Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00205

 

 

Д.Т-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ч.Цэнд, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/03118 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Т-ын хариуцагч Т- ХК-д холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 80,659,090 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай маргаантай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ...Д.Т- миний бие Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2019/00071 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 456 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2019/00962 дугаар тогтоолоор Т- ХХК-ийн Шинжлэх ухаан Ш- тооцооны төвийн захирлын албан тушаалаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 4,372,222 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагч Т- ХХК-д даалгаж шийдвэрлэсэн. Гэвч хариуцагч Т- ХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй явсаар 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/833 тоот захирлын тушаалаар намайг Шинжлэх ухаан Ш- тооцооны төвийн захирлын албан тушаалд эгүүлэн томилсон. Ажлаас үндэслэлгүй халсан тушаалаас хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг нөхөн олгох хүсэлт гаргасан ч Т- ХК-аас энэ хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй. Улмаар Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу уг хүсэлтийг Т- ХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан. Комиссоор 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шийдвэр гарч энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй гээд талууд эвлэрэн хэлэлцээгүй. Мөн энэ шийдвэр гармагц Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд хуулийн хугацаанд гомдол гаргахад 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр болсон хуралд хариуцагч талаас хүрэлцэн ирээгүй тул хорооноос гарсан шийдвэрийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлд заасны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 80,659,090.91 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар татгалзлын агуулга: Д.Т-ын гаргасан зөрчлийн хувьд Авлигатай тэмцэх газрын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/2632 дугаартай Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай албан бичигт Т- ХК-ийн тооцооны төвийн захирлын ажлын байрны тодорхойлолтын ерөнхий шаардлагад банк, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, мэргэжилтэй, банкинд 3 жил ажиллаж байсан гэж заасан бөгөөд Д.Т- нь ерөнхий шаардлагыг хангахгүй байна гэж заасан байхад тухайн үед түүнийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн ажиллуулж, 2 сарын дараа гүйцэтгэх захирлын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/825 дугаар тушаалаар үндсэн ажилтнаар томилсон. Улмаар Д.Т-ыг ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлагыг хангаагүй, хариуцсан нэгжийн санхүүгийн үзүүлэлт сүүлийн 3 улирал дараалан буурсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй тул 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/196 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Үүнтэй холбоотойгоор 3 шатны шүүхээр маргаан хянагдаж Т- ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/692 дугаар тушаалаар эгүүлэн томилсон. Т- ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А-305 дугаартай Т- ХК-ийн ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд хамрагдах ажилтнуудын нэрсийг батлах тухай тушаал баталсан. Тус тушаалын хавсралт хэсгийн 5-д Д.Т- багтсан багтсан. Тэрээр орчуулагч мэргэжилтэй. Ажлын байрны тодорхойлолтод заасан банк, санхүүгийн мэргэжилтэй байх шаардлагыг огт хангахгүй байсан. Т- ХК-ийн ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр 2018 оны 08 дугаар сарын 13-ны 11 цагт мэргэжил, ур чадварын түвшин тогтоох арга хэмжээг авахаар товыг мэдэгдсэн байдаг. Гэтэл Д.Т- нь хурлын товыг хүлээн авсан хэдий ч Т- ХК-ийн ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссоос тогтоосон хугацаанд ур чадварын түвшин тогтоох шалгалтад хамрагдаагүй. Тэгэхээр Т- ХК-ийн ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу тэнцээгүйд тооцож шийдвэр, дүгнэлтийг Хүний нөөцийн хороонд танилцуулж, шийдвэрлэсэн. Сүхбаатар дүүрэг салбарын харьяа Ш- тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан Д.Т-ыг Т- ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/1639 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Үндэслэл нь холбогдох комиссын буюу тухайн мэргэжил ур чадварт тэнцэхгүй гэснийг үндэслэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Д.Т-ыг гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б/42 дугаар тушаалаар эгүүлэн томилсон. Гэсэн хэдий ч тэрээр тухайн үед ажлаа хүлээж аваагүй. 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/833 дугаар тушаалаар урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажил үүргийг хүлээлгэн өгсөн. Гэтэл тэрээр өөрийн хүсэлтээр буюу ажилтны санаачилгаар 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Б/1010 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Д.Т- нь ажилгүй байсан хугацааны нөхөн олговроо нэхэмжилж байгаа бол эрх зөрчигдсөн буюу эрх нь зөрчигдсөн үеэс хойш гэдэг нь болохоор анхан шатны шүүхийн шийдвэр гарсан буюу 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш 90 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл буюу ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг шаардах эрхтэй болно. Гэтэл тэрээр ажилд томилогдсоны дараагаар тухайн ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч Т- ХК-аас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 80,659,090.91 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Т-т олгож, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар цалин хөлстэй тэнцэх олговор 80,659,090.91 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцож, нэхэмжлэгч Д.Т-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагч Т- ХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар энэхүү нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгч Д.Т-аас төлсөн 561,250 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж түүнд олгож, хариуцагч Т- ХК-аас 561,250 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: ...Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т "Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй." гэж заасан. Мөн хуулийн 154.2.2-т "энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор" хандана гэж хуульчилсан. Д.Т-ыг тус банкны гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б/42 дугаар тушаалаар урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж байсан бөгөөд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил үүргээ хүлээн аваагүй болно. Гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Б/833 дугаар тушаалаар урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажил үүргийг хүлээлгэн өгсөн болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1-д тус тус заасны дагуу эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно. Тус хэрэг маргааанд Д.Т- хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн талаарх баримт авагдаагүй, иймд нэхэмжлэгч нь хуульд заасан 90 хоногийн дотор шүүхэд хандаж гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зохицуулалтыг хангасан. Гомдолд дурдсан асуудал нь шүүхийн шийвэр гарсан даруйд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 3 сарын дотор нэхэмжлэх ёстой байдаг. Хуульд ажлаас үндэслэлгүйгээр халсан өдрөөс жилд эгүүлэн томилох хүртэл хугацааны цалин хөлсийг шаардах эрхтэй гэж заасан. Ажилд эгүүлэн тогтоогоогүй буюу эрх нь зөрчигдсөн хэвээр байхад цалингаа шаардаж нэхэмжлэл гаргах боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Хөөн хэлэлцэх хугацааг ажилд томилсон өдрөөс хойш буюу томилсоноос хойш өнгөрсөн хугацааны цалин хөлс олгоогүй байхад 3 сарын хугацааг тоолж эхлэх ёстой гэж дүгнэсэн нь үндэслэлтэй тул хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Д.Т- нь хариуцагч Т- ХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 80,659,090 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоосон байна.

3.а.Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2019/00071 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 456 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2019/00962 дугаар тогтоолоор Д.Т-ыг Т- ХХК-ийн Ш- тооцооны төвийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4,372,222 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэжээ. /хх 6-15/

3.б.Хариуцагч Т- ХК нь нэхэмжлэгч Д.Т-ыг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь эгүүлэн томилоогүй эрхийн зөрчил 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжилсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

3.в.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан тул нэхэмжлэгч нь дээрх хуульд заасны дагуу дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шаардах эрхтэй, энэ талаарх шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

3.г.Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай.

3.д.Нэхэмжлэгч Д.Т-ыг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь эгүүлэн томилоогүй эрхийн зөрчил 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэл үргэлжилж, нэхэмжлэгч нь 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй юм. Иймд энэ талаарх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

4.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хариуцагч Т- ХК-аас 80,659,090 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Т-т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасанд тус тус нийцсэн байна.

5.Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/03118 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 561,250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ