Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2023/03091

 

 

 

 

 

 

 

 

 

2023 10 04 181/ШШ2023/03091

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ТТЗ ГХОХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  АМ ХХК /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 197,625,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ариунтунгалаг оролцож, тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ТТЗ ХХК нь хариуцагч АМ ХХК-д холбогдуулан 197,625,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Талууд 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр №2019/АМ-06 тоот, 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр №2020/010 тоот Бетон зуурмагийн нэмэлт бодис худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Гэрээнд нийлүүлэгч ТТЗ ХХК нь бетон зуурмагийн нэмэлт бодисыг нийлүүлэх, худалдан авагч тал АМ ХХК нь авсан барааныхаа үнийг тогтоосон хугацаанд худалдагчид төлөхөөр тохиролцсон.

ТТЗ ХХК нь хариуцагч АМ ХХК-д 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд 266,500,000 төгрөгийн 103 тн, 2020 оны 3 дугаар сараас 2020 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд 123,650,000 төгрөгийн 48 тонн нэмэлт бодис, мөн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 2,550,000 төгрөгийн 1 тн нэмэлт бодис, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 5,350,000 төгрөгийн 2 тн нэмэлт бодисыг тус тус нийлүүлсэн байдаг.

Худалдан авагч тал худалдан авалтын төлбөр хийсэн боловч 2019 оны төлбөрийн үлдэгдэл 29,050,000 төгрөг, 2020 оны 97,170,000 төгрөг, 2021 оны төлбөрийн үлдэгдэл 5,530,000 төгрөгийг төлөөгүй өр болон үлдсэн. Тооцоо нийлсэн акт болон 2021 оны 2 зарлагын баримтаар тогтоогдоно.

Иймд бараа бүтээгдэхүүний үнэ 131,750,000 төгрөг, тус гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар алданги 65,875,000 төгрөг, нийт 197,625,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч АМ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр №2019/АМ-06 тоот, 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр №2020/010 тоот Бетон зуурмагийн нэмэлт бодис худалдах, худалдан авах гэрээ-ний үлдэгдэл төлбөр 131,750,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Алдангид тооцон нэхэмжилж буй 65,875,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамжид 1,146,075 төгрөг төлсөн баримт, ТТЗ ГХОХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн №2019/АМ-06 дугаартай Бараа нийлүүлэх гэрээ, 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн №2020/010 дугаартай Бетон зуурмагийн нэмэлт бодис худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 9 дүгээр сарын 06, 2020 оны 9 дүгээр сарын 01, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Тооцоо нийлсэн акт, ТТЗ ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 001 тоот Төлбөр барагдуулах, бартерын үнийн саналын тухай албан бичиг, 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/035 тоот Төлбөр барагдуулах тухай албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 21/83 тоот, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 21/102 тоот Төлбөр барагдуулах тухай албан бичиг, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 22/04 тоот Төлбөр тооцоо дууссан тухай албан бичиг, ТТЗ ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 01, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Зарлагын баримт, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг ирүүлсэн.

 

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар О.Ст олгосон итгэмжлэл, АМ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариу тайлбарыг ирүүлсэн.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан хавтаст хэргийн 14-16, 21 дүгээр талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно. Түүнчлэн, нэхэмжлэгч талаас уг баримтыг ирүүлсэн цахим шууданд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч хариуцагч талаас маргахгүй гэсэн тайлбар гаргасан тул хүсэлтээсээ татгалзсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч АМ ХХК-тай Бетон зуурмагийн нэмэлт бодис худалдах, худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийн 30 хувийг бэлнээр, 70 хувийг бартераар төлөхөөр харилцан тохиролцсон. Хариуцагч байгууллага 2019 оны төлбөр 29,050,000 төгрөг, 2020 оны 97,170,000 төгрөг, 2021 оны төлбөрийн үлдэгдэл 5,350,000 төгрөг, нийт 131,750,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Гэрээний 7.2, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагчаас 65,875,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрэхтэй гэж тодорхойлов.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үлдэгдэл төлбөр 131,750,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 65,875,000 төгрөгийн алдангийг эс зөвшөөрч маргасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Нэхэмжлэгч ТТЗ ГХОХХК нь хариуцагч АМ ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр №2019/АМ-06 дугаартай Бараа нийлүүлэх гэрээ, 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр №2020/010 дугаартай Бараа нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч тал буюу ТТЗ ГХОХХК нь бетон зуурмагийн нэмэлт бодисыг худалдан авагч тал АМ ХХК-д нийлүүлэх, худалдан авагч АМ ХХК нь худалдан авсан барааны үнийн дүнгийн 30 хувийг бэлэн мөнгөөр, 70 хувийг бартераар төлж барагдууулахаар тохиролцсон байна. /хавтаст хэргийн 5-11 дүгээр хуудас/

 

4.2. Нэхэмжлэгч ТТЗ ГХОХХК нь хариуцагч АМ ХХК-д 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд 266,500,000 төгрөгийн 103 тн, 2020 оны 3 дугаар сараас 2020 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд 123,650,000 төгрөгийн 48 тонн нэмэлт бодис, мөн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 2,550,000 төгрөгийн 1 тн нэмэлт бодис, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 5,350,000 төгрөгийн 2 тн нэмэлт бодис, нийт 398,050,000 төгрөгийн үнэтэй 154 тн бетон зуурмагийн нэмэлт бодис нийлүүлсэн болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан тооцоо нийлсэн акт, зарлагын баримтуудаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 12-13, 17-18, 27-28 дугаар хуудас/

 

4.3. АМ ХХК нь 2019 оны худалдан авалтын үлдэгдэл 29,050,000 төгрөг, 2020 оны худалдан авалтын үлдэгдэл 97,170,000 төгрөг, 2021 оны худалдан авалтын үлдэгдэл 5,350,000 төгрөг, нийт 131,750,000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан тооцоо нийлсэн актаар тогтоогдсон. /хавтаст хэргийн 12-13, 17-18 дугаар хуудас/

 

5. Талуудын хооронд хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан үйл баримт болон худалдан авсан бетон зуурмагийн нэмэлт бодисны үнэ, хэмжээ, чанар, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үлдэгдэл төлбөрийн тооцоололд талууд маргаагүй. Харин хариуцагч АМ ХХК алданги төлөх үүрэгтэй эсэхэд маргав.

 

6. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ.

 

Хариуцагч талаас ТТЗ ГХОХХК-иас дээрх гэрээний дагуу хүлээн авсан бетон зуурмагийн нэмэлт бодисны үнэ, хэмжээ, төлбөрийн үлдэгдэлд маргаагүй, 131,750,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч АМ ХХК-иас 131,750,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ТТЗ ГХОХХК-д олгох үндэслэлтэй байна.

 

7. Нэхэмжлэгч ТТЗ ГХОХХК, хариуцагч АМ ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн №2019/АМ-06 дугаартай Бараа нийлүүлэх гэрээ, 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн №2020/010 дугаартай Бараа нийлүүлэх гэрээ-ний 7.2-т Худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцон алдангийг нийлүүлэгч талд төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасан анзын гэрээг бичгээр хийх хуулийн шаардлага болон хуулиар тогтоосон алдангийн хувь хэмжээнд нийцсэн байна.

 

Мөн гэрээний 5.1-т зааснаар худалдан авагч тал нь нийлүүлэгч талаас авсан тус гэрээний 2.1-д заасан бүтээгдэхүүний төлбөрийг бүтээгдэхүүн хүлээн авсан өдөр үл маргах журмаар төлж барагдуулах үүрэгтэй байна.

 

Хариуцагч АМ ХХК гэрээгээр тохирсон хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон бөгөөд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар түүнийг үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх тул нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу хэтэрсэн хугацааны алданги шаардах эрхтэй.

 

Хариуцагчийн төлөх алдангийн хэмжээг гэрээнд заасны дагуу тооцвол:

 

2019 оны төлбөрийн үлдэгдэл 29,050,000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 1099 хоногоор тооцоход 159,629,750 төгрөг /29,050,0000.5%1099/

 

2020 оны төлбөрийн үлдэгдэл 97,170,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 744 хоногоор тооцоход 361,472,400 төгрөг /97,170,0000.5%744/,

 

2021 оны худалдан авалтын үлдэгдэл 5,350,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 381 хоногоор тооцоход 10,123,170 төгрөг /5,350,0000.5%381/, нийт 531,225,320 төгрөг байна.

 

Гэвч нэхэмжлэгч тал алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 65,875,000 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагч тал алдангийг ямар үндэслэлээр төлөхөөс татгалзаж байгаа талаар тайлбар гаргаагүй, алдангийг төлөхөөс татгалзсан тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагчаас 65,875,000 төгрөгийн алдангийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагч АМ ХХК-иас 197,625,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ТТЗ ГХОХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

9. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,146,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,146,075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч АМ ХХК-иас 197,625,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ТТЗ ГХОХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,146,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,146,075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, шүүх хуралдаанд оролцсон тал мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ