Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2023/03118

 

2023 11 06

182/ШШ2023/03118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Д.Т -ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Төрийн банк ХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 80,659,090.91 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баярзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Т нь Төрийн банк ХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 80,659,090.91 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Д.Т миний бие Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №00071 тоот шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №456 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №00962 тоот тогтоолоор Төрийн Банк ХХК-ийн Шинжлэх ухаан ШУТИС тооцооны төвийн захирлын албан тушаалаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг шүүхээс тогтоож, урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагч Төрийн банк ХХК-д даалгаж шийдвэрлэсэн.

1.2. Гэвч хариуцагч Төрийн банк ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй явсаар 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/833 тоот захирлын тушаалаар намайг ШУТИС Тооцооны төвийн захирлын албан тушаалд эгүүлэн томилсон.

1.3. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №00071 тоот шийдвэрээр Д.Т 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ажлаас үндэслэлгүй халагдсанаас хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарсан буюу 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажлын 64 өдрийн цалин хөлс 4,372,222 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн.

1.4. Нэхэмжлэгч Д.Т нь үндэслэлгүй халсан тушаалаас хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг нөхөн олгох хүсэлт гаргасан ч Төрийн банк ХК-иас энэ хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй. Улмаар Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу уг хүсэлтийг Төрийн банк ХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан. Энэ комиссоор 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шийдвэр гарч энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй гээд талууд эвлэрэн хэлэлцээгүй. Мөн энэ шийдвэр гармагц Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд хуулийн хугацаанд гомдол гаргахад 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр болсон хуралд хариуцагч талаас хүрэлцэн ирээгүй тул хорооноос гарсан шийдвэрийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан.

1.5. Иймд хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлд заасны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 80,659,090.91 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Төрийн банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Д.Т-ын гаргасан зөрчлийн хувьд Авлигатай тэмцэх газрын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/2632 дугаартай Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай албан бичигт Төрийн банкны тооцооны төвийн захирлын ажлын байрны тодорхойлолтын ерөнхий шаардлагад банк, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, мэргэжилтэй, банкинд 3 жил ажиллаж байсан гэж заасан байхад Д.Т нь ерөнхий шаардлагыг хангахгүй байна гэж заасан байхад тухайн үед түүнийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн ажиллуулж, 2 сарын дараа гүйцэтгэх захирлын 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/825 дугаар тушаалаар үндсэн ажилтнаар томилсон.

2.2. Ингээд Д.Т-ыг ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлагыг хангаагүй, хариуцсан нэгжийн санхүүгийн үзүүлэлт сүүлийн 3 улирал дараалан буурсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй тул 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/196 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд банкны зүгээс давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхээс Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тул Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/692 дугаар тушаалаар эгүүлэн томилсон.

2.3. Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А-305 дугаартай Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд хамрагдах ажилтнуудын нэрсийг батлах тухай тушаал баталсан. Тус тушаалын хавсралт хэсгийн 5-д Д.Т багтсан багтсан. Тэрээр орчуулагч мэргэжилтэй. Ажлын байрны тодорхойлолтод заасан банк, санхүүгийн мэргэжилтэй байх шаардлагыг огт хангахгүй байсан. Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр 2018 оны 08 дугаар сарын 13-ны 11 цагт мэргэжил, ур чадварын түвшин тогтоох арга хэмжээг авахаар товыг мэдэгдсэн байдаг. Гэтэл Д.Т нь хурлын товыг хүлээн авсан хэдий ч Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссоос тогтоосон хугацаанд ур чадварын түвшин тогтоох шалгалтад хамрагдаагүй. Тэгэхээр Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу тэнцээгүйд тооцож шийдвэр, дүгнэлтийг Хүний нөөцийн хороонд танилцуулж, шийдвэрлэсэн. Сүхбаатар дүүрэг салбарын харьяа ШУТИС тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан Д.Т-ыг Төрийн банкны Гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/1639 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Үндэслэл нь холбогдох комиссын буюу тухайн мэргэжил ур чадварт тэнцэхгүй гэснийг үндэслэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг.

2.4. Д.Т нь ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тул ажил эгүүлэн томилох тухай нэхэмжлэлийг холбогдох шүүхэд гаргасан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2019/00071 дугаартай шийдвэр гарсан. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаан 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хэлэлцэгдэж, тухайн маргаан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 4,527,128 төгрөгийг гаргуулж  олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг Төрийн банк ХХК-д даалгаж шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн шийдвэр гарсан байгаа. Улсын Дээд шүүхийн Ерөнхийн шүүгчид Улсын Дээд шүүхийн тогтоолтой холбоотойгоор гомдол гаргасан бөгөөд Улсын Дээд шүүхийн тамгын газрын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 6/4697 дугаартай гомдлын хариугаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснийг буруутгах үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг гаргаж байсан.

2.5. Д.Т Төрийн банк ХК-ийн зүгээс хэд хэдэн удаагийн уулзалт хийсэн боловч тэрээр ажил үүргээ хүлээн авахгүй байсан. Засгийн газраас хэрэгжүүлж буй шүүр ажиллагааны хүрээнд бүх тооцооны төвийн захирлаас мэргэжил, ур чадвар тогтоох шалгалтыг авна гэж хэлэхэд тэрээр мөн тухайн шалгалтад оролцохгүй гэдгээ илэрхийлж байсан.

2.6. Д.Т-ыг гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б/42 дугаар тушаалаар эгүүлэн томилсон. Гэсэн хэдий ч тэрээр тухайн үед ажлаа хүлээж аваагүй. 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/833 дугаар тушаалаар урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажил үүргийг хүлээлгэн өгсөн.

2.7. Гэтэл тэрээр өөрийн хүсэлтээр буюу ажилтны санаачилгаар 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Б/1010 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан.

2.8. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.2.2 дахь заалт байгаа. Үүн дээр өнөөдрийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулна гэдэг маргаан байгаа. Гэхдээ 154.2 гэдэг агуулгыг харах юм бол эрх зөрчигдсөн буюу зөрчигдсөн үеэс хойш гэдэг агуулга бүхий зохицуулалт явж байгаа. Хуучин хөдөлмөрийн тухай хуульд бол 129.1 гэдэг зохицуулалтаар явж байгаа. Хугацааны хувьд гэвэл, өнөөдөр Д.Тамир гэдэг хүн ажилгүй байсан хугацааны нөхөн олговроо нэхэмжилж байгаа бол эрх зөрчигдсөн буюу эрх нь зөрчигдсөн үеэс хойш гэдэг нь болохоор анхан шатны шүүхийн шийдвэр гарсан буюу 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш 90 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл буюу ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг шаардах эрхтэй болно. Гэтэл тэрээр ажилд томилогдсоны дараагаар тухайн ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна гэж үзэж байгаа тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/

3.2. Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-5/

3.3. Итгэмжлэл /хх 4/

3.4. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №00071 тоот шүүхийн шийдвэрийн хуулбар /хх 6-8/,

3.5. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №456 тоот магадлалын хуулбар /хх 9-11/,

3.6. Улсын дээд шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №00962 тоот тогтоол /хх 12-15/,

3.7. Монгол Улсын Дээд Шүүхийн Тамгын Газрын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 6/4697 тоот албан бичгийн хуулбар /хх 16/,

3.6. Төрийн банк ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/833 дугаар Д.Т-г урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилох тухай тушаалын хуулбар /хх 17/,

3.7. Төрийн банк ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №3 дугаар хуралдааны тэмдэглэл /хх 18-19/,

3.8. Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 58 дугаар шийдвэр /хх 20-23/,

3.9. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хэлтсийн дарга бөгөөд Чингэлтэй дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Г.Г-ын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар /хх 60/ зэрэг баримтууд болно.

 

4.Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно.

4.1. Төрийн банк ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 40/,

4.2. Итгэмжлэл /хх 30/,

4.3. Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/19 дугаар Д.Т-т нөхөн олговор олгох тухай тушаалын хуулбар /хх 4/,

4.4. Төрийн банк ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/101 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачилгаар цуцлах тухай тушаалын хуулбар /хх 42/,

4.5. Төрийн банк ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/833 дугаар Д.Т-ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилох тухай тушаалын хуулбар /хх 43/,

4.6. Төрийн банк ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/42 дугаар Д.Т-ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилох тухай тушаалын хуулбар /хх 52/,

4.7. 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Уулзалтын тэмдэглэлийн хуулбар /хх 53-55/,

4.8. Авлигатай тэмцэх газрын 2016 оны 004 дүгээр сарын 22-ны өдрийн 05/2632 тоот албан бичгийн хуулбар /хх 59/,

4.9. Төрийн банк ХХК-ийн захирлын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/825 дугаар Үндсэн ажилтнаар томилох тухай тушаалын хуулбар /хх 61/,

4.10. Төрийн банк ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 4-01/183 дугаар албан бичгийн хуулбар /хх 62-63/,

4.11. Авлигатай тэмцэх газрын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/18-217 дугаар албан бичгийн хуулбар /хх 64/,

4.12. Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А-305 дугаар Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд хамрагдах ажилтнуудын нэрсийг батлах тухай тушаалын хуулбар, хавсралтын хуулбар /хх 65-69/,

4.13. Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн Б/1639 дугаар Д.Т-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалын хуулбар /хх 70/ зэрэг болно.

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

1.1. Нэхэмжлэгч Д.Т нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлд заасны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 80,659,090.91 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

 

1.2. Хариуцагч Төрийн банк ХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.2.2-т зааснаар ажилгүй байсан хугацааны нөхөн олговроо нэхэмжилж байгаа бол эрх зөрчигдсөн буюу эрх нь зөрчигдсөн үеэс хойш буюу анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш 90 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл буюу ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг шаардах эрхтэй, ажилд томилогдсоны дараагаар тухайн ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байгаа үндэслэлгүй гэж маргаж байна.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

2.1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2019/00071 дугаар шийдвэрээр Д.Т-ыг Төрийн банк ХХК-ийн ШУТИС тооцооны төвийн захирлын ажил эгүүлэн тогтоож, Төрийн банк ХХК-иас 4,373,222 төгрөг гаргуулж Д. Т-т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.

 

2.2. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2019/00071 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон талаар талууд маргаагүй тул маргаагүй үйл баримтын талаар шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй болно.

 

2.3. Хариуцагч Төрийн банк ХК нь 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж Д.Т-ыг ажил эгүүлэн авсан болох нь Төрийн банк ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/833 дугаар Д.Т-ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилох тухай тушаал, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хэлтсийн дарга бөгөөд Чингэлтэй дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Г.Г-ын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор тогтоогдож байна.

 

2.4. Хариуцагчаас Төрийн банк ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/42 дугаар Д.Т-ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилох тухай тушаал гаргасан боловч Д.Т өөрөө ажлаа хүлээж аваагүй гэж маргасан ба энэ тушаал бодитоор хэрэгжсэн эсэх талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, Төрийн банк ХК-иас 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Д.Т-тай уулзалт хийсэн байх авч тушаалын талаар дурдаагүй байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ тушаал гарсныг Д.Т мэдээгүй гэж тайлбарлаж байгааг үгүйсгэх баримтгүй байх тул хариуцагчийн энэхүү тайлбар үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

2.5. Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрт заасан нөхөн олговор олгох заалтыг биелүүлсэн болох нь Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/19 дугаар Д.Т-т нөхөн олговор олгох тухай тушаалаар нотлогдож байх ба нэхэмжлэгчийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлөгдөж бичилт хийгдсэн гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй, эдгээр асуудлаар талууд маргаагүй болно.

 

2.6. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ийн 61 дүгээр зүйлийн 61.1д ажил олгогч дараах үндэслэлээр хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй, 61.1.2т хүнийг урьд эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, 127 дугаар зүйлийн 127.1.-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно, 43 дугаар зүйлийн 43.2-т ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй, 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж тус тус заасан.

 

2.7. Төрийн банк ХК нь Д.Т-г ажлын байранд нь эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр биелүүлсэн байна.

 

2.8. Д.Т-ын цалин хөлс авах, хөдөлмөрлөх эрх 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл зөрчигдсөн байх ба хөөн хэлэлцэх 90 хоногийн хугацааг ажилд нь эгүүлэн томилсоноос хойш тоолох учиртай. Зөрчигдсөн эрх нь сэргээгдэхгүй хэвээр үргэлжилсэн хугацаанд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул эрхээ хуульд заасан хугацаанд хэрэгжүүлээгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, нэхэмжлэгч Д.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

2.9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр Д.Т-ыг ажилд нь эгүүлэн тогтоосон үйл баримт болон, түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг 1 сарын 1,502,952 төгрөгөөр, хоногийн 68,316 төгрөгөөр тооцсон үйл баримтын талаар дахин нотлох шаардлагагүй юм.

 

2.10. Иймд 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ажилгүй байсан бүх хугацааны 1568 /4 жил 165 хоног/ хоногийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хоногийн 68,316 төгрөгөөр тооцоход нэхэмжлэлийн шаардлагаас илүү гарч байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 80,659,090.91 төгрөгийг хариуцагч Төрийн банк ХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Д.Т-т олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.11. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7.-д зааснаар нэхэмжлэгч Д.Т-ын цалин хөлстэй тэнцэх олговор 80,659,090.91 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагч Төрийн банк ХК-д даалгах нь зүйтэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчээс төлсөн 561,250 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Төрийн банк ХК-иас 561,250 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч Төрийн банк ХК-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 80,659,090.91 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Т-т олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар цалин хөлстэй тэнцэх олговор 80,659,090.91 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцож, нэхэмжлэгч Д.Т-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагч Төрийн банк ХК-д даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар энэхүү нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгч Д.Т-аас төлсөн 561,250 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж түүнд олгож, хариуцагч Төрийн банк ХК-иас 561,250 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА