Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2023/03291

 

 

2023 10 17 181/ШШ2023/03291

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Олхонууд овогт Х.Ү /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Т газарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Т газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/85 дугаартай тушаал, 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/49 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил үйлчилгээний хянагч /ахлах үйлчлэгч/-ийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,604,246 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Х.Ү,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ш.Баасанжав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.Ү нь хариуцагч Т газарт холбогдуулан Т газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/85 дугаартай тушаал, 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/49 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил үйлчилгээний хянагч /ахлах үйлчлэгч/-ийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,604,246 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Х.Ү миний бие Т газарт 2006 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд 14 жил тасралтгүй, үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллаж ирсэн.

Гэтэл үйлчилгээний хэлтсийн 6 дугаар багийн ажилтнуудын 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гаргасан өргөдлийн дагуу Газар, чанарын албаны хэлтсээс хяналт шалгалтыг хийж 6 дугаар багийн ахлах үйлчлэгч Х.Ү тухайн албан тушаалд тэнцэхгүй хэмээн дүгнэлт гарган, илтгэх хуудас бичин удирдлагуудад танилцуулсан.

Энэхүү илтгэх хуудсанд дурдсан саналыг үндэслэн газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/85 тоот тушаалаар ахлах үйлчлэгчийн ажлаас чөлөөлж, үйлчлэгчээр томилохоор шийдвэрлэсэн тул уг албан тушаал бууруулах сахилгын арга хэмжээ авсан тушаалыг эс зөвшөөрч 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Анхны шүүх хуралдаан 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч хариуцагч талаас гомдол гаргаж давж заалдах шатны шүүхэд хандсан. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн боловч Хяналтын шатны шүүх үндэслэлгүйгээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч Т газар нь Б/49 тоот тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээг цуцалж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Х.Үд гардуулсан. Ингэхдээ нэхэмжлэлийн шаардлага буюу ахлах үйлчлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоох эсэх нь эцэслэн шийдэгдээгүй, хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Т газрын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/49 тоот тушаалд хөдөлмөрийн чадвар түр алдсан, эрүүл мэндийн магадалгааны хүчинтэй хугацаа дуусаж, шалтгаангүйгээр ажил тасалсан гэсэн ноцтой зөрчлийг дурдсан. Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2.4, 12.3 дахь хэсгийг зөрчсөн болох нь тогтоогдоогүй. Хууль болон байгууллагын дүрэм журамд нийцээгүй, үндэслэлгүй тушаал гарган албан тушаал бууруулаад зогсохгүй ажлаас үндэслэлгүй халсан.

Ажлаас халах тушаалыг намайг өвчтэй, актын хугацаа дуусаагүй байхад гаргасан. Хүний нөөцийн менежер Уянга над руу ярьсан, би түүнд байнга мэдээллээ өгдөг байсан. н.Уянга захиргааны хэлтсийн даргад мэдэгдээрэй гэсэн. Тэгээд би захиргааны хэлтсийн даргын гар утас болон 260157 гэсэн ажлын өрөөний утас руу нь залгасан боловч утсаа аваагүй. Хүний нөөцийн меженерт мэдэгдсэн учраас би байгууллагад мэдэгдсэн гэж ойлгож байсан.

Миний дээд албан тушаалтан бол мэргэжилтэн Л.Уртнасан. Хагалгааны бүх явцыг Л.Уртнасанд хэлсэн. Л.Баттулга даргад бас хэлсэн. Л.Баттулга дарга Л.Уртнасанд хэлээрэй, эмэгтэй хүн юм чинь ойлгох байх, нарийн зүйлүүдийг чинь би сонсоод ойлгохгүй, наад хүн чинь өөрөө бас энэ хэцүү хагалгаанд чинь орсон, тийм учраас наад хүн чинь мэднэ гэсэн. Яг үг үсгийн дарааллаар ингэж хэлсэн байдаг. Би 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр актаа аваачиж өгсөн.

Т газрын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/49 тоот тушаалыг надад хоёр хоногийн дараа буюу 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдсэн. Тэгээд Төрийн ордонд очиход миний үнэмлэхийг хурааж учир орох боломжгүй болсон. 1111 төвд буюу захиргааны хэлтсийн даргад би удаа дараа очиж хүсэлт тавьсан. Газрын даргатай мөн удаа дараа уулзаж нөхцөл байдал, шалтгаанаа хэлсэн. Миний биеийн байдал, акт зэргийг мэдэж байсан гэж үзэж байгаа.

Би үйлчлэгч нарт ажлын шугамаар зарчмын шаардлага тавьсан. Ямар нэгэн байдлаар хувийн харилцаа үүсгээгүй. 2006 оноос цай зөөгчөөр ажилласан үеэс хойш бид нар маш шаардлага өндөртэй ажилладаг байсан. Тэр шаардлагын дагуу амьдралын хэмнэл, хэвшил бий болсон. 6 дугаар багийн хувьд бол өдөр суугч нар болон гаднын зочид төлөөлөгч нарын хажууд зэрэгцэн явах, ажилчдын гадаад үзэмж, биеэ авч явах байдалд зарчмын шаардлагуудыг тавьсан. Өөр ёс зүйгээс гажсан шаардлага огт тавьж байгаагүй.

Т газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Б/85 дугаартай тушаалд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсгийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлаад эргүүлэн ажилд авсан гэж хариуцагч тайлбарлаж байна. Гэтэл дээрх тушаалд хариуцагч талын хэлж байгаа үндэслэл, зүйл заалтыг огт дурдаагүй. Ур чадварын хувьд тэнцэхгүй болсныг тогтоох мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарч байж энэ хүн ажил, албан тушаалдаа тэнцэхгүй байна гэсэн хөдөлмөрийн харилцааны зохицуулалтыг хэрэглээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зөрчил гарснаас хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулах байтал ажилтнуудыг гомдлыг хүлээж авч зөрчлийг шийдвэрлэснээс хойш 2-3 сарын дараа тухайн тушаалыг гаргасан.

Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандах ёстой гэсэн асуудлыг яриад байгааг огт ойлгохгүй байна. Бид Т газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Б/85 дугаартай тушаалтай маргаад явж байтал ажил олгогч шууд ажлаас чөлөөлсөн. Иймд маргаан таслах комисст хандах шаардлага байхгүй байсан. Шууд шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх байдлаар гаргасан.

Түүнчлэн, Т газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн тушаал дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг үндэслэсэн. Гэтэл талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй гэдгийг өмнөх шүүх хуралдаанд хэлсэн. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэг бол хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан зөрчлийг гаргахыг шаардаж байгаа. Гэтэл гэрээг байгуулах үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй, байгуулагдаагүй гэрээнд заасан сахилгын зөрчил нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болсон гэж ярьж байгаа нь үндэслэлгүй.

Би эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөө авахаас өмнө 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 4 дүгээр сар хүртэл 909,419 төгрөгийн дундаж цалин авч байсан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн а/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу дундаж цалин хөлсөө дээрх байдлаар тооцон авах хүсэлтэй байна.

Иймд Т газрын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/85 тоот тушаал, 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/49 тоот дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил үйлчилгээний хянагч, ахлах үйлчлэгчийн албан тушаалд эргүүлэн тогтоолгох, 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2,604,246 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Т газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Х.Ү нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй нэг шаардлага тодруулж хэлж байна. Андуурсан байж магадгүй. Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай ярьж байна. 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээр уг шаардлага байхгүй байна.

Т газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/85 дугаартай тушаалаар Х.Үг 6 дугаар багийн ахлагчийн ажлаас чөлөөлж, үйлчлэгчийн ажилд авсан. Үүнийг хуучин мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хуульд байхгүй сахилгын арга хэмжээ буюу алба тушаал бууруулсан гэдэг агуулгаар нэхэмжлэгч тал ойлгож, ийм байдлаар тайлбарладаг. Хариуцагч талаас тухайн тушаалын нөхцөл байдал, агуулга бол нэхэмжлэгч албан тушаалдаа мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй байсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар ажлаас нь чөлөөлж, үйлчлэгийн ажилд томилсон.

Хавтаст хэрэгт авагдсан 9 үйлчлэгчийн гомдол, тайлбар, үйлчилгээний хэлтсийн дарга Л.Баттулгын тайлбар, мөн чанарын менежментийн хэлтсийн дүгнэлт, илтгэх хуудас зэрэгт үндэслэж тухайн тушаал гарсан. Агуулгын хувьд 9 үйлчлэгчийн хамтарсан Х.Ү ахлагчтай бид нар хамтран ажиллаж, энэ хүнээр удирдуулах боломжгүй. Бид нарыг удирдах, зохион байгуулах, арга чиглэлийн хувьд ийм ийм учир дутагдалтай хүн учир бид нарыг өөр хүнээр удирдуулж өгөөч гэсэн өргөдөл, хүсэлт байгаа. Үүнийг шүүх нотлох баримтыг шинжлэн судлахдаа ач холбогдол өгөн уншиж судлах байх гэж бодож байна. Үүнийг үндэслэн бид ажлаас чөлөөлсөн нь үнэн. Тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг хууль зүйн хувьд удирдлага болгоогүй гэсэн зүйл яригддаг. Гэхдээ Монгол Улсын Дээд шүүх тухайн тушаалын 1 дүгээр үндэслэл нь сахилгын зөрчил юм уу, ур чадварын хувьд энэ хүнийг чөлөөлөөд байгаа юм уу, энэ асуудлыг анхан шатны шүүх ялгаж салгахгүйгээр дүгнэлт хийсэн гэдэг үндэслэлээр шийдвэр болон магадлалыг хүчингүй болгосон. Ур чадварын асуудал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хамаарна. Сахилгын зөрчил бол өөр хэсэгт хамаарна.

Нэхэмжлэгч талаас өнөөдөр шүүх хуралдаанд гаргасан 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн тус шүүхийн шүүгчийн 9453 дугаартай иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжаар хуучин мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлоо хуулийн хугацаанд гаргасан нөхцөл байдал харагдаж байна. Үүнийг би хүлээн зөвшөөрч байна.

Гэхдээ тухайн үед нэхэмжлэл гаргахдаа ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тодорхойлогдоогүй байсан. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2,604,246 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс эхэлж байна. Тэгэхээр ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хуучин мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дахь хэсэгт зааснаар 1 сарын дотор гаргаагүй гэж үзэж байна. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хуульд заасан хугацаанд гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

Хоёрдахь шаардлагын тухайд нэхэмжлэгч нь ажлаасаа чөлөөлөгдөөд үйлчлэгчийн албан тушаалд ажиллаж байсан. Нэхэмжлэгч 2021 оны 8 дугаар сарын сүүлээр Газрын даргаас хөдөлмөрийн дотоод журамд заасан үндэслэлийн дагуу 2 жилийн цалингүй чөлөө авах хүсэлт гаргасан. Хөдөлмөрийн дотоод журамд заасан газрын даргын бүрэн эрхийн хүрээнд ажилтанд 1 жил хүртэлх хугацаагаар цалингүй чөлөө олгодог. Журамд заасны дагуу нэхэмжлэгчид 1 жилийн цалингүй чөлөө олгосон. Цалингүй чөлөөний хугацаанд нэхэмжлэгч эрүүл мэндийн шалтгааны улмаас цааш үргэлжлүүлэн чөлөөтэй явсан тохиолдол байдаг. Гэхдээ тухайн эрүүл мэндийн байгууллагын өвчтөний түүх, хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаа зэрэг нь 2022 оны 2 дугаар сард дууссан. Хугацаа дууссан өдрөөс эхлээд үйлчилгээний хэлтсийн үйлчлэгч Х.Ү нь өмнөх ажилдаа орох ёстой байсан боловч 10 гаруй хоног ажил тасалсан.

Иймд Т газрын дарга 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/49 дугаартай тушаалаар үйлчлэгч Х.Үгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, гэрээг цуцалсан. Үндэслэл нь сахилгын зөрчил буюу хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажилтан хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр 2 өдөр дараалан ажил тасалсан гэдэг асуудал байгаа. Энэ хугацаанд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн эмнэлгийн магадалгааг тухайн үед бид нарт өгөөгүй. Бид мэдэхгүй байсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнө нь энэ тухай тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.

Манай байгууллагын баримталж байгаа хөдөлмөрийн дотоод журам бол маш ойлгомжтой. Дээд шатны албан тушаалтанд мэдэгдэнэ гэсэн байгаа. Л.Баттулга даргатай ярьж байсан бол тэр тухай баримтаа Мобикомоос авсан утасны билл гаргаж өгөх бүрэн боломжтой байсан. Мөн нэхэмжлэгч хүний нөөцийн менежер н.Уянга болон захиргааны хэлтсийн даргатай ярьсан гэж тайлбарладаг боловч үүнийг нотлох баримт байхгүй. Зөвхөн хариуцагчийн тайлбар, асуултад хариулсан хариулт байна. Энэ нь зөрчилдөөнтэй байгаа гэдгийг шүүх анхаараасай гэж хүсч байна.

Нэхэмжлэгч 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр бичигдсэн эмнэлгийн магадалгаа өгсөн гэж байна. Хэрэв өгсөн бол бид нотлох баримтыг нуун дарагдуулах эрхгүй. Өгч байсан бол бид гаргаж ирээд өгөх бүрэн боломжтой байсан. Гэтэл тухайн баримт бид нарт байхгүй учир гаргаж өгөөгүй. Гэтэл шүүх дээр маргаан үүссэний дараа ийм эмнэлгийн магадалгаа гарч байсан гэдгийг бид олж мэдсэн.

Д.Гэрэлмаа гэдэг эмчийг гэрчээр дуудаж нөхцөл байдлыг тодруулсан. Тухайн үед өвчтэй байсан хугацаа нь дууссан. Гэтэл ажилдаа ирэхгүй нөхцөл байдал үүссэн. Бид 10 гаруй хоног хүлээсэн, мэдээлэл авах гэж үзсэн, холбоо барихгүй байсан учир ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөр дотоод журамд ноцтой зөрчлүүдийг маш тодорхой зохицуулж журамласан.

Иймд Т газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/49 дугаартай тушаал хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан үндэслэл, журмын дагуу гарсан. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар дэд бүлэгт хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх зохицуулалтыг дэс дараалалтай боловсруулж баталсан.

Нэхэмжлэгчийн хувьд 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/49 дугаартай тушаалыг тухайн өдөр нь гардаж авсан мөртлөө маргаан таслах 3 талт хороонд гомдол гаргалгүй шууд шүүхэд хандсан. Гэтэл энэ хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт маргаантай холбоотой зохицуулалтын гол үзэл баримтлал нь хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжинд харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй гэж заасан байдаг. Нэхэмжлэгчийн хувьд ажлаас чөлөөлөх тушаалыг гардаж аваад бид нартай тухайн шийдвэрийг эргэж харах, харилцан тохиролцох байдлаар хандаагүй.

Шүүхэд шууд хандах боломжтой эрх зүйн зохицуулалт бий. Гэтэл 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд хамгийн сүүлийн тушаалыг 3 талт хороогоор шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал нь тодорхой тусгагдаагүй. Ямар нөхцөл байдал байгаад шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй.

Сүүлд гарсан тушаалтай холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тодорхойлсон байна гэж би ойлголоо. Үйлчлэгчийн цалин хэд вэ, ахлах үйлчлэгчийн цалин хэд вэ гэдэг нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд тодорхой бус байна. Нийтдээ хэдэн сарын цалин хөлсний нийлбэр 2,604,246 төгрөг болж байгаа талаар, нийгмийн даатгалын нөхөн төлөлтийг хэрхэн хассан, хувь хүний орлогын албан татварыг хэрхэн хассан талаар нөхцөл байдал нэхэмжлэлийн үндэслэлд ойлгомжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/01834 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны дөрийн 1754 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2022/00208 дугаар тогтоол, Ц:.Мөнгөндавалгаад олгосон итгэмжлэл, Цэн Оюу БГБХН-ийн эмнэлгийн магадлагаа, Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШЗ2022/08131 дүгээр Нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж, Б.Дэлгэрмаад олгосон итгэмжлэл, Х.Үгийн гар утасны дугаарын хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт, Х.Үгийн дансны хуулга,

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар Б.Халиун, Б.Мягмаржав, Л.Баттулга, Т.У нарт олгосон итгэмжлэл, Т газрын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Т газрын дүрэм, Т газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/08 тоот Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай тушаал, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 тоот Хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаал, Хөдөлмөрийн дотоод журам, Т газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/28 тоот Х.Үтай хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах тухай тушаал, Хөдөлмөрийн гэрээ, Т газрын дарганы 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Б/81 тоот Х.Үд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, Т газрын үйлчилгээний хэлтсийн 6 дугаар багийн гишүүдийн өргөдөл, Х.Үгийн тайлбар, Ц.Бадам, Г.Цэнгэлмаа, Б.Соёлмаа, Г.Адъяасүрэн, Н.Болормаа, Б.Дуламрагчаа, Г.Доржсүрэн нарын нэмэлт тайлбар, Т газрын Чанарын менежментийн хэлтсийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Илтгэх хуудас, Т газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/85 тоот Х.Үг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, Х.Үгийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хүсэлт, шинжилгээний хуудас, амбулаторийн карт, Т газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/94 тоот Х.Үд цалингүй чөлөө олгох тухай тушаал, Т газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/12 тоот Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаал, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас, ТЗҮЭГ-т ажиллаж байгаа даатгуулагчдад 2021 оны 11 дүгээр сард хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгосон жагсаалт, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн тооцоо, Т газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/49 тоот Х.Үтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Эрүүл мэндийн яамнаас Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/611 дүгээр тушаал /хавсралтын хамт/, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо нь Өрхийн эрүүл мэндийн төвтэй эсэх лавлагааг нотлох баримтаар гаргуулсан.

Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШЗ2023/15596 дугаар захирамжаар нэгдүгээр хавтаст хэргийн 4-24, 73-199 дүгээр талд авагдсан Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн архивын хуулбарлав тэмдэгтэй баримтууд болон нэгдүгээр хавтаст хэргийн 45 дугаар талд авагдсан Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт, 22080454408 дугаартай өвчний түүх зэрэг баримтуудыг хассан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Т газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/85 тоот тушаал хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч уг тушаалыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад Т газрын дарга 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Б/49 тоот тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь Т газрын даргын Б/49 тоот тушаалд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаагүй. Үйлчлэгчийн албан тушаалд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, тийм учраас ямар хөдөлмөрийн гэрээний хэддүгээр зүйлд заасан ноцтой зөрчил гаргасан нь тодорхойгүй. Мөн ноцтой зөрчил гаргасныг шалгаж тогтоосон баримтгүй тул тушаалуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил үйлчилгээний хянагчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,604,246 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлов.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Т газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/85 тоот тушаал, 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/49 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч Т газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/49 тоот тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагаа хуульд заасан хугацаанд гаргаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон.

4.1. Хариуцагч Т газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/28 дугаар Х.Үтай хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах тухай тушаалаар Үйлчилгээний хэлтсийн багийн ахлагч Х.Үтай 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж, жинхлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. /2 дугаар хавтаст хэргийн 61 дүгээр хуудас/

4.2. Улмаар 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 19/63 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан үйлчилгээний хэлтсийн багийн ахлагчаар ажиллуулсан үйл баримт тогтоогдсон.

4.3. Т газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/85 дугаар Х.Үг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал-аар Х.Үг 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгон үйлчилгээ хянагч /ахлах үйлчлэгч/-ийн ажлаас чөлөөлж, мөн өдрөөс үйлчлэгчийн албан тушаалд томилжээ. /2 дугаар хавтаст хэргийн 90 дүгээр хуудас/

4.4. Нэхэмжлэгчээс дээрх тушаалыг эс зөвшөөрч, Т газарт холбогдуулан 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/85 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаал буюу багийн ахлагчийн албан тушаалд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гаргасан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхнарангийн тус шүүхэд гаргасан 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн нэхэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШЗ2021/09453 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. /2 дугаар хавтаст хэргийн 184-185, 187 дугаар хуудас/

4.5. Нэхэмжлэгч Х.Үгийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хүсэлтийг үндэслэн Т газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/94 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Х.Үд 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2 сарын хугацаатай цалингүй чөлөө олгосон болох нь Т газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/94 дугаартай Х.Үд цалингүй чөлөө олгох тухай тушаал, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /2 дугаар хавтаст хэргийн 91-98 дугаар хуудас/

4.6. Нэхэмжлэгч Х.Ү нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл эмнэлгийн магадлагаатай байсан болох нь Цэн-Оюу БГБХН-ийн эмнэлгийн магадлагаа, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, гэрч Д.Гэрэлмаагийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 41, 2 дугаар хавтаст хэргийн 162-164 дүгээр хуудас/

4.7. Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрээр Х.Үгийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар, хугацааг 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 6 сараар тогтоожээ. /1 дүгээр хавтаст хэргийн 43, 45 дугаар хуудас/

4.8. Т газрын Чанарын менежментийн хэлтсийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Илтгэх хуудас-т 6 дугаар багийн ахлах үйлчлэг Х.Ү нь ажил хөдөлмөр эрхлэх явцдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 11.2, 11.3, 11.12 дахь заалт, байгууллагын Ёс зүйн дүрэм-ийн 3.1.3.б дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 3.2.3, 3.2.5, 4.3.8 дахь заалтыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон, Х.Ү нь 6 дугаар багийн ахлах үйлчлэгчийн албан тушаалд тэнцэхгүй гэж дүгнэж, албан тушаал бууруулах санал гаргажээ. /2 дугаар хавтаст хэргийн 84-89 дүгээр хуудас/

4.9. Х.Үгийн нэхэмжлэлтэй, Т газарт холбогдох 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/85 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаал буюу багийн ахлагчийн албан тушаалд эргүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагын даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/49 тоот тушаалаар 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс Х.Үтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахаар шийдвэрлэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 118 дугаар хуудас/

5. Нэхэмжлэгч Х.Ү нь Т газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/85 тоот тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор буюу 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд гаргасан байна.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/49 тоот тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаатай холбогдуулан урьдчилан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгахгүй.

Нэхэмжлэгч нь дээрх тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр тус шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасан хугацааг зөрчөөгүй байна.

6. Т газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/85 тоот тушаалыг хүчингүй болгох шаардлагын талаар:

6.1. Т газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/85 тоот Х.Үг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал-д Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Т газрын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.5.4, Хөдөлмөрийн гэрээний 3.2.3, 3.2.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11, 12, Ёс зүйн дүрмийн 3.1.3б дүгээр заалт, Т газрын Чанар, менежментийн хэлтсийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны хяналт шалгалтын дүгнэлт №01-ийг тус тус үндэслэжээ.

6.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дээрх тушаалын үндэслэлийг Нэхэмжлэгч Х.Ү эрхэлж байгаа ажил, албан тушаалдаа мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй нь Чанарын менежментийн хэлтсийн дүгнэлтээр тогтоогдсон учир Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 40 дүгээр зүйлд зааснаар ахлах үйлчлэгчийн ажлаас чөлөөлж, үйлчлэгчийн ажилд томилсон гэж тайлбарласан.

6.3. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол ажил олгогч захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар хуулийн энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд энэ тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй.

6.4. Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалдаа түүнийг ажлаас чөлөөлж байгаа үндэслэл болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан холбогдох зохицуулалтыг баримтлах үүрэгтэй.

Хариуцагч байгууллагын даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/08 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 4 дүгээр зүйлийн 4.1.7-д Ажилтныг албан тушаал бууруулах, түр чөлөөлөх халахдаа хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38, 39, 40 дүгээр зүйлийг үндэслэл болгоно гэж заасан байна.

Гэвч Т газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/85 тоот Х.Үг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал-д Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй, ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах талаар ажилтанд хуульд заасан хугацаанд мэдэгдсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

6.4. Т газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/08 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 2.3.-т Чанарын менежментийн хэлтэс нь Газрын үйл ажиллагааны стратеги зорилт, нийтлэг үйлчилгээний бодлого, ажлын төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хяналт, шинжилгээ үнэлгээ, тайлагнал хийх, Чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO 9001 болон байгууллагын стандартыг мөрдүүлэх, хэрэгжилтийг хянаж дүгнэх, байгууллагын үйл ажиллагаанд дотоодын хяналтыг хэрэгжүүлэх, Төрийн ордны хэмжээнд ХАБЭА-н хуулийн хэрэгжилтийг хангуулах, газрын удирдлагыг мэдээллээр хангах, тэдэнд хууль журмын дагуу дэмжлэг туслалцаа үзүүлэх, хяналт, шалгалт үнэлгээний ажлын үр дүнг газрын даргын зөвлөлөөр хэлэлцүүлэх, Засгийн газрын 2011 оны 311, 2013 оны 322 дугаар тогтоол болон бусад холбогдох шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй ажиллана гэж заажээ.

Т газрын Чанарын менежментийн хэлтсийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Илтгэх хуудас-т 6 дугаар багийн ахлах үйлчлэгч Х.Ү нь ажил хөдөлмөр эрхлэх явцдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 11.2, 11.3, 11.12 дахь заалт, байгууллагын Ёс зүйн дүрэм-ийн 3.1.3.б дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 3.2.3, 3.2.5, 4.3.8 дахь заалтыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон, Х.Ү нь 6 дугаар багийн ахлах үйлчлэгчийн албан тушаалд тэнцэхгүй гэж дүгнэж, албан тушаал бууруулах санал гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасан ажилтан мэргэжил, ур чадварын... хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны шийдвэр гарсан байхыг ойлгох тул хариуцагч Т газрын Чанарын менежментийн хэлтсийн дүгнэлтээр нэхэмжлэгч Х.Үгийн мэргэжил ур чадварын түвшинг тогтоох шалгалтыг байгууллагын хэмжээнд эрх бүхий этгээдийн шийдвэр, журмын дагуу зохион байгуулсан гэж үзэх боломжгүй.

Иймд хариуцагч Т газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/85 тоот Х.Үг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчингүй болгох нь зүйтэй.

7. Т газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/49 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын талаар:

7.1. Хариуцагч Т газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/49 тоот Х.Үтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Үйлчлэгч Х.Үгийн хөдөлмөрийн чадвар түр алдсан эрүүл мэндийн магадлагааны хүчинтэй хугацаа дуусаж шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн дотоод журам ноцтой зөрчсөн үндэслэлээр 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, Т газрын дүрэм-ийн 4 дүгээр зүйлийн 4.6.4, Хөдөлмөрийн дотоод журам-ын 12 дугаар зүйлийн 12.2.4, 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Х.Үгийн хөдөлмөрийн чадвар түр алдсан эрүүл мэндийн магадлагааны хүчинтэй хугацаа дуусаж, шалтгаангүйгээр ажил тасалж хөдөлмөрийн дотоод журам ноцтой зөрчсөн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байна.

7.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дээрх тушаалын үндэслэлийг Нэхэмжлэгч Х.Ү нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, тус газрын Хөдөлмөрийн дотоод журмын 6.10, 12 дугаар зүйлийн 12.2.4-д заасныг зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчилд хамаарна. гэж тайлбарласан.

7.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцлах-аар, мөн хуулийн 123 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажил олгогч ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох ба тушаалд ажилтны хэзээ гаргасан, ямар зөрчилд сахилгын шийтгэл ногдуулж байгаа үндэслэлээ тусгахаар зохицуулсан.

7.4. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Х.Ү нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл эмнэлгийн магадлагаатай байсан боловч энэ тухай хариуцагч байгууллагад мэдэгдээгүй үйл баримт тогтоогдсон.

7.5. Т газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/12 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 12.2-т Ажилдаа ирээгүй буюу ирж чадахгүй болсон хүндэтгэн үзэх шалтгаанаа албан ёсоор өөрийн шууд удирдлагад ямар нэг хэлбэрээр мэдэгдээгүй, ажлын дараалсан хоёр өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан-ыг ноцтой зөрчилд тооцохоор, 12.3-т Ажилтнуудыг энэхүү журмын 12.2-т заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд холбогдох хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээний дагуу ажил олгогчийн санаачилгаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна. гэж, 12.4-т Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, энэ тухай баримт, үндэслэл дүгнэлтийг зөрчил гаргасан ажилтанд урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан ажилтан уг материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй гэж тус тус заасан байна.

7.6. Хариуцагч Т газраас нэхэмжлэгч Х.Үтай үйлчлэгчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хууль /2021 он/-ийн 123 дугаар зүйлийн 123.3, тус газрын Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.4-т зааснаар зөрчлийг шалган тогтоож, нэхэмжлэгчид танилцуулаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хууль /2021 он/-ийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч Х.Үг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/12 дугаар тушаал үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч Т газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/85 тоот Х.Үг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/49 тоот Х.Үтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Үг Т газрын үйлчилгээ хянагч /ахлах үйлчлэгч/-ийн албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй.

8. Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2,604,246 төгрөг гаргуулах шаардлагын талаар:

Нэхэмжлэгч Х.Ү 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2,604,246 төгрөгийг хариуцагч Т газраас гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч энэ шаардлагын үндэслэлээ Хариуцагч Т газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/49 тоот тушаал гарснаас хойш 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны олговор шаардаж байна гэж тодорхойлсон.

Гэвч нэхэмжлэгч Х.Ү нь Хөдөлмөрийн тухай хууль /2021 он/-ийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан 90 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн, мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.-т зааснаар гомдол гаргах хугацааг сэргээлгэх талаар хүсэлт гаргаагүй тул хариуцагч Т газраас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2,604,246 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хууль /2021 он/-ийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан Т газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/85 тоот тушаал, 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/49 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Үг Т газрын үйлчилгээ хянагч /ахлах үйлчлэгч/-ийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2,604,246 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, шүүх хуралдаанд оролцсон тал мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ