Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00023

 

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 25 өдөр Дуга210/МА2024/00023

 

 

БНСУ-ын иргэн Р-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2023/03029 дугаар шийдвэртэй,

 

БНСУ-ын иргэн Р-ийн нэхэмжлэлтэй,

 

Т.Бд холбогдох,

 

Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 43 байр, 10 тоот хаягт байрлах орон сууцыг Т.Бгийн хууль бус эзэмшилээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Таня, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Рагк Chul нь Монгол Улсын иргэн Т.Бтэй харилцан тохиролцож, 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулан, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 43 байр, 10 тоот хаягт байрших 18 м.кв, 1 өрөө орон сууцыг 40,000,000 төгрөгөөр худалдан авсан. Байрны үнэ болох 40,000,000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр худалдагч тал болох Т.Бгийн төрсөн хүү Д.Нямсүрэнгийн худалдаа хөгжлийн банкны 456104779 тоот дансаар шилжүүлж өгсөн. Мөн гэрээг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2202003638 тоот гэрчилгээг 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс Р-ийн нэр дээр шинэчлэн гаргуулж, хууль ёсны өмчлөгч болсон.

 

1.2. Харин орон сууцны эзэмшлийг чөлөөлж өгөлгүй өдийг хүрээд байгаа билээ. Энэ хугацаанаас хойш буюу 2018 оны 07 дугаар сарын 10-наас хойш байрыг чөлөөлж өгөхөөр хэд хэдэн удаа мэдэгдэж, хугацаа тогтоон тохиролцож байсан хэдий ч одоог хүртэл суллаж өгөөгүй, амьдарсаар байна. Учир нь Т.Б нь уг орон сууцаа буцааж худалдаж авах тул хүлээж бай гэсээр удаа дараа хугацаа тохирч байгаа боловч одоог хүртэл шийдвэрлэхгүй, буцаан худалдаж аваагүй бөгөөд орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа тул нэхэмжпэл гаргаж байна.

Хариуцагч зээл гэж байгаа боловч зээлийн гэрээ гэж байхгүй. Худалдаж, худалдан авах гэрээ л байгаа.

Иймд Солонгос улсын иргэний эрхийг сэргээж, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 43 байр, 10 тоот хаягт байрлах орон сууцыг Т.Бгийн хууль бус эзэмшилээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Т.Бгийн татгалзал, тайлбар:

2.1. Т.Б миний бие 2018 оны 7-р сарын 10-ны өдөр байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-нд гарын үсэг зурсан нь үнэн. Тухайн үед гэрээнд Чингэлтэй дүүргийн 6-р хорооны 43-р байрны 10 тоотыг 30,000,000 төгрөгөөр үнэлсэн байгаа. Зах зээлийн ханшаас хэд дахин багаар үнэлсэнийг би анзаараагүй өнгөрсөн нь миний буруу.

Учир нь миний хүү болох Д.Нямсүрэн санаа зовох хэрэггүй бид төлчихнө гэсэн болохоор хүүхэддээ итгэсэн. Бид тийм гэрээнд гарын үсэг зурсан ч байрыг зарна гэж тохиролцоогүй. Гэнэт 2021 оны хавар н.Золбаяр гэгч байруудыг худалдан авсан гээд бид шүүхэд хандсан ба өнгөрсөн жилийн намар н.Золбаяр нэхэмжлэлээс татгалзсанаар энэ хэрэг хаагдсан.

Пак ******* гэгчийн гаргасан нэхэмжлээр би өөрийн байраа 40,000,000 төгрөгөөр зарсан гээд байна. Гэтэл Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ээр миний байрыг 30,000,000 төгрөгөөр үнэлжээ. Хэрэв би байраа зарсан бол мөнгө зөвхөн миний дансанд орох ёстой.

2.2. Гэтэл 60,000,000 төгрөгийг Д.Нямсүрэнгийн Худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүлсэн байдаг. Би Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-нд гарын үсэг зурсан болохоос мөнгө зээлэх гэрээнд гарын үсэг зураагүй. Т.Таня гэгч нь Д.Нямсүрэнгийн эсрэг гаргасан нэхэмжлэлдээ 60,000,000 төгрөг нэхсэн байгаа. Зах зээлийн ханшаар хоёр өрөө болгож тохижуулсан байрыг дор хаяж 130,000,000 төгрөгөөр борлуулахаар байна.

Ингээд тооцохоор тухайн байрыг 40,000,000 төгрөгөөр худалдан борлуулах нь утгагүй юм. Д.Нямсүрэн нь 2018 оноос хойш нийтдээ 60,000,000 гаруй төгрөгийн зээлийн хүүнд Солонгос иргэнд төлсөн гэдэг. Энэ бүхнээс үүдэн Т.Б миний бие энэ хэрэгт огтхон ч хариуцагч биш бөгөөд байр чөлөөлж өгөх нөхцөл бүрдээгүй хэмээн үзэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Энэ байрнаас гар гэж нэхэмжлэл гаргаад хэнэггүй худлаа яриад зогсож байгааг бол би үнэхээр ойлгохгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Бг Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 43 дугаар байр 10 тоот орон сууцнаас албадан гаргуулж, уг орон сууцыг өмчлөгч болох нэхэмжлэгч Р-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Т.Бгээс 357,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 2023.07.25-ны өдөр төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдөж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн.

БНСУ-ын иргэн Р-ийн нэхэмжлэлтэй, иргэн Т.Б надад холбогдуулан гаргасан нэхэмжлэл бүхий иргэний хэргийг шүүх шийдвэрлэхдээ хариуцагчаар оролцсон миний хуралдаанд гаргасан өмгөөлөгчтэй хуралдаанд оролцох хүсэлтийг ...таны хүсэлт гаргах үе шат өнгөрчихсөн байгаа. гээд хуралдааныг үргэлжлүүлэхдээ ...та хариуцагч болохыг хүсэхгүй байсан ч ямар нэг байдлаар оролцоод хариуцагчийн эрх үүргээ эдлээд явах ёстой. гэж шаардаад хуралдааныг үргэлжлүүлж шийдвэр гарган намайг өөрийн олон жил амьдарсан орон байрнаас минь албадан гаргахаар шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/-т заасан ...хууль зүйн туслалцаа авах... үндсэн эрхийг минь ийнхүү эдлүүлэхгүйгээр, тухайн маргааны учир холбогдлыг ч сайн ойлгоогүй, яагаад хэргийн хариуцагч болж байгаагаа Б ойлгоогүй надад хууль журам тулган, нэхэмжлэгч талд мэргэжлийн өмгөөлөгч оролцож байгааг мэдэж байсан атлаа, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, талуудын тэгш эрхтэй мэтгэлцэх Үндсэн хуулийн болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчмуудыг үл хэрэгсэн зөрчиж шударга бус хандлаа.

4.2. Шүүх надад холбогдох энэ иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ та хариуцагч болохыг хүсэхгүй байсан ч ямар нэг байдлаар оролцоод хариуцагчийн эрх, үүргээ эдлээд явах ёстой гэж байгаа нь ямар ч байсан та хариуцагч болоод зогсож бай, би шийдвэр гаргана гэсэнтэй агаар нэг ойлгогдсон.

Шүүх ингэж хэргийн оролцогчийн эрхийг хуралдааны ямар нэг үе шат өнгөрсөн гэдгээр хязгаарлах нь шүүх хөндлөнгийн байж, талууд өөрийн эрхээ хэрэгжүүлэх боломж нөхцлийг хангах хуульд заасаи үүргээ зөрчиж байгаа гэж ойлгож байна. Нөгөө талаасаа нэхэмжлэгч талд мэргэжлийн өмгөөлөгч оролцож байхад, хариуцагч миний хуралдаанд адил хэмжээнд оролцох хүсэлтийг үл ойшоож байгаа нь маргааны нэг талын эрхээ хэрэгжүүлэх боломжийг хааж байгаа, хэргийн талуудад тэгш биш хандаж байгаа хэлбэр гэж ойлгогдож байна.

Ийнхүү миний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг эдлүүлээгүйгээс шүүхийн мэтгэлцээн явагдаагүй бөгөөд миний гаргасан тайлбар нягтлан шинжлэгдээгүй, шүүх огт анхаарч үзээгүй, мэргэжлийн өмгөөлөгч төлөөлж оролцсон нэхэмжлэгчийн үгээр хэргийг шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл хариуцагчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хэргийн оролцогчийн эдлэх эрх, үүргийг ойлгомжтой байдлаар тайлбарлан өгөөгүй, хэвлэмэл баримтад шууд гарын үсэг зуруулж, огт ойлголт өгөөгүй байснаас үүдэлтэй, хууль зүйн туслалцаа авах шаардлагагай, эрхтэй гэдгээ ойлгож мэдсэн үедээ гаргаж байгаа хүсэлтийг хуульд заасан журмаар шийдвэрлэлгүй, хуралдааныг үргэлжлүүлж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасан энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж энэ гомдлыг гаргаж байна.

 

4.3. Шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа бүх асуудлыг хамааруулж авч үзэх, хэргийг тал бүрээс нь нягтлах үүрэгтэй байх. Үүний тулд аливаа хүсэлт, тайлбарыг нягтлан үзэх, маргаж байгаа талуудад алагчлахгүй, шударгаар хандаж, хуульд заасан журмаар шийдвэрлэх ёстой.

Гэтэл шүүх миний тайлбар, хүсэлтийг анхаарч хэрэг маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзсэнгүй, ямар нэг няцаалт шийдвэртээ заасангүй, би мөнгийг хүлээж аваагүй, захиран зарцуулаагүй байхад ямар юмных нь худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсэх вэ дээ, цаашлаад Д.Нямсүрэнгийн зээлийн хүү гэж 60,000,000 гаруй сая төгрөг төлсөн талаар тайлбар гаргаад байгааг огт дурдсангүй, энэ бүхэн нь миний хууль зүйн туслалцаа авах эрхийг эдлүүлээгүйтэй шууд холбоотой юм.

 

4.4. Шүүх маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлэн шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг чөлөөлүүлэх шаардлага гаргасан байхад шүүхээс орон сууцыг нэхэмжлэгчид олгосугай гэж шийдвэрлэсэн нь буруу юм.

 

4.5. Хэргийн материалтай бүхэлд нь танилцаагүй байхад шүүх хуралдааныг хийсэн. Миний бие шүүхээс улсын бүртгэлийн газраас шаардан гаргуулсан нотлох баримтуудтай танилцалгүйгээр шүүх хуралдаанд оролцсон нь буруу болсон ба үүнээс шалтгаалан байрны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргах, өмгөөлөл хууль зүйн туслалцаа авч мэтгэлцэх боломж хязгаарлагдсан гэж үзэж гомдол гаргаж байна.

Иймд Давж заалдах шатны шүүхэзс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн, хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн дээрх нөхцөл байдлуудыг анхааран авч үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс гаргасан тайлбар:

5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар үндэслэлгүй. Учир нь шүүх хуралдаан 2 удаа болсон бөгөөд хурал эхлэхээс өмнө шүүгч талуудад өмгөөлөгч авах эрхтэйг дурдсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар нотлогддог. Эхний шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн зүгээс өмгөөлөгч авах шаардлагагүй гэж үзэн шүүх хуралдааныг эхлүүлсэн ба хуралдааны дунд өмгөөлөгч авах хүсэлтээ илэрхийлсэн тул тухайн шүүх хуралдаан хойшлогдсон.

Дараагийн хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох бол хуралдаанаас өмнө өмгөөлөгчдөө хэргийн талаар танилцуулаарай гэдгийг хариуцагчид тодорхой хэлсэн бөгөөд хурал эхлэхээс өмнө дахин та өмгөөлөгч авах эрхтэй, өмгөөлөгч авах уу гэхэд авахгүй би өөрөө хууль судалсан, тодорхой мэдлэг боловсролтой хүн, хуулийг мэднэ гэж хэлээд хурлыг үргэлжлүүлэхийг хүссэн. Үүнээс үзэхэд өмгөөлөгч авах эрхийг талуудад Б олгосон гэж үзэж байна.

 

5.2. Тухайн хэрэг өнгөрсөн 07 дугаар сард үүссэн ба үүнээс хойш шүүгчийн туслах ирж хэргийн материалтай танилцах, гарын үсэг зурах талаар удаа дараа утсаар мэдэгдэхэд ирдэггүй бөгөөд танилцах шаардлагагүй гэдэг. Эхний хуралдаанд хуулбар баримт авч ирсэн тул шүүгчээс шаардлага хангасан нотлох баримтыг авч ирэхийг даалгасан. Гэтэл дараагийн хуралдаанд ямар ч нотлох баримт авчираагүй.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид энэ орон сууцыг худалдаж авах талаар эвлэрэх санал тавихад хариуцагчийн зүгээс эвлэрэх саналгүй байдаг. Энэ гадаад улсын иргэн манай Монгол улсад ирчихээд ингэх ямар эрхтэй юм гэдэг хандлагатай байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны дагуу шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч талын гаргасан гомдол үндэслэлгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Р нь хариуцагч Т.Бд холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 43 байр, 10 тоот хаягт байрлах орон сууцыг Т.Бгийн хууль бус эзэмшилээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасанд хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Маргааны зүйл болсон Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 10 дугаар байр, 18 мкв, 1 өрөө орон сууц нь БНСУ-ын иргэн Пак Чул /Р/-ийн нэр дээр бүртгэлтэй үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хангаагүй, хэргийн үйл баримтыг Б тогтоогоогүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

 

3.1. Хариуцагч Т.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэл зоригийг илэрхийлсэн байхад анхан шатны шүүх хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

 

3.2. Хариуцагч нь нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлээ ...БНСУ-ын иргэн Пак Чул /Р/ болон Д.Нямсүрэн нарын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 10 дугаар байр, 18 мкв, 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь маргааны зүйл болсон орон сууцны эзэмшил нь хууль ёсны гэх агуулгатай тайлбар гаргасан байхад шүүх хэргийн үйл баримтыг тогтоохгүйгээр маргааныг шийдвэрлэжээ.

 

БНСУ-ын иргэн Пак Чул/Р/ болон Д.Нямсүрэн нарын зээлийн гэрээний харилцаа бодитоор үүссэн эсэх, уг зээлийн гэрээний үүрэгт түр хугацаагаар Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 10 дугаар байр, 18 мкв, 1 өрөө орон сууцыг шилжүүлсэн эсэх үйл баримтыг тодруулах шаардлагатай байжээ.

4. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2023/03029 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД  Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧ С.ЭНХБАЯР