Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2023/03029

 

 

 

 

 

 

 

 

               2023      10        30

182/ШШ2023/03029

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: P.C-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т-д холбогдох,

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүрэг, ... дугаар хороо, .... дугаар хороолол, ..... байр ..... тоот хаягт байрлах орон сууцыг Т.Б-н хууль бус эзэмшилээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т,

Хариуцагч Т.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баярзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.  Нэхэмжлэгч P.C нь Т.Б-нд холбогдуулан Чингэлтэй дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... байр .... тоот хаягт байрлах орон сууцыг Т.Б хууль бус эзэмшилээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Р нь Монгол Улсын иргэн Т.Бэй харилцан тохиролцож, 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулан, Чингэлтэй дүүргийн ...дугаар хороо, .. . дугаар хороолол 43 байр, 10 тоот хаягт байрших 18 м.кв 1 өрөө орон сууцыг 40,000,000 төгрөгөөр худалдан авсан. Байрны үнэ болох 40,000,000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр худалдагч тал болох Т.Б төрсөн хүү Д.Н-ийн худалдаа хөгжлийн банкны 456104779 тоот дансаар шилжүүлж өгсөн. Мөн гэрээг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2202003638 тоот гэрчилгээг 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс P.C -ийн нэр дээр шинэчлэн гаргуулж, хууль ёсны өмчлөгч болсон. Харин орон сууцны эзэмшлийг чөлөөлж өгөлгүй өдийг хүрээд байгаа билээ. Энэ хугацаанаас хойш буюу 2018 оны 07 дугаар сарын 10-наас хойш байрыг чөлөөлж өгөхөөр хэд хэдэн удаа мэдэгдэж, хугацаа тогтоон тохиролцож байсан хэдий ч одоог хүртэл суллаж өгөөгүй, амьдарсаар байна. Учир нь Т.Б нь уг орон сууцаа буцааж худалдаж авах тул хүлээж бай гэсээр дараа хугацаа тохирч байгаа боловч одоог хүртэл шийдвэрлэхгүй, буцаан худалдаж аваагүй бөгөөд орон сууцыг чөлөөлж ч өгөхгүй байгаа тул нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч зээл гэж яриад байгаа. Гэхдээ зээлийн гэрээ гэж байхгүй. Худалдаж, худалдан авах гэрээ л байгаа. Уг гэрээний дагуу хууль ёсны өмчөө чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан байгаа. Энэ Солонгос Улсын иргэн нийтдээ ингээд 2018 оноос хойш 2019, 2020, 2021, 2022, 2023 он гээд 5 жилийн хугацаанд энэ хүмүүсээс болоод эд хөрөнгөөрөө хохироод өөрийн гэсэн орон сууцгүй гадуур байр түрээслээд мөнгө ч үгүй явж байгаа. Тэгэхээр энэ Солонгос улсын иргэний эрхийг сэргээж, Чингэлтэй дүүрэг, .... дугаар хороо, ...дугаар хороолол, 43 байр 10 тоот хаягт байрлах орон сууцыг Т.Б-ийн хууль бус эзэмшилээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Т.Б миний бие 2018 оны 7-р сарын 10-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн. Тухайн үед гэрээнд Чингэлтэй дүүргийн ....-р хорооны 43-р байрны 10 тоотыг 30 сая төгрөгөөр үнэлсэн байгаа юм. Зах зээлийн ханшаас хэд дахин багаар үнэлсэнийг би анзаараагүй өнгөрсөнд миний гол буруу оршиж байгаа юм. Учир нь миний хүү болох Д.Н санаа зовох хэрэггүй бид төлчихнө гэсэн болохоор хүүхэддээ л итгэсэн. Яг үнэндээ бид тийм гэрээнд гарын үсэг зурсан ч хоёр байрыг зарна гэж огтхон ч тохиролцоогүй. Гэнэт 2021 оны хавар Золбаяр гэгч байруудыг худалдан авсан гээд жил гарангийн хугацаанд бид шүүхэдсэн. Өнгөрсөн жилийн намар З. нэхэмжлэлээс татгалзсанаар хэрэг хаагдсан юм. P.C гэгчийн гаргасан нэхэмжлэл ёсоор би өөрийн байраа 40 саяар зарсан гээд байна. Гэтэл орон сууц худалдах, худалдан авах гэрээ ёсоор миний байрыг 30 саяар үнэлжээ. Хэрэв би байраа зарсан бол мөнгө зөвхөн миний дансанд орох ёстой. Гэтэл 60 сая төгрөгийг Д.Н-ийн худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүлсэн байгаа юм. Би зөвхөн орон сууц худалдах, худалдан авах гэрээнд л гарын үсэг зурсан болохоос мөнгө зээлэх гэрээнд огтхон ч гарын үсэг зураагүй.  Таня гэгч нь Д.Н-ийн эсрэг гаргасан нэхэмжлэлдээ 60 сая төгрөг нэхсэн байгаа юм. Зах зээлийн ханшаар хоёр өрөө болгож тохижуулсан байрыг дор хаяж 130 саяар борлуулах нь тодорхой харагдана. Ингээд тооцоохоор тухайн байрыг 40 сая төгрөгөөр худалдан борлуулах нь утгагүй юм. Тэр тусмаа Д.Н-н хэлснээр 2018 оноос хойш нийтдээ 60 гаруй сая төгрөг зээлийн хүүнд солонгос иргэнд төлсөн гээд байгаа. Үүнээс үүдэн солонгос иргэн болон түүний биет төлөөлөгч Таня нар нь бусдын эд хөрөнгийг ямар ч хамаагүй аргаар завших гэсэн санаатай байна гэж үзэхэд хүргэж байна. Энэ бүхнээс үүдэн Т.Б миний бие энэ хэрэгт огтхон ч хариуцагч биш бөгөөд байр чөлөөлж өгөх нөхцөл бүрдээгүй хэмээн үзэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно.

2.2. P.C-той анх уулзсан нь би Монголд үйл ажиллагаа явуулаад мөнгөтэй байгаа. Энэ мөнгөө эргэлдүүлэх сонирхол байна гэж хэлсэн байгаа юм. Тэгээд одоо банкны хадгаламжид байсан мөнгө гаргаж авсан нь бид нарт ямар хамаатай юм. Тэр гадаадын иргэн хүн эмнэлгийн бизнес эрхэлдэг хүн шүү дээ. Эмнэлгийн бизнес эрхэлдэг хүн өнөөдөр давхар мөнгө хүүлэх нь хэр эрх зүйн үндэслэлтэй вэ. Мөн ёс зүйн үндэс нь хаана байгаа юм бэ. Ийм бусармаг үйлдэл гаргачихаад байж байгаа нь хэр зүйд нийцээд байгаа юм бэ. Энэ бол маш сонин санагдаж байгаа. Дээрээс нь зуун хэдэн сая гээд байна. Би түрүүн хэлсэн шүү дээ зээлийн гэрээнд бол яаж зээл төлөгдөх ёстой юм бэ, давагдашгүй хүчин зүйл гарах юм бол хэрхэн төлөх вэ гэдэг зүйлийг бүгдийг нь заасан байх ёстой. Гэтэл тийм зээлийн гэрээ байхгүй. Энэ хугацаанд давагдашгүй хүчин зүйл боллоо.  2019-2021 оны хооронд дуустал Монгол Улс тэр чигээрээ ковид-19-ийн карантинд бүгд орсон байсан. Тэр үед ямар бизнес эрхлэх юм. Энэ чинь 127,500,000 төгрөгөөс хасагдах үндэслэл болно биз дээ. Тийм учраас тэр зээлийн гэрээг аваад ирээ. Тэр зээлийн гэрээ байхгүй нөхцөлд ямар үндэслэлээр хүмүүс нэхэмжлэл гаргаад байгааг би лав яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй. Тийм ч учраас би эвлэрэхгүй гэж ярьж байгаа юм гэв.

2.3. Монголын хөгшчүүл хүүхдүүддээ зөвшөөрөөд байраа барьцаанд тавьсан байгаа байлгүй. Ингээд бүх хөгшчүүдийг хариуцагчаар дуудах юм бол энэ шүүхийн ачаалал дийлдэхгүй байх. Тэгээд энэ байрнаас гар гэж нэхэмжлэл гаргаад хэнэггүй худлаа яриад зогсож байгааг бол би үнэхээр ойлгохгүй байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/

3.2. Итгэмжлэл /хх-4/

3.3. Нотариатчийн тэмдэглэл /хх 5/

3.4. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 7/

3.5. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2023/08968 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж /хх 8-10/ зэрэг баримтууд болно.

 

4. Хариуцагчаас баримт гаргаж өгөөгүй болно.

 

5. Шүүх хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцэж, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Үл  хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас Чингэлтэй дүүрэг, ... дугаар хороо, ....дугаар хороолол, 43 дугаар байр, 10 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202003683 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд гаргуулж, хэрэгт хавсарган бэхжүүлсэн. /хх 33-56/

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч P.C -н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            1.1. Нэхэмжлэгч нь 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр орон сууцыг худалдаж авснаас хойш байрыг чөлөөлөх талаар хэд хэдэн удаа мэдэгдэж, хугацаа тогтоон тохиролцож байсан хэдий ч одоог хүртэл суллаж өгөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ толорхойлж байна.

 

            1.2. Хариуцагч нь дээрх орон сууц худалдах худалдан авах гэрээг орон  сууцыг худалдах зорилгоор байгуулаагүй, зээлийн харилцаа байсан, энэ зээлийг авсан хүн болох Д.Н жинхэнэ хариуцагч, би хариуцагч биш гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

            2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

2.1. Т.Б нь Чингэлтэй дүүрэг, ... дугаар хороо, .... дугаар хороолол, 43 байр 10 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн 2202003683 дугаартай, 18 м.кв нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр 2001 оны 08 дугаар сарын 30-ны өдөр бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх 38/

 

2.2. Орон сууц худалдах худалдан авах тухай 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн гэрээгээр Т.Б нь Чингэлтэй дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, 43 байр 10 тоот хаягт байрлах 18 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн P.C -д 30,000,000 төгрөгөөр худалдсан байна. /хх 37/

Энэхүү худалдах худалдан авах гэрээг байгуулсан үйл баримтад хариуцагч маргаагүй.

 

            2.3. P.C нь 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт дээрх Орон сууц худалдах худалдан авах гэрээг бүртгүүлж, холбогдох татвар, хураамжийг төлснөөр Чингэлтэй дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, 43 байр 10 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202003683 дугаартай, 18 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн P.C бүртгэгдэж, 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авсан байна. /хх 34-39/,

 

2.4. 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр худалдах худалдан авах тухай гэрээгээр P.C нь Чингэлтэй дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, 43 байр 10 тоот хаягт байрлах 18 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Т.З-т 30,000,000 төгрөгөөр худалдсан байна. Улмаар 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Т.З-ын өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байна.  /хх 43-47/

 

2.5. 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр худалдах худалдан авах тухай гэрээгээр Т.Золбаяр нь Чингэлтэй дүүрэг, ...дугаар хороо, ..... дугаар хороолол, 43 байр 10 тоот хаягт байрлах 18 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг P.C -д 30,000,000 төгрөгөөр  буцаан худалдсан байна. Улмаар 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Т.З-ын өмчлөх эрх дуусгавар болж, үүнээс хойш орон сууц нэхэмжлэгчийн өмчлөлд байна. /хх 55/.

 

2.6. Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 43 байр 10 тоот хаягт байрлах 18 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Бүгд Найрамдах Солонгос Усын иргэн бүртгэлтэй болох нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна /хх 7, 56/.

 

2.7. Дээрх тогтоогдсон нөхцөл байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч P.C 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч Т.Б-с Чингэлтэй дүүрэг, .... дугаар хороо, ..... дугаар хороолол, 43 байр 10 тоот хаягт байрлах 18 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 30,000,000 төгрөгөөр хулдаж авсан байх ба худалдсан авснаасаа хойш тус орон сууцыг өөрийн эзэмшилдээ аваагүй болох нь хариуцагч Т.Б-ийн “2001 оноос хойш тасралтгүй Чингэлтэй дүүргийн .....р хороо 43-10 тоотод оршин сууж байна” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

 

2.8. Түүнчлэн хариуцагч Т.Б-ийн өмчлөх эрх 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон байх бөгөөд үүнээс хойш тухайн орон сууцанд хууль ёсоор оршин сууж байгаа гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

2.9. Нэхэмжлэгч нь “2018 оны 07 дугаар сарын 10-наас хойш байрыг чөлөөлж өгөхөөр хэд хэдэн удаа мэдэгдэж, хугацаа тогтоон тохиролцож байсан хэдий ч одоог хүртэл суллаж өгөөгүй, амьдарсаар байна. Учир нь Т.Б нь уг орон сууцаа буцааж худалдаж авах тул хүлээж бай гэсээр дараа хугацаа тохирч байгаа боловч одоог хүртэл шийдвэрлэхгүй, буцаан худалдаж аваагүй бөгөөд орон сууцыг чөлөөлж ч өгөхгүй байгаа” гэж тайлбарласныг хариуцагч нотлох баримтаар няцаан үгүйсгээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

2.10. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч P.C нь өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж дүгнэн, Чингэлтэй дүүрэг, ...дугаар хороо, ...дугаар хороолол, 43 байр 10 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн 2202003683 дугаартай, 18 м.кв орон сууцыг хариуцагч Т.Б-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөхөөр шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасны баримтлан хариуцагч Т.Б-ээс 357,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 2023.07.25-ны өдөр төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Б-г Чингэлтэй дүүрэг, ... дугаар хороо, ...дугаар хороолол, 43 дугаар байр 10 тоот орон сууцнаас албадан гаргуулж, уг орон сууцыг өмчлөгч болох нэхэмжлэгч P.C -д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Т.Б-ээс 357,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 2023.07.25-ны өдөр төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            О.АЗЗАЯА