Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2021/00662

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2021/00662

 

 

 

Д.Э-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2021/00261 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Д.Э-н нэхэмжлэлтэй хариуцагч Б.О-т холбогдуулан гаргасан зээл 19 940 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Оюунзул, П.Амгаланбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:Б.О-т2018.8.30-ны өдөр 19 940 000 төгрөгийг зээлж, түүний Хаан банкны .......тоот дансанд шилжүүлсэн. Тэрээр уг мөнгийг Чингэлтэй дүүргийн .........байрлах нийтийн сууц, цэцэрлэгийн барилгын засварт хэрэглэнэ гэж зээлсэн. Барилгын засвар дуусч, түрээслүүлээд мөнгө нь орж ирэхээр буюу 9 дүгээр сарын сүүлээр эргүүлж төлнө гэсэн боловч одоо хүртэл нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд төлөхгүй гэдгээ илэрхийлсэн. Иймд Б.О-аас 19 940 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Э нь охин М.Н-тай 2015 оноос хойш гэр бүл болж манайд амьдарч байх хугацаандаа Австрали улсаас машин оруулж ирмээр байна та мөнгө хүүтэй зээлээч ээ гэж охин Б.О-аас удаа дараа гуйсны эцэст 54 228 000 төгрөгийг 2018 оны 1 дүгээр сараас 2018 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд цувуулж авсан.

Уг мөнгөөр Австрали улсаас 3 машин оруулж ирсэн бөгөөд зээлсэн мөнгөө өнөөдрийг хүртэл төлөөгүй. Д.Э-өөс зээлсэн мөнгөө 2018 оны 3 дугаар сараас хойш шаардахад 2018 оны 7 дугаар cap хүртэл өгөлгүй зугатаж байснаа 2018 оны 6, 7 дугаар сард уг 3 машин бүх зарагдахад, уг мөнгөө М.Н болон Д.Э нарын хамтран эзэмшдэг Хаан банкны ...... тоот дансанд оруулж нийт 130 000 000 төгрөгийг Энхтөгс авсан. Дараа нь зээлсэн мөнгөө нэхүүлэн байж 19 940 000 төгрөгийг зээл өгөв гэсэн утгаар миний Хаан банкны......... тоот данс руу шилжүүлсэн.

Үүний дараа хамтран эзэмшдэг дансанд үлдсэн мөнгөөрөө дахин машин захиалж зараад Б.Оы мөнгийг хүүтэй төлнө гээд Австрали руу дахин машин захиалаад одоог хүртэл өгөөгүй.Одоог хүртэл Б.О-д төлөх ёстой үлдэгдэл мөнгөө хүүгийн хамт төлөлгүй явж байгаа тул Б.О үлдэгдэл мөнгөө нэхэмжилж Баян зүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан, одоо шүүх дээр хянагдаж байгаа.Уг 19 940 000 төгрөг нь биднээс зээлсэн мөнгөө буцаан өгсөн бөгөөд шилжүүлсэн гүйлгээний утгадаа хүртэл зээл өгөв гэж санаатайгаар худал бичсэн байна. Д.Э-д ямар ч мөнгөний эх үүсвэр байхгүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг  байрлах объектоо засвар хийхээр мөнгө зээлсэн гэж байгаа нь худал гүтгэлэг. Б.О бид хоёр Хайластад байрлах объектыг 2018.3.23-нд Хас банкнаас 75 000 000 төгрөгний зээл авч уг мөнгөнөөс болон түрээсийн орлогоос засварласан учир ямар ч үндэслэлгүй гүтгэж байна. Түүний энэхүү нэхэмжилж буй мөнгөний эх үүсвэр нь Баянзүрх дүүргийн шүүх дээр хянагдаж буй Б.Оы нэхэмжлэлтэй хэрэгтэй холбоотой тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгох боломжтой гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.О-аас 19 940 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Э-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 257 650 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх нотлох үүрэгтэй хэдий ч тухай нотлох баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх боломжгүй бол хэргийн оролцогчдын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримт албадан гаргуулж болохоор хуульчилсан байдаг.

Миний бие болон охин Б.О нараас Д.Э болон М.Н нарт машин оруулж ирж гарахад зориулж мөнгө зээлдүүлсэн. Биднээс мөнгө зээлсэн гэдгийг бүрэн нотлохын тулд Д.Э-н дансны хуулга зайлшгүй шаардлагатай. Энэ нотлох баримтаас Д.Э-н дансанд биднээс авсан зээл харагдана. Мөн Д.Э нь дундын данснаасаа бизнесийн мөнгө болох 128 000 000 төгрөгийг өөрийн дансандаа хийж үүний дараа зээлээ төлөхдөө гүйлгээний утгыг зээл өгөв гэж худал бичсэн нь харагдах болно.Б.О-н зүгээс анхан шатны шүүх хуралдааны өмнө Д.Э-н дансны хуулга гаргуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзаж Б.О-г нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх нотлох баримтаа гаргаж өгөх боломж олголгүй, нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Б.Оминий ххххххх тоот дансанд 2018.7.30 нд 19 940 000 төгрөг орж ирсэн нь Д,Э, М.Н нарын надаас зээлж авсан 55 847 500 төгрөгөөс зээлнээсээ эргүүлэн өгч байгаа утгатайгаар миний данс руу хийсэн. Тус 55 847 500 төгрөгийн маргаан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны иргэний хэргийн анхан шатны шүүх дээр үлдэгдэл 34 288 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай хариуцагчаар Д.Эийг татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа.

Д.Э нь ямарч ажил хийдэггүй, орлого олох чадваргүй, архи уудаг буюу архины хамааралтай. Д.Э-н хххххх тоот дансны үлдэгдэд мөнгө 127 000 000 төгрөг байгаа харагдах ба энэ мөнгө нь охин М.Нармандахын бизнесийн мөнгө бөгөөд тухайн үед миний охиныг 8 давхараас шиднэ өөрийх нь дансанд тус 128 000 000 төгрөгийг шилжүүлэхгүй бол цогцос болгоно хэмээн айлган дарамталж өөрийн ххххххх тоот дансруу хийсэн ба охин М.Н араас нь хөөцөлдөж явсны эцэст 55 288 500 төгрөгний зээлнээс урьдчилгаа болох 19 940 000 төгрөг хийсэн шүү гэж охин М.Н, Д.Э нар нь тухайн үед хэлсэн юм.

Д.Э М.Н нар нь авсан зээлээ бидэнд эргүүлэн төлчөөд шүүхэд нэхэмжлэл гарган нэхэж байгаа нь шүүхийг санаатайгаар төөрөгдөлд оруулж бусдын итгэлийг ашиглан залилан хийж байгаа нь эрүүгийн хуульд заасан эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж байна гэж үзэхээр байна.

Мөн Б.О нь Д.Эөд холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Б.О ы дансны хуулгаас харахад Д.Эөд мөнгө шилжүүлсэн үйл баримтууд байгаа, Б.Оы зүгээс ч Д.Эөд мөнгө зээлдүүлсэн талаараа гэрчээр асуугдахдаа мэдүүлсэн байхад нотлох баримтаар үнэлэлгүй шийдвэрлэсэн.

Түүнчлэн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талын тайлбарыг голчлон анхаарч, харин миний тайлбарыг анхаарч үзэлгүй шийдвэр гаргасан Б.О, Б.О нарын Голомт банкны дунд данснаас нэхэмжлэгч Д.Эт зээлүүлэж байсан гүйлгээний утгыг анхаараагүй. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагчБ.О-тхолбогдуулан зээл 19 940 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч Б.О-д төлөх ёстой 19 940 000 төгрөгийн өрөө нэхэмжлэгч өөрийнх нь дансаар шилжүүлсэн гэх үндэслэл заан маргажээ.

 

Хэрэгт нэхэмжлэгч нь 19 940 000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч Б.О-н Хаан банк дах хххххх тоот дансанд Э-с зээл өгөв гэсэн утгаар шилжүүлсэн үйл баримт дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдсон./хх 6, 7/

Талууд дээрх мөнгөн хөрөнгийг Д.Эөөс Б.О-тзээл олгосон эсхүл Б.О-аас авсан зээлийг буцаан өгсөн үү гэдэг үйл баримтын талаар талууд маргаж байна.

Анхан шатны шүүхээс Д.Э нь Б.О-н ххххххх тоот дансанд 19 940 000 төгрөгийг шилжүүлснээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, Б.О нь татгалзлаа нотлоогүй, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэжээ.

Хэрэгт гэрчээр Б.О, Б.Н нар асуугдсан байх бөгөөд дээрх 19 940 000 төгрөгтэй холбоотой 34 000 000 төгрөгийн маргаантай хэрэг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр шийдвэрлэгдэж байгаа тухай тайлбарласан байна. Мөн хариуцагч нь Д.Э-н 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацааны дансны хуулга гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ./ хх 191-192/

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан хэргийн оролцогч өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг хүсэлт гаргах замаар мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар шүүх бүрдүүлэх журмыг зөрчжээ.

Хариуцагч нь Б.О гэх иргэний болон Б.Э хоорондын зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар тайлбар гаргаж, талууд маргаж байгаа тохиолдолд Б.О ы эрх ашиг сонирхол хөндөгдөж байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эсэх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай. Мөн тус нэхэмжлэлтэй холбоотой өөр хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа талаархи нөхцөл байдлыг тодруулах нь зүйтэй юм.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2021/00261 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД