй. Төлөхийг удаа дараа шаардаж, мэдэгдэж байсан боловч үр дүн гараагүй.

4.3. 2023 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр 11,149,066 төгрөгийн ажлыг хийсэн байна гэж дүгнэсэн.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагч тал ямар ч тооцооны баримт гаргаж өгөөгүй байхад ямар ч үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаас хасч 2,829,201 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5. Хариуцагч давж заалдах гомолд хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээгээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч Б.Нд холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 31,518,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагчийн нэр дээр гаргуулахыг нэхэмжлэгчид даалгах, орон сууцны үнэд илүү шилжүүлсэн 3,988,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. “Т” ХХК болон Б.Н нарын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “Орон сууц захиалгын” гэх нэртэй гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр “Т” ХХК Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Мөнх-Өргөө -, 2 дугаар орц -рын -, 45.6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б.Нд шилжүүлэх, Б.Н орон сууцны үнэ 86,640,000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4.1. Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох орон сууцыг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн талаар талууд маргаагүй.

4.2. Хариуцагч нь гэрээний үүрэгт 86,640,000 төгрөг төлөх үүрэгтэй байна. Нэхэмжлэгч талаас баримтаар гаргасан, хэргийн 10 дахь талд баримтаар авагдсан, “Б.Н төлбөр тооцооны дэлгэрэнгүй хуулга”-аас дүгнэвэл хариуцагч нь 2018 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 63,641,800 төгрөгийг төлсөн байна.

4.3. Түүнчлэн нэхэмжлэгч талаас баримтаар гаргаж өгсөн, хэргийн 28-34 дэх талд авагдсан баримтуудыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс хойшхи хариуцагч талын хийж гүйцэтгэсэн ажлыг тодорхойлсныг буруу гэж дүгнэхээргүй байна.

Анхан шатны шүүх хариуцагч талыг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1,200,000 төгрөгийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 6,776,000 төгрөгийн, 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 11,149,066 төгрөгийн буюу нийт 19,125,066 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж дүгнэжээ. Үүнд: 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гүйцэтгэсэн ажлыг “Зайсан, 100/6-6 тоот Бээлбаатар авсан байранд үүдний хаалга шкаф хийлгэсэн, үнэ гэрээнээс харах” гэж, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр  гүйцэтгэсэн ажлыг “6,776,000 төгрөг”, “архивын өрөөнд, 7 м-ийн урттай 2 ширхэг шүүгээ 2 хананд хийлгэсэн байсныг батлав” гэж тус тус тэмдэглэж нэхэмжлэгч талын ажилтан гарын үсэг зурж авсан байна. Мөн “Барилгын төсөвчдийн холбоо”-ны 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 29/2 тоот албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд хариуцагч талын хийж гүйцэтгэсэн ажлыг “Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн А, Б блокийн барилгад эмнэлгийн үйлчлүүлэгчид зориулсан хананд суурилуулсан болон давхар хоорондын явган шатны модон бариулыг хийж, суурилуулах ажлыг захиалагчийн хүсэлтээр 2020 оны намар гүйцэтгэсэн байна. ... ажлын хэмжээг ... тооцоход 11,149,066 төгрөг” гэж тодорхойлсон ажлуудыг оруулан дүгнэжээ.

4.4. Харин анхан шатны шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Барс, багц 9-2” /хх 29 дэх тал/, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Барс, багц 9-2” / хх-ийн 31 дэх тал/, огноогүй “Барс, Премиум Улаанбаатар – 2 давхарт оффис өрөөнд” /хх-ийн 32 дахь тал/ гэх баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

4.5. Иймд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн, хэргийн 145 дахь талд авагдсан, “Б.Н төлбөрийн дэлгэрэнгүй хуулга” гэх баримтад хариуцагчийн гэрээний үнэ төлөх хугацааг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр, төлөх төлбөр 86,640,000 төгрөг, төлбөрийн зориулалт “төлсөн”, төлсөн төлбөрийг “65,628,800 төгрөг” гэж тус тус тодорхойлсон, уг баримтад хариуцагчийн төлсөн төлбөрүүдийн хугацаануудыг заагаагүй байдлыг хэргийн 10 дахь талд баримтаар авагдсан, “Б.Н төлбөр тооцооны дэлгэрэнгүй хуулга”-д тэмдэглэснээр хариуцагч нь 2018 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 63,641,800 төгрөгийг төлсөн байдалтай харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн 65,628,800 төгрөг дээр хариуцагч талын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1,200,000 төгрөгийн, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 6,776,000 төгрөгийн, 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 11,149,066 төгрөгийн буюу нийт 19,125,066 төгрөгийн ажлыг нэмж тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч 1,886,134 /86,640,000-65,628,800-19,125,066/ төгрөгийг төлөөгүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас уг мөнгөн хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

5. Гэрээний 7.2 дахь хэсэгт худалдан авагч тал орон сууцны үнийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр талууд харилцан тохиролцсон, уг заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолт, 232.3 дахь хэсэгт заасан энэ хэлцлийг бичгээр байгуулах шаардлагад тус тус нийцсэн байх тул нэхэмжлэгч нь 1,886,134 төгрөгөөс алданги шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ. Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсгийг баримталж алдангийн шаардах эрхийг тодорхойлсон нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой. Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд энэ гэрээний маргаанд талууд гэрээгээр алдангийн талаар тохиролцсон тул хохирол шаардах уг заалт нь энэ маргаанд хамаарахгүй юм. 

 

6. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүрэг болох 1,886,134 төгрөгөөс алдангийг тооцож мөн зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хязгаарлавал 943,067 төгрөгийн хэмжээнд хариуцагч нь нэхэмжлэгчид алданги төлөх үүрэгтэй байна.

 

7. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлээс үлдэх 28,683,799 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

8. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.6-д худалдан авагч нь орон сууцны төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа худалдагч нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг     гаргаж өгөхөөр тохиролцсон байдлыг үндэслэн анхан шатны шүүх төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах тухай, мөн гэрээний үнэд илүү төлсөн төлбөргүй гэх үндэслэлээр 3,988,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд энэ шийдэлд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй байх тул талуудын зарчимыг үндэслэн шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

 

9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/03778 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “232.7” гэснийг “232.6” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 301,394 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

         ШҮҮГЧИД                                     С.ЭНХБАЯР                                                                                             

    Э.ЗОЛЗАЯА