Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2023/03326

 

2023 10 18 181/ШШ2023/03326

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Алдар овогт Д.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Чонон Бөртэ овогт Б.О /РД:/,

Хариуцагч:  Цэвэгжав овогт М.Н /РД:/ нарт холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Чонон бөртэ овогт Б.От /РД:/,

Нэхэмжлэлийн шаардлага: 52,891,852 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.Э, түүний өмгөөлөгч Г.М,  Г.А,

Хариуцагч: М.Н, түүний өмгөөлөгч Б.Г,

Хариуцагч Б.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.А,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ш.Баасанжав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч М.Н-аас 16,475,926 төгрөг, Б.О-аас 36,415,926 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. М.Н бид хоёр Австрали Улсаас машин оруулж ирж зараад 128,000,000 төгрөгийн ашиг олсон. Би өөрийн дансанд шилжүүлэн авсан мөнгөнөөс 71,000,000 төгрөгийг буцааж хамтын дансанд шилжүүлээд, үлдсэн 57,000,000 төгрөгөөс 19,940,000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Б.О-т зээлж, түүний Хаан банкны ............0218 тоот дансанд шилжүүлсэн.

Тэрээр энэ мөнгийг Чингэлтэй дүүргийн хайлаастын эцэст байрлах нийтийн орон сууц, цэцэрлэгийн барилгын засварт хэрэглэнэ гэж зээлээд өнөөдрийг хүртэл буцааж өгөхгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг барилгын засвар дуусч, түрээслүүлээд мөнгө нь орж ирэхээр буюу 9 сарын сүүлээр эргүүлж төлнө гэсэн боловч одоо нэг ч төгрөг төлөхгүй гэдгээ илэрхийлсэн.

Хариуцагч М.Н- дээрх 128,000,000 төгрөгөөс үлдсэн 57,000,000 төгрөгийн 50 хувийг шаардаж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 19,940,000 төгрөгийн 50 хувь болох 8,970,000 төгрөг шаардах эрхээс татгалзсан.

Иймд М.Н- уг 19,940,000 төгрөгийг дундын эд хөрөнгө, тиймээс би 50 хувийг шаардах эрхтэй гэж маргах боломжгүй.

Хоёрдугаарт, хариуцагч энэ мөнгийг Б.Оы зээлсэн мөнгө гэж тайлбарладаг боловч Б.О зээлүүлсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Иймд Б.О-т зээлүүлсэн 19,940,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

1.2. Д.Э миний бие 2014 оноос 2018 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд Австрали Улсад ажиллаж, амьдарч байсан. Энэ хугацаанд М.Н-тай 2015 онд танилцаж, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гэрлэсэн. Миний бие М.Н-ыг Австрали улс руу авч явах, өөрийн гэсэн орон сууц худалдан авах зорилгоор Хаан банкны ...........6607 тоот дансыг дундаа эзэмшиж тус дансанд Австрали Улсад ажиллаж олсон мөнгөө шилжүүлдэг байсан.

Гэтэл М.Н- нь миний ажиллаж хөдөлмөрлөж, хөлс хүчээ дуслуулж олсон мөнгийг надад хэлэлгүй өөрийн төрсөн ээж Б.О- руу 8 удаагийн гүйлгээгээр нийт 32,951,852 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Тодруулбал:

- 2016.08.24-ний өдөр Б.О-ын Хас банкны .....5482 тоот дансанд Нармандахаас гэх гүйлгээний утгатайгаар 1,350,000 төгрөг,

- 2016.10.10-ны өдөр Б.О-ын Хас банкны .....5482 тоот дансанд Зээлийн эргэн төлөлт гэх гүйлгээний утгатайгаар 4,507,852 төгрөг,

- 2016.10.18-ны өдөр Б.О-ын Хас банкны .....5482 тоот дансанд Отгонбаярын түрээс гэх гүйлгээний утгатайгаар 8,000,000 төгрөг,

- 2016.12.12-ны өдөр Б.О-ын Хас банкны 5000935402 тоот дансанд М.Н- хбз олгов гэх гүйлгээний утгатайгаар 3,000,000 төгрөг,

- 2017.01.20-ны өдөр Б.О-ын Хас банкны .....5482 тоот дансанд Түрээс гэх гүйлгээний утгатайгаар 5,000,000 төгрөг,

- 2017.05.03-ны өдөр Б.О-ын Хас банкны .....5482 тоот дансанд Түрээс гэх гүйлгээний утгатайгаар 2,000,000 төгрөг,

- 2017.10.06-ны өдөр Б.О-ын Хас банкны .....5482 тоот дансанд 7,094,000 төгрөг,

- 2017.09.11-ний өдөр Б.О-ын Хаан банкны ............0218 тоот дансанд Түрээс Нармандах-аас гэх гүйлгээний утгатайгаар 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

Д.Э миний бие дээрх 32,951,852 төгрөгийг үндэслэлгүйгээр Б.О-т шилжүүлснийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлт цуцлуулах тухай маргааны үеэр М.Н-ын дансны хуулгыг үзсэнээр олж мэдсэн.

 

Иргэний хуульд гэр бүл болсноос хойш үүссэн эд хөрөнгийг дундын эд хөрөнгө гэж тайлбарладаг. Иргэний хуулийн 128 дугаар зүйлд хэн нэгний зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө буюу мөнгийг захиран зарцуулж болохгүй гэсэн зохицуулалт байгаа. М.Н- нь энэ дундын эд хөрөнгийг ямар ч зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулсан нь хилийн лавлагаагаар тогтоогдоно.

 

Энэхүү нөхцөл байдалд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дүгнэлт хийсэн бөгөөд магадлалын хянавал хэсэгт Нэхэмжлэгч Д.Э, хариуцагч М.Н- нар нь Хаан банкинд хамтран данс эзэмшдэг. Мөн Д.Э нь Австрали Улсад ажиллаж амьдарч байх хугацаандаа дээрх дансанд 78,591,320 төгрөгийг шилжүүлсэн болох нь Хаан банкны дансны хуулга, талуудын тайлбар зэргээр нотлогджээ. Мөн гэрлэгчид хамтын амьдралын хугацаандаа буюу 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд хариуцагч М.Н- түүний эх Б.О-, Б.О нарын түрээс агуулгаар 4,500,000 төгрөгийг хамтын данснаас, М.Н-ын эзэмшлийн Хас банк ............6082 тоот данснаас Б.О-ын зээл төлсөн, түрээс ээждээ өгсөн мөнгө гэсэн агуулгаар 31,616,852 төрөг тус тус зарлагадсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон байна ... хэмээн дүгнэсэн байдаг.

Нэхэмжлэгч Д.Э миний бие дээр дурдсан маргааны явцад М.Н- нь ээждээ үндэслэлгүйгээр мөнгө шилжүүлсэн болохыг сүүлд олж мэдсэн тул дээрх шаардлагад холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй.

Өмнөх гэрлэлт цуцалсан шүүхийн шийдвэрээр энэ 78,000,000 төгрөг хэрхэн бүрдсэн бэ гэдгийг тогтоосон. Энэ бол тогтоогдсон үйл баримт. Уг 78,000,000 төгрөгөөс 32,000,000 төгрөгийг М.Н- ээжийнхээ дансаар дамжуулан авсан байна гэдгийг тогтоосон. Энэ нь дахиад М.Н-, Д.Э нарын хооронд тогтоогдсон үйл баримт.

Харин хуульд тогтоогдсон үйл баримтын талаар ахин дүгнэлт хийхгүй гэсэн зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл, эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүн хөндөгдсөн эрх ашгаа сэргээлгэхээр шаардлага гаргавал дүгнэлт хийж болно. Энэ 32,000,000 төгрөгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Гэхдээ гомдолдоо дурдсан учраас шүүх хэрэгт цугларсан баримтыг үнэлээд дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 128 дугаар зүйлд зааснаар М.Н- захиран зарцуулах эрхтэй эсэх талаар маргаан явагдаагүй учир шүүх ерөнхий байдлаар дүгнэлт хийсэн. Талууд тэр үйл баримтын талаар мэтгэлцээгүй. Иймд шүүх үүнийг зайлшгүй дүгнэх шаардлагатай.

Хариуцагч М.Н- 32,951,852 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу үүргийн болон ямар ч эрхийн харилцаа үүсээгүй байхад хариуцагч Б.О-т шилжүүлж өгсөн байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хариуцагч М.Н-аас гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг дур мэдэн бусдад шилжүүлсэн үндэслэлээр 16,475,926 төгрөг, мөн дээрх мөнгийг үндэслэлгүйгээр олж авсан Б.О-аас 16,475,926 төгрөг, нийт 32,951,852 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж нэхэмжлэгч Д.Э надад олгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Б.О- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч М.Н-тай 2015 оноос хойш гэр бүл болж манайд амьдарч байх хугацаандаа Австрали улсаас машин оруулж ирмээр байна. Та мөнгө зээлээч гэж миний охин Б.Оаас удаа, дараа гуйсны эцэст Б.Оы эзэмшилд байсан Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Есүгэн пабыг зарсан мөнгөнөөс 54,220,000 төгрөгийн зээлийг 2018 оны 01 дүгээр сараас 5 дугаар сар хүртэл хугацаанд цувуулж авсан. Уг мөнгөөр Австрали улсаас 3 машин оруулж ирсэн бөгөөд зээлсэн мөнгөө өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Б.О нь Д.Эөөс зээлсэн мөнгөө 2018 оны 3 дугаар сараас хойш шаардахад 2018 оны 7 дугаар сар хүртэл өгөлгүй зугатаж байснаа 2018 оны 6, 7 дугаар сард уг машин бүгд зарагдахад мөнгийг М.Н- болон Д.Э нарын хамтын дансанд оруулж нийт 130,000,000 төгрөгийг аваад миний охин М.Н-ыг зодоод зугтаасан. Зодсоны дараа бид очиж уулзахад 19,940,000 төгрөгийг нэхүүлж байж Зээлээ өгөв гэх утгаар миний Хаан банкны ............0218 тоот данс руу шилжүүлж Б.О-нд төлсөн.

Үүний дараа хамтын дансанд үлдсэн мөнгөөрөө дахин машин захиалж зараад Б.О-ы мөнгийг хүүтэй төлнө гээд Австрали Улс руу дахин машин захиална гэж мөнгө аваад одоо хүртэл өгөлгүй М.Н-аас салсан. Б.О-нд төлөх ёстой үлдэгдэл мөнгийг хүүгийн хамт төлөөгүй явж байгаа тул Б.О Баянзүрх дүүргийн шүүхэд үлдэгдэл мөнгөө нэхэмжилж хүсэлт гаргасан. Энэ 19,940,000 төгрөг нь биднээс зээлсэн мөнгөө буцаан өгсөн бөгөөд гүйлгээний утга нь зээлээ өгөв гэж бичсэн байсан. Ийм учраас Д.Эөөс мөнгө авсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидэнд өөрийн авсан мөнгөө буцаан өгснөө зээлсэн мэт нэхэмжлэл гарган залилан хийж намайг гүтгэж байна.

Нэхэмжлэлийн үндэслэлд намайг Хайлаастад байрлах объектдоо засвар хийсэн гэж бичсэн байна. Уг объектыг Б.О бид хоёр 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Хас банкнаас 75,000,000 төгрөгийн зээл авч уг мөнгөнөөс болон түрээсийн орлогоос засварласан учир ямар ч үндэслэлгүй намайг гүтгэж байна.

Мөн миний эзэмшлийн Хас банкны .....5482 тоот данс руу орсон 32,951,852 төгрөгийг нэхэмжилсэн байна. Хариуцагч Б.О- миний бие олон жил үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх, дэлгүүр кафе ажиллуулах зэрэг орлого олж ирсэн. Нэхэмжлэлд дурдагдаад байгаа мөнгөний хувьд миний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Цагдаагийн гудамж хаягт байршилтай үйлчилгээний 360 м.кв үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээсийн гэрээний үндсэн дээр хариу төлбөртэй түрээслэн төлбөрөө М.Н-, Б.О- нарын хамтран эзэмшдэг Хас банкны ........5082 тоот дансаар авч, зөвхөн миний эзэмшлийн Хас банкны .....5482 тоот данс руу дамжуулан шилжүүлдэг байсан. Учир нь анх гэрээ хийхдээ Хас банкны ........5082 тоот дансыг түрээслэгч нарт өгсөн байсан. Өнөөдөр Д.Эийг Б.О- миний өөрийн данснаас өөрийн данс руу хийсэн мөнгийг надаас нэхэмжилнэ гэж яаж таах билээ.

Түрээсийн мөнгө М.Н- бид хоёрын дундын дансанд орж ирэнгүүт миний охин миний дангаар эзэмшдэг данс руу шууд шилжүүлдэг байсан. Миний хоёр дансны хооронд шилжүүлсэн мөнгийг надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрч чадахгүй. Миний хувьд тогтсон орлого, үл хөдлөх эд хөрөнгөтэй хүн. Иймд хүнээс мөнгө зээлэх шаардлага байхгүй.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага болоод байгаа 19,940,000 төгрөгийг Б.Оаас зээлсэн мөнгөө өгөхдөө Б.О, Б.О- бид хоёрын дундын данс руу зээл төлөхдөө санаатай гүйлгээний утгыг буруу бичиж нэхэмжилсэн.

Өөрөөр хэлбэл, энэ нэхэмжилж байгаа мөнгөө шилжүүлсэн данс нь Б.О-, Б.О бид хоёрын дундын данс юм. Энэ байдлаас харахаар ямар ч хамаагүй аргаар бусдаас мөнгө салгах явуургүй санаатай хүн гэж ойлгож байна. Иймд үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч М.Н- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч тал нэгэнт шийдэгдсэн зүйлийг дахин дахин нэхэмжилж байна. Д.Э бид хоёр 2016 оны 12 дугаар сард Австрали Улсад очсон бөгөөд бидний визний хугацаа 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр дуусах байсан. Бид хоёрт ямар ч мөнгө байгаагүй. Д.Э оюутны визтэй байсан учраас 7 хоногт 20 цагаас илүү ажиллах эрх байхгүй. Д.Э өдөр нь хичээлдээ явж, орой нь ажил хийдэг. Харин би өдөрт 2 төрлийн ажил хийдэг байсан. Д.Э ямар ч мөнгө явуулдаггүй байсан.

Австралийн визэнд орохын тулд би ээжийнхээ дансны хамтран эзэмшигчээр бүртгүүлж, ашигласан. Ээжийн дансанд тогтмол түрээсийн мөнгө ордог байсан. Би өөрөө хувиараа хөдөлмөр эрхэлж, тогтмол орлоготой байсан учраас Д.Эөөс ямар нэг байдлаар мөнгө авах шаардлага байхгүй. Д.Э хэрэв Австрали Улсаас мөнгө явуулах байсан бол өөрийн хувийн .........8888 гэх дансанд явуулах байсан. Яагаад өөрийн данс руу мөнгө шилжүүлэхгүй байна вэ гэхээр хариу тайлбар өгч чаддаггүй. Харин гэр бүл цуцлуулах маргаанд ...Миний зээл Хаан банканд байсан, тэрийг дундын данснаас 8,000,000 төгрөг татаад авсан гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрөөд ярьсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр Б.Мандалбаяр шүүгчийн шийдвэрлэсэн хэрэг дээр Д.Э 27,274,000 төгрөгийг хүлээн зөвшөөрдөг. Энэ нь н.Бурмаагаар дамжуулсан 14,000,000 төгрөг, дансанд нь орсон 5,000,000 төгрөг гээд Б.Оаас орж ирсэн мөнгөнүүдийг өөрөө яах ч аргагүй зөвшөөрөөд, энэ мөнгийг авсан гэдэг. Үлдсэн мөнгийг би зөвшөөрдөг. Ингээд 19,940,000 төгрөгийг бид хоёр Б.О-нд өгсөн. Б.О ямар дансандаа мөнгийг авах, тэр данснаасаа хэрхэн үрэх нь бидэнд хамаагүй. Энэ хүн үйл ажиллагаагаа хэнтэй хамтарч явуулах нь ч хамаагүй.

Д.Э миний ээжээс ямар ч үндэслэлгүй мөнгө нэхэж байгаа бол миний ээжийн байранд оруулсан 15,000,000 төгрөг, миний эгчийн оруулсан 12,500,000 төгрөг, билетийн мөнгө 5,000,000 төгрөгийг өгөх хэрэгтэй. Энэ байранд оруулсан 27,000,000 төгрөг дээр Б.Оы өгсөн 27,000,000 төгрөгийг нэмэх юм бол 50,000,000 гаруй төгрөг болж байна.

Би Б.Оаас мөнгө зээлээд арай ядан олж ирдэг. Д.Э ийм мөнгө, тийм мөнгө гээд дундын данснаас гүйлгээ хийсэн байгаа. Д.Эийн ах нь Б.О-нд 5,000,000 төгрөг өгсөн гэж яриад байгаа. Тэр ах нь Д.Э бид хоёроос мөнгө зээлээд, бид хоёр Б.Оаас мөнгө зээлээд Та Б.О руу мөнгөө өгчих, бид хоёр Б.Оаас зээлсэн гэж хэлээд Б.Оы данс руу тэр мөнгийг шилжүүлсэн. Д.Эөд өгөх мөнгө байсан бол ах нь мөнгө гуйвуулгаар Д.Э рүү явуулж болно. Заавал Б.Оаар дамжуулах шаардлага байхгүй.

Хасбанкны .....5482, ........5082 тоот данс бүгд миний нэр дээр бүртгэлтэй болох нь Хасбанкны тодорхойлолтоор тогтоогдоно. Би өөрийн данснаас өөрийн данс руу гүйлгээ хийсэн. Би Д.Эийн данснаас мөнгө авч, зарцуулаагүй.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага дээр бичсэн 8 удаагийн гүйлгээ нь он, сараараа дансны хуулгатай таардаггүй.

Хэрвээ өнөөдөр нэгэнт шийдэгдсэн хэрэг маргаануудыг дахин шийдэх гэж байгаа бол миний 3 автомашины хэрэг маргааныг яагаад хэрэгсэхгүй болгосон бэ? Гурван шатны шүүх дээр 3 автомашин ирсэн нь нотлогдож байна, та хоёрын дундын данснаас мөнгө гарсан нь нотлогдож байна. Гэхдээ үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй гэсэн шийдвэрийг шүүх гаргасан. Үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй юм байна, би тусад нь гаргая гээд Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад Наад асуудал чинь нотлогдсон байгаа учир бид дахин шийдэхгүй гэсэн. Үүнтэй адилхан өнөөдрийн хэрэг маргаан өмнө нь шийдсэн учраас хэрэгсэхгүй болох ёстой гэв.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Д.Э, М.Н- нарт 2017 оны 11 дүгээр сараас эхлэн мөнгө зээлж эхэлсэн. Тухайн үед ээж бид хоёр өөрсдийн нэр дээрх Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд Есүгэн пабыг сарын 2,000,000 төгрөгөөр түрээслэдэг байсан. Тэр мөнгө ээж бид хоёрын дундын дансанд ордог байсан. Бид 2018 оны 01 дүгээр сард Есүгэн пабыг зараад, Голомт банканд дундын данс нээж, 110,000,000 төгрөг хадгалсан байсан.

Гэтэл М.Н- залгаад Мөнгө зээлээч, бид нар эндээс хоосон буцах гээд байна. Ирсэн боломжоо ашигламаар байна гэсэн учраас би мөнгө зээлсэн. Би клугер гээд машинаа 1000 орчим доллароор авсан. Дундын дансанд байсан мөнгөө авахаар данс хаагдаад гүйлгээ нь харагдахаа больсон. Сүүлд нь аваад хавтаст хэрэгт хавсаргасан.

Миний мөнгө зээлсэн процесс хоёр үе шаттай. Нэгдүгээр үе шат бол Австрали Улсаас 1 дүгээр сард машин ачуулах. Хоёрдугаар үе шат бол 5 дугаар сард орж ирсэн машины гаалийн төлбөрийг төлөх. Эдгээр 20, 30 гүйлгээг хүснэгтэлж өгсөн байгаа.

Б.О-аас 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр миний данс руу 10,000,000 төгрөг шилжүүлэнгүүт би тэр дор нь мөнгөн гуйвуулгын компаниар Д.Э рүү шилжүүлсэн. 24-ний бямба гаригт утсаар ярихад нь Б.О-ын Голомт банкны дансыг барьцаалаад зээл авч, 12,000,000 төгрөгийг мөнгө гуйвуулгын компаниар явуулж байсан. Үүнийг өөрөө хүлээж авсан. Нийт 22,000,000 төгрөгийг мөнгөн гуйвуулгаар явуулсан талаар тодорхойлолт авсан байгаа. Д.Эийн Австрали дахь дансанд орсныг өөрөө болон М.Н- зөвшөөрсөн.

Б.О-аас нэхэмжилж байгаа 19,940,000 төгрөг бол өөрийнхөө авсан мөнгийг төлж байгаа хэлбэр. Энэ мөнгийг би авсан, хэрхэн захиран зарцуулах нь хамааралгүй, би зээлүүлсэн мөнгөө авсан.

Тухайн үед Б.О-аас 22,000,000 төгрөг орж ирсэн нь огт яригдахгүй байна. Д.Э өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Анхан шатны шүүх тогтоосон байгаа. Энэ 19,940,000 төгрөгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа гэхэд Б.Мандалбаяр шүүгч энд шийднэ гээд бүх зүйлийг тогтоогоод Энэ хүнээс авсан процесс нь үнэн байна, энэ данс руу орсон байна, өөрөө хүлээсэн байна гээд тогтоосон.

Хүн мөнгө зээлээч гэхэд 19,940,000 төгрөг гээд ийм сондгой мөнгө зээлэхгүй. Д.Э, М.Н- нар 20,000,000 төгрөгөөсөө миксерийн 60,000 төгрөгийг хаслаа гэсэн. Амьдрал дээр байгаа бодит үнэн бол энэ.

Нийслэлийн шүүх дээр миний авсан гээд байгаа машиныг 15,000,000 төгрөгөөр тогтоогоод, 25,000,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн шүүх дээр энэ хоёрт хоёр хуваагаад надад төл гэсэн. 19,940,000 төгрөгийг энэ мөнгөнөөс хасаад бүх тооцоо ингээд болно гээд гаргасан.

Би Д.Э, М.Н- нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргангуут 19,940,000 төгрөгийн баримт яаж хийснээ ч тайлбарлаж чадахгүй, худлаа ярьж байна. Энэ хэрэг бол хуурамч хэрэг учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

5. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид 257,650+322,709 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, Э.Батжаргалд олгосон итгэмжлэл, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Хаан банкны 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Д.Эийн Хаан банк дахь .........8888 тоот дансны хуулга, Б.О-, Б.О нарын гэрчийн мэдүүлэг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/00588 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 893 дугаар магадлал, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШЗ2021/09042 дугаар Нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШЗ2021/11512 дугаар Хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2021/02234 дүгээр шийдвэр, Пролог солюшн ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01/67 тоот албан бичиг, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2021/00822 дугаар тогтоол, Г.Мд олгосон итгэмжлэл, Б.Мандуулд олгосон итгэмжлэл, Commonwealth банкны Д.Эийн 06201611150797 тоот дансны мэдээлэл, Хасбанкны 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5д/941 тоот албан бичиг, Дансны хуулга /2хх,165-180/, Хаанбанкны 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 5070/1429 дугаар Тодорхойлолт, М.Н-, Д.Э нарын хамтран эзэмшдэг ...........6607 тоот дансны хуулга /2хх, 182-195/, Австралийн Коммонвеэлт банкны 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн дансны дэлгэрэнгүй тодорхойлолт,

НҮСО ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн №21/18 тоот тодорхойлолт, Смарт импекс ПТИ ХХК-ийн худалдааны нэхэмжлэл, Баглаа боодлын жагсаалт, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, М.Н-ын Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн үнийн дүнг багасгах талаарх хүсэлт, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2023/00847 дугаар магадлал, Б.О-ын гэрчийн мэдүүлэг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/03261 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2023/01286 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2023/00100 дугаар тогтоол, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2023/01121 дүгээр тогтоол, Д.Эийн гаргасан дансны гүйлгээнүүдийн схемчилсэн тайлбарыг ирүүлсэн.

 

Хариуцагч Б.О-аас шүүхэд нотлох баримтаар иргэний үнэмлэхний хуулбар, М.Н-ын Хаан банкны ...........6607 тоот дансны хуулга /1хх,15-33/, Төрсний бүртгэлийн лавлагаа, Б.О-ы Голомт банк дахь ...........0048 тоот дансны хуулга /1хх,59-60/, Б.О-аас Д.Э-ийн данс руу 2018 онд мөнгө шилжүүлсэн гүйлгээний жагсаалт, М.Н-, Д.Э нарын Хаан банк дахь ...........6607 тоот дансны хуулга /1хх,65-90/, Б.О-ы Хасбанк дахь ........4660 тоот дансны хуулга /1хх,91-96/, М.Н-ын Хасбанк дахь ........5082 тоот дансны хуулга /1хх, 97/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШЗ2021/00859 дүгээр Шүүх хуралдаан хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШЗ2020/21005 дугаар Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж, Б.О-ын Хаанбанк дахь ............0218 тоот дансны хуулга /1хх, 163-168, 175-181/, Б.О-ын Хасбанк дахь .....5482 тоот дансны хуулга /1хх, 169-174/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Голомт банкны 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн орлогын мэдүүлэг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШЗ2021/03189 дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1509 дүгээр магадлал, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, П.Ат олгосон итгэмжлэл, Үйлчилгээ үзүүлэх гэрээ, Н.Дэжидтэй 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан Түрээсийн гэрээ, Ч.Алтан-Одтой 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Түрээсийн гэрээ, Хэл зохиолын хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 01/63 тоот албан бичиг, үгийн тайлбар гэх баримтыг нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч М.Н-аас шүүхэд нотлох баримтаар иргэний үнэмлэхний хуулбар, Хаан банкны 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 5037/540 дугаар тодорхойлолт, М.Н-, Д.Э нарын хамтран эзэмшдэг Хаан банк дахь ...........6607 тоот дансны хуулга /2хх, 90-98/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШЗ2022/06618 дугаар Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах тухай шүүгчийн захирамж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1225 дугаар Шинжээчийн дүгнэлт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/00588 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 893 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2021/00822 дугаар тогтоол, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 001/ШХТ2021/00905 дугаар Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоол, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 7/7647 тоот албан бичиг, Виз олгох тэмдэглэл, Алтан Эг ББСБ ХХК, Д.Э, М.Н- нарын 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан БГ-01-00-2018068 тоот Барьцааны гэрээ, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 3021 тоот албан бичиг, Пролог солюшн ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 01/43 тоот албан бичиг, Жи мобайл ХХК-ийн дугаарын тодорхойлолт, 99089258 дугаарын мессеж, Кент институтийн хураамж, Монгол банкны 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн валютын хаалтын ханш, Банк хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2021 оны 11 дүгээр 16-ны өдрийн 3/3815 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Ч.Цэрэнчимэдэд олгосон итгэмжлэл, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, М.Н-ын Хасбанкны 5001992901 тоот дансны хуулга, М.Н-, Б.О- нарын хамтран эзэмшдэг Хасбанкны ........5082 тоот дансны хуулга, М.Н-ын Хасбанкны 1080031185 тоот дансны хуулга, М.Н-, Д.Э нарын хамтран эзэмшдэг Хасбанкны 5001992901 тоот дансны хуулга, М.Н-ын Хаанбанкны 5031667007 тоот дансны хуулга, Б.О-ын Хасбанкны .....5482 тоот дансны хуулга, Хуримтлах хугацаатай хадгаламжийн гэрээ, Хасбанкны хадгаламж хамтран эзэмшигчийн тодорхойлолт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2023/01024 дүгээр шийдвэр, Үндэсний татварын албаны тодорхойлолт, Фэйр валуэшн ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Тодорхойлолт, АШУҮИС-ийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 164 дүгээр тодорхойлолт, М.Н-, Б.О- нарын хамтран эзэмшдэг Голомт банк дахь 1105120505 тоот дансны хуулга, М.Н-ын ЭМШУИС-ийн Анагаах ухааны сургуулийн оюутны үнэмлэх, Эртэч Эм Жи Эл ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Эрүүл мэндийн үйлчилгээний жагсаалт, Хууль ёсны мэдэгдэл, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 473026027 тоот дансны зарлагын мэдээллийн тодорхойлолт, Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 3/2505 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, М.Н-, Д.Э нарын хамтран эзэмшдэг Хаан банк дахь ...........6607 тоот дансны хуулга /4хх, 212/, С.Мөнхжаргалын тодорхойлолт, С.Мөнхжаргалын тээврийн хэрэгслийн лавлагаа, Хаан банкны 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 5015/206 тоот тодорхойлолт, Д.Гэрэлцогийн тодорхойлолт, Хаан банкны 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /4хх, 217-218/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Б.Оы Хаан банк дахь 5028329187 тоот дансны хуулга /4хх,221/, Б.Оы Хасбанк дахь ........4660 тоот дансны хуулга /4хх,222/, Голомт банкны 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн мемориалын баримт, Б.Оы Голомт банкны ...........0048 тоот дансны хуулга, Гэрэл зураг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1509 дүгээр магадлал, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2023/00476 дугаар магадлал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/01785 дугаар шийдвэр, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, Хаан банкны 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтыг ирүүлсэн.

 

Гуравдагч этгээд Б.Оаас шүүхэд нотлох баримтаар Голомт банк дахь 18090048 тоот дансны хуулга /2хх, 196-197/, Голомт банк дахь 1605133197 тоот дансны хуулга /2хх, 198/, Голомт банкны 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн мемориалын баримт, Б.О-ын 1405112332 тоот дансны хуулга, Б.Батбаярын тодорхойлолт, Б.Батбаярын иргэний үнэмлэхийн лавлагааг ирүүлсэн.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Б.О, М.Н- нараас гэрчийн мэдүүлэг авсан. Нэхэмжлэгч Д.Эийн хүсэлтээр Хас банк ХХК-иас Б.О-, М.Н- нарын хамтран эзэмшдэг гэх Хас банкны .....5482 тоот, ............0218 тоот дансыг хамтран эзэмшдэг этгээд байгаа эсэх, хэрэв хамтран эзэмшигч байгаа бол тус этгээдийг хэзээнээс хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн талаарх баримтыг, Хаан банк ХК-иас 5028329787 тоот дансны 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хуулгыг, 5028329787 тоот данс хамтран эзэмшигчтэй эсэх, хамтран эзэмшигч байдаг бол хэзээнээс хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн талаарх лавлагааг, ............0218 тоот дансны 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх дансны хуулгыг, Хас банк ХК-иас 5001992901 тоот данс хамтран эзэмшигчтэй эсэх, хамтран эзэмшигч байдаг бол хэзээнээс хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн талаарх лавлагааг нотлох баримтаар гаргуулсан.

Хариуцагч Б.О-ын хүсэлтээр Хаан банк ХХК-иас Д.Эийн .........8888 тоот дансны 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны хуулгыг гаргуулсан.

Хариуцагч М.Н-ын хүсэлтээр түүний Samsung s7 edge маркийн гар утасны 99089258 дугаар руу 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр, 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр, 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдрүүдийн мессежэд үзлэг хийсэн.

Гуравдагч этгээд Б.Оы хүсэлтээр нэхэмжлэгч Д.Эийн Enkhtugs Damdinjav фэйсбүүк хаягаас Otgonchuluun Batchuluun гэх фэйсбүүк хаягтай хэрэглэгчтэй 2018 оны 01 дүгээр сараас 8 дугаар сар хүртэлх харьцсан цахим шууданд, М.Н-ын Мanda mandalay гэх фэйсбүүк хаягаас Jigmee Ganbaatar, Gerel Batbayr, Enkhee Baagii, Enkhbileg Ulzii-Orshih гэх хаягтай хэрэглэгчидтэй 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд харилцсан цахим шууданд, Otgonchuluun Batchuluun гэх фэйсбүүк хаягт 2021 оны 02 дугаар сараас 4 дүгээр сар хүртэлх хугацаанд харилцсан Jigmee Ganbaatar, Gerel Batbayr, 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Enkhee Baagii, 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Enkhbileg Ulzii-orshih гэх хаягтай хэрэглэгчидтэй харилцсан цахим шууданд үзлэг хийсэн.

Зохигчдоос шүүхэд нотлох баримтаар гаргасан 1 дүгээр хавтаст хэргийн 56, 63-64, 183 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 27-32, 35-41, 77-79, 131-132, 136, 202-203, 240-244 хуудас, 3 дугаар хавтаст хэргийн 3-7, 14, 15-59, 65, 67-72, 75-76, 79, 84-86, 89-90, 103-138, 155-156 дугаар хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 9-39, 46-50, 66, 115-116, 204-207, 210, 220 дугаар хуудас, 5 дугаар хавтаст хэргийн 6-7 дугаар хуудсанд авагдсан баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Б.О-т 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр өөрийн .........8888 тоот данснаас шилжүүлэн зээлүүлсэн 19,940,000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй. Мөн хариуцагч М.Н- бидний хамтран эзэмшдэг дундын данснаас 32,951,852 төгрөгийг үндэслэлгүйгээр Б.О-т шилжүүлсэн тул хариуцагч Б.О-аас үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр 16,475,926 төгрөгийг, хариуцагч М.Н-аас гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг дур мэдэн бусдад шилжүүлсэн үндэслэлээр 16,475,926 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.

3. Хариуцагч Б.О- нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Д.Эийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн 19,940,000 төгрөг нь Д.Э, М.Н- нарын Б.Оаас зээлсэн мөнгөний зарим хэсгийг миний дансаар шилжүүлэн өгсөн мөнгө. Би Д.Эөөс мөнгө зээлээгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн, миний өөрийн хоёр дансны хооронд шилжүүлсэн мөнгийг надаас нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

4. Хариуцагч М.Н- нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч Д.Эийн нэхэмжилж буй мөнгийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/00588 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Д.Э Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд 19,940,000 төгрөгийг Б.Оаас авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ асуудал мөн шийдвэрлэгдсэн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргав.

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Оы зүгээс Би Д.Э, М.Н- нарт 60,000,000 төгрөг зээлүүлсэн. Надаас зээлсэн 20,000,000 төгрөгийг Б.О-ын дансанд шилжүүлэхдээ миний захисан миксерний 60,000 төгрөгийг хасч, 19,940,000 төгрөг шилжүүлсэн гэсэн тайлбар гаргасан.

6. Хариуцагч Б.О-аас 19,940,000 төгрөг гаргуулах шаардлагын талаар:

Нэхэмжлэгч Д.Э хариуцагч Б.О-аас зээлийн гэрээний үүрэгт 19,940,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Б.О- эс зөвшөөрч, уг 19,940,000 төгрөгийг Д.Э, М.Н- нар гуравдагч этгээд Б.О-нд зээлсэн мөнгөө миний дансаар дамжуулан төлсөн гэж тайлбарлаж байна.

6.1. Хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолуудаар Д.Э, М.Н- нарын хамтран эзэмшдэг Хаан банк дахь ...........6607 тоот данснаас 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Д.Эийн Хаан банк дахь .........8888 тоот дансандаа шилжүүлэн авсан 128,000,000 төгрөгийн 71,000,000 төгрөгтэй холбоотой маргааныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/00588 дугаар шийдвэрээр, 36,000,000 төгрөгтэй холбоотой маргааныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2023/01024 дүгээр шийдвэрээр шийдвэрлэсэн байна.

Харин нэхэмжлэгч Д.Эийн хариуцагч Б.О-ын дансанд шилжүүлсэн 19,940,000 төгрөгтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж гараагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.

6.2. Нэхэмжлэгч Д.Э, хариуцагч М.Н- нар 19,940,000 төгрөгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарах талаар маргаагүй.

6.3. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, 282 дугаар зүйлийн 282.4.-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж тус тус заажээ.

6.4. Нэхэмжлэгч Д.Э нь Хаан банк дахь .........8888 тоот данснаасаа 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Хаан банк дахь Б.О-ын ............0218 тоот дансанд Энхтөгс-с зээл өгөв гэх гүйлгээний утгатай 19,940,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Хаан банкны .........8888 тоот /Д.Эийн/ дансны хуулга, Хаан банкны ............0218 тоот /Б.О-ын/ дансны хуулга, Хаан банкны 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /1хх-ийн 6-7, 5 хх-ийн 88/

6.5. Хаан банкны ............0218 тоот дансыг хариуцагч Б.О-, гуравдагч этгээд Б.О нар хамтран эзэмшдэг болох нь тогтоогдсон бөгөөд уг дансанд 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Энхтөгс-с зээл өгөв гэх гүйлгээний утгатай 19,940,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдэж, улмаар 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 17,460,000 төгрөгийг хариуцагч Б.О- бэлнээр зарлагын гүйлгээ хийсэн болох нь Хаан банкны ............0218 тоот Б.О-ын дансны хуулгаар тогтоогдсон. /5хх-ийн 88/

6.7. Нэхэмжлэгч Б.Оы зүгээс хариуцагч М.Н-, Д.Э нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 55,839,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/01785 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг үндэслэн хариуцагч Д.Э, М.Н- нараас тус бүр 12,852,920 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,133,660 төгрөгт холбогдох хэсэг болон 2,500,000 төгрөг гаргуулах тухай Д.Эийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /5хх-ийн 9-17/

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2023/01286 дугаар магадлалд ...Дээрхээс дүгнэхэд хариуцагч нар нь нэхэмжлэгчээс 25,155,000 төгрөгийг авсан үйл баримт тогтоогдсон...Иймд нэхэмжлэгчээс авсан 25,155,000 төгрөгөөс Австрали улсаас машин авчрахад зарцуулсан 15,455,999 төгрөг, Д.Энхбатаас авсан авлага 5,000,000 төгрөг, нийт 20,456,000 төгрөгийг хасч, үлдэх 4,699,500 төгрөгийг хариуцагч нар нэхэмжлэгчээс зээлж авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Үүнээс хариуцагч М.Н-ын өөрийн дансаар авсан 962,000 төгрөгийг хасч, 3,737,500 төгрөгийг хариуцагч нар хамтран хариуцахаар байна. Иймд хариуцагч Д.Эөөс 1,868,750 төгрөгийг, хариуцагч М.Н-аас 2,830,750 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй... гэж дүгнэж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/01785 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ. /5хх-ийн 43-46/

 

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 001/ШХТ2023/01121 дүгээр тогтоолоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/01785 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2023/01286 дугаар магадлалд хяналтын журмаар гаргасан зохигчдын гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар дээрх шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болжээ. /5хх-ийн 98/

6.8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдэвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.

Иймд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалаар гуравдагч этгээд Б.Оыг Д.Э, М.Н- нарт 4,699,500 төгрөг зээлүүлсэн үйл баримтыг тогтоосон байх тул шүүх үүнийг тогтоогдсон үйл баримт гэж үзнэ.

6.9. Түүнчлэн, гуравдагч этгээд Б.О тус шүүхэд 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө ...Энхтөгс, Нармандах нарт өглөг, авлага байхгүй. ...Энэ хоёрт өр байхгүй. Надад авах ёстой мөнгө байсан... Одоо өглөг, авлага байхгүй гэж мэдүүлсэн байх тул нэхэмжлэгч Д.Эийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч Б.О-ын дансанд Энхтөгс-с зээл өгөв гэж шилжүүлсэн 19,940,000 төгрөгийг Б.Оаас авсан зээлийн төлбөрт шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. /1хх-ийн 44-46/

6.10. Мөн хариуцагч Б.О- нь нэхэмжлэгч Д.Э, хариуцагч М.Н- нараас уг 19,940,000 төгрөгийг ямар нэг эрх зүйн үндэслэлтэйгээр авах ёстой байсан болохоо баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

6.11. Хэл зохиолын хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Үгийн тайлбар-т Зээл өгөх гэсэн өгүүлбэр нь онолын хувьд Хэн нэгэн этгээд өөр нэгэнд зээл олгосон, Хэн нэгэн этгээд өөр хэн нэгэнд зээлсэн мөнгөө өгсөн гэсэн хоёрдмол утгатай болохыг тайлбарласан байна.

Гэвч Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1.-т зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах тул нэхэмжлэгч Д.Эийг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 19,940,000 төгрөгийг хариуцагч Б.О-т зээлүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

6.12. Иймд нэхэмжлэгч Д.Э хариуцагч Б.О-т мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, Д.Э, Б.О- нарын хооронд өөр эрх зүйн харилцаа байсан нь тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар тэдний хооронд зээлийн гэрээ байгуулсанд тооцно.

Мөн талууд гэрээгээр хугацаа тохироогүй тул Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлээ төлөхийг шаардах эрхтэй.

6.13. Хариуцагч М.Н-, нэхэмжлэгч Д.Эөд холбогдуулан тэдний хамтран эзэмшдэг Хаан банкны ...........6607 тоот данснаас нэхэмжлэгч Д.Э өөрийн Хаан банкны .........8888 тоот дансанд шилжүүлэн авсан 57,000,000 төгрөгөөс өөрт ногдох хэсэг 27,500,000 төгрөгийг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд ...Д.Эөд холбогдуулан гаргасан гэр бүлийн дундын эд хөрөнгө болох хуваагдаагүй үлдсэн 57,000,000 төгрөгөөс Б.О, Б.О- нараас авсан зээл болох 19,940,000 төгрөгийг төлсөн... гэх үндэслэлээр 27,500,000 төгрөг гаргуулах шаардлагынхаа 8,970,000 төгрөгөөс татгалзсан болох нь М.Н-ын Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2023/01024 дүгээр шийдвэрээр тогтоогдож байна. /4хх-ийн 127, 180-186/

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2023/01024 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3-т зааснаар хариуцагч Д.Эөөс 18,530,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Н-ад олгож, нэхэмжлэгч М.Н-аас 10,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч Д.Эийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2023/00847 дугаар магадлалаар ...Иймд нэхэмжлэгч М.Н- нь 36,000,000 төгрөгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулахаар Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй тул мөнгөн хөрөнгөөс түүнд ногдох хэсэг нь 18,000,000 төгрөг байхад анхан шатны шүүх 18,530,000 төгрөг гаргуулах нь тооцооллын хувьд буруу болжээ... гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас 530,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2023/01024 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулжээ. /4хх-ийн 180-186, 5хх-ийн 22-24/

 

6.14. Нэхэмжлэгч Д.Э, хариуцагч М.Н- нар 19,940,000 төгрөгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарах талаар маргаагүй тул дээрх шүүхийн шийдвэр, магадлалаар М.Н- нь Д.Эөөс гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагынхаа 8,970,000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзсан нь нэхэмжлэгч Д.Эөд уг 19,940,000 төгрөгийг хариуцагч Б.О-аас дангаар шаардах эрхийг үүсгэхгүй.

Иймд Д.Э, М.Н- нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс Б.О-т зээлүүлсэн 19,940,000 төгрөгийн 50 хувийг нэхэмжлэгч Д.Э шаардах эрхтэй тул хариуцагч Б.О-аас 9,970,000 /19,940,0002/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Эөд олгох үндэслэлтэй байна.

7. Хариуцагч М.Н-, Б.О- нараас тус бүр 16,475,926 төгрөг гаргуулах шаардлагын талаар:

Нэхэмжлэгч Д.Э Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 893 дугаар магадлалаар тогтоогдсон үйл баримтад үндэслэн хариуцагч Б.О-аас үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр 16,475,926 төгрөгийг, хариуцагч М.Н-аас гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг дур мэдэн бусдад шилжүүлсэн үндэслэлээр 16,475,926 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

7.1. Нэхэмжлэгч Д.Э, хариуцагч М.Н- нар нь Хаан банк дахь ...........6607 тоот дансыг хамтран эзэмшдэг болох нь Хаан банкны 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 5037/540 дүгээр тодорхойлолт, талуудын маргаагүй тайлбараар тогтоогдсон. /2хх-ийн 89/

7.2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 893 дугаар магадлалд ...гэрлэгчид хамтын амьдралын хугацаанд буюу 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд хариуцагч Д.Нармандах болон түүний эх Б.О-, Д.Отгончулуун нарын түрээс гэх агуулгаар 4,550,000 төгрөгийг хамтын данснаас, Д.Нармандахын эзэмшлийн Хас банк ХХК-ийн ............6082 тоот данснаас Б.О-ын зээл төлсөн, түрээс, ээждээ өгсөн мөнгө гэсэн агуулгаар 31,616,852 төгрөг тус тус зарлагадсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Д.Нармандахтай Хаан банк ХХК-ийн ...........6607 тоот дансыг хамтран эзэмшдэг, уг дансанд хуримтлагдсан мөнгөн хөрөнгийг хариуцагч захиран зарцуулах эрхтэй байх тул түүнийг хууль бусаар, нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр хамтын хөрөнгийг захиран зарцуулсан гэж үзэх боломжгүй.

Нэхэмжлэгч Д.Э нь давж заалдах гомдолдоо гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хэмжээг орон сууцны үнэ болон амьдарч байх хугацаандаа зарцуулсан буюу бусдад шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг оролцуулан 151,248,852 төгрөгөөс тодорхойлон бодит бус дүнгээс ногдох хэсгийг гаргуулахаар маргаж байгаа нь хуулийн үндэслэлгүй... гэж дүгнэсэн, уг магадлал хүчин төгөлдөр болсон байна. /1хх-ийн 110-114/

 

7.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар иргэний болон захиргааны хэргийн талаар гаргасан хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг иргэний өөр хэргийг шийдвэрлэхэд нотлогдсон гэж тооцно.

Гэхдээ эдгээр үйл баримт нь түрүүчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон этгээдийн хувьд өөр хэрэгт хэргийн оролцогчоор орж байгаа тохиолдолд нотлогдсон гэж үзнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй этгээдийн хувьд хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон үйл баримтын талаар өөр хэрэгт маргах эрх нь нээлттэй ба шүүх тухайн хэрэгт цугларсан баримтыг хянан хэлэлцэж, шийдвэр гаргана.

 

7.5. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 893 дугаар магадлалд дурдсан ...Нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Д.Нармандахтай Хаан банк ХХК-ийн ...........6607 тоот дансыг хамтран эзэмшдэг, уг дансанд хуримтлагдсан мөнгөн хөрөнгийг хариуцагч захиран зарцуулах эрхтэй байх тул түүнийг хууль бусаар, нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр хамтын хөрөнгийг захиран зарцуулсан гэж үзэх боломжгүй.

Нэхэмжлэгч Д.Э нь давж заалдах гомдолдоо гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хэмжээг орон сууцны үнэ болон амьдарч байх хугацаандаа зарцуулсан буюу бусдад шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг оролцуулан 151,248,852 төгрөгөөс тодорхойлон бодит бус дүнгээс ногдох хэсгийг гаргуулахаар маргаж байгаа нь хуулийн үндэслэлгүй... гэх үйл баримт нь хариуцагч М.Н-ын хувьд тогтоогдсон үйл баримтад хамаарах тул М.Н-аас 16,475,926 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7.6. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар, хариуцагч М.Н- нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хасбанкинд 20,079,000 төгрөгийн хугацаатай хадгаламжийн 5001992901 тоот данс нээж, уг дансны хамтран эзэмшигчээр нэхэмжлэгч Д.Э 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр бүртгүүлсэн болох нь Хасбанкны 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 5в/3948 тоот албан бичиг, Хуримтлах хугацаатай хадгаламжийн гэрээ, хадгаламж хамтран эзэмшигчийн тодорхойлолтоор,

хариуцагч М.Н-ын эзэмшлийн Хасбанкны ........5082 тоот дансны хамтран эзэмшигчээр Б.О- бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар,

хариуцагч Б.О-ын эзэмшлийн Хасбанкны .....5482 тоот хадгаламжийн хамтран эзэмшигчээр М.Н- 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр бүртгэгдсэн болох нь Хасбанкны 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 5в/2055 тоот албан бичгээр тус тус тогтоогдсон. /4хх-ийн 81, 97-98, 5хх-ийн 2, 91-93/

 

Иймд хариуцагч М.Н-, Б.О- нь өөрсдийн хамтран эзэмшдэг Хас банк дахь ........5082 тоот данснаас Хас банкны .....5482 тоот, Б.О-ын эзэмшдэг Хаан банк дахь ............0218 тоот дансанд шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөр хариуцагч Б.О-ыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч Б.О-аас 16,475,926 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагч Б.О-аас 9,970,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Эөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 42,921,852 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч М.Н-ад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 580,359 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-аас 174,470 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар Б.О-аас 9,970,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э-өд олгож, Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 42,921,852 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч М.Н-ад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 580,359 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-аас 174,470 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ