Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00010

 

 

 

 

 

 

      2023         12            22                                             210/МА2024/00010                         

 

 

“******* ******* *******” ГХОХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2023/03091 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “******* ******* *******” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “******* *******” ХХК-д холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 197,625,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Талууд 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 2019/АМ-06 дугаартай, 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 2020/010 дугаартай “Бетон зуурмагийн нэмэлт бодис худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулсан.

1.2. “******* ******* *******” ХХК нь “******* *******” ХХК-д 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд 266,500,000 төгрөгийн 103 тн, 2020 оны 03 дугаар сараас 2020 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд 123,650,000 төгрөгийн 48 тн нэмэлт бодис, мөн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 2,550,000 төгрөгийн 1 тн нэмэлт бодис, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 5,350,000 төгрөгийн 2 тн нэмэлт бодисыг тус тус нийлүүлсэн.

1.3. Худалдан авагч нь 2019 оны төлбөрийн үлдэгдэл 29,050,000 төгрөг, 2020 оны төлбөрт 97,170,000 төгрөг, 2021 оны бүтээгдэхүүний үнэ 5,530,000 төгрөгийг тус тустөлөөгүй болох нь тооцоо нийлсэн акт, 2021 оны 2 баримтаар тогтоогдоно. Иймд бараа, бүтээгдэхүүний үнэд 131,750,000 төгрөг, гэрээний 7.2-т зааснаар алданги 65,875,000 төгрөг, нийт 197,625,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 131,750,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Алданги 65,875,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч “******* *******” ХХК-иас 197,625,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* *******” ГХОХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,146,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,146,075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч талд алданги төлөх боломжгүй талаар илэрхийлсэн. “******* *******” ХХК-ийн хувьд төлөвлөгөөт харилцагч нарынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй, цаашдаа худалдаа, үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг шууд алдагдуулах нөхцөл байдалд хүргэж байна.

4.2. Эдийн засгийн хүнд нөхцөлд байгаа учир алданги хүнд дарамт болж байна. Иймд алдангийн хэмжээг 50 хувь хассан өөрчлөлт оруулж 32,937,500 төгрөг болгон өөрчилж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: 

5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

5.2. Хариуцагчийг шүүх хуралдаанд албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны үндсэн дээр жил гаруй хугацааны дараа шийдвэр гарсан бөгөөд шүүх хуралдаан хойшлуулж цаг авдаг. Шүүхийн шийдвэр хуульд нийцэж байгаа учир алданги төлөхгүй гэх гомдол нь үндэслэлгүй. Талууд хэн аль нь зах зээлийн хүнд нөхцөл байдалд орсон.

5.3. 3 гэрээний 30 хувьд нь мөнгө төлнө гэж заасан боловч тус үүргээ биелүүлээгүй. 70 хувьд нь объект өгнө гэсэн боловч мөн өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангах үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч “******* *******” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 197,625,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч  “... худалдан авсан барааны үнэ болох 131,750,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсэг болох алданги 65,875,000 төгрөгт холбогдох шаардлагыг  зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан, маргасан байна.

 

3. Анхан шатны шүүх, хэрэгт авагдсан “******* ******* *******” ХХК, “******* *******” ХХК нарын байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2019/АМ-06 дугаартай, 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2020/010 дугаартай “Бетон зуурмагийн нэмэлт бодис худалдах-худалдан авах гэрээ”, талуудын маргаангүй тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.

 

4. Хариуцагч “******* *******” ХХК нь дээрх гэрээний дагуу хүлээн авсан бетон зуурмагийн үнэ төлөх үүргээс 131,750,000 төгрөгийг гүйцэтгээгүй болохоо зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар шүүхэд гаргажээ. Мөн талууд төлбөр барагдуулах талаар тооцоо нийлсэн акт үйлдэж, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, баталгаажуулсан байна. Шүүх эдгээр  нотлох баримтуудыг үндэслэн худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 131,750,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт  заасантай нийцсэн байна. Шийдвэрийн энэ хэсэгт зохигч давж заалдах гомдол гаргаагүй.

 5. Талууд гэрээний  7.2-т  үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргээс хоног тутам 0.5 хувийн алданги тооцох нөхцлийг харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Хариуцагч нь алдангид 65,875,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ “...эдийн засгийн хүнд нөхцөлд байна...” гэж тайлбарласан, тэрээр давж заалдах гомдолдоо “...төлөвлөгөөт харилцагч нарынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй, цаашдаа худалдаа, үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг шууд алдагдуулах нөхцөл байдалд хүргэж байна. Эдийн засгийн хүнд нөхцөлд байгаа” гэж тайлбарлан,  алдангийн хэмжээг 50 хувиар багасгах хүсэлт гаргасан байна.

5.1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт “Анзын хэмжээ илт их байвал хэргий нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заажээ.

5.2. Дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан аж ахуйн нэгж байгууллагууд эдийн засгийн хүнд нөхцөлд орсон үйл баримтыг харгалзан үзээд  алдангийн хэмжээг 50 хувиар багасгаж, 32,937,500 /65,875,000х50%/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь дээрх хуулийн зохицуулалтад харшлахгүй гэж үзлээ. 

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2023/03091 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “******* *******” ХХК-аас 164,687,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* *******” ГХОХХК-д олгож, үлдэх 32,937,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “1,146,075 төгрөг” гэснийг “981,387 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч “******* *******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 322,650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.                   

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД                                      С.ЭНХБАЯР

 

Ч.ЦЭНД