Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2024/00303

 

Х.Ү*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/03291 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Х.Ү*******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******т холбогдох,

*******, засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/85 дугаартай тушаал, 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/49 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан үйлчилгээний хянагч /ахлах үйлчлэгч/-ийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,604,246 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Түмэнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие *******, засгийн үйлчилгээ эрхлэх газарт 2006 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд 14 жил тасралтгүй, үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажилласан.

1.2. Үйлчилгээний хэлтсийн 6 дугаар багийн ажилтнуудын 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдөр гаргасан өргөдлийн дагуу чанарын албаны хэлтсээс хяналт шалгалтыг хийж 6 дугаар багийн ахлах үйлчлэгч Х.Ү******* тухайн албан тушаалд тэнцэхгүй хэмээн дүгнэлт гарган, илтгэх хуудас бичин удирдлагуудад танилцуулсан.

1.3. Дээрх саналыг үндэслэн газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/85 тоот тушаалаар ахлах үйлчлэгчийн ажлаас чөлөөлж, үйлчлэгчээр томилж шийдвэрлэсэн тул уг албан тушаал бууруулах сахилгын арга хэмжээ авсан тушаалыг эс зөвшөөрч 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхны шүүх хуралдаан 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч хариуцагч талаас гомдол гаргаж давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Хяналтын шатны шүүх үндэслэлгүйгээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

1.4. Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч ******* ******* нь Б/49 тоот тушаал гаргаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гардуулсан. Ингэхдээ нэхэмжлэлийн шаардлага буюу ахлах үйлчлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоох эсэх нь эцэслэн шийдэгдээгүй, хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Түүнчлэн, тухайн тушаал дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг үндэслэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэг бол хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан зөрчлийг гаргахыг шаардаж байгаа. Гэтэл бидний хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, гэрээг байгуулах үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй, байгуулагдаагүй гэрээнд заасан сахилгын зөрчил нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болсон гэж байгаа нь үндэслэлгүй.

1.5. ******* засгийн үйлчилгээг эрхлэх газрын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/49 тоот тушаалд хөдөлмөрийн чадвар түр алдсан, эрүүл мэндийн магадлагааны хүчинтэй хугацаа дуусаж, шалтгаангүйгээр ажил тасалсан гэсэн ноцтой зөрчлийг дурдсан. Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2.4, 12.3 дахь хэсгийг зөрчсөн болох нь тогтоогдоогүй. Хууль болон байгууллагын дүрэм журамд нийцээгүй, үндэслэлгүй тушаал гарган албан тушаал бууруулаад зогсохгүй ажлаас үндэслэлгүй халсан.

1.6. Хүний нөөцийн менежер н.У******* над руу ярьсан, би түүнд байнга мэдээллээ өгдөг байсан. н.У******* захиргааны хэлтсийн даргад мэдэгдээрэй гэсний дагуу захиргааны хэлтсийн даргын гар утас болон ******* гэсэн ажлын өрөөний утас руу нь залгасан боловч утсаа аваагүй. Хүний нөөцийн меженерт мэдэгдсэн учраас би байгууллагад мэдэгдсэн гэж ойлгож байсан. Ажлаас халах тушаалыг намайг өвчтэй, актын хугацаа дуусаагүй байхад гаргасан гэж үзэж байна.

1.7. Үйлчлэгч нарт ажлын шугамаар зарчмын шаардлага тавьсан, хувийн харилцаа үүсгээгүй. 2006 оноос цай зөөгчөөр ажилласан үеэс хойш бид нар шаардлага өндөртэй ажилладаг байсан. Тэр шаардлагын дагуу амьдралын хэмнэл, хэвшил бий болсон. 6 дугаар багийн хувьд өдөр суугч нар болон гаднын зочид төлөөлөгч нарын хажууд зэрэгцэн явах, ажилчдын гадаад үзэмж, биеэ авч явах байдалд зарчмын шаардлагуудыг тавьсан. Өөр ёс зүйгээс гажсан шаардлага огт тавьж байгаагүй.

1.8. ******* засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Б/85 дугаартай тушаалд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсгийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлаад эргүүлэн ажилд авсан гэж хариуцагч тайлбарлаж байна. Гэтэл дээрх тушаалд хариуцагч талын хэлж байгаа үндэслэл, зүйл заалтыг огт дурдаагүй. Ур чадварын хувьд тэнцэхгүй болсныг тогтоох мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарч байж ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн хөдөлмөрийн харилцааны зохицуулалтыг хэрэглээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зөрчил гарснаас хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулах байтал ажилтнуудын гомдлыг хүлээж авч зөрчлийг шийдвэрлэснээс хойш 2-3 сарын дараа тухайн тушаалыг гаргасан.

1.9. *******, засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Б/85 дугаар тушаалтай маргаад явж байтал ажил олгогч шууд ажлаас чөлөөлсөн. Иймд маргаан таслах комисст хандах шаардлага байхгүй, шууд шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх байдлаар гаргасан.

1.10. Эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөө авахаас өмнө 2021 оны 1 дүгээр сараас 2021 оны 4 дүгээр сар хүртэл 909,419 төгрөгийн дундаж цалин авч байсан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн а/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу дундаж цалин хөлсөө тооцон авах хүсэлтэй байна. Иймд *******, засгийн үйлчилгээ эрхлэх газрын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/85 тоот тушаал, 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/49 тоот дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил үйлчилгээний хянагч, ахлах үйлчлэгчийн албан тушаалд эргүүлэн тогтоолгох, 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2,604,246 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. *******, засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/85 дугаартай тушаалаар Х.Ү*******г 6 дугаар багийн ахлагчийн ажлаас чөлөөлж, үйлчлэгчийн ажилд авсан. Үүнийг хуучин мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хуульд байхгүй сахилгын арга хэмжээ буюу алба тушаал бууруулсан гэдэг агуулгаар нэхэмжлэгч тал ойлгож тайлбарладаг. Нэхэмжлэгч албан тушаалдаа мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй байсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар ажлаас нь чөлөөлж, үйлчлэгийн ажилд томилсон. Хавтаст хэрэгт авагдсан 9 үйлчлэгчийн гомдол, тайлбар, үйлчилгээний хэлтсийн дарга Л.Б******* тайлбар, мөн чанарын менежментийн хэлтсийн дүгнэлт, илтгэх хуудас зэрэгт үндэслэж тухайн тушаал гарсан. Агуулгын хувьд 9 үйлчлэгчийн хамтарсан Х.Ү******* ахлагчтай бид нар хамтран ажиллаж, энэ хүнээр удирдуулах боломжгүй, биднийг удирдах, зохион байгуулах, арга чиглэлийн хувьд учир дутагдалтай, өөр хүнээр удирдуулж өгөөч гэсэн өргөдөл, хүсэлт байгаа. Үүнийг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь үнэн.

2.2. Тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг хууль зүйн хувьд удирдлага болгоогүй гэсэн зүйл яригддаг. Монгол Улсын Дээд шүүх тухайн тушаалын 1 дүгээр үндэслэл нь сахилгын зөрчил юм уу, ур чадварын хувьд энэ хүнийг чөлөөлөөд байгаа юм уу, энэ асуудлыг анхан шатны шүүх ялгаж салгахгүйгээр дүгнэлт хийсэн гэж шийдвэр болон магадлалыг хүчингүй болгосон. Ур чадварын асуудал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хамаарна. Сахилгын зөрчил бол өөр хэсэгт хамаарна.

2.3. Нэхэмжлэгч нь ажлаасаа чөлөөлөгдөөд үйлчлэгчийн албан тушаалд ажиллаж байсан. Нэхэмжлэгч 2021 оны 8 дугаар сарын сүүлээр Газрын даргаас хөдөлмөрийн дотоод журамд заасан үндэслэлийн дагуу 2 жилийн цалингүй чөлөө авах хүсэлт гаргасан. Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу нэхэмжлэгчид 1 жилийн цалингүй чөлөө олгосон. Цалингүй чөлөөний хугацаанд нэхэмжлэгч эрүүл мэндийн шалтгааны улмаас цааш үргэлжлүүлэн чөлөөтэй явсан. Ингээд хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаа нь 2022 оны 2 дугаар сард дууссан. Хугацаа дууссан өдрөөс эхлээд үйлчилгээний хэлтсийн үйлчлэгч Х.Ү******* нь өмнөх ажилдаа орох ёстой байсан боловч 10 гаруй хоног ажил тасалсан.

Иймд ******* засгийн үйлчилгээ эрхлэх газрын дарга 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/49 дугаартай тушаалаар үйлчлэгч Х.Ү*******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, гэрээг цуцалсан. Үндэслэл нь сахилгын зөрчил буюу хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажилтан хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр 2 өдөр дараалан ажил тасалсан гэж үзсэн. Энэ хугацаанд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн эмнэлгийн магадалгааг өгөөгүй учраас бид энэ талаар мэдэхгүй. Ингээд шүүх дээр маргаан үүссэний дараа эмнэлгийн магадалгаа гарсан гэдгийг олж мэдсэн. Д.Г******* гэдэг эмчийг гэрчээр дуудаж нөхцөл байдлыг тодруулсан. Тухайн үед өвчтэй байсан хугацаа нь дууссан, ажилдаа ирэхгүй нөхцөл байдал үүссэн. Бид 10 гаруй хоног хүлээсэн, мэдээлэл авах гэж үзсэн, холбоо барихгүй байсан учир ажлаас чөлөөлсөн.

2.4. *******, засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/49 дугаартай тушаал хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан үндэслэл, журмын дагуу гарсан. Нэхэмжлэгчийн хувьд 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/49 дугаартай тушаалыг тухайн өдөр нь гардаж авсан мөртлөө маргаан таслах 3 талт хороонд гомдол гаргалгүй шууд шүүхэд хандсан. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт маргаантай холбоотой зохицуулалтын гол үзэл баримтлал нь хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжинд харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгчийн хувьд ажлаас чөлөөлөх тушаалыг гардаж аваад бид нартай тухайн шийдвэрийг эргэж харах, харилцан тохиролцох байдлаар хандаагүй.

Шүүхэд шууд хандах боломжтой эрх зүйн зохицуулалт бий. Гэтэл 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд хамгийн сүүлийн тушаалыг 3 талт хороогоор шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал нь тодорхой тусгагдаагүй. Ямар нөхцөл байдал байгаад шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй.

2.5. Сүүлийн тушаалтай холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тодорхойлсон гэж ойлголоо. Үйлчлэгчийн цалин хэд вэ, ахлах үйлчлэгчийн цалин хэд вэ гэдэг нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд тодорхой бус байна. Нийтдээ хэдэн сарын цалин хөлсний нийлбэр 2,604,246 төгрөг болж байгаа талаар, нийгмийн даатгалын нөхөн төлөлтийг хэрхэн хассан, хувь хүний орлогын албан татварыг хэрхэн хассан талаар нөхцөл байдал нэхэмжлэлийн үндэслэлд ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч талаас хуучин мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлоо хуулийн хугацаанд гаргасан, үүнийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ нэхэмжлэл гаргахдаа ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тодорхойлогдоогүй байсан. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2,604,246 төгрөг гаргуулах шаардлагыг хуучин мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дахь хэсэгт зааснаар 1 сарын дотор гаргаагүй гэж үзнэ.

2.6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй нэг шаардлага болох нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай ярьж байна. 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээр уг шаардлага байхгүй байсан. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /2021 он/-ийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан ******* засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/85 тоот тушаал, 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/49 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Ү*******г *******, засгийн үйлчилгээг эрхлэх газрын үйлчилгээ хянагч /ахлах үйлчлэгч/-ийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2,604,246 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хууль /2021 он/-ыг буруу хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг алдагдуулсан.

4.1. *******, засгийн үйлчилгээг эрхлэх газрын Үйлчилгээний хэлтсийн 6 дугаар багийн үйлчилгээ хянагч /Ахлах үйлчлэгч/ Х.Ү******* нь Чанарын менежментийн хэлтсийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн илтгэх хуудас, дүгнэлт болон Үйлчилгээний хэлтсийн 6 дугаар багийн 9 үйлчлэгчийн гомдол, хүсэлтээс үзэхэд хариуцсан багаа нийтлэг үйлчилгээний бодлого, ажлын төлөвлөгөөний дагуу зөв удирдан зохион байгуулах чадвар муутай, мэргэжил, ур чадварын хувьд уг албан тушаалдаа тэнцэхгүй болох нь нотлогдож түүнийг мэргэжил, чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй хэмээн үзэж үйлчилгээ хянагч /Ахлах үйлчлэгч/-ийн албан тушаалаас чөлөөлж, үйлчлэгчийн ажилд томилох тухайгаа ажил олгогчийн зүгээс 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдсэн.

Улмаар *******, засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 02- ны өдрийн Б/85 дугаартай тушаалаар *******, засгийн үйлчилгээг эрхлэх газрын Үйлчилгээний хэлтсийн 6 дугаар багийн үйлчилгээ хянагч /ахлах үйлчлэгч/ Х.Ү*******г албан тушаалаас чөлөөлж, үйлчлэгчийн албан тушаалд томилсон.

Хөдөлмөрийн дотоод журмын 2.4-д "Чанарын менежментийн хэлтэс нь... нийтлэг үйлчилгээний бодлого, ажлын төлөвлөгөө......шинжилгээ үнэлгээ,......хийх...... чиг үүрэгтэй ажиллана." гэж заасан. Иймд Чанарын менежментийн хэлтсээс хэрэгжүүлэн хяналт, шалгалтын дүгнэлт, илтгэх хуудсаар Х.Ү******* нь үйлчилгээ хянагч /Ахлах үйлчлэгч/-ийн албан тушаалд тэнцэхгүй болох нь тогтоогдоно. Энэхүү илтгэх хуудас, дүгнэлтэд анхан шатны шүүх дүгнэлт өгөхдөө "....нэхэмжлэгч Х. Ү*******гийн мэргэжил, ур чадварын түвшнийг тогтоох шалгалтын байгууллагын хэмжээнд эрх бүхий этгээдийн шийдвэр, журмын дагуу зохион байгуулсан гэж үзэх боломжгүй." гэсэн нь ойлгомжгүй бөгөөд холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг үндэслээгүй нь учир дутагдалтай байна. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлгээгүй шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг тус тус хангаагүй гэж хариуцагч талаас үзэж байна.

4.2. *******, засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/85 дугаартай тушаалаар Үйлчилгээний хэлтэст үйлчлэгчийн албан тушаалд томилогдсон алба хаагч Х.Ү*******гийн албан ёсны чөлөөний хугацаа болон өвчтэй байх хугацаа нь дуусаж үйлчлэгчийн ажилдаа орохгүй олон хоног ажил тасалсан тул 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/49 дугаартай тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн болно. Энэ тушаалыг 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гардан авсан. Энэ нь нэхэмжлэгчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгчээс асуусан асуултын хариулт зэргээр хөдөлшгүй нотлогддог.

Нэхэмжлэгч Х.Ү******* нь *******, засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/49 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай гомдлоо 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан. Гэтэл анхан шатны шүүх энэхүү гомдлын шаардлагыг "...Хөдөлмөрийн тухай хууль /2021 он/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгахгүй" гэж дүгнэлт хийсэн хэдий ч мөн хуулийн 154 дугаар зүйлийн 154.2.1-д "хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон........ тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор;" гомдол гаргана гэсэн хугацааны тухайд дүгнэлт хийгээгүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-д "Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ: 158.2.2. хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан." гэж заасан. Аливаа хэрэг, маргаан хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах хугацааг тогтоосон бол хуульд заасан хугацаанд шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эсхүл шүүхэд хандах эрхтэй. Иймд нэхэмжлэгч Х.Ү******* нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдлын шаардлага гаргах 30 хоногийн хугацаа өнгөрсний дараа гомдлоо шүүхэд гаргасан болно.

Иймд дээрх 2 үндэслэлээр анхан шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Мэргэжил ур чадварын комисс байгуулж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэх үйл баримт тогтоогддоггүй. Харин хариуцагч байгууллагын чанар менежментийн хэлтэс нь нэхэмжлэгчийг 2021 оны 3 дугаар сард ёс зүйн зөрчил гаргасан гэх дүгнэлтийг үндэслэн 5 сарын дараа албан тушаал бууруулах тушаал гаргасан.

5.2. 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн тушаал гарах үед нэхэмжлэгч өвчтэй байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Нэхэмжлэгч тухайн тушаалыг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гардан авсан гэх байдлаар нэхэмжлэл гаргахад хариуцагч байгууллага гомдол гаргах хугацаа өнгөрсөн гэж маргаагүй атлаа одоо давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Х.Ү******* нь хариуцагч *******, *******т холбогдуулан *******, засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/85 дугаартай тушаал, 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/49 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан үйлчилгээний хянагч /ахлах үйлчлэгч/-ийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,604,246 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Уг шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй байсан учир газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/85 дугаар тушаалаар албан тушаал бууруулсан, цалингүй чөлөөний хугацаа дууссан боловч ажил тасалсан, ноцтой зөрчил гаргасан тул мөн даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/49 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн, Х.Ү******* нь 2022 оны ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн авч хуульд заасан журмын дагуу маргаан таслах комисс, гурван талт хороонд гомдол гаргаагүй, анх нэхэмжлэл гаргахдаа ажилгүй байсан хугацааны цалин шаардаагүй байсан, энэ шаардлагыг гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. Х.Ү******* нь *******, *******тай 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тус байгууллагын Үйлчилгээний хэлтэст багийн ахлагчаар ажиллаж байсан. /2-хх-62-64 дүгээр тал/

3.2. *******, засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/85 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, *******, засгийн газрын үйлчилгээг эрхлэх газрын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.6.4, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3, 3.2.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.12, Ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.3б, *******, засгийн үйлчилгээг эрхлэх газрын 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн хяналт шалгалтын дүгнэлт №01-ийг тус тус үндэслэн Х.Ү*******г 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгож үйлчилгээ хянагч /ахлах үйлчлэгч/-ийн ажлаас чөлөөлж, үйлчлэгчээр ажиллуулахаар шийдвэрлэжээ. /2-хх-ийн 91 дүгээр тал/

3.3. Дээрх тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гаргасан, шүүхээс 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн байна. /2-хх-184-185, 187 дугаар тал/

Улмаар дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******, засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/49 дугаар тушаалаар Х.Ү*******гийн хөдөлмөрийн чадвар түр алдсан эрүүл мэндийн магадлагааны хүчинтэй хугацаа дуусаж шалтгаангүйгээр ажил тасалж хөдөлмөрийн дотоод журам ноцтой зөрчсөн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /2-хх-ийн 118 дугаар тал/

4. Хариуцагч нь 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/85 дугаар тушаалын үндэслэлээ мэргэжил, ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй болсон нь 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн хяналт шалгалтын дүгнэлтээр тогтоогдсон гэж тайлбарласан.

Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.

Дээрх үндэслэлээр гэрээ цуцлах тухайгаа Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй ба гэрээ цуцлах үндэслэл нь салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлтээр тогтоогдсон байх нь хуульд нийцнэ.

Хариуцагч байгууллагын зүгээс гэрээ цуцлах талаар мэдэгдсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Түүнчлэн, ажил олгогчийг ажилтны мэргэжил, ур чадварын түвшинг зохих журмын дагуу тогтоосон гэж үзэхгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцжээ.

Иймд хариуцагчийг хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар хуульд заасан хугацаа, журмын дагуу мэдэгдсэн болохоо нотлоогүй, мөн гэрээ цуцлах болсон үндэслэлийг зохих журмын дагуу тогтоогоогүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн бөгөөд энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

5. Хариуцагч байгууллага 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/85 дугаар тушаалын үндэслэлээ дээрх байдлаар тайлбарлаж байгаа хэдий боловч тухайн тушаалд баримталсан хөдөлмөрийн гэрээ, дотоод журам болон ёс зүйн дүрмийн заалтуудыг харахад ажилтны хүлээх үүрэг, ажилтанд хориглох зүйл, ёс зүйн баримталвал зохих дүрмийг зөрчсөн гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл сахилгын зөрчил гэж үзэх заалтуудыг баримталжээ. /2-хх-ийн 41-53, 58, 62-63 дугаар тал/

Ажилтныг сахилгын зөрчил гаргасан гэж үзвэл ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах эрхтэй бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хугацааг баримтлах нь хуульд нийцнэ.

Нэхэмжлэгч зөрчил гаргасан болох нь хариуцагч байгууллагын Чанарын менежментийн хэлтсийн хяналт шалгалтын 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэж үүнээс хойш 5 сарын дараа буюу 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ажлаас халж буй нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хугацааг баримтлаагүй хууль зөрчжээ.

Үүнээс гадна Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт ажил, албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийн хэлбэрийг хуульчлаагүй тул хуульд заагаагүй сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн дээрх тушаал хууль зөрчсөн бөгөөд ийнхүү нэхэмжлэгчийн ажлын байрыг өөрчилж буйг ажлаас халсантай адилтган үзнэ.

Дээрх хууль зөрчсөн тушаалыг үндэслэн гарсан эрх бүхий этгээдийн шийдвэр нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул нэхэмжлэгчийг ажил тасалсан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлаж дуусгавар болох үр дагавар үүсэхгүй юм. Иймд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг өөрчилж, үүнд холбогдуулан гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Анхан шатны шүүх тушаалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. Харин *******, засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/85 дугаар тушаал гарах цаг хугацаанд 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тул 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл, заалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтласан өөрчлөлт оруулна.

7. Нэхэмжлэгч тал ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2,604,246 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэгт давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул энэ талаар шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй.

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/03291 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Хөдөлмөрийн тухай хууль /2021 он/-ийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 158 дугаар зүйлийн 158.2.2 гэснийг Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Т.ГАНДИЙМАА